- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ" ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 53 дугаар тогтоолын хавсралт
"ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ" ХӨТӨЛБӨР
Нэг. Хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал
1. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод 200 гаруй, орон нутагт 20 гаруй аж ахуйн нэгж хэвлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Статистикийн мэдээгээр 2006 оны байдлаар хэвлэл, цаас, цаасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 1 хувийг эзэлж байна. Дотоодын хэвлэлийн бүтээгдэхүүний хэрэглээний 40 орчим хувь буюу жилдээ 20 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн гадаадад захиалгаар хэвлэгдэж, цаашид улам өсөх хандлагатай байна. Хэвлэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүхий эд материал нь импортоос шууд хамааралтай.
2. Хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт 4000 орчим хүн ажиллаж байгаа ба тэдний чадавхи, сургалтын тогтолцоог сайжруулах нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Орон нутагт хэвлэлийн үйлдвэрлэлийг дэмжих бодлого тодорхойгүй, мэргэжлийн боловсон хүчний хангамж дутагдалтай байна. Улаанбаатар хотод төвлөрч байгаа хэвлэлийн үйлдвэрүүдийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангах, эдийн засаг, санхүүгийн чадавхитай болгох арга хэмжээ үгүйлэгдэж байгаа юм.
Хоёр. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
3. Дотоодын хэвлэлийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлд орчин үеийн үндсэн, туслах материал болон дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх нь чухал байна. Хэвлэлийн үйлдвэрлэлд дэлхийн хөгжлийн хандлага болсон тоонд суурилсан "хэрэгцээ дагасан хэвлэлт" технологийг нэвтрүүлэх шаардлага гарч байна. Сүүлийн жилүүдэд хэвлэмэл бүтээгдэхүүний дотоод зах зээлийн эрэлт хэрэгцээ эрчимтэй өсч байгаатай холбогдуулан үндэсний хэвлэлийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжин хөгжүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байна.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагаа
4. Хөтөлбөрийн зорилго нь хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлж үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлэхэд оршино.
5. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхээр дараахь зорилтыг дэвшүүлж байна:
5.1. Хэвлэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, зохицуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
5.2. Хэвлэлийн үйлдвэрлэлд импортын бүтээгдэхүүн, түүхий эдийг орлуулах дотоод үйлдвэрлэлийг өргөжүүлэх;
5.3. Шинэ дэвшилтэт техник, технологи, шинжлэх ухаан, техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартад нийцүүлэх;
5.4. Орон нутагт хэвлэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх;
5.5. Хэвлэлийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах.
6. Хөтөлбөрийн 5.1 дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
6.1. Хэвлэлийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж боловсруулах;
6.2. Үйлдвэрлэлийн болон бүтээгдэхүүний стандарт, техникийн нөхцөлийг боловсруулах, шинэчлэн батлуулах;
6.3. Хэвлэлийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төсвийн хөрөнгөөр бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаанд салбарын мэргэжлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэх.
7. Хөтөлбөрийн 5.2 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
7.1. Дотоодын түүхий эдэд түшиглэн цаасны үйлдвэр байгуулах судалгаа хийж техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах;
7.2. Хэвлэлийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг үндсэн болон туслах материалын үйлдвэр байгуулах төслийг хөнгөлөлттэй зээлд хамруулах;
7.3. Байгаль орчинд халгүй, дэлхийн жишигт нийцсэн сав, баглаа боодол, шошгоны үйлдвэрийг байгуулахад техникийн тусламж үзүүлэх санхүүжүүлэгчийг олох;
7.4. Бага оврын хэвлэлийн техник, сэлбэг хэрэгслийн үйлдвэрийг бүсийн төвүүдэд байгуулах.
8. Хөтөлбөрийн 5.3 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
8.1. Хэвлэлийн техник, технологи, машин, тоног төхөөрөмжийг лизингээр олгох нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагааг эхлүүлэх;
8.2. Хэвлэлийн үйлдвэрийн технологийн түвшинг дээшлүүлэх чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх;
8.3. Хэвлэлийн судалгаа, шинжилгээ хийх, чанарын хяналтын лаборатори байгуулах;
8.4. Техникийн засвар үйлчилгээний сүлжээ бий болгох;
8.5. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт технологийг нутагшуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээ авч хөнгөлөлттэй зээлд хамруулах.
9. Хөтөлбөрийн 5.4 дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
9.1. Ном, хэвлэлийн бүтээгдэхүүн, түүхий эд, материалыг орон нутагт хүргэх, түгээх сүлжээг байгуулах;
9.2. Хэвлэлийн үйлдвэрлэл орон нутагт шинээр байгуулах, технологийн шинэчлэл хийх төслийг хөнгөлөлттэй зээлд хамруулах.
10. Хөтөлбөрийн 5.5 дахь зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
10.1. Хэвлэлийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх;
10.2. Салбарын ажил, мэргэжлийн ангилал, мэргэжлийн үндсэн норматив, хөдөлмөрийн тарифыг шинэчлэн боловсруулах;
11. Хөтөлбөрийг 2008-2016 онд дараахь үе шатаар хэрэгжүүлнэ:
11.1. Нэгдүгээр үе шат. 2008–2010 онд:
-а/үйлдвэрлэл хөгжүүлэх эрх зүйн орчин болон стандартыг шинэчлэн бүрдүүлэх;
-б/үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг судлан шийдвэрлэж, техник, технологийн шинэчлэлийг эхлүүлэх;
-в/дотоодын зах зээлд салбарын эзлэх байр суурийг нэмэгдүүлэх;
11.2. Хоёрдугаар үе шат. 2011-2016 онд:
-а/үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, дотоод зах зээлд эзлэх байр суурийг өсгөн бататгах;
-б/орчин үеийн дэвшилтэт шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
-в/салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
12. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь салбарын мэргэжлийн холбоо, түүний гишүүд, төрийн бус байгууллага, төрийн захиргааны байгууллагын хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоонд тулгуурлах явдал юм.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналт
13. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Үйлдвэр, худалдааны яам хэрэгжүүлнэ. Үйлдвэр, худалдааны яам нь Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо болон хувийн хэвшлийн оролцоотойгоор жил бүр хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган түүнийг зохион байгуулна.
14. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодоос жил бүрийн П, IV улиралд Үйлдвэр, худалдааны яам авч нэгтгэн дүгнэж жилийн дүнг Засгийн газарт тайлагнаж байна.
15. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дор дурдсан санхүүгийн эх үүсвэрийг ашиглана:
15.1. аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө оруулалт;
15.2. жижиг, дунд үйлдвэрийг дэмжих болон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгө;
15.3. олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл;
15.4. дотоод, гадаадын шууд хөрөнгө оруулалт.
16. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр хэмжинэ:
16.1. Эрх зүйн орчин болон стандартын байдалд хөндлөнгийн шинжээчийн хийсэн үнэлгээ, дүгнэлт;
16.2. Хэвлэлийн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтүүд;
16.3. Шинэ техник, технологи, инноваци нэвтэрсэн байдал;
16.4. Ажлын байрны өсөлт, бууралт, зорилтот сургалтын тоо, түүнд хамрагдсан хүний тоо;
16.5. Хэрэглэгчийн үнэлгээ (санал асуулгаар).
---оОо---
Текст томруулах
A
A
A