A

A

A

Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН
ИРГЭНИЙ НИЙГМИЙН ЗӨВЛӨЛИЙН ХАМТЫН
АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
 
                                                    
                                                                                      Нэг. Нийтлэг үндэслэл
 
     Нэг талаас Монгол Улсын Засгийн газар (цаашид Засгийн газар гэх), нөгөө талаас Иргэний нийгмийн зөвлөл (цаашид Зөвлөл гэх) харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
 
                                                                                     Хоёр. Хамтын ажиллагааны үндсэн чиглэл
 
     2.1. Улс орны тулгамдсан асуудлаар санал солилцох
     2.2. Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
     2.3. Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах
     2.4. Хуулийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулахад хамтран ажиллах
     2.5. Монгол Улсын төсвийн гүйцэтгэлд мониторинг хийх
     2.6. Олон Улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал солилцох
     2.7. Харилцан мэдээлэл солилцох
     2.8. Харилцан дэмжлэг үзүүлэх
 
                                                     Гурав. Хамтран ажиллах үндсэн зарчим
 
     3.1. Хууль дээдлэх
     3.2. Харилцан бие биенээ хүндэтгэх
     3.3. Эрх тэгш байх
     3.4. Улс төрийн нөлөөллөөс ангид байх
     3.5. Нээлттэй, ил тод байх
 
                                                        Дөрөв. Засгийн газрын хүлээх үүрэг
 
     Засгийн газар дараахь үүрэг хүлээнэ:
 
     4.1. Иргэний нийгмийн байгууллагуудыг эрх зүйн хүрээнд дэмжих чиглэлээр төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Төрийн бус байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Төрийн бус байгууллагад өгсөн хандивыг орлогын албан татвараас чөлөөлөх асуудлын эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санаачилга гаргах;
 
     4.2. Зөвлөлийн үйл ажиллагаанд өөрийн эрхийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
     4.3. Улсын болон орон нутгийн төсвийн гүйцэтгэлд мониторинг хийх асуудлаар төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
 
     4.4. Зөвлөлийг холбогдох мэдээллээр хангах;
 
     4.5. Засгийн газрын үйл ажиллагааны талаархи мэдээллийг хагас жил тутам Зөвлөлд хүргүүлж байх;
 
     4.6. Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын шугамаар гадаад оронд туршлага судлах үйл ажиллагаанд Зөвлөлийн төлөөллийг оролцуулахад анхаарах;
 
     4.7. Тухайн асуудал эрхэлсэн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд уг асуудлаар тогтвортой ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагын зарим төлөөллийг оруулах бололцоог судалж шийдвэрлэх.
 
                                                            Тав. Зөвлөлийн хүлээх үүрэг
 
     Зөвлөл дараахь үүрэг хүлээнэ:
 
     5.1. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Төрийн бус байгууллагууд нээлттэй орох, бүрэлдэхүүнд орсон байгууллагууд эрх тэгш харилцах нөхцөлийг хангах, тэдгээрийг нэгдсэн бодлого, удирдамжаар хангах;
 
     5.2.  Монгол Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтэд мониторинг хийх, зөвлөмж гаргах;
 
     5.3. Улс орны тулгамдсан асуудлаар санал гарган Засгийн газарт хүргүүлэх, тухайн асуудлаар ажлын уулзалт зохион байгуулах, Засгийн газраас тодорхой асуудлаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах;
 
     5.4. Засгийн газрын үйл ажиллагааг иргэдэд хүргэх, таниулах зорилгоор иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааг Зөвлөлд нэгдсэн байгууллагуудаар дамжуулан зохион байгуулах;
 
     5.5. Зарим асуудлаар Засгийн газартай хамтарч хуулийн төсөл боловсруулах;
 
     5.6. Иргэд болон төрийн бус байгууллагуудын санал санаачилгыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх;
 
     5.7. Засгийн газраас баримталж байгаа бодлогын талаар төрийн бус байгууллагуудад мэдээлэл өгөх;
     5.8. Төрийн бус байгууллагуудыг дэмжих асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулж Засгийн газарт уламжлах;
 
     5.9. Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хагас жил тутам Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран гаргах.
 
                                                  Зургаа. Хамтран хүлээх үүрэг
 
     6.1. Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлнэ.
 
     6.2. Гэрээний заалтыг аль нэг тал нь бүрэн биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал нь тухайн асуудлаар тайлбар авах бөгөөд биелүүлэхийг шаардана.
 
     6.3. Гэрээг бүхэлд нь буюу түүний заалтад өөрчлөлт оруулах талаар аль нэг тал нь санаачилга гаргасан тохиолдолд хамтран хэлэлцэж шийдвэрлэнэ.
 
                                                                     Долоо. Гэрээг цуцлах
 
     7.1. Аль нэг талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээний заалтуудыг зөрчсөн тохиолдолд нөгөө талын санаачилгаар гэрээг цуцлах талаар санаачилга гарган харилцан ярилцаж шийдвэрлэнэ.
 
                                                            Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох
 
     8.1. Хоёр тал харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.
 
     8.2. Гэрээг 2 хувь монгол хэлээр үйлдэж, хоёр тал хадгална.
 
                                                        Ес. Тайлан хэлэлцэх
 
     9.1. Монгол Улсын Засгийн газар, Иргэний нийгмийн зөвлөлийн хамтын ажиллагааны тайланг хэлэлцэхдээ аль аль талын төлөөлөл байлцуулна.
 
                                                                            Гэрээ байгуулсан:
 
     Монгол Улсын Засгийн                                                               Иргэний нийгмийн
       газрыг төлөөлж                                                                             зөвлөлийг төлөөлж  
 
------------------------           --------------------------