- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРА М
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 113 дугаар
тогтоолын хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН
АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Замын-Үүдийн боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг хариуцан ажиллах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн /цаашид "төлөөлөгч" гэх/ үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, энэхүү журмаар зохицуулна.
1.2. Төлөөлөгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын ангилал, зэрэглэлтэй дүйцэхүйц хангамж эдлэх бөгөөд түүний үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар баталж, зарцуулалтад нь хяналт тавина.
1.3. Шаардлагатай бол төлөөлөгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад яам, Засгийн газрын агентлагтай тохиролцсоны үндсэн дээр холбогдох мэргэжилтнийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулж болно.
1.4. Төлөөлөгч нь Засгийн газраас олгосон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргана.
1.5. Төлөөлөгч нь зохих журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Төлөөлөгчийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.1. Төлөөлөгч нь Засгийн газраас олгосон бүрэн эрхийн хүрээнд Замын-Үүд боомт, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж байгаа дараахь байгууллагын ажлыг уялдуулан зохицуулна.
-гаалийн газар;
-цагдаагийн хэлтэс;
-хилийн отряд;
-хилийн мэргэжлийн хяналтын алба;
-гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны Замын-Үүд дэх салбар;
-тээврийн үйлчилгээний төвийн Замын-Үүд дэх салбар;
-төмөр замын Замын-Үүд зангилаа.
2.2. Дор дурдсан хууль, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг уялдуулан зохицуулна:
2.2.1. "Замын-Үүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 63 дугаар тогтоол
2.2.2. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 73 дугаар тогтоол
2.2.3. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль.
2.3. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотой ажил, үйлчилгээ болон холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгжийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулна.
2.4. Замын-Үүдийн боомтод хийгдэх хяналт шалгалт болон тус боомт, хилийн бүсэд иргэдэд үзүүлэх үйлчилгээг олон улсын жишиг, шаардлагад нийцүүлэн шуурхай, чирэгдэлгүй, боловсронгуй болгоход шаардагдах эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалтын болон санхүүжилтийн асуудлыг судлан зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.
2.5. Төлөөлөгч нь "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, байнгын хяналт тавина.
2.6. Замын-Үүд сумын эрх зүйн байдлын талаар Улсын Их Хурал, Засгийн газраас гарах шийдвэрийн хэрэгжилтийг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангуулах ажлыг зохион байгуулна.
Гурав. Төлөөлөгчийн эрх
3.1. Төлөөлөгч нь холбогдох Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны байгууллагатай Засгийн газраас олгосон бүрэн эрхийн хүрээнд шууд харьцаж ажиллана.
3.2. Орон нутгийн удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, гагцхүү Засгийн газраас олгосон бүрэн эрхийн хүрээнд тодорхой үүрэг даалгавар, чиглэл өгнө.
3.3. Холбогдох албан тушаалтнаас шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах, хариуцсан нутаг дэвсгэрийн байгууллагын тодорхой үйл ажиллагаанд хяналт тавьж, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч болно.
3.4. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс болон хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар гадаадын хөрөнгө оруулагчид, БНХАУ-ын Эрээн хот, Өвөр Монголын өөртөө засах орны удирдлагатай Засгийн газраас тусгайлан эрх авсан тодорхой асуудлаар шууд харилцана.
3.5. Үйл ажиллагааны чиглэл, хариуцсан ажлын талаар Засгийн газарт санал оруулж шийдвэрлүүлж болно.
Дөрөв. Төлөөлөгчийн үүрэг
4.1. Төлөөлөгч нь ажлаа Ерөнхий сайдын өмнө бүрэн хариуцна.
4.2. Төлөөлөгч нь өөрийн үйл ажиллагааны чиг үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай асуудлаар санал боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар дамжуулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
4.3. Төлөөлөгч нь үйл ажиллагааны тайлангаа хагас, бүтэн жилээр гаргаж Засгийн газарт танилцуулна.
4.4. Төлөөлөгч нь хууль тогтоомж, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн биелэлийг сар тутам гаргаж дараа сарын 5-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A