- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ЁСЛОЛЫН ЖУРАМ
Засгийн газрын 2000 оны 24 дүгээр гтоолын хавсралт
Энэ журмын зорилт нь Монгол Улсын Төрийн ёслолын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, тогтсон дэг жаягийн дагуу зохион байгуулах замаар төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд оршино.
Төрийн ёслол гэдэг нь Монгол Улсын үндэсний баяр ёслол, тэмдэглэлт ой, үйл явдлыг тэмдэглэх, ёслол хүндэтгэлийн бүх арга хэмжээг зохион байгуулах, төр, засгийн удирдагчдыг ёслолын арга хэмжээнд оролцуулах, тэдэнтэй уулзах гадаадын зочин төлөөлөгчдийг хүлээн авах зэрэг үйл ажиллагааг зохицуулахдаа төрийн зүгээс баримтлах бодлогыг илэрхийлэгч хэрэгсэл мөн.
Төрийн ёслол үндэсний болон дипломат гэсэн хоёр чиглэлтэй.
Төрийн үндэсний ёслол нь Монгол Улсын хэмжээнд баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг ёслон тэмдэглэх, төрийн тэргүүн, төрийн түшээ нар тангараг өргөж, албандаа орохоос эхлээд шинээр сонгогдож томилогдож байгаа төрийн түшээ нарт төрийн ёс жаягийг зааж сургах, эмгэнэл гашуудал илэрхийлэх хүртэл өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулахдаа сонгодог ёс, уламжлал-заншил, шинэ хандлагыг хослуулан хэрэглэж боловсронгуй болгож байх үүрэгтэй.
1.1. Монгол Улсын үндэсний их баяр Наадам, Ардын хувьсгалын ой
1.1.1.Монгол Улсын үндэсний гол баяр болох Монгол Улсын үндэсний их баяр Наадам, Ардын хувьсгалын ой (цаашид "Наадам" гэнэ)-г Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1.4-т заасан өдрүүдэд тэмдэглэнэ.
1.1.2.Наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг Засгийн газрын шийдвэрээр байгуулагдсан, Засгийн газрын гишүүний тэргүүлсэн комисс (цаашид "төв комисс" гэнэ) хариуцан зохион байгуулна.
1.1.3. Наадмаар зохиох гол арга хэмжээнүүд:
а) 7 дугаар сарын 10-нд Д.Сүхбаатарын хөшөөнд ёслолын журмын дагуу цэцэг өргөнө. Цэцэг өргөхөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд (цаашид "төр, засгийн удирдагчид" гэнэ), Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Ерөнхий прокурор, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Ерөнхий штаб, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хилийн цэргийг удирдах газар, нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар дахь дипломат корпусын гишүүд (хүсэлт, захиалгаар нь), УИХ-д суудалтай улс төрийн намуудын дарга, ахмадын байгууллага, иргэдийн төлөөлөгчид оролцоно. Гадаадын зочид төлөөлөгчдийг хүсэлтээр нь оролцуулна;
б)хүндэтгэлийн концерт тоглоно. Концертод төр, засгийн удирдагчид, ТӨ-П- оос ТӨ-ҮI-д хамаарах зэрэг зиндааны албан тушаалтан нар, Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын дарга, нийслэлийн иргэдийн төлөөлөгчид, төв комиссын гишүүд, Монгол Улсын генералууд,албаны бусад хүмүүс болон иргэд урилгаар оролцоно. Концерт нээхийн өмнө төрийн дуулал эгшиглэнэ.
в)тэмдэглэлт ойгоор нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн шийдвэрээр 7 дугаар сарын 11-ний өглөө Д.Сүхбаатарын талбайд цэргийн ёслолын жагсаал хийж болно. Цэргийн ёслолын жагсаалыг цэргийн дүрэмд заасны дагуу зохион байгуулна. Мөн өдрийн 22 цагт ёслолын буудлага хийнэ. Мөн баярын хурал хийнэ. Хуралд энэ зүйлийн б-д заасан хүмүүс урилгаар оролцоно. Хурлыг төв комиссын дарга удирдана. Төр, засгийн удирдах албан тушаалтан хуралд илтгэл тавина. Хурлыг нээхэд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим төрийн дуулал эгшиглүүлэх бөгөөд хурлын дараа хүндэтгэлийн концерт тоглоно;
г) Эрийн гурван наадам явуулна. Үүнд:
-7 дугаар сарын 11-нд төв цэнгэлдэх хүрээлэнд энэ журам болон төв комиссын баталсан зохиомжийн дагуу наадмын нээлтийг хийнэ;
-төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт төр, засгийн удирдагчид болон ТӨ-П-оос ТӨ-Ү-д хамаарах албан тушаалтан нар, УИХ-д суудалтай улс төрийн намуудын дарга, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, төв комиссын нарийн бичгийн дарга, зүүн асарт Улаанбаатар дахь дипломат корпус, гадаадын зочин төлөөлөгчид, баруун асарт, ТӨ-ҮА,ТӨ-ҮI,ТӨ-ҮIА-д хамаарах албан тушаалтан нар, төв комиссын гишүүд, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын тохируулагч агентлагийн дарга нар, ТӨ-I, ТӨ-П-т хамаарах алба хашиж явсан төрийн зүтгэлтнүүд, нийслэлийн Засаг даргын орлогчид, хотын ерөнхий менежер, аймгийн Засаг дарга, ахмадын төлөөлөгч(10 хүн) нар сууна;
-төв цэнгэлдэх хүрээлэнд төрийн далбаа мандуулсан байх бөгөөд наадмыг нээх цаг болоход Их цагаан тугийг залах ёслол эхэлнэ. Их цагаан тугийг залмагц Монгол Улсын Ерөнхийлөгч төв асраас цагаан эсгий дээгүүр залран ёслолын тавцанд гарч Их цагаан туганд ёслон наадмын ажиллагааг нээж үг хэлнэ. Үг хэлж дуусмагц нь Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим төрийн дуулал эгшиглүүлнэ. Энэ үед наадамчид суудлаасаа босч малгайгаа аван зогсоно. Ерөнхийлөгчийг төв комиссын дарга, төрийн ёслолын албаны дарга нар дагалдана;
-Ерөнхийлөгч төв асарт байраа эзэлмэгц наадмын нээлтийн арга хэмжээ зохиомжийн дагуу явагдана.Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ. Мөн спортын бусад уралдаан тэмцээн явагдана;
-төр, засгийн удирдагчид үндэсний сурын харвааны талбайд ирж сур харваж сонирхоно. Мөн хурдан морины барианы газар очиж их насны морины уралдаан үзнэ;
- 7 дугаар сарын 12-нд наадам үргэлжлэх бөгөөд төр, засгийн удирдагчид төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн очиж үндэсний бөхийн барилдаан, бусад уралдаан тэмцээн үзнэ. Ерөнхийлөгч түрүүлсэн, айрагдсан морь унасан хүүхдүүд, түрүүлсэн, үзүүрлэсэн бөх, түрүүлсэн мэргэн харваач нарт шагнал, диплом гардуулна. Тогтсон журмын дагуу мэргэн харваач, уяач, бөхчүүдэд цол, чимэг олгоно;
-Ерөнхийлөгч наадмын ажиллагааг хааж үг хэлнэ. Их цагаан тугийг төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордонд буцаан залах ёслол болно;
д) Монгол Улсын Ерөнхийлөгч Наадмыг тохиолдуулан 7 дугаар сарын 11-нд төрийн дайллага хийнэ. Дайллагад ТӨ-П-оос ТӨ-ҮIА-д хамаарах албан тушаалтан нар,урьд жилийн наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөх, түрүүлсэн зургаан насны морины эзэн, түрүүлсэн мэргэн харваач, ажил хэрэгч хүмүүс,иргэдийн төлөөлөгчдийг урилгаар оролцуулна, Ерөнхийлөгчөөс төрийн дайллагыг нээж үг хэлнэ. Түүний англи хэлний орчуулгыг Гадаад харилцааны яам бэлтгэж орчуулагчаар хангана;
е) Яармаг дахь уяачдын байранд уяачдад зориулсан наадам 7 дугаар сарын 13-нд болно. Урьд өдөр үдээс хойшхи уралдаанд түрүүлсэн, айрагдсан морьдын цолыг дуудна.Шагналыг төв комиссын дарга гардуулна.
1.1.4. Наадмыг орон нутагт дараахь байдлаар тэмдэглэнэ:
а) ойд зориулан хүндэтгэлийн концерт тоглох бөгөөд концерт нээхэд төрийн дуулал эгшиглүүлнэ. Уламжлал ёсоор эрийн гурван наадам хийнэ. Орон нутгийн удирдлага хүлээн авалт хийж болно;
б) аймаг, хот, сум байгуулагдсаны тэгш ойг Наадамтай хамтатган тэмдэглэнэ. Онцгойлон үзэх шалтгаанаар өөр өдөр тэмдэглэх бол Засгийн газрын тогтоол гаргуулна.
1.1.5. Гадаадад суугаа дипломат, консулын газрууд болон олон улсын байгууллагын дэргэдэх төлөөлөгчийн газрууд Наадмыг суугаа орондоо боломжтой хэлбэрээр тэмдэглэнэ.
1.2. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэх
1.2.1. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг БНМАУ-ын АИХ-ын 1992 оны 1 дүгээр сарын 14-ний Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийн дагуу тэмдэглэнэ.
1.2.2. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үндэсний радио, телевизээр үг хэлнэ. Төр, засгийн удирдагчид болон төр, засгийн удирдах албан тушаалтан нар Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.Цэцэг өргөх ёслол журмын дагуу болно.
1.2.3. Тэмдэглэлт ойгоор нь онол-практикийн бага хурал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч дайллага хийж болно.
1.3. Бүгд найрамдах улсыг тунхагласны баярыг тэмдэглэх
1.3.1. Бүгд найрамдах улсыг тунхагласны баярыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1.5-д заасан өдөр тэмдэглэнэ.
1.3.2. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үндэсний радио, телевизээр үг хэлнэ.Төр, засгийн удирдагчид болон төр, засгийн удирдах албан тушаалтан нар Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.Цэцэг өргөх ёслол журмын дагуу болно.
1.3.3. Тэмдэглэлт ойгоор нь нийслэл, аймгийн төвүүдэд баярын хурал хийж, хүндэтгэлийн концерт тоглоно. Монгол Улсын Ерөнхийлөгч дайллага хийж болно.
1.4. Цагаан сарыг тэмдэглэх
1.4.1. Цагаан сарыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1.2-т заасан өдрүүдэд тэмдэглэнэ.
1.4.2. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үндэсний радио, телевизээр үг хэлнэ.
1.4.3. Битүүнд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулна.
1.4.4. Шинийн 1-нд төр, засгийн удирдагчид Гандантэгчинлэн хийдэд очиж Жанрайсиг болон монгол түмний шүтээн Очирдарь бурханд хүндэтгэл үзүүлнэ. Төр, засгийн удирдагчдад ТӨ-Ш-аас ТӨ-ҮI-д хамаарах албан тушаалтан нар, УИХ-д суудалтай улс төрийн намуудын дарга нар Төрийн хүндэтгэлийн өргөөнд ирж золгоно. Золгохын өмнө Төрийн хан хуурыг хөглөж, сүлд аялгууг нь эгшиглүүлнэ. .
