A

A

A

Бүлэг: 1979
     Засгийн газрын 2006 оны 283 дугаар
      тогтоолын 1 дүгээр хавсралт   
 
 
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийн нөөц бололцоогоо хөгжүүлэн амьдралын чанараа дээшлүүлэх, тэдэнд тэгш боломж олгох, нийгмийн ээлтэй орчныг бүрдүүлэхэд дэлхий нийт онцгой анхаарч байна.
 
НҮБ-аас 1993-2002 оныг Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих 10 жил болгон зарлаж энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 1998 оноос Тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн.
 
 Тахир дутуу иргэдийн аж байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр /1998-2003/-ийг хэрэгжүүлэх хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоо дээшилж тэдний эрхийг хангах талаар нийгмийн сэтгэл зүйд эерэг хандлага бүрэлдсэн гэж Засгийн газар дүгнэсэн.
 
2003-2012 онд Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хоёр дахь 10 жилийн ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүрэн оролцоог хангасан, ая тухтай, хүний эрхэд тулгуурласан нийгмийг цогцлон бүрдүүлэх талаархи үйл ажиллагааны "Бивакогийн мянганы хөтөлбөр"-ийг НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссоос баталсан.
 
"Бивакогийн мянганы хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш боломжийг хангах, эрхийг нь хүндэтгэх, боломж, чадавхийг нь нэмэгдүүлэх, тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг НҮБ-аас бүсийн улс орнуудын Засгийн газарт зөвлөсөн билээ. 
           
Монгол Улс 2005 оны байдлаар 2562.4 мянган хүн амтай байгаагийн 2.8 хувь буюу 69263 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.
 
Хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 55.2 хувийг эрэгтэйчүүд, 44.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Тэдний   35.5 хувь нь төрөлхийн, 64.5 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэд байна.
 
2004 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөнгөж 26.4 хувь хөдөлмөр эрхэлж байгаа нь тэдний амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна.         
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн үйлчилгээнд хамрагдах сонирхол, бэлэнчлэх сэтгэлгээ их байгаагаас тэдэнд өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан хөгжүүлж амьдрах идэвх, чармайлт хангалтгүй байна. 
           
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хязгаарлагдмал чадавхи боломжийг ойлгож хүндэтгэх, онцлог хэрэгцээнд нь тулгуурласан үйлчилгээг сайжруулах замаар тэднийг дэмжин хөгжүүлэх, үүнд нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх шаардлагатай байна.
 
Энэхүү хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрдүүлэх замаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцох оролцоог нь нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаагаараа нийгмийн хамгаалал, аж байдалд нь түлхүү анхаарсан өмнөх хөтөлбөрөөс ялгаатай юм.
           
Хөтөлбөрийг НҮБ-аас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд адил тэгш боломж олгох тухай үлгэрчилсэн журам, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 159 дүгээр тогтоолоор батлагдсан  Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нөхөн сэргээлтийн талаархи конвенц, Бивакогийн мянганы хөтөлбөрийн үзэл санаанд нийцүүлэн боловсруулсан болно.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, эрхийг нь хүндэтгэсэн нийгмийн орчинг бүрдүүлэхэд төр, иргэний нийгэм болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулахад чиглэгдэнэ.
 
Гурав. Хөтөлбөрийн зарчим
 
·         Тэгш байдлын зарчим
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жирийн иргэдийн нэгэн адилаар нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах боломжийг тусгасан байна.
 
·         Боломж олгох зарчим
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг олгосон байна.
 
·         Дэмжлэг үзүүлэх зарчим
Нийгмийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих ээлтэй орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.
 
 
 
 
·         Бодлогыг уялдуулах зарчим
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төрийн бодлогыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, салбарын хөгжлийн бодлоготой уялдуулсан байна. 
 
·         Хүртээмжтэй байх зарчим
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн хөгжлийн аливаа үйл явцад бүрэн хамруулж, түүний үр шимийг хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
 
Дөрөв. Хөтөлбөрийн хугацаа, санхүүжилт
 
Хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ: 
 
                        Нэгдүгээр үе шат 2006-2008 он;
                        Хоёрдугаар үе шат 2009-2012 он.
 
            Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
 
            1) улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
 
            2) хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив, зээл;
 
            3) төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандив;                                                                                                                                                                                   
 
            4) гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
 
            5) бусад эх үүсвэр.
 
Тав. Хөтөлбөрийн зорилт

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачилгыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх.
 
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг сайжруулан мэдээлэл харилцааны технологийг хөгжүүлэх.
 
3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлэх.
 
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, мэдээллээр хангагдах орчинг сайжруулах.
 
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх замаар тэдний  нийгмийн хамгааллыг сайжруулах.
 
 
 
6. Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлж, тэдний бие бялдар, мэдрэхүй, сэтгэц, оюун санаа, эрүүл мэндийн сэргээн засалтын үйлчилгээг сайжруулах.
 
Зургаа. Хөтөлбөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
 
Зорилт 1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, гэр бүл, иргэдийн санал санаачилгыг дэмжих замаар нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи эерэг хандлагыг төлөвшүүлэх.
 
Үр дүн 1.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг үнэлж, тэдэнд хандах нийгмийн эерэг орчин бүрдсэн байна.
 
Үйл ажиллагаа
 
1.1.1.                      Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй зохистой харьцах, түүнчлэн тэднийг ялгаварлах, хүчирхийлэх аливаа хэлбэрийг устгахад чиглэсэн сурталчилгааны ажил хийх, нийгмийн ажилтан болон сургалтын байгууллагын ажилтныг үе шаттайгаар энэ чиглэлийн сургалтад хамруулах;
 
1.1.2.                      Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог байдлын талаар мэдлэг олгох чиглэлээр сурталчилгаа хийх;
 
1.1.3.                      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах гэж буй арга хэмжээний тухай хэлэлцүүлгийг нийгмийн бүх түвшинд өрнүүлэх;
 
1.1.4.                      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа  шийдвэрлэвэл зохих асуудал, эрхийн талаар судалгаа хийх;
 
1.1.5.                      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зүй бусаар харьцах, үл хайхрах, тоомсорлохгүй байх, гадуурхах явдлыг таслан зогсооход чиглэсэн сурталчилгаа хийх.
 
Үр дүн 1.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үүсгэл санаачилгын байгууллагын чадавхийг бэхжүүлэх замаар тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоо нэмэгдсэн байна.
 
Үйл ажиллагаа
 
1.2.1.                      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэн санаачилсан төрийн бус байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд төрөөс арга зүй, мэдээллээр дэмжлэг үзүүлэх;
 
1.2.2.                      Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэний нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах;
 
1.2.3.                      Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөгжүүлэх, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр олон улсын болон бүсийн байгууллагатай хамтран ажиллах;
 
1.2.4.                      Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар Засгийн газраас хэрэгжүүлэх зарим арга хэмжээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх асуудлыг судлан хэрэгжүүлэх;
 
1.2.5.                      Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулагдах олон улсын болон бүсийн уралдаан тэмцээн, хурал зөвлөлгөөнд тэдгээрийг төлөөлөн оролцох иргэний нийгмийн байгууллагад дэмжлэг үзүүлэх.
 
Зорилт 2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтцийг сайжруулан, мэдээлэл харилцааны технологийг хөгжүүлэх.
 
Үр дүн 2.1.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөтэй саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэн барилга байгууламж, зам талбайг томоохон хотуудад бий болгоно.
 
Үйл ажиллагаа
 
2.1.1. Нийтээр цуглардаг гудамж, талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд           саадгүй зорчиход зориулсан зам, замын тэмдэг, дуут дохиог бий болгох;
 
2.1.2. Шинээр баригдаж байгаа барилга байгууламж болон эмнэлэг, үзвэр, үйлчилгээ, худалдаа, олон нийтийн байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн дэд бүтцийг бий болгох;
 
2.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олноор сурдаг сургуулийн барилгыг тусгай тоноглолоор хангах;
 
2.1.4. Сэргээн засалтын чиглэлээр ажилладаг төрийн үйлчилгээний байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөтэй саадгүй зорчих дэд бүтцийг жишиг байдлаар бий болгох.
 
