A

A

A

Бүлэг: 1979
                                                                             Монгол Улсын  Засгийн газрын 2008 оны 85 дугаар
                  тогтоолын хавсралт
 
 
ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
                    
                                                                                  Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Ойн талбай, нөөц, тархац, төлөв байдал, бүрэлдэхүүн, чанар, өсөлт хөгжилт, ойн сангийн өөрчлөлтийг нарийвчлан тогтоож ойн нөөцийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, тодотгох болон менежментийн төлөвлөгөөний дагуу ойн нөхөрлөл /цаашид "нөхөрлөл" гэх/, аж ахуйн нэгж, байгууллагад ойг гэрээгээр эзэмшүүлж хамгаалуулах, ашиглуулахад ой зохион байгуулалтын ажлыг хийхтэй холбогдох харилцааг зохицуулахад энэхүү  журмыг  дагаж мөрдөнө.
 
1.2. Бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл, иргэн ашиглах газрын ойд ой зохион байгуулалт хийлгэж баталгаажуулсан байна.
 
1.3. Ой зохион байгуулалтын ажлыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
 
1.4. Ой зохион байгуулалтын ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв, чанартай хийх үүргийг ой зохион байгуулах ажлыг гүйцэтгэх мэргэжлийн байгууллага,  түүний албан тушаалтан хүлээнэ.
 
1.5. Ой зохион байгуулах технологийн зааврыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
 
Хоёр. Ой зохион байгуулалт  
 
2.1. Ой зохион байгуулалтын ажлыг тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн  нутаг дэвсгэр дэх бүх ойг хамруулан агаар, сансраас авсан ойн зургийг газрын хайгуул судалгааны ажилтай хослуулан хуулиар тогтоосон хугацаанд  хийж байна.
 
2.2. Тодорхой бүс нутгийн ойн сангийн тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэр, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга болон нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт, захиалгаар ой зохион байгуулалтын ажлын хүрээнд дараахь үйл ажиллагааг явуулна:
 
     2.2.1. ойн санд орсон өөрчлөлтийг  тодотгох ажил;
  
2.2.2. ойд бүртгэл тооллого явуулж ойн менежментийн төсөл болон зураглал хийх ажил.
 
2.3. Ойн санд орсон өөрчлөлтийг тодотгох ажлыг байгалийн гамшиг, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчний тархалтын улмаас ойд их хэмжээний хохирол учирсан тохиолдолд шаардлагатай аймаг, нийслэл, сум, дүүргийн бүс нутгийн хэмжээнд хугацаа харгалзалгүйгээр явуулна.
 
2.4. Oй зохион байгуулалтын зураглал, тооцоо, үр дүн, ойн сангийн өөрчлөлтийн мэдээ тайланд тулгуурлан агаар, сансрын хиймэл дагуулын зураг ашиглах болон түүвэр хэмжилт, харьцуулалт, дүн шинжилгээ хийх зэрэг аргаар тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн ойн мэдээллийн санд орсон өөрчлөлтийг тодотгох ажлыг ой зохион байгуулалтын ажил хийгдсэнээс хойш хоёроос доошгүй удаа хийнэ. 
 
2.5. Ойн зураглал, ойн мэдээлэл болон менежментийн төсөл нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг болон  нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулах үндэслэл болно. 
 
                                                                 Гурав. Ой зохион байгуулалтын ажлын
                                                                                      хамрах хүрээ, зарчим
 
     3.1. Ой зохион байгуулалтын ажилд дараахь арга хэмжээг хамруулна:
 
3.1.1. ойн сангийн талбай, нөөцийн хэмжээ, тархац, төлөв байдал, бүтэц, бүрэлдэхүүн, чанар, өсөлт хөгжилт, өөрчлөлтийг судлан  тогтоох, шинэ техник технологи ашиглан ойн менежментийн төслийн үндсэн үзүүлэлтийг тодорхойлж ойн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх мэдээлэл бүрдүүлэх, ойн тархалтын зураглал үйлдэх;
 
3.1.2. бүс нутгийн ойн нөөцийн хөгжлийн төлөвийг тодорхойлох, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойн зааг, талбай, нөөцийн хэмжээ, таксацийн (хэмжилт хийж, ойн үндсэн үзүүлэлтийг тодорхойлох) үндсэн үзүүлэлтийг шинэчлэн тогтоох;
 
3.1.3. ойн экологийн ач холбогдлыг алдагдуулахгүй байх, ойн ашигт шинж чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн ойн аж ахуйн арга хэмжээг тухайн ойн төлөв байдалтай нь уялдуулан  төлөвлөж, ойн менежментийн төсөл боловсруулах.
 
     3.2. Ойн сангийн өөрчлөлтийг тодотгох ажлын явцад ойн талбайн ангилал, нөөцийг шинэчлэн тогтоож, өөрчлөлт гарсан   хэсэглэл, ялгарлын зураглал үйлдэж, хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээний талаар санал боловсруулна.
 