1.4.5. Гадаад харилцааны сайд Улаанбаатар дахь гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулан цайллага хийнэ.
1.5.Шинэ жилийг тэмдэглэх
1.5.1. Төр, засгийн удирдагчид Монголын хүүхдийн байгууллагаас эрхлэн зохион байгуулсан нийслэлийн хүүхдийн сүлд модны төв наадамд оролцоно.
1.5.2. Монгол Улсын Ерөнхий сайд оны шилдэг хүүхдүүдийг хүлээн авч шагнал, диплом гардуулна.
1.5.3. 12 дугаар сарын сүүлчийн ажлын өдөр Улаанбаатар дахь гадаадын дипломат төлөөлөгчийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын тэргүүн нар төр, засгийн удирдагчдад баяр хүргэнэ. Баяр хүргэхэд Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын гадаад харилцаа эрхэлсэн зөвлөх нар, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламент хоорондын харилцааны хэлтсийн дарга оролцоно. Дипломат корпусын ахлагч баяр хүргэж үг хэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч хариу талархал илэрхийлнэ.
1.5.4. Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үндэсний радио, телевизээр үг хэлнэ.
1.6. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэх
1.6.1. Чиглэл хариуцсан сайд үндэсний радио, телевизээр үг хэлж, ёслолын арга хэмжээ зохион байгуулна.
1.7. Цэргийн баярыг тэмдэглэх
1.7.1. Цэргийн баярыг жил бүрийн 3 дугаар сарын 18-нд тэмдэглэнэ.
1.7.2. Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчин, бусад цэргийн удирдлага Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Төр, засгийн удирдах албан тушаалтнууд оролцоно. Хүндэтгэлийн концерт тоглоно.
1.7.3. Тэмдэглэлт ойгоор нь төр, засгийн удирдагчид болон төр, засгийн удирдах албан тушаалтан нар Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Цэцэг өргөх ёслол журмын дагуу болно. Баярын хурал хийх бөгөөд төр, засгийн удирдагчид оролцоно. Хурал нээхэд төрийн дуулал эгшиглэнэ.
1.8. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тэмдэглэх
1.8.1. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолд заасны дагуу тэмдэглэнэ.
1.8.2. Төр, засгийн удирдагчид хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөнө. Цэцэг өргөх ёслол журмын дагуу болно.
1.8.3. Сонгинохайрхан дахь хэлмэгдэгсдийн булшинд төр, засгийн удирдагчдын нэрийн өмнөөс цэцэг өргөнө. УИХ, Засгийн газрын зарим гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон бусад яамны төлөөлөгчид, Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга нар оролцоно.
1.9. Эх үрсийн баярыг тэмдэглэх
1.9.1. Эх үрсийн баярыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1.3-т заасан өдөр тэмдэглэнэ.
1.9.2. Төр, засгийн удирдагчид Д.Сүхбаатарын талбайд болон бусад газарт зохиогдох баярын арга хэмжээнд оролцоно.
1.10. Ардчилсан хувьсгалын өдрийг тэмдэглэх
1.10.1. Ардчилсан хувьсгалын өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 10-нд тэмдэглэнэ.
1.10.2. Засгийн газрын гишүүн тэргүүлсэн комиссын баталсан төлөвлөгөөний дагуу тэмдэглэнэ. Зохион байгуулах ёслолын арга хэмжээнд төр, засгийн удирдагчид оролцоно.
1.11. Залуучуудын өдрийг тэмдэглэх
1.11.1. Залуучуудын өдрийг жил бүрийн 8 дугаар сарын 25-нд тэмдэглэнэ.
1.12. Ахмадын өдрийг тэмдэглэх
1.12.1. Ахмадын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 1-нд тэмдэглэнэ.
2.1. Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх
2.1.1. УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа УИХ-аас товлосон өдөр, цагт Ерөнхийлөгч УИХ-д Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Тангараг өргөх ёслол Улсын Их Хурлын 1993 оны 40 дүгээр тогтоол болон "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 1997 оны 44 дүгээр тогтоолын дагуу явагдана.
2.2. УИХ-ын ээлжит сонгуулийн анхдугаар чуулганыг нээх
2.2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр Улсын Их Хурал анхдугаар чуулганаа нээнэ. Чуулганыг нээхэд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим төрийн дуулал эгшиглүүлнэ.
2.2.2. Улсын Их Хурлын насаар хамгийн ахмад гишүүн хуралдааныг нээж, УИХ-ын даргыг сонгох хүртэл даргална.
2.2.3. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын сүүлчийн дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улаанбаатар дахь гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, холбогдох бусад хүмүүс урилгаар оролцоно.
2.3. УИХ-ын гишүүн тангараг өргөх
2.3.1. УИХ-ын анхдугаар чуулган бүрэн эрхийг нь зөвшөөрсний дараа УИХ-ын гишүүд төрийн сүлдэнд тангараг өргөнө.
2.3.2. УИХ-ын гишүүд насаар хамгийн ахмад гишүүнээ даган уншиж тангараглана. Тангарагаа уншиж дуусаад баруун гараараа зүрхний тус газар дарж бүгд нэгэн зэрэг мэхийн ёсолно. Гишүүд тангараг өргөөд төрийн далбаанаас адис авч кирилл үсгийн цагаан толгойн дарааллаар нэрсийг жагсаасан хэвлэмэл тангарагт гарын үсэг зурж УИХ-ын гишүүний үнэмлэх, тэмдгийг гардан авна. Тангараг өргөмөгц төрийн дуулал эгшиглүүлнэ.
2.3.3. Нөхөн явуулсан сонгуулийн дүнг хүчин төгөлдөр гэж үзсэн тогтоолыг баталж шинээр сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсний дараа гишүүн төрийн сүлдэнд тангараг өргөнө.
3.1.Төрийн сүлд байрлуулах, төрийн далбаа мандуулах, төрийн дууллыг эгшиглүүлэх
3.1.1.Төрийн сүлд байрлуулах, төрийн далбаа мандуулах, төрийн дуулал эгшиглүүлэхдээ Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасан журмыг баримтална.
3.2. Төрийн туг - Их цагаан тугийг хүндэтгэн дээдлэх
3.2.1. Монгол Улсын төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасан ёсоор төрийн туг–Их цагаан тугийг хүндэтгэн дээдэлнэ.
3.2.2. Их цагаан тугийг залах ёслол "Төрийн тугийг хүндэтгэн залах журам батлах тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 67 дугаар зарлигийн дагуу явагдана.
Дөрөв. Тамга шилжүүлэх
4.1.1. УИХ-ын сонгуулийн анхдугаар чуулган дээр УИХ-ын дарга сонгогдмогц УИХ-ын тамга шилжүүлэх ёслол болно. Шинээр сонгогдсон УИХ-ын дарга УИХ-ын тамгыг гардаж адис аваад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад шилжүүлэн хадгалуулна.
4.1.2. УИХ-ын дарга УИХ-д хандаж үг хэлнэ.
4.2.1. Ерөнхий сайд томилогдмогц Засгийн газрын тамгыг шилжүүлэх ёслол "Соёмбо" танхимд болно. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Түрүүчийн Засгийн газрын гишүүд танхимд жагсан зогссон байна.
4.2.2. Ерөнхийлөгч шинээр томилогдсон Ерөнхий сайдыг дагуулан танхимд орж ирж зогсоход өмнөх Ерөнхий сайд Засгийн газрын тамгыг шинээр томилогдсон Ерөнхий сайдад гардуулан өгнө. Ерөнхий сайд тамгыг гардаж адис аваад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хадгалуулна.
4.2.3. Өмнөх Ерөнхий сайд шинээр томилогдсон Ерөнхий сайдад хадаг, мөнгөн аягатай сүү барина. Ерөнхий сайд талархал илэрхийлнэ.
4.3.1. УИХ-ын дарга дахин сонгогдох, Ерөнхий сайд улиран томилогдох тохиолдолд тамга шилжүүлэх ёслол үйлдэхгүй.
5.1. Дээд шагнал гардуулах
5.1.1. Төрийн шагнал хүртээх ёслол Төрийн хүндэтгэлийн өргөөнд болно.
5.1.2. Шагнал хүртэгсэд өргөөний баруун талд зогссон байна. Ёслол эхлэх цаг болоход Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирж шагнал хүртэгсэдтэй мэндлээд өргөөний хойморт байраа эзэлнэ. Шагнал гардуулахад чиглэл хариуцсан сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байлцана.
5.1.3. Шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг уншихад Ерөнхийлөгч шагналын тэмдгийг зүүж, үнэмлэхийг гардуулж өгнө. Шагнал хүртэгсдийн төлөөлөгч талархал илэрхийлж хариу үг хэлж болно.
5.2.1. Монгол Улсын Засгийн газрын "Хүндэт өргөмжлөл" шагнал гардуулах ёслолыг улсын болон хөдөлмөрийн баатар цол олгох, төрийн шагнал хүртээх ёслолын жишгээр гүйцэтгэнэ. Ерөнхий сайд цол, шагналыг олгож, Засгийн газрын гишүүн, Хэрэг эрхлэх газрын дарга нар байлцана.
5.3.1. Монгол Улсын одон, медаль гардуулах ёслол төрийн ордны "Соёмбо" танхимд болно. Ерөнхийлөгч одон медалийг гардуулна.
5.3.2. Шагнал гардуулах ёслол цол, шагнал хүртээх ёслолтой адил байна.
5.4.1.Ерөнхийлөгч болон Засгийн газрын даалгавраар төр, засгийн удирдах албан тушаалтан нийслэл болон аймаг, орон нутагт шагнал гардуулж болно.
6.1. Төр засгийн удирдагчид, төр, засгийн удирдах албан тушаалтан нарыг орон нутагт явахад үдэх, угтах
6.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Төрийн ёслолын албаны дарга, УИХ-ын даргыг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн ёслолын албаны дарга, Ерөнхий сайдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн ёслолын албаны дарга, УИХ-ын дэд даргыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Төрийн ёслолын албаны ажилтан, бусад албан тушаалтныг тухайн байгууллагын аппаратын ажилтан үдэж, угтана.
6.1.2. Төр, засгийн удирдагчид аймаг, сумын төвд хүрэлцэн очиход аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга нар Тамгын газрынхаа даргын хамт угтаж, үднэ.
6.2. Төр, засгийн удирдагчид болон төр, засгийн удирдах албан тушаалтан нарыг орон нутагт хүлээн авах
6.2.1. Төр, засгийн удирдагчид сонгогдож, томилогдсоныхоо дараа анх удаа аймаг, орон нутагт очиход аймгийн төвд хүндэтгэн угтах ёслол болно. Аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нар, хөдөлмөрчдийн төлөөлөгчид угтана. Аймгийн Засаг дарга хадаг, аягатай сүү барина. Аймгийн нутгаар аймгийн Засаг дарга, аюулаас хамгаалах албаны төлөөлөгч, цагдаагийн газрын дарга дагалдан явна.
6.2.2. УИХ-ын дэд даргыг аймаг, орон нутагт ажиллахад аймаг, сумын нутгаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга буюу Засаг даргын орлогч дагалдан явна.
7.1. Төр, засгийн удирдагчид болон төр, засгийн удирдах албан тушаалтан гадаадын зочид, төлөөлөгчидтэй уулзах
7.1.1. Төр, засгийн удирдагчид, төр, засгийн удирдах албан тушаалтан нарыг гадаадын албан ёсны зочин, төлөөлөгчидтэй уулзуулах асуудлыг зөвхөн Төрийн ёслолын алба буюу ГХЯ-ны Ёслолын хэлтсээр дамжуулан шийдвэрлэж байна.