            Үр дүн 2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл хүртэх боломж сайжирч, мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлнэ.
 
 
 
 
Үйл ажиллагаа
 
2.2.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл хүртэх боломжийг сайжруулах, ном, сонин, сэтгүүл, интернетийн хэрэглээг нэмэгдүүлэх;
 
2.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээлэл, харилцаа холбооны тусгай техник, компьютерийн хангамжийг нэмэгдүүлэх;
 
2.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан компьютерийн программ хангамжийн нийлүүлэлт, хэрэглээг сайжруулах;
 
2.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, кино бүтээх, сурталчилгааны үйл ажиллагааг өргөжүүлэх асуудлыг судлан хэрэгжүүлэх.
 
Зорилт 3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлэх.
 
Үр дүн 3.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмших, ур чадвараа дээшлүүлэхэд чиглэсэн мэргэжлийн сургалтын чанар, хүртээмж сайжирсан байна.
 
Үйл ажиллагаа
 
3.1.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад үндэслэн тэднийг мэргэжлийн сургалтад хамруулах, шинээр мэргэших, хос мэргэжил эзэмших сургалтыг зохион байгуулах;
 
3.1.2. Онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж бүхий сургалтын төвийг бүсийн төвийг түшиглэн байгуулах;
 
3.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байран дээр сургах сургалтыг ажил олгогчдын дэмжлэгтэйгээр зохион байгуулах;
 
3.1.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд бизнес эрхлэх, удирдах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн сургалт явуулах, уг чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх;
 
3.1.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бизнес инкубаторт хамрагдах боломжийг өргөжүүлэх;
 
3.1.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн богино хугацааны сургалт, семинар зохион байгуулж байх.
 
 
 
 
Үр дүн 3.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, тэдний хөдөлмөр эрхлэх таатай нөхцөл бий болсон байна.
 
Үйл ажиллагаа
 
3.2.1. Өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хуульд заасан хувь хэмжээгээр ажиллуулах асуудлыг хамтын хэлэлцээр, байгууллагын дотоод журамд тусгах, хэрэгжилтэд хяналт тавих;
 
3.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлдвэрлэл, тусгай ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
 
3.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж ажлын байр гаргасан, үйлдвэрлэл зохион байгуулалтад өөрчлөлт хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах боломжийг бүрдүүлсэн, ажлын байран дээрх сургалт, ганцаарчилсан тусламж, орчуулагчийн үйлчилгээ үзүүлсэн зэрэг ажлын байранд таатай уур амьсгал бүрдүүлэн ажиллаж байгаа ажил олгогчийг дэмжих;
 
3.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;
 
3.2.5. Богиносгосон цагаар болон гэрээр ажиллах боломжийг бүрдүүлж цалин хөлс, ажлын цагийн уян хатан зохицуулалтыг бий болгох талаар хөдөлмөрийн хууль тогтоомжид тусгах.
 
Үр дүн 3.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувиараа хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх орчинг бүрдүүлнэ.
 
Үйл ажиллагаа
 
3.3.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн, яармаг худалдаа зохион байгуулах санал санаачилгыг дэмжих;
 
3.3.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувиараа хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх;
 
3.3.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сайн дураараа нэгдэн орлогоо нэмэгдүүлэх санал санаачилгыг дэмжиж зээл олгох, зөвлөгөө үзүүлэх үйлчилгээг бий болгох асуудлыг судлан хэрэгжүүлэх.
 
Зорилт 4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, мэдээллээр хангагдах орчинг сайжруулах.
 
Үр дүн 4.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд тулгуурласан боловсролын тогтолцоо бүрдсэн байна.
 