     3.3. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн ойн сангийн өөрчлөлтийг тодотгон, бүртгэл тооллого явуулж, зураглал үйлдэн менежментийн төлөвлөгөө боловсруулна.
 
     3.4. Ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэхэд дараахь үндсэн зарчмыг баримтална:
    
     3.4.1. ой зохион байгуулалтын ажлыг тухайн засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэр, эсхүл захиалгад орсон бүх ойн талбайг хамруулан гүйцэтгэх;
 
3.4.2. ой зохион байгуулалтаар тухайн засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэр дэх ойн талбай, нөөцийн хэмжээ, ойн үнэлгээний үндсэн үзүүлэлтийг тогтоож, ойн мэдээллийн санд оруулна. Энэ нь ойн санд орсон өөрчлөлтийг тодотгох болон давтан ой зохион байгуулалт явуулах хүртэл хүчин төгөлдөр байх;
 
     3.4.3. ой зохион байгуулалтын ажлыг давтан хийхдээ тухайн ойн хэсэглэлийн хилийн заагийг өөрчлөхгүй байх;
 
     3.4.4. тухайн аймаг, нийслэл, сумын ойн сангийн  бүс, тусгай хамгаалалттай газрын ой, төв суурин газрын ногоон бүсийн ойн хилийн заагийг Ойн тухай хуулийн холбогдох заалт, төрийн захиргааны төв байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэн ойн тархалтын зурагт тэмдэглэн буулгах;
 
3.4.5. ой зохион байгуулах технологийн  зааврын үзүүлэлтийг ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх мэргэжлийн байгууллага өөрийн хүчин чадал, техник хэрэгсэл, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн өөрчлөхийг хориглох.
 
     3.5. Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын нэгдмэл сангийн тайланд ойн сан бүхий газрын хэмжээг тусгахдаа ойн мэдээллийн нэгдсэн сангийн үзүүлэлтийг үндэслэнэ.
 
                                            Дөрөв. Ой зохион байгуулалт хийх үйл ажиллагаа
 
4.1. Ой зохион байгуулалтыг дор дурдсан үе шатаар гүйцэтгэнэ:
    
-бэлтгэл ажлыг хангах;
-хээрийн хайгуул судалгааны ажил;
-материал боловсруулах, зураглалын ажил;
     -ой зохион байгуулалтын материалыг баталгаажуулах, хүлээлгэн өгөх.
 
4.2.  Бэлтгэл ажлыг хангах хүрээнд:
    
а) ой зохион байгуулалт хийх газрын нөхцөл, эзэмшил, ашиглалттай холбогдсон мэдээлэл, өмнө нь зохион байгуулалт хийсэн менежментийн төсөл, таксацийн бичлэг, зураглалтай танилцаж ой зохион байгуулалтын ажилд шаардагдах зураг, техник хэрэгслийг бэлэн болгоно; 
 
б) ой зохион байгуулалтын ажлыг явуулах тухай төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн аймаг, нийслэл, дүүрэг, суманд ой зохион байгуулалтын ажлыг хийх хугацаа, хуваарийг гаргана;
 
в) ой  зохион байгуулалтын ажилд 1:100000 масштабтай байр зүйн зураг, сүүлийн 5 жилийн хугацаанд авсан   1:32000-аас ихгүй нарийвчлалтай агаарын гэрэл зураг, сүүлийн 1 жилийн хугацаанд авсан 1:50000-аас ихгүй нарийвчлалтай сансрын гэрэл зураг ашиглана;
 
г) ой зохион байгуулалт хийх газрын                     1:100000 масштабтай байр зүйн зураг дээр ойн санг хэсэглэлд хуваан  дугаарлаж, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойн хилийн заагийг тогтооно;
 
д) хээрийн хайгуул судалгааны ажилд хэрэглэх          1:16000, 1:25000, 1:32000 масштабтай агаарын гэрэл зураг болон сансрын зурагт хэсэглэлийн хилийг буулгаж ажлын талбайг бэлтгэнэ; 
 
е) тухайн орон нутгийн удирдлага, байгаль орчны чиглэлийн мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ой зохион байгуулалтын зөвлөлгөөн хийж, хээрийн хэмжилт судалгааны ажлын явцад анхаарах асуудал, орон нутгийн  онцлог, санал хүсэлтийг харгалзан үзэж, харилцан тохиролцож шийдвэр гаргасан байна.
 