7.1.2. Төр, засгийн удирдагчид болон төр, засгийн удирдах албан тушаалтан нар тус улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, гишүүдтэй харилцах асуудлыг ГХЯ-ны Ёслолын хэлтэс эрхлэн гүйцэтгэнэ.
7.1.3. Төр, засгийн удирдагчид болон төр, засгийн удирдах албан тушаалтантай гадаадын үйлдвэр, худалдаа, нам болон төрийн бус байгууллагуудын шугамаар ирсэн зочин, төлөөлөгчдийг уулзуулах асуудлыг Төрийн ёслолын албаар дамжуулан шийдвэрлэж байна. Тухайн зочин, төлөөлөгчдийг урьж ирүүлсэн байгууллага, хүмүүс зочид, төлөөлөгчдийн ирсэн зорилго, тэдгээрийн талаархи товч танилцуулга, Монголд хүлээн авах байгууллага болон хүмүүс, байх хугацаа, зардлын талаар 7 хоногийн өмнө бичгээр Төрийн ёслолын албанд мэдэгдсэн байна. Төрийн ёслолын алба нь уулзуулах эсэх асуудал болон түвшингийн талаар ГХЯ-тай зөвшилцөн шийдвэрлэнэ.
7.1.4. Төр, засгийн удирдагчид болон төр, засгийн удирдах албан тушаалтантай гадаадын дээд, өндөр хэмжээний төлөөлөгчид болон дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг уулзахад байх хүмүүс болон орчуулагч, тэмдэглэл хөтлөх буюу хэвлэл мэдээллийн албаны ажилтнуудыг ГХЯ-ны Ёслолын хэлтэс зохицуулах бөгөөд Төрийн ёслолын албатай ажлаа уялдуулсан байна.
7.1.5. Төрийн ёслолын алба Төрийн ордонд болох уулзалтын цаг, байр, үйлчилгээг зохицуулан холбогдох албадад мэдээлэх, зочдыг угтах, үдэх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
7.1.6. Төрийн ордны хамгаалалтын алба Төрийн ёслолын алба болон ГХЯ-ны Ёслолын хэлтсээр дамжуулан уулзалтаа тохироогүй гадаадын зочин, төлөөлөгч, иргэдийг Төрийн ордонд нэвтрүүлэхгүй байна.
7.1.7. Төр, засгийн дээд хэмжээний айлчлалаас бусад тохиолдолд төр, засгийн удирдагчид гадаадын зочин, төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үед болон ёслолын үйл ажиллагаанд зөвхөн Төрийн ёслолын албаны зурагчин үйлчилнэ.
7.1.8. Төрийн ёслолын алба төрийн ёслолын үйл ажиллагаа болон төр, засгийн удирдагчдын уулзалтыг гэрэл зургаар баримтжуулж жил бүр архивт шилжүүлэх ажлыг хариуцна.
7.1.9. Төр, засгийн удирдагчид гадаадын зочин, төлөөлөгч хүлээн авч уулзахад албан ёсны орчуулагч болон тэмдэглэл хөтлөх ажилтанг байлцуулна. Уулзалт, ярианы тэмдэглэлийг төр, засгийн удирдагчдад 3 хоногийн дотор танилцуулж холбогдох газруудад шилжүүлэн өгч байна.
7.1.10. Төр, засгийн удирдагчид болон төр, засгийн удирдах албан тушаалтан нар гадаадын төр, засгийн өндөр албаны хүмүүстэй утсаар ярихдаа тэмдэглэл хөтөлж, тэмдэглэлийн хувийг ГХЯ-нд өгч байна.
7.1.11. Төр, засгийн удирдагчид гадаадын зочин, төлөөлөгчдийг хүлээн авч уулзахад оролцох хүмүүсийн тооны хязгаарыг Төрийн ёслолын алба, ГХЯ-ны Ёслолын хэлтэс тогтооно.
7.1.12. Төр, засгийн удирдагчдаас ярилцлага авах асуудлыг тэдгээрийн хэвлэл мэдээллийн албад, ГХЯ-ны Мэдээлэл, мониторингийн газар хариуцан зохицуулна.
7.2. Төр, засгийн удирдагчид болон төр, засгийн удирдах албан тушаалтан ёслолын арга хэмжээнд оролцохыг зохион байгуулах
7.2.1. Төр, засгийн удирдагчдыг ёслолын арга хэмжээнд урьсан бүх урилгыг Төрийн ёслолын албаар дамжуулна. Төрийн ёслолын алба тухайн арга хэмжээнд хэрхэн оролцуулах саналаа төр, засгийн удирдагчдад танилцуулж шийдвэрлэнэ.
7.2.2. Төрийн ёслолын алба УИХ-ын дэд дарга, УИХ болон Засгийн газрын гишүүдийг урьсан урилгыг хүлээн авч зохицуулан өөрсдөд нь мэдэгдэж байна.
7.2.3. Улаанбаатар дахь гадаадын дипломат корпусаас зохиох арга хэмжээг ГХЯ-аар уламжлан урьдчилан тохиролцсоны үндсэн дээр товлоно. Төрийн ёслолын алба ГХЯ-ны саналыг үндэслэн тухайн арга хэмжээнд ямар түвшинд оролцуулахыг шийдвэрлэнэ.
7.2.4. Төр, засгийн удирдах албан тушаалтан ёслолын арга хэмжээ, уулзалтын үеэр дипломат корпусын зүгээс аман урилга авбал дараа нь ёслолын албадаар дамжуулан албан ёсоор тохирох тухайгаа мэдэгдэж байна.
7.2.5. Төрийн ёслолын алба УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шугамаар буюу Төрийн ордонд болох ёслолын бүх арга хэмжээг эрхлэн зохион байгуулна.
7.3. Бэлэг дурсгалын зүйл хүлээн авах, өгөх
7.3.1. Төр, засгийн удирдагчид, төр, засгийн удирдах албан тушаалтан бэлэг дурсгалын зүйл хүлээн авах, өгөх асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 198 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын заалтыг үндэслэн шийдвэрлэж байна.
8.1. Д.Сүхбаатарын хөшөөнд
8.1.1. Хөшөөний урд талд төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим хөшөө рүү харан жагсана, хөшөөний зүүн талаас хөшөө хүртэл цэцэг өргөх замын турш гудаслаг нарийн хивс, цэцэг өргөх газарт том хивс тус тус дэвсэж хивсний үзүүр талд цэцгийг өргөх дарааллаар байрлуулна,
8.1.2. Цэцэг өргөх цаг болоход найрал хөгжим "Шивээ хиагт" аяыг эгшиглүүлж цэцэг өргөх ёслол эхэлнэ, хүндэт харуулын цэргүүд цэцгийг хос хосоороо барьж хүндэтгэлийн алхаагаар явж дэвссэн хивсэн дээр дарааллын дагуу баруун, зүүн тал руу нь ээлжлүүлэн байрлуулна, цэцэг өргөгсөд цэцгийн өмнө мэхийн ёслоод хөшөөг нар зөв тойрч хөшөөний зүүн талд гаран цэцэг өргөсөн дарааллаар төрийн хүндэт харуул руу харж цуван зогсоно.
8.1.3. Цэцэг өргөж дуусахад төрийн дуулал, цэцэг өргөгсөд тарж явахад баярын марш эгшиглүүлнэ.
8.2. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунханд
8.2.1. Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим бунхны баруун талд жагсана, бунхны үүд рүү гудаслаг нарийн хивс дэвсэж хивсний үзүүрээс эхлэн цэцгийг өргөх дарааллаар байрлуулна.
8.2.2. Цэцэг өргөх цаг болоход найрал хөгжим "Шивээ хиагт" аяыг эгшиглүүлж ёслол эхэлнэ. Хүндэт харуулын цэргүүд цэцгийг хос хосоороо барьж хүндэтгэлийн алхаагаар явж шарилын толгой талд дараалуулан байрлуулна. Цэцэг өргөгсөд нэг минут орчим толгой гудайн зогсож хүндэтгэл илэрхийлээд зүүн талын хаалгаар гарч, бунхны зүүн урд талд байраа эзлэн зогсоно.
8.2.3. Цэцэг өргөж дуусахад хөгжимд төрийн дуулал эгшиглүүлнэ. Гадаадын зочин, төлөөлөгчид цэцэг өргөхөд тухайн орны болон Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлнэ.
8.3. Зайсан толгой дахь дурсгалын хөшөөнд
8.3.1.Хөшөөний өмнөх талбайн баруун талд төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим жагсана. Талбай дээр хивс дэвсэж хөшөөний бамбарыг асаана.
8.3.2. Цэцэг өргөх цаг болоход найрал хөгжим "Зөвлөлтийн дайчдын хөшөө" аяыг эгшиглүүлж ёслол эхэлнэ. Хүндэт харуулын цэргүүд цэцгийг хос хосоороо барьж, хүндэтгэлийн алхаагаар явж дурсгалт газрын шороотой бичээсний өмнө дараалуулан байрлуулна. Цэцэг өргөгсөд хүндэтгэл илэрхийлээд хөшөөний мөнхийн галтай бамбарыг нар зөв тойрч хойд талаас эхлэн байраа эзлэн зогсоно.
8.3.3. Цэцэг өргөж дуусахад Оросын Холбооны Улс, Монгол Улсын төрийн дуулал, цэцэг өргөгсөд тарж явахад баярын марш эгшиглүүлнэ.
8.4. Г.К.Жуковын хөшөөнд
8.4.1.Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим хөшөөний баруун талд жагсана. Хөшөө рүү гудаслаг нарийн хивс дэвсэж, хивсний үзүүрээс эхлэн цэцгийг өргөх дарааллаар байрлуулна.
8.4.2. Цэцэг өргөх цаг болоход хүндэт харуулын цэргүүд цэцгийг хос хосоороо барьж хүндэтгэлийн алхаагаар явж, хөшөөний өмнө дэвссэн хивс дээр дарааллын дагуу ээлжлүүлэн байрлуулна. Цэцэг өргөгсөд цэцгийн өмнө мэхийн ёслоод хөшөөг нар зөв тойрч хөшөөний зүүн талд гаран цэцэг өргөсөн дарааллаар цуван зогсоно.
8.4.3. Цэцэг өргөж дуусахад Оросын Холбооны Улс, Монгол Улсын төрийн дуулал, цэцэг өргөгсөд тарж явахад "Ялалт" марш эгшиглүүлнэ.
8.5. "Хувьсгалт Монгол" танкийн хөшөөнд
8.5.1. Хөшөөний хойд талбайн зүүн талд төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим жагсана.
8.5.2. Цэцэг өргөх цаг болоход хүндэт харуулын цэргүүд цэцгийг хос хосоороо барьж хүндэтгэлийн алхаагаар явж хөшөөний өмнө дараалуулан байрлуулна. Цэцэг өргөгсөд хүндэтгэл илэрхийлээд талбайн баруун талд байраа эзлэн зогсоно.
8.5.3. Цэцэг өргөж дуусахад Оросын Холбооны Улс, Монгол Улсын төрийн дуулал, цэцэг өргөгсөд тарж явахад "Ялалт" марш эгшиглүүлнэ.