Үйл ажиллагаа
 
4.1.1. Хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сурч хөгжих нөхцөл боломжоор хангах замаар тэдний боловсролын түвшинг нэмэгдүүлэх;
 
4.1.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай анги бүлэгт багшлах согог зүйч, хэл засалч багш бэлтгэх,  тэдгээрийг урамшуулах тогтолцоог шинэчлэх;
 
4.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн анги, танхим, бүлэг, дотуур байрыг тусгай тоног төхөөрөмж, хүүхдийн бие бялдрын болон сэтгэцийн хөгжлийг идэвхжүүлэх тоглоом, хэрэгслээр хангах;
 
4.1.4. Хөгжлийн бэрхшээлийн хүнд хэлбэр /оюун ухааны болон бие эрхтэн/-ийн согогтой хүүхдийг тусгай цэцэрлэг, анги, бүлэгт хамруулан тэдний согогийг засах, сэргээхэд чиглэгдсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
 
4.1.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн сурах бичиг, ном, сургалтын хэрэглэгдэхүүний хангамж, хүрэлцээг нэмэгдүүлэх;
 
4.1.6. Тусгай анги, бүлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгай тоног төхөөрөмж бүхий тээврийн хэрэгсэлтэй болгох асуудлыг судлан шийдвэрлэх;
 
4.1.7.    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг тодорхойлох болон амьдралын нөхцөл байдлыг үнэлэх судалгаа хийх, албан сургалтад хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурлагын амжилт, хөгжлийн үнэлгээг тогтмол хийж байх;
 
4.1.8.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэтгэлэгт болон хөнгөлөлттэй нөхцөлөөр сурах, сурах бичгээр үнэ төлбөргүй хангагдах зэргээр тасралтгүй суралцах нөхцөлийг бүрдүүлэх.
 
Үр дүн 4.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи статистик мэдээ, мэдээлэл, судалгаа сайжирч, тэдний мэдээллийн хүртээмж нэмэгдсэн байна.
 
Үйл ажиллагаа
 
4.2.1. Нас, хүйс, амьжиргааны түвшин болон хөдөлмөрийн чадвар алдалтын төрөл, хэлбэр зэргээр ангилсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи мэдээллийг цуглуулах;
 
4.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдсэн мэдээллийн сүлжээ байгуулахыг дэмжих;
 
4.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан мэдээлэл, харилцаа холбооны шинэ техник, технологийг эзэмшүүлэх чиглэлээр мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх;
 
4.2.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, ялангуяа хөдөө орон нутагт бичиг үсэг сургах албан бус болон зайны сургалт зохион байгуулж байгаа иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
 
4.2.5. Олон улсын хэл ярианы стандарт, кодчилол, загварыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэний дохионы хэлийг сайжруулах, боловсронгуй болгох;
 
4.2.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нөхөн үржихүйн талаархи мэдээлэл, сургалт, сурталчилгааг тэдний хэрэгцээнд тулгуурлан хийх, түүнд гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсийг нь хамруулах;
 
4.2.7. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж дохионы хэлний орчуулгатайгаар мэдээлэл олгох асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх.
 
Зорилт 5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх замаар тэдний  нийгмийн хамгааллыг сайжруулах.
 
Үр дүн 5.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээнд тохирсон, чанартай, хүртээмж бүхий нийгмийн хамгааллын тогтолцоо бүрдсэн байна.
 
Үйл ажиллагаа
 
5.1.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх арга хэмжээг авах;
 
5.1.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ болон судалгаанд үндэслэн тэдэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэр төрлийг боловсронгуй болгож хөгжүүлэх;
 
5.1.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа хүнд олгож байгаа нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх;
 
5.1.4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр нийгмийн хамгааллын үйлчилгээг өргөжүүлэх;
 
5.1.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрөлжсөн асрамжийн газрыг бүсийн төвүүдэд байгуулах;
 
5.1.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг нийгмийн ажилтны чадавийг сайжруулах;
 
5.1.7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс үзүүлж байгаа нийгмийн хамгааллын үйлчилгээний чанарыг үнэлэх тогтолцоог бий болгох.
 
Үр дүн 5.2.    Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг чадваржуулах, ядууралд өртөж байгаа хүчин зүйлсийг бууруулах үйл ажиллагаа идэвхжсэн байна.
           