4.3. Хээрийн хайгуул судалгааны ажлын хүрээнд:
 
Хээрийн хайгуул судалгааны ажил нь ойн таксацийн болон геодези зураглалын гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ:
 
 а)  ойн таксацийн ажлаар тухайн ойн тархалт, ойн бүтэц, бүрэлдэхүүн, дундаж өндөр, голч, насны анги, чансаа, (модны үүлдэр тус бүрээр) ойн хэв шинж нэг га дахь өсвөр модны тоо, хөрс, ургамлын нөмрөг, газрын налуу, зүг чиг, байрлал зэрэг үзүүлэлтийг тодорхойлон, ойн төлөв байдалд үнэлэлт өгч, ойн аж ахуйн арга хэмжээний чиглэлийг тогтооно;
 
б)  геодези зураглалын ажлын явцад ойн хэсэглэлийн хилийн заагийн уулзвар цэгийн газар зүйн байршлын солбилцлыг тодорхойлох, тухайн газрын уул, нуруу, гол горхи, өндөрлөгүүдийн нэрийг тодруулах, тал газрын ой, заган ойд хилийн заагийн зураг авалт хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
 
4.4. Материал боловсруулах, зураглалын ажлын хүрээнд:
 
а) материал боловсруулах ажилд хээрийн хэмжилт судалгааны явцад  цуглуулсан ойн талаархи мэдээ, мэдээлэл, өгөгдлүүдийг ойн мэдээллийн сангийн үзүүлэлтээр боловсруулан нэгтгэх, ойн менежментийн төсөлд тусгах шаардлагатай тооцоо хийж менежментийн төсөл бичих ажил хамаарна;
 
б) аймаг, нийслэл, сум, дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн эзэмшиж байгаа ойн сангийн талбай, нөөцийг  газрын төрөл, бүс, хэсэглэл, ой модны насны анги, модны төрөл тус бүрээр ангилан нэгтгэж тооцно;
 
в) ой зохион байгуулалтын ажлын үр дүнгээр захиалагчийн хүсэлтийн дагуу тухайн бүс нутгийн "Ойн менежментийн төсөл"-ийг боловсруулна.  Менежментийн төсөлд дараахь мэдээллүүдийг тусгасан байна:
 
-ойн сангийн үндсэн үзүүлэлтүүд (газрын төрлөөр, ойн нөөц, модны төрлөөр);
 
-ойн таксацийн үндсэн үзүүлэлтийг хэсэглэл, ялгарал тус бүрээр үзүүлсэн ойн таксацийн бичлэг;
 
-ойн тархалтын 1:50000 масштабтай зураг;
 
-өндрийн хаялбар, хэсэглэлийн хилийн солбилцлыг харуулсан 1:100000 масштабтай ойн тойм зураг;
 
-үндсэн ашиглалтын огтлолтоор бэлтгэх боломжтой нөөцийн тооцоо;
 
-арчилгаа хийх ойн талбайн түүвэр, модны гарцын хэмжээ;
 
-цэвэрлэгээ хийх ойн талбайн түүвэр, бэлтгэж ашиглах модны хэмжээ;
 
-ойжуулалт , ойг нөхөн сэргээх арга хэмжээ;
 
-ой хамгааллын арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх арга зам;
 
-ойн дагалт баялгийн нөөцийн хэмжээ, ашиглалт, анхаарах зүйл;
 
-ойн менежментийн төслийг хэрэгжүүлэх талаар өгөх мэргэжлийн зөвлөлгөө.
 
г) ойн тархалтын 1:50000 масштабтай зургийг ойн таксацийн мэдээ, мэдээллийн тоон үзүүлэлттэй холбож ойн санг газрын төрөл, модны үүлдэр, насны анги тус бүрээр ялган, тэмдэгт тавьж тусгай код бүхий өнгөөр ялган үзүүлсэн байна.
 
4.5. Ой зохион байгуулалтын материалыг баталгаажуулах, хүлээлгэн өгөх:
 
а) ой зохион байгуулалтын ажлын менежментийн төсөл, ойн тархалтын болон тойм зураг, таксацийн бичлэг зэрэг  материалыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны  байгууллагаар баталгаажуулна;
 
б) ой зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага нь ойн зураг, материалыг 2 хувь үйлдэн уг ажлын санхүүжилтээс үл хамааран нэг хувийг ойн мэдээллийн нэгдсэн санд, нөгөө хувийг захиалагчид шилжүүлэн өгөх үүрэг хүлээнэ;
 
в) ой зохион байгуулалтын ажлын менежментийн төсөл, зураг, таксацийн бичлэгийг аймаг, нийслэл, сум, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу ойн мэдээллийн нэгдсэн сангаас гэрээ, төлбөртэйгээр хуулбарлан өгч болно.
 
                                         Тав. Ой зохион байгуулалтын ажлын санхүүжилт
 
5.1. Ой зохион байгуулалтын ажлыг Ойн тухай хуулийн  7.4-т заасны дагуу санхүүжүүлнэ.
 
5.2. Ой зохион байгуулалтын ажилд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив болон бусад эх үүсвэрийг ашиглана.
 
5.3. Ой зохион байгуулах ажлын зардлын нормативыг байгаль орчны болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
 
                                                                                               Зургаа. Бусад
 
6.1. Ой зохион байгуулалтын ажлын менежментийн төсөл, ойн тархалтын тойм зураг болон үр дүнг ойн мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэн хадгалах асуудлыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
 
6.2. Ой зохион байгуулалтын ажлын технологи зөрчсөнтэй холбогдон гарсан маргааныг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, бусад маргааныг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
             
             
                                  
--- оOо ---