8.6. "Монгол Ард" эскадрилийн хөшөөнд
8.6.1. Хөшөөний хойд талд төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим жагсана.
8.6.2. Цэцэг өргөх цаг болоход хүндэт харуулын цэргүүд цэцгийг хос хосоороо барьж хүндэтгэлийн алхаагаар явж хөшөөнд дараалуулан байрлуулна. Цэцэг өргөгсөд хүндэтгэл илэрхийлээд хөшөөний өмнө хэсэгт гаран цэцэг өргөсөн дарааллаар цуван зогсоно.
8.6.3. Цэцэг өргөж дуусахад Оросын Холбооны Улс, Монгол Улсын төрийн дуулал, цэцэг өргөгсөд тарж явахад "Ялалт" марш эгшиглүүлнэ.
8.7. Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд
8.7.1. Хөшөөний баруун талбайд төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим жагсана. Хөшөө хүртэл гудаслаг нарийн хивс дэвсэж хивсний үзүүрээс эхлэн цэцгийг өргөх дарааллаар байрлуулна.
8.7.2. Цэцэг өргөх цаг болоход найрал хөгжим "Эмгэнэн дуурсах аялгуу" эгшиглүүлэн ёслол эхэлнэ. Хүндэт харуулын цэргүүд цэцгийг хос хосоороо барьж хүндэтгэлийн алхаагаар явж хөшөөний өмнө талд дараалуулан байрлуулна. Цэцэг өргөгсөд цэцгийн өмнө мэхийн ёслоод хөшөөг шатаар өгсөн нар зөв бүтэн тойрч хөшөөний зүүн талд гаран цэцэг өргөсөн дарааллаар цуван зогсоно.
8.7.3. Цэцэг өргөж дуусахад төрийн дуулал, цэцэг өргөгсөд тарж явахад "Алдар" марш эгшиглүүлнэ.
8.8. Хэлмэгдэгсдийн булшинд
8.8.1. Булшны гадна зүүн талбайд төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим жагсана. Булшны хайсны хаалга хүртэл гудаслаг нарийн хивс дэвсэж цэцгийг өргөх дарааллаар байрлуулна.
8.8.2. Цэцэг өргөх цаг болоход найрал хөгжим "Эмгэнэн дуурсах аялгуу" эгшиглүүлж ёслол эхэлнэ. Хүндэт харуулын цэргүүд цэцгийг хос хосоороо барьж хүндэтгэлийн алхаагаар явж булшны хайсан дотор орж булшны өмнө тавцанд дараалуулан байрлуулна. Цэцэг өргөгсөд цэцгийн өмнө мэхийн ёслоод булшны хайсны гадна талаар нар зөв тойрон явж булшны баруун хэсэгт цэцэг өргөсөн дарааллаар цуван зогсоно,
8.8.3. Цэцэг өргөж дуусахад төрийн дуулал, цэцэг өргөгсдийг тарж явахад "Алдар" марш эгшиглүүлнэ.
9.1. Төрийн ёслолын ахлалыг дараахь байдлаар тогтооно:
Ерөнхийлөгч,
УИХ-ын дарга,
Ерөнхий сайд,
Дээд шүүхийн ерөнхий шүүгч,
Үндсэн хуулийн цэцийн дарга,
УИХ-ын дэд дарга,
УИХ-ын гишүүн,
Засгийн газрын гишүүн,
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга,
Нийслэлийн Засаг дарга,
Төрийн хянан шалгах хорооны дарга,
Улсын ерөнхий прокурор,
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
Монгол банкны ерөнхийлөгч,
Үнэт цаасны хорооны дарга,
Үндэсний статистикийн газрын дарга,
Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга,
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
Аймгийн Засаг дарга,
Үндсэн хуулийн цэцийн гишүүн,
Дээд шүүхийн шүүгч,
Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга,
Яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Засгийн газрын тохируулагч агентлагийн дарга,
УИХ-ын Тамгын газрын ЕНБД-ын орлогч,
Засгийн газрын ХЭГ-ын орлогч дарга,
Ерөнхийлөгчийн зөвлөх,
УИХ-ын даргын зөвлөх,
Ерөнхий сайдын зөвлөх,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга,
Монгол банкны дэд ерөнхийлөгч,
Ерөнхий прокурорын орлогч,
Төрийн хянан шалгах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга,
ТӨ-I, ТӨ-П-т хамаарах албан тушаал хашиж байсан төрийн зүтгэлтнүүд.
10.1. Төр, засгийн удирдагч таалал төгсөхөд
10.1.1. УИХ, Засгийн газраас төр, засгийн удирдагч таалал төгссөн тухай гүн эмгэнэлтэйгээр мэдэгдэж талийгаачийн зураг, намтрыг хэвлэлд нийтлүүлж Улаанбаатар дахь дипломат корпуст ноотоор мэдээлнэ.
10.1.2. Засгийн газраас талийгаачийг оршуулах ажлыг зохион байгуулах комисс томилох бөгөөд уг комисс орон даяар гашуудал зарлах өдрүүдийг тогтооно (Ерөнхийлөгч таалал төгсөхөд 5-7 хоног, УИХ-ын дарга буюу Ерөнхий сайд таалал төгсөхөд 3-5 хоног). Талийгаачийн шарилыг хаана байрлуулж ямар хугацаанд салах ёс гүйцэтгэх, хэзээ хаана оршуулахыг шийдвэрлэж зарлана.
10.1.3. Төрийн далбааг гашуудлын өдрүүдэд 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёрт хүртэл буулган эмгэнэл илэрхийлнэ. Орон даяар урлагийн тоглолт, кино зэрэг цэнгэлийн үйл ажиллагаа явуулах, ёслолын арга хэмжээ зохиохыг хориглоно.
10.1.4. Найрсаг харилцаат орнуудаас төлөөлөгч ирж оршуулах ёслолд оролцох асуудал тавибал комисс шийдвэрлэж хариу өгнө. УИХ-ын дарга буюу Ерөнхий сайд таалал төгсөхөд гадаадаас төлөөлөгч урихгүй.
10.2. Салах ёс гүйцэтгэх
10.2.1. Салах ёс гүйцэтгэх танхимын гадаа гол хаалган дээр талийгаачийн томоор зурсан хөргийг байрлуулна. Танхимын цонх, чийдэнг эмгэнэлийн байдлаар бүдгэрүүлэн бүтээж, ногоон шилмүүсээр чимэглэнэ.
10.2.2. Шарилыг танхимын хоймор талд тусгай зассан тавцан дээр байрлуулж, сагстай амьд цэцэг тойруулан тавина. Танхимд байнга арц, хүж асаана. Шарилыг төрийн хүндэт харуулын 8 цэрэг хүндэтгэн хамгаалж зогсоно.
10.2.3. Авсны тагийг тэнгэрийн өнгөт хөх цэнхэр, хайрцгийг дэлхийн өнгөт ногоон торгоор доторлож, гадна талыг цагаан торгоор бүрсэн байна. Авсыг алтан саатай шар бүсээр гурав бүсэлсэн байдлаар бэхлэхээр бэлтгэнэ.
10.2.4. Талийгаачийн жаазтай том зургийг шарилын толгой талд тусгай бүрээстэй өндөр тавцан дээр байрлуулж хадгаар бүтээн, жаазны зүүн доод өнцгийг хар, улаан даавуугаар чагтална. Зургийн баруун талд төрийн далбааг бөхийлгөн зална.
10.2.5. Салах ёс гүйцэтгэх ёслол эхэлмэгц эхлээд талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, дараа нь комиссын гишүүд, төр, засгийн удирдагчид дараалан тус бүр 3 минутаар шарилын дэргэд толгой гудайн зогсоно.
10.2.6. Салах ёс гүйцэтгэхээр хүрэлцэн ирсэн хүмүүс комиссын зохион байгуулснаар салах ёс гүйцэтгэнэ.
10.2.7. Салах ёс гүйцэтгэх ёслол эхлэхээс дуусах хүртэл хөгжим гашуудлын аялгуу эгшиглүүлж байна.
10.3. Оршуулах
10.3.1. Шарилыг танхимаас гаргахын өмнө төр, засгийн удирдагчид, дараа нь комиссын гишүүд, талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд эцсийн удаа хүндэтгэл үзүүлж зогсоно.
10.3.2. Шарилыг танхимаас гаргахдаа босгон дээр нь хөндлөн мод тавьж, шарилаа толгой талаар нь гаргаж шарил ачих машинд дэвссэн цагаан эсгийн дээр толгойг нь явах зүг рүү харуулж зална.
10.3.3. Гашуудлын цуваа оршуулах газрын зүг алгуурхан хөдөлнө. Цувааг талийгаачийн зураг, албан байгууллага, хүмүүсээс тавьсан цэцэг, авсны таг, шарил, комиссын гишүүд, төр, засгийн удирдагчид, талийгаачийн гэр бүл, төрөл, төрөгсөд болон ёслолд оролцогчид гэсэн дарааллаар хөдөлгөнө. Цувааг үлээвэр найрал хөгжим дагалдан явж гашуудлын аялгуу эгшиглүүлнэ.
10.3.4. Оршуулах талбайд ирж, шарилыг машинаас буулган нүхний баруун талд дэвссэн цагаан эсгий дээр зассан суурь дээр байрлуулна. Талийгаачийн зураг болон тавьсан цэцгийг шарилын баруун, зүүн талд нь барьж зогсоно. Төр, засгийн удирдагчид, комиссын гишүүд болон оршуулах ёслолд оролцогчид байраа эзэлнэ.
10.3.5. Талийгаачийг оршуулах ажлыг зохион байгуулах комиссын дарга үг хэлж гашуудлын цуглааныг нээнэ. Цуглаан дээр үүргийг гүйцэтгэгч, гэр бүл, төрөл төрөгсдийг төлөөлж нэг хүн, иргэдийг төлөөлж нэг хүн тус тус үг хэлнэ. Комиссын дарга цуглааныг хаана, хөгжимд гашуудлын аялгуу эгшиглэнэ.
10.3.6. Гэр бүл, төрөл төрөгсөд нь эцсийн удаа салах ёс гүйцэтгэнэ (энэ үед хөгжим зогсоно),.Авсны тагийг хааж бэхэлнэ (хөгжимд гашуудлын аялгуу эгшиглэнэ). Шарилыг өргөн нүх рүү хийж, эх газрын алтан хөрсөнд далдална. Энэ үед хөгжим зогсож их буугаар ёслолын буудлага хийнэ (Ерөнхийлөгч таалал төгсөхөд 21 удаа, УИХ-ын дарга буюу Ерөнхий сайд таалал төгсөхөд 19 удаа). Хөгжимд төрийн дуулал эгшиглэнэ. Төв, орон нутагт бөхийлгөсөн төрийн далбаануудыг хэвийн байдлаар мандуулна.
10.3.7. Дараа нь Засгийн газраас гашуудал тайлах цагаалга хийнэ. Цагаалга дээр үүрэг гүйцэтгэгч үг хэлж гашуудал тайлна.
10.3.8.Оршуулах ёслолд гадаадын төлөөлөгчид ирвэл тэднийг ямар нэгэн ёслолгүйгээр угтаж, үднэ.