Үйл ажиллагаа
 
5.2.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ядууралд өртөж байгаа шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалж, ядуурлыг бууруулах, амьжиргааны чадавхийг дээшлүүлэх төсөл, хөтөлбөрт зуучлан хамруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
 
5.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын дадал, авъяасыг дэмжих, зөвлөх, үйлчилгээ үзүүлэх, тэдгээрийг оролцуулан урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах;
 
5.2.3. Насжилтын асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын үйлчилгээний асуудалтай уялдуулан авч үзэх;
 
5.2.4.                  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөртөө туслах бүлгийн үйл ажиллагааг дэмжих.
 
Зорилт 6. Хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэмэгдүүлж, тэдний бие бялдар, мэдрэхүй, сэтгэц, оюун санаа, эрүүл мэндийн сэргээн засалтын үйлчилгээг сайжруулах.
 
Үр дүн 6.1. Бие махбодь, оюун ухаан, сэтгэл зүй, мэдрэлийн гэмтэл согог үүсэхээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
 
Үйл ажиллагаа
 
6.1.1.   Эмийн зохистой хэрэглээ, түүнчлэн хүнсний болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;
 
6.1.2.   Осол гэмтэл болон байгалийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэн, анхааруулга, санамжийг түгээх;
 
6.1.3.   Эрүүл аж төрөх ёсонд сургах, халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн ухуулга, сурталчилгааг иргэний нийгмийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах;
 
6.1.4.   Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны горимыг ханган ажиллах талаар ажил олгогчийн хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах;
 
6.1.5.   Удамшлын өвчний шалтгааныг тогтоон дараагийн үе удамд дамжихаас хамгаалах арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх;
 
6.1.6.   Эрүүл мэндийн талаархи залуу эцэг, эхийн ойлголт мэдлэгийг дээшлүүлж эмгэг согогтой хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх.
 
Үр дүн 6.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бие махбодь, оюун ухаан, сэтгэл зүйн чадварыг нөхөн сэргээх, хэвийн түвшинд хүрэхэд нь туслах, амьдралаа өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ сайжирсан байна.
 
Үйл ажиллагаа
 
6.2.1.   Хөгжлийн бэрхшээлтэй иргэний алдагдсан чадварыг нөхөн сэргээх, орлуулах протез, ортопедийн техник, технологийг нэвтрүүлэн ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих;
 
6.2.2.   Хүнд зэргийн буюу олон хэлбэрийн хөгжлийн бэрхшээлд өртсөн хүмүүст ганцаарчилсан тусламж, үйлчилгээг үзүүлэх сайн дурын ажилтныг иргэний нийгмийн дэмжлэгтэйгээр ажиллуулах;
 
6.2.3.   Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн сэргээн засах үйлчилгээг үзүүлэх кабинет, төвийг байгуулан ажиллуулах;
 
6.2.4.   Сэргээн засалч бэлтгэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд сэргээн засах чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулах;
 
Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих,
үнэлгээ хийх
 
1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хангана.
 
2. Хөтөлбөрийн үр дүнг 2008, 2012 онд дараахь шалгуурыг баримтлан дүгнэнэ:
 
1)             хүүхэд, өсвөр үеийнхнээс замын хөдөлгөөний осолд орсны улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо, нийт хүүхдийн дунд эзлэх хувь;
 
2)             хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж дэд бүтэц бий болгоход зарцуулсан хөрөнгийн хэмжээ;
 
3)             нөхөн сэргээлтийн үйлчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн дунд эзлэх хувь;
 
4)                       мэргэжлийн чиг баримжаа эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн дунд эзлэх хувь;
 
5)                       нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн дунд эзлэх хувь;
 
6)                       цэцэрлэг, ясли, сургуульд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн дунд эзлэх хувь;
 
7)                       протез, ортопедийн үйлчилгээний төрөл, чанарын өсөлтийн байдал;
 
8)                       нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо, зарцуулж байгаа хөрөнгө;
 
9)                       хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай мэдээлэл, харилцаа холбооны техник, технологид зарцуулсан хөрөнгийн хэмжээ.
 
 
-----оОо-----