10.4. Тус улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд
10.4.1. Төр, засгийн удирдагч таалал төгссөн тухай мэдээ авмагц суугаа орны Гадаад хэргийн яам болон тэнд суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газруудад ноотоор мэдээлнэ. Ноот нь ёслол хүндэтгэлийн үггүй байх бөгөөд дипломат төлөөлөгчийн газарт эмгэнэл илэрхийлэх цагийг заана.
10.4.2.Талийгаачийн том хэмжээний гэрэл зургийг жаазлан, жаазны зүүн доод өнцгийг хар, улаан даавуугаар чагтлан гашуудлын байдлаар бэлтгэн тусгай танхимд зассан өндөр тавиур дээр байрлуулж, эргэн тойрон амьд цэцгээр чимэглэнэ. Зургийн баруун талд төрийн далбааг бөхийлгөн зална. Танхимд эмгэнэлийн дэвтэр бэлтгэж, ширээн дээр тавина.
10.4.3. Суугаа орны удирдагчид болон хөдөлмөрчдийн төлөөлөгчид, дипломат корпусаас эмгэнэл илэрхийлэхээр ирэхэд нь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн дипломатуудын хамт хүлээн авч, явахад нь талархал илэрхийлж байна.
10.4.4. Дипломат төлөөлөгчийн газрын албан байр дээр төрийн далбааг гашуудлын өдрүүдэд 45 хэмээр бөхийлгөх буюу ишний нь гуравны хоёрт хүртэл буулган эмгэнэл илэрхийлнэ.
10.5. Төрийн өндөр албан тушаалтан таалал төгсөхөд
10.5.1. Эмгэнэлийн бичигт төр, засгийн удирдагчид болон УИХ, Засгийн газрын холбогдох гишүүд гарын үсэг зурж хэвлэлд нийтлүүлнэ.
10.5.2. Салах ёс гүйцэтгэх, оршуулахдаа энэхүү журмын 10.2.4-10.2.7 болон 10.3.1-10.3.5-д заасныг жишиг болгоно. Гэхдээ орон даяар гашуудал зарлахгүй, төрийн далбааг бөхийлгөх буюу буулгахгүй, шарил байрлуулсан байрны гадна талд талийгаачийн хөрөг зургийг байрлуулахгүй, оршуулгын газар төрийн дуулал эгшиглүүлэх боловч ёслолын буудлага хийхгүй.
10.6.1. Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, төрийн шагналтан, ардын цолтны эмгэнэлийн бичигт төр, засгийн удирдагчид болон УИХ, Засгийн газрын холбогдох гишүүд гарын үсэг зурж хэвлэлд нийтэлнэ.
10.6.2. Гавъяат цолтны эмгэнэлийн бичигт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ, Засгийн газрын холбогдох гишүүд гарын үсэг зурж хэвлэлд нийтэлнэ.
10.6.3. ТӨ-I, ТӨ-П-т хамаарах албан тушаал хашиж явсан төрийн зүтгэлтэн таалал төгсөхөд энэхүү журмын 10.5.2-т заасныг мөрдөнө.
10.6.4. Төрийн ёслолын алба төр, засгийн удирдагчид гарын үсэг зурах эмгэнэлийн бичгийг нийтлэх, мэдээлэх зөвшөөрлийг олгоно.
II ХЭСЭГ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДИПЛОМАТ ЁСЛОЛ
11. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд баримталдаг ёс горим, зан заншил, тогтсон хэм хэмжээг бүхэлд нь төрийн дипломат ёслол гэнэ.
Монгол Улсын төрийн дипломат ёслол нь үндэснийхээ онцлог, зан заншлыг илэрхийлэхийн хамт олон улсын хэмжээнд тогтсон уламжлал, заншил, нийтлэг зарчим, хэм хэмжээнд нийцэж байвал зохино. Тухайлбал Дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвенцийн заалтуудад тулгуурлана.
12. Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх
12.1. Монгол Улс гадаад улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөө албан ёсоор мэдэгдэнэ.
13. Дипломат харилцаа тогтоох
13.1. Монгол Улсаас бусад улстай дипломат харилцаа тогтоох тухай баримт бичгийг олон улсын харилцаа, эрх зүйн практикт нийцүүлэн харилцан тохиролцсон хэлбэрээр гүйцэтгэнэ.
14. Элчин сайд томилох, хавсруулан томилох,
эгүүлэн татах
14.1. Элчин сайдыг тохоон томилохын өмнө ГХЯ хүлээн авагч улсын Засгийн газраас тухайн хүнд агреманыг (зөвшөөрөл) дипломат шугамаар хүсч авна. Агреманыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу элчин сайдыг тохоон томилж, эгүүлэн татна.
14.2. Монгол Улс элчин сайдыг нэг буюу хэд хэдэн улсад хавсруулан томилж болно. Элчин сайдыг хавсруулан томилохдоо суугаа болон хавсран суух гэж байгаа орны Засгийн газрын байр суурийг урьдчилан мэдэж харгалзан үзнэ.
14.3. Шинээр томилогдсон элчин сайд суурин сууж ажиллах улсад явахын өмнө Монгол улсын Ерөнхийлөгчид бараалхаж итгэмжлэх жуух бичгээ гардан хүлээн авна. Ерөнхийлөгч Элчин сайдад захиа даалгавар өгнө.
15. Байнгын төлөөлөгч,Ерөнхий консулыг томилох,
эгүүлэн татах
15.1. Олон улсын байгууллагын дэргэд суух Монгол Улсын Байнгын төлөөлөгч, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий консулыг Монгол Улсын Ерөнхий сайд томилж, эгүүлэн татна.
16. Дипломат төлөөлөгчийн газар
16.1. Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий Консулын газар, Консулын газар болон Консулын төлөөлөгчийн газар тус тус хамаарна.
16.2. Дипломат төлөөлөгчийн газрыг холбогдох хууль тогтоомжийн дугуу томилогдсон тэргүүн удирдана.
16.3. ДТГ-ын тэргүүн суугаа улс, олон улсын байгууллагадаа түр хугацаагаар эзгүй байх тохиолдолд түүний дараахь ахлах зиндааны дипломат ажилтныг хэргийг түр хамаарагчаар үлдээж, энэ тухай суугаа улс, олон улсын байгууллагад болон дипломат корпуст албан ёсоор мэдэгдэнэ.
16.4. ДТГ дипломат ёслолын үйл ажиллагаандаа энэхүү журмыг удирдлага болгон суугаа улс, олон улсын байгууллагын ёслолын журам, олон улсын практик, хэм хэмжээг баримтална.
17. ДТГ-ыг нээх, шинэ байранд шилжин орох
17.1. ДТГ-ыг нээх, шинэ байранд шилжин ороход суугаа улсын Гадаад хэргийн яам, ажил хэргийн холбоотой бусад яам, байгууллага, олон улсын холбогдох байгууллагын удирдлага, дипломат корпус, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг урьж , ДТГ-ын байрны хаягийг нээж төрийн далбаа мандуулан, төрийн дуулал эгшиглүүлэн ёслож болно.
18. Итгэмжлэх болон эгүүлэн дуудах
жуух бичиг үйлдэх
18.1. Шинээр томилогдсон элчин сайдад Итгэмжлэх жуух бичиг, өмнөх элчин сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай эгүүлэн дуудах жуух бичиг шийтгэн олгоно.
18.2. Жуух бичгийг 33 х 22 см хэмжээний хамар буюу нугалбар цагаан цаасан дээр үйлдэнэ. Нүүрэн талд нь төрийн сүлдийг товойлгосон байх бөгөөд түүний доод хэсэгт голлуулан крилл үсгээр "Монгол Улсын Ерөнхийлөгч…" гэж овог, нэрийг хэвлэсэн байна. Жуух бичгийн орчуулгыг англи хэлээр үйлдэж хавсаргана.
18.3. Жуух бичгийн эх хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурна. Гадаад харилцааны сайд үүнийг баталгаажуулан гарын үсэг зурна.
18.4. Жуух бичиг дугтуйтай байна. Дугтуйн гадна талд "…Улсын Ерөнхийлөгч (Эзэн хаан/ Хатан хаан) Эрхэмсэг ноён /хатагтай/… Танаа" гэж овог, нэрийг крилл үсгээр бичнэ. Дугтуйг битүүмжлэхгүй. Харин дугтуйн амсрын гурвалжин дээр Монгол улсын сүлдийг товойлгож хэвлэсэн тусгай даруулга наасан байна.
19. Итгэмжлэх болон эгүүлэн дуудах
захидал үйлдэх
19.1. Шинээр томилогдсон Байнгын төлөөлөгчид итгэмжлэх захидал, өмнөх Байнгын төлөөлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай эгүүлэн дуудах захидал шийтгэн олгоно.
19.2. Итгэмжлэх захидлыг 33 х 22 см хэмжээний хамар буюу нугалбар цагаан цаасан дээр үйлдэнэ. Нүүрэн талд нь төрийн сүлдийг товойлгосон байх бөгөөд түүний доод хэсэгт голлуулан крилл үсгээр "Монгол Улсын Ерөнхий сайд…" гэж овог, нэрийг хэвлэсэн байна. Итгэмжлэх захидлын орчуулгыг англи хэлээр үйлдэж хавсаргана.
Итгэмжлэх захидлын эх хувьд Монгол Улсын Ерөнхий сайд гарын үсэг зурна. Гадаад харилцааны сайд үүнийг баталгаажуулан гарын үсэг зурна.
Итгэмжлэх захидал дугтуйтай байна. Дугтуйн гадна талд тухайн олон улсын байгууллагын тэргүүний овог, нэрийг крилл үсгээр бичнэ. Дугтуйг битүүмжлэхгүй. Харин дугтуйн амсрын гурвалжин дээр Монгол улсын сүлдийг товойлгож хэвлэсэн тусгай даруулга наасан байна.
20. Итгэмжлэх жуух бичиг, итгэмжлэх захидал гардуулах
20.1. ДТГ-ын тэргүүн энэ журмын 18, 19-д заасан Итгэмжлэх жуух бичиг, Итгэмжлэх захидлыг тухайн улс, олон улсын байгууллагад дагаж мөрддөг ёслолын журам, олон улсын практик, хэм хэмжээг баримтлан гардуулна.
21. Дипломат харилцаа цуцлах, ДТГ-ыг хаах
21.1. Монгол Улс гадаад улстай тогтоосон дипломат харилцааг цуцлавал албан ёсны шийдвэрээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэнэ.
21.2. Монгол Улс ДТГ-аа хаахдаа учир шалтгааныг тайлбарлан хэргийг хаанаас хавсруулан хамааруулахаа нөгөө талд ноотоор мэдэгдэнэ.
22. Гадаадын ДТГ-ын тэргүүнийг хүлээн авах
22.1. Гадаадын ДТГ-ын шинээр томилогдсон тэргүүн анх удаа хүрэлцэн ирэхэд нисэх онгоц буюу галт тэрэгний буудалд Ёслолын хэлтсийн дарга (түүний эзгүйд түүнийг орлох ажилтан энэ үүргийг гүйцэтгэх бөгөөд цаашид "Ёслолын хэлтсийн дарга" гэнэ) угтана.
22.2. ДТГ-ын тэргүүнийг үүрэгт ажилдаа эхлэн орох гэж байгаатай нь холбогдуулан Ёслолын хэлтсийн дарга, Гадаад харилцааны сайд (сайдын эзгүйд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга энэ үүргийг гүйцэтгэх бөгөөд цаашид "Гадаад харилцааны сайд" гэнэ) тус тус хүлээн авч уулзана. Ёслолын хэлтсийн дарга ДТГ-ын тэргүүнийг хүлээн авахдаа Итгэмжлэх жуух бичиг буюу Итгэмжлэх захидал гардуулах ёслолын журмыг тайлбарлаж өгнө. Гадаад харилцааны сайд элчин сайдтай уулзахдаа түүний Итгэмжлэх жуух бичиг болон өмнөх элчин сайдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай эгүүлэн дуудах жуух бичгийн хувийг хүлээн авна.
22.3. ГХЯ элчин сайдын товч намтар, хоёр улсын харилцааны болон тухайн улсын талаархи лавлахуудыг бэлтгэж Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслол болохоос өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна.
22.4. Ёслолын хэлтэс ДТГ-ын тэргүүний Итгэмжлэх жуух бичгийг тэргүүний ирснээс хойш 14 хоногт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчид бариулна.
22.5. Ёслолын хэлтэс элчин сайдын Итгэмжлэх жуух бичиг гардуулах өдөр, цагийг Ерөнхийлөгчийн Тамгын газартай урьдчилан тохирч Ёслолын хэлтсийн дарга товыг хувийн ноотоор элчин сайдад мэдэгдэнэ.
23. Итгэмжлэх жуух бичиг гардуулах
23.1. Итгэмжлэх жуух бичгийг Төрийн ордны "Соёмбо" танхим буюу Төрийн хүндэтгэлийн өргөөнд хүлээн авна. Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын үед төрийн ордны гол хаалганы баруун талын багананд тухайн улсын, зүүн талын багананд Монгол улсын төрийн далбаа мандуулах бөгөөд далбааны хэмжээ 3 х 1,5 м байна.
Төрийн ордны өмнөх талбайд Д.Сүхбаатар, Х.Чойбалсангийн бунхны баруун жигүүрт төрийн ёслолын хүндэт харуул зүүн тийш харж жагсана. Хүндэт харуулын туг жагсаалын эхэнд байрлана. Бунхны ард Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим Төрийн ордон руу харж жагсана.
23.2. Ёслолын хэлтсийн дарга элчин сайдыг Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслол эхлэх цагаас 5 минутын өмнө тусгай зориулалтын машинаар Төрийн ордонд авчирна. Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолд элчин сайдын гэргий, дипломатууд дагалдан оролцвол өөрсдийн автомашинаар тусгай зориулалтын машиныг дагалдан Төрийн ордонд ирнэ.
23.3. Тусгай зориулалтын машин Төрийн ордны зүүн талын нуман хаалгаар орж ирэхэд үлээвэр хөгжимд угтах марш эгшиглүүлэх бөгөөд төрийн ордны өмнөх талбайд ирж зогсоход хамгаалалтын офицер машины хаалгыг онгойлгож элчин сайдыг хүндэтгэн ёсолно. Энэ үед бусад машин элчин сайдын машины ард нэгэн эгнээнд цуван зогсоно.
23.4. Ёслолын хэлтсийн дарга элчин сайдыг баруун гар талдаа дагуулан хүндэт харуулын зүг алхаж тусгайлан дэвссэн хивсэн дээр очиж зогсоно. Энэ үед элчин сайдын гэргий, дагалдах дипломатууд элчин сайдын машины өмнүүр нэг эгнээгээр баруун гар талаас ёслолын ахлалыг баримтлан зогсоно. Хүндэт харуулын захирал цэргүүддээ "Номхон" команд өгөөд элчин сайдыг угтан ирж 5 метр орчим зайд түүний өөдөөс эгцлэн харж зогсоод "….улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён (хатагтай) ….. Таныг хүндэтгэн төрийн хүндэт харуул жагссан. Хүндэт харуулын захирал" гээд цэргийн цол, нэрээ хэлж айлтгал өргөнө. Айлтгал өргөсний дараа хүндэт харуулын захирал баруун гар тийш эргэн элчин сайд өөд хараа шилжүүлэн зогсоход үлээвэр хөгжим хоёр улсын төрийн дуулал эгшиглүүлнэ.Үүний дараа Ёслолын хэлтсийн дарга элчин сайдын хамт үлээвэр хөгжмийн өмнүүр алхан өнгөрч хүндэт харуулын тугийн өмнө очоод толгой мэхийн ёсолно. Эндээс Ёслолын хэлтсийн дарга элчин сайдыг зүүн гар талдаа авч харуулын жагсаалын урдуур явж дунд хэрд нь хүрээд зогсоход элчин сайд "Цэргүүд сайн байна уу?" гэж мэндэлнэ. Хүндэт харуул "Амрыг эрье" хэмээн хариу мэндэлнэ.
Ёслолын хэлтсийн дарга элчин сайдын хамт хүндэт харуулын жагсаалын төгсгөлд хүрч элчин сайдыг баруун гар талдаа авч Төрийн ордны гол хаалга руу явна. Элчин сайдыг дагалдан яваа түүний гэргий, дипломатууд гол хаалганд тосон ирж элчин сайд, Ёслолын хэлтсийн даргын араас цувран Төрийн ордонд орно. Энэ үед хамгаалалтын хоёр офицер ордны гол хаалганы гадна ёсолж хүндэтгэн өнгөрүүлнэ.
23.5. Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах ёслолыг одоо мөрдөж байгаа журмын дагуу зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичгийг хүлээн аваад элчин сайдтай уулзаж ярилцана. Энэ уулзалт 20-25 минут болно. Гадаад харилцааны сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга орно. Албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
23.6. Итгэмжлэх жуух бичиг гардуулсан элчин сайдад албан үүргээ гүйцэтгэж эхэлсэнтэй нь холбогдуулж Гадаад харилцааны сайд зоог барьж болно. Чингэхдээ хоёр орны харилцааны түвшин, харилцан адил байх зарчмыг харгалзаж байвал зохино.
24. Хэргийг хамаарагч, суурин төлөөлөгчийг угтах
24.1. Монгол Улсад суух гадаад улсын хэргийг хамаарагч, олон улсын байгууллагын суурин төлөөлөгч анх удаа хүрэлцэн ирэхэд Ёслолын хэлтсийн дарга нисэх онгоц / галт тэрэг /-ны буудалд угтана.
25. Итгэмжлэх захидал гардуулах
25.1. Хэргийг хамаарагч, суурин төлөөлөгчийн Итгэмжлэх захидлыг түүний ирснээс хойш 14 хоногт багтаан Гадаад харилцааны сайдад /түүний эзгүй байх тохиолдолд ГХЯ-ны ТНБД-д/ бариулна. Ёслолын хэлтсийн дарга хэргийг хамаарагч, суурин төлөөлөгчид Итгэмжлэх захидал гардуулах өдөр, цагийг хувийн ноотоор мэдэгдэнэ.
25.2. Хэргийг хамаарагч, суурин төлөөлөгч Итгэмжлэх захидал гардуулах үеэр ГХЯ-ны гол хаалганы баруун талд тухайн улсын буюу олон улсын байгууллагын далбааг, зүүн талд Монгол Улсын төрийн далбааг тус тус мандуулна.
26. ДТГ-ын тэргүүнтэй уулзах
26.1. ДТГ-ын тэргүүн Итгэмжлэх жуух бичиг буюу Итгэмжлэх захидал гардуулж үүрэгт ажилдаа орсон, албан томилолтоо дуусгаж эх орондоо бүрмөсөн буцах болсон хийгээд ажил хэргийн бусад асуудлаар өөрийн хүсэлтээр төр, засгийн удирдагчид, тэдний орлогчтой танилцах, салах ёс гүйцэтгэх болон ажлын уулзалт хийж болно. ДТГ-ын тэргүүн ийм хүсэлтээ Ёслолын хэлтэст урьдчилан мэдэгдэнэ. Ёслолын хэлтэс уулзалтыг хоёр орны харилцааны түвшин, харилцан адил байх зарчмыг харгалзан зохицуулна.
26.2. Монгол улсад суурин суугаа ДТГ-ын тэргүүн эх орондоо бүрмөсөн буцахад Гадаад харилцааны сайд үдэлтийн зоог барьж дурсгалын зүйл өгч болно.
Хоёр орны харилцааны түвшинг харгалзан ДТГ-ын тэргүүнийг онцгойлон үзэх тохиолдолд төр, засгийн удирдагчдын нэг нь түүнд хувийн зоог барьж болно.
26.3. Монгол улсад суугаа ДТГ-ын тэргүүн эх орондоо бүрмөсөн буцахад Ёслолын хэлтсийн дарга нисэх онгоц буюу галт тэрэгний буудлаас үдэж мордуулна.
27. Дипломат корпус
27.1. Гадаад улс, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагаас Монгол улсад суугаа элчин сайдын яамд болон суурин төлөөлөгчийн газрууд, тэдгээрт ажиллагсдыг "дипломат корпус" гэдэг ойлголтод хамааруулна. Уг ойлголтод тэдгээр ажиллагсдын гэр бүлийн гишүүд (нөхөр буюу гэргий, гэрлээгүй охид, насанд хүрээгүй хүүхэд) мөн хамаарна.
27.2. Дипломат корпус нь ахлагч (дуайен)-тай байна. ДТГ-ын тэргүүн нараас Итгэмжлэх жуух бичиг гардуулсан он, цагийн дарааллаар хамгийн ахмад нь дуайен байна.
27.3. Дипломат корпусыг оролцуулах ёслолын аливаа арга хэмжээнд ДТГ-ын тэргүүн нарын ёслолын ахлалыг ямагт баримтална. Ёслолын ахлалыг тогтоохдоо Итгэмжлэх жуух бичиг болон захидал гардуулсан он, цагийн дарааллыг баримтална.
28. Дипломат корпустай харилцах
28.1. Дипломат корпусын зохиосон арга хэмжээнд оролцох. Үүнд:
а) Ёслолын хэлтэс гадаадын ДТГ-аас зохиох аливаа зоог, хүлээн авалт, дипломат ёслолын бусад арга хэмжээнд ямар түвшинд оролцохыг тухай бүр хоёр талын харилцааны түвшин, харилцан адил байх зарчмыг баримтлан жич шийдвэрлэнэ;
б) төр, засгийн удирдагчид ДТГ-ын арга хэмжээнд ёслолын албаар дамжилгүй шууд уригдах тохиолдолд уригдсан тухайгаа Ёслолын хэлтэст мэдэгдэж, түүнд оролцох шаардлагатай эсэхийг урьдчилан зөвшилцөж байна.
28.2. Монгол улсын Ерөнхийлөгч дипломат корпустай харилцах. Үүнд:
а) гадаад орноос тус улсад суухаар тохоон томилогдсон элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг энэхүү журмын 23-т заасны дагуу хүлээн авна;
б) ДТГ-ын тэргүүнийг энэхүү журмын 26.1-д заасан асуудлаар болон өөрийн санаачилгаар хүлээн авч уулзаж болно. Уулзалтыг Ёслолын хэлтэс ярьж зохицуулна;
в) Наадмаар хийх төрийн дайллагад ДТГ-ын тэргүүн нарыг урина;
г) ДТГ-ын тэргүүн нарт зориулан жилд нэг удаа дипломат ёслолын арга хэмжээ зохионо. Уг арга хэмжээний хэлбэр, хугацааг Ёслолын хэлтэс Ерөнхийлөгчтэй зөвшилцөн зохион байгуулна;
д) Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд ДТГ-ын тэргүүн нарыг урина.
28.3. УИХ дипломат корпустай харилцах. Үүнд:
а) УИХ-ын дарга, дэд дарга, гишүүд ДТГ-ын тэргүүн нарыг энэхүү журмын 26.1-д заасан асуудлаар болон өөрийн санаачилгаар хүлээн авч уулзаж болно. Уулзалтыг Ёслолын хэлтэс ярьж зохицуулна;
б) УИХ-ын ээлжит сонгуулийн анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд ДТГ-ын тэргүүн нарыг урина.
28.4. Засгийн газар дипкорпустай харилцах. Үүнд:
а) Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ДТГ-ын тэргүүн нарыг энэхүү журмын 26.1-д заасан асуудлаар болон өөрийн санаачилгаар хүлээн авч уулзаж болно. Уулзалтыг Ёслолын хэлтэс ярьж зохицуулна.
28.5. Баяр хүргэх.Үүнд:
а) төр, засгийн удирдагчид шинээр сонгогдох болон томилогдоход ДТГ-ын тэргүүн нар Төрийн ордонд ирж баяр хүргэж болно;
б) төр, засгийн удирдагчдын 50, 60, 70 гэх мэт насны тэгш ойг тохиолдуулан дуайен ДТГ-ын тэргүүн нарыг төлөөлөн баяр хүргэж болно;
в) төр, засгийн удирдагчид, Засгийн газрын гишүүд аргын тооллын шинэ жилийг тохиолдуулан гадаад улсын холбогдох албан тушаалтанд мэндчилгээний хуудас илгээж баяр хүргэнэ.
28.6. Эмгэнэл илэрхийлэх. Үүнд:
а) төр, засгийн удирдагч нас нөгчвөл эмгэнэл илэрхийлж салах ёс гүйцэтгэх ажиллагаанд тус улсад суугаа ДТГ-ын тэргүүн нарыг оролцуулна. ГХЯ-ны Ёслолын хэлтэс товыг дипломат корпуст урьдчилан мэдэгдэж эмгэнэл илэрхийлэх ажлыг Төрийн ёслолын албатай хамтран зохион байгуулна;
б) гадаад улсын төр, засгийн газрын дээд болон өндөр албан тушаалтан, Олон улсын байгууллагын тэргүүн нас нөгчвөл монголын талаас түүнтэй адил буюу жишиж болох албан тушаалтан тэргүүлэн тухайн ДТГ-т очиж эмгэнэл илэрхийлж болно;
в) гадаад улсын төр, засгийн газрын удирдлагад ажиллаж байсан хүн нас нөгчвөл монголын талаас эмгэнэл илэрхийлэх хэлбэр, түвшинг ГХЯ зохицуулна.
28.7. Уулзалт зохиох. Үүнд:
а) ДТГ-ын тэргүүн, төр, засгийн удирдагчид болон УИХ-ын дэд даргатай энэхүү журмын 23, 26.1-д дурдсан болон бусад асуудлаар уулзах хүсэлтээ Ёслолын хэлтсээр дамжуулан тавина;
б) төр, засгийн удирдагчид болон УИХ-ын дэд дарга ДТГ-ын тэргүүн, гадаад улсын төр, олон нийтийн зүтгэлтэн, хэвлэл мэдээлэл, ажил хэргийн хүмүүс, өргөмжит консулыг хүлээн авч уулзахад ГХЯ-ны холбогдох газар, хэлтсээс хүн байлцана. Орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
28.8. Гадаад харилцааны сайд дипкорпустай харилцах. Үүнд:
а) тус улсад суух ДТГ-ын тэргүүнийг энэхүү журмын 23, 26.1-д заасан асуудлаар болон өөрийн санаачилгаар хүлээн авч уулзана;
б) аргын тооллын шинэ жилээр ДТГ-ын тэргүүн нарт бэлэг илгээж мэндчилгээний хуудсаар баяр хүргэнэ.
29. Гадаадын ДТГ-ын гишүүдийг бүртгэх,
үнэмлэх олгох
29.1. ДТГ-ын тэргүүн, гишүүд, тэдгээрийн гэр бүлийг Ёслолын хэлтэс бүртгэж, паспортад нь бичигдсэн албан тушаал, ДТГ-ын албан ёсны бичиг баримтыг үндэслэн дараахь төрлийн хувийн үнэмлэх олгоно. Үүнд:
а) дипломат үнэмлэх-Д;
б) ажилтны үнэмлэх-А;
в) олон улсын байгууллагад ажиллагсдын үнэмлэх-ОУ;
г) олон улсын байгууллагын шугамаар яам, бусад албан байгууллагад ажиллагсдын үнэмлэх-ОУТ.
Үнэмлэх дээр Ёслолын хэлтсийн дарга гарын үсэг зурж тамга дарна.
Шаардлагатай гэж үзвэл дээр дурдсан ДТГ-ын тэргүүн буюу гишүүний хүүхдийн паспорт дээр Ёслолын хэлтсийн тамга дарж, эцэг буюу эхийн хувийн үнэмлэхийн төрөл, дугаар, олгосон он, сар, өдрийг тэмдэглэж болно.
29.2. ДТГ-ын тэргүүн болон аль нэг гишүүн албан томилолтынхоо хугацааг дуусган эх орондоо буцахдаа Ёслолын хэлтэст албан ёсоор мэдэгдэж, хувийн үнэмлэхээ эгүүлэн хураалгаж, бүртгэлээс хасуулна.
30. Гадаадын ДТГ-ыг нээх, шинэ
байранд шилжин орох
30.1. Гадаад улс, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага Монгол улсад ДТГ нээх, шинэ байранд шилжин оруулах хүсэлтээ хоёр талын тохиролцоог үндэслэн Ёслолын хэлтэст дипломат шугамаар тавина.
31. Гадаадын ДТГ-ыг хаах
31.1. Гадаад улс, олон улсын байгууллага ДТГ-аа хаах асуудлаар тухайн ДТГ-ын тэргүүн Ёслолын хэлтэст албан ёсоор мэдэгдэж ноот өгнө.
32. Дипломат ёслолын баримт бичиг
32.1. Төр, засгийн удирдагчид болон Гадаад харилцааны сайдаас гадаад улсын төр, засгийн удирдагчид, олон улсын байгууллагын болон ДТГ-ын тэргүүн нарт илгээх (хүлээн авах) баримт бичгийг дээд болон өндөр хэмжээнд солилцох дипломат ёслолын баримт бичиг гэнэ. Дээд болон өндөр хэмжээнд солилцох дипломат ёслолын баримт бичигт цахилгаан утас, илгээлт, итгэмжлэх жуух бичиг болон итгэмжлэх захидал, ноот, урилга, санамж бичгийг хамааруулна.
Дээд болон өндөр хэмжээнд солилцох дипломат ёслолын баримт бичиг нь төлөөлсөн болон биечилсэн хэлбэртэй, төр, засгийн удирдагчид болон дээд, өндөр албан тушаалтны албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр хийгдэнэ. Дээд болон өндөр хэмжээнд солилцох дипломат ёслолын баримт бичгийн хэлбэр, бичвэрийг ГХЯ холбогдох албан тушаалтантай зөвшилцсөний үндсэн дээр эцэслэн боловсруулж илгээнэ.
32.2. Гадаадад албан ёсны болон ажлын айлчлал хийж буй төр, засгийн удирдагчид бусад улсын нутгаар дамжин өнгөрөхдөө тухайн улсын төр, засгийн адилтгах албан тушаалтанд мэндчилгээ дэвшүүлж нисэх онгоц буюу галт тэрэгнээс цахилгаан утас илгээж болно.
32.3. Гадаадад албан ёсны болон ажлын айлчлал хийсэн төр, засгийн удирдагч тухайн улсын төр, засгийн адилтгах албан тушаалтанд захидал илгээж талархал илэрхийлж болно.
32.4. Дипломат харилцаатай улсын үндэсний баяраар Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайд тухайн улсын холбогдох хүмүүст баяр хүргэж цахилгаан утас илгээнэ.
32.5. Гадаад орны төр, засгийн удирдагчид, Гадаад хэргийн сайд шинэ албан тушаалд ороход болон тэдний насны тэгш ой, бусад томоохон үйл явдал, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын тэгш ойг тохиолдуулан Монгол улсын холбогдох албан тушаалтан, байгууллага цахилгаан утас илгээнэ. Чингэхдээ харилцааны түвшин, харилцан адил байх зарчим, тухайн үеийн онцлогийг тусгасан бэлэг, дурсгалын зүйлийг дагалдуулж болно.
33. Төр, засгийн удирдагчдын айлчлал
33.1. Төр, засгийн удирдагчдын гадаадад хийх айлчлалыг төрийн, албан ёсны, ажлын, хувийн гэж ангилна. Айлчлалын албан ёсны нэр, хөтөлбөрийг ГХЯ нөгөө талтай урьдчилан тохиролцоно. Төрийн айлчлалыг зөвхөн Ерөнхийлөгч хийнэ.
Төр, засгийн удирдагч тухайн улсад анх удаа айлчлах, харилцаа, хамтын ажиллагааны онцгой чухал асуудал хэлэлцэх, баримт бичигт гарын үсэг зурах зэрэг зорилгоор айлчилбал төрийн буюу албан ёсны айлчлалд хамруулна.
Хоёр талын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ явуулах, зөвлөлдөх, олон улсын хурал, чуулган, спортын баяр, бусад арга хэмжээнд оролцох зорилгоор явж буй бол ажлын айлчлалд хамруулна.
33.2. Төр, засгийн удирдагчид гадаадад айлчлахдаа "МИАТ" компанийн тусгай онгоц хөлөглөж болно.
33.3. Төр, засгийн удирдагчид албан ёсны айлчлалаар гадаадад явахад нисэх онгоц буюу галт тэрэгний буудалд төрийн далбаа мандуулж, нисэх онгоц буюу галт тэрэгний шатанд гудаслаг улаан хивс дэвсэнэ.
33.4. Төр, засгийн удирдагчдын хөлөглөх нисэх онгоц буюу галт тэрэгний дарга түүнд нисэх онгоц буюу галт тэрэг бэлэн болсныг илтгэж айлтгал өргөнө.
34. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал
34.1. Ерөнхийлөгч гадаадад төрийн буюу албан ёсны айлчлалаар явахад түүний гэргий, албан ёсны болон ажлын хэсэг, хамгаалалт-үйлчилгээний 21 хүртэл хүн дагалдаж явж болно. Үүнд:
а) Гадаад харилцааны сайдыг оролцуулан УИХ, Засгийн газрын холбогдох гишүүн 3 хүртэл хүн;
б) тухайн оронд суугаа элчин сайд гэргийн хамт;
в) Ерөнхийлөгчийн Тамгын газраас 3 хүртэл хүн;
г) ГХЯ-наас 3 хүртэл хүн;
д) холбогдох яам,тусгай газрын зөвлөх мэргэжилтэн 2 хүртэл хүн;
е) эмч,үйлчилгээний хэсэг 2 хүртэл хүн;
ж) хамгаалалтын хэсэг 3 хүртэл хүн;
з) баримтат кино, гэрэл зурагчин 2 хүртэл хүн;
и) хэлмэрч 1 хүн.
Айлчлах улсын тоо, тухайн цаг үеийн нөхцөл зэргээс хамаарч дагалдах бүрэлдэхүүний тоо дээр дурдсанаас өөр байж болно.
34.2. Ерөнхийлөгч гадаадад ажлын айлчлалаар явахад гэргий дагалдахгүй, харин албан ёсны болон ажлын, хамгаалалт-үйлчилгээний хэсэг бүгд 18 хүртэл хүн дагалдан явж болно.
34.3. Ерөнхийлөгч төрийн, албан ёсны болон ажлын айлчлалаар гадаадад явах, гадаадаас ирэхэд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /дарга дагалдах тохиолдолд орлогч нь/, Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд үдэж, угтана. Холбогдох улс, олон улсын байгууллагаас тус улсад суугаа ДТГ-ын тэргүүнийг үдэх, угтах арга хэмжээнд урина.
35. УИХ-ын даргын айлчлал
35.1. УИХ-ын дарга гадаадад албан ёсны айлчлалаар явахад гэргий, албан ёсны болон ажлын хэсэг, хамгаалалт-үйлчилгээний бүгд 12 хүртэл хүн дагалдан явж болно. Үүнд:
а) УИХ-ын гишүүн 3 хүртэл хүн;
б) УИХ-ын Тамгын газраас 2 хүртэл хүн;
в) эмч, үйлчилгээний хэсэг 2 хүртэл хүн;
г) хамгаалалтын хэсэг 3 хүртэл хүн;
д) хэлмэрч 1 хүн.
Айлчлах улсын тоо, тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч бүрэлдэхүүний тоо дээр дурдсанаас өөр байж болно.
35.2. УИХ-ын дарга гадаадад ажлын айлчлалаар явахад гэргий дагалдахгүй, харин албан ёсны болон ажлын, хамгаалалт-үйлчилгээний хэсэг бүгд 6 хүртэл хүн дагалдаж болно.
35.3. УИХ-ын даргыг албан ёсны болон ажлын айлчлалаар явахад УИХ-ын дэд дарга, Гадаад харилцааны сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайд, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга үдэж, угтана. Холбогдох улс, олон улсын байгууллагаас тус улсад суугаа ДТГ-ын тэргүүнийг үдэж, угтах арга хэмжээнд урина.
36. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал
36.1. Ерөнхий сайд гадаадад албан ёсны айлчлалаар явахад гэргий, албан ёсны болон ажлын хэсэг, хамгаалалт-үйлчилгээний албаны бүгд 16 хүртэл хүн дагалдан явж болно. Үүнд:
а) Засгийн газрын гишүүн 2 хүртэл хүн;
б) тухайн улсад суугаа элчин сайд;
в) Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2 хүртэл хүн;
г) ГХЯ-наас 2 хүртэл хүн;
д) бусад яам, газрын зөвлөх мэргэжилтэн 2 хүртэл хүн;
е) эмч,үйлчлэгч 2 хүртэл хүн;
ж) хамгаалалтын хэсэг 3 хүртэл хүн;
з) хэлмэрч 1 хүн.
Айлчлах улсын тоо, тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч дагалдах бүрэлдэхүүний тоо дээр дурдсанаас өөр байж болно.
36.2. Ерөнхий сайд гадаадад ажлын айлчлалаар явахад гэргий дагалдахгүй, харин албан ёсны болон ажлын хэсэг, хамгаалалт-үйлчилгээний албаны бүгд 11 хүртэл хүн дагалдаж болно.
36.3. Ерөнхий сайд гадаадад албан ёсны болон ажлын айлчлалаар явахад Засгийн газрын холбогдох гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга үдэж, угтана. Холбогдох улс, олон улсын байгууллагаас тус улсад суугаа ДТГ-ын тэргүүнийг үдэх, угтах арга хэмжээнд урина.
37. Төр, засгийн удирдагчдын хувийн айлчлал
37.1. Төр, засгийн удирдагчид ганцаар болон гэргийн хамт эмчлүүлэх, рашаан сувилалд явах, спорт, урлагийн уралдаан, тэмцээн сонирхох, жуулчлах, ан ав хийх зэрэг ажил төрлийн бус зорилгоор гадаадад зорчихыг хувийн айлчлал гэнэ.
37.2. Төр, засгийн удирдагчид гадаадад хувийн айлчлалаар явахад албан ёсны төлөөлөгчид дагалдан явахгүй. Харин хамгаалалт-үйлчилгээний 5 хүртэл хүн дагалдаж болно.
37.3. Төр, засгийн удирдагчдыг холбогдох Тамгын газар, Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн ёслолын албаны болон Ёслолын хэлтсийн дарга үдэж, угтана.
37.4 Төр, засгийн удирдагчдын эхнэр /нөхөр/ гадаадад бие дааж айлчлал хийхгүй. Гадаад улс, олон улсын байгууллагын урилгаар хурал, үзэсгэлэн, урлаг соёлын арга хэмжээнд улс, олон нийтийн аль нэгэн байгууллагыг төлөөлөн оролцож болно.
37.5. Төр, засгийн удирдагчдын эхнэр буюу нөхөр гадаадад хувийн журмаар буюу пүүс, сан зэрэг байгууллагын шугамаар явж болно. Ийм тохиолдолд тэдний ёслол, хамгаалалт-үйлчилгээний асуудлыг холбогдох байгууллагууд жич ярьж зохицуулна.
38. Гадаад харилцааны сайдын айлчлал
38.1. Гадаад харилцааны сайдыг гадаадад албан ёсны болон ажлын айлчлалаар явахад 4 хүртэл хүн дагалдаж болно.
39. Төр, засгийн бусад албан тушаалтны айлчлал
39.1. УИХ-ын дэд дарга, УИХ-ын Байнгын хорооны дарга, УИХ, Засгийн газрын гишүүн гадаадад айлчлахад угтах, үдэх ёслолын ажиллагаа тусгайлан үйлдэхгүй.
39.2. УИХ-ын дэд дарга гадаадад айлчлахад УИХ-ын Байнгын хорооны дарга, Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн ёслолын албаны дарга үдэж, угтана.
39.3. УИХ-ын Байнгын хорооны даргыг гадаадад айлчлахад УИХ-ын гишүүн, Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн дарга, төрийн ёслолын албаны ажилтан үдэж, угтана.
39.4. УИХ-ын гишүүнийг гадаадад айлчлахад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, гадаад харилцааны хэлтсийн ажилтан, төрийн ёслолын албаны ажилтан үдэж, угтана.
39.5. Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, тусгай газрын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөхүүд гадаадад айлчлахад тэдний дараахь албан тушаалтан, гадаад харилцаа эрхэлсэн нэгжийн дарга (ажилтан) үдэж, угтана.
40. Гадаадын төр, засгийн удирдагчдын айлчлал
40.1. Гадаад улсын төр, засгийн удирдагчдын Монгол улсад хийх айлчлалыг төрийн, албан ёсны, ажлын, хувийн гэж ангилна. Төрийн айлчлалыг зөвхөн гадаад улсын төрийн тэргүүн хийнэ.
Монгол улсын төр, засгийн урилгаар, хоёр талын харилцааны чухал асуудлаар яриа хэлэлцээ хийх, баримт бичигт гарын үсэг зурах зорилгоор гадаад улсын төр, засгийн удирдагчдын тус улсад анх удаа хийж буй айлчлалыг төрийн буюу албан ёсны айлчлалд хамруулна.
Гадаад улсын төр, засгийн удирдагчид хоёр орны харилцаа, бүс нутгийн хийгээд олон улсын байдлын асуудлаар зөвлөлдөх, санал солилцох, олон талын баримт бичигт гарын үсэг зурах, хурал зөвлөлгөөн, урлаг, соёл, спортын арга хэмжээ, түүхт ой, тэмдэглэлт үйл явдалд оролцох, эмгэнэл илэрхийлэх буюу дамжин өнгөрөх зорилгоор тус улсад хийж буй айлчлалыг ажлын айлчлал гэж үзнэ.
Гадаад улсын төр, засгийн удирдагчид эмчлүүлэх, сувилуулах, ан хийх, аялан жуулчлах зорилгоор тус улсад хийж буй айлчлалыг хувийн айлчлал гэж үзнэ.
40.2. Гадаад улсын төр, засгийн удирдагчдын Монголд хийх айлчлалын нэр, хөтөлбөрийг нөгөө талтай хэлэлцэж тохиролцоно.
41. Гадаадын төрийн тэргүүний төрийн
болон албан ёсны айлчлал
41.1. Нисэх онгоц буюу галт тэрэгний буудалд угтах. Үүнд:
а) угтах ёслолын ажиллагаа нисэх онгоц буюу галт тэрэгний буудлаас эхлэх бөгөөд буудалд байрлуулсан тугны ишний зүүн гар талынхад Монгол улсын, баруун гар талынхад тухайн улсын төрийн буюу тухайн төрийн тэргүүний далбааг мандуулж, нисэх онгоц буюу галт тэрэгний шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна. Төрийн тэргүүний зорчих замын хоёр хажуугийн шонд Чингисийн өргөн чөлөөнд Энх тайвны хаалганаас Төв шуудан хүртэл, Энх тайвны өргөн чөлөөнд УБИС-иас МЭТНБ-ын холбоог хүртэл, Олимпийн өргөн чөлөөнд ГХЯ-наас төмөр замын гарц хүртэл Монгол Улсын төрийн далбаа, тухайн улс эсвэл тухайн төрийн тэргүүний далбааг мандуулна;
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт "Монгол Улсад төрийн /албан ёсны/ айлчлал хийж байгаа … улсын…Эрхэмсэг ноён /хатагтай/…Танд чин сэтгэлийн баяр хүргэе" гэсэн ерөөл бүхий самбарыг монгол, тухайн улсын буюу тохиролцсон аль нэг хэлээр бичиж байрлуулна.
б) төрийн тэргүүнийг Монгол улсын Гадаад харилцааны сайд (гэргий/нөхөр) тухайн улсад суугаа Монгол улсын элчин сайд, Ёслолын хэлтсийн дарга угтана.
41.2. Сүхбаатарын талбайд угтах
41.2.1. Сүхбаатарын талбайн төв хэсэг дэх тугны ишний баруун талынхад тухайн улсын төрийн буюу төрийн тэргүүний, зүүн талынхад Монгол улсын төрийн далбаа, тэдгээрийн дунд Улаанбаатар хотын далбааг мандуулна. Төрийн далбаануудын баруун талд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим, төрийн ёслолын хүндэт харуул /72 цэрэг/ зүүн тийш харж жагсана. Хүндэт харуулын эхэнд хүндэт харуулын тугийг байрлуулна.
Гадаад улсын төрийн тэргүүнийг угтах Монголын талын албаны хүмүүс хүндэт харуулын зүүн гар талд урагш харан баруун гар талаас ёслолын ахлалын дарааллаар зогсоно.
Мандуулсан далбаануудын зүүн талд хоёр улсын төрийн тэргүүнд зориулж 3х2 м хэмжээтэй тавцан тусгайлан зассан байна. Уг тавцан зүүн, баруун талдаа нээлттэй байх бөгөөд бусад шонгуудыг хооронд нь улаан туузаар холбосон байна. Шонгууд өндөр нь 70 см байна.
Монгол улсын Ерөнхийлөгч гадаад улсын төрийн тэргүүнтэй анх уулзаж гар барих газар хивс дэвссэн байна. Тэр цэгээс эхлэн ёслол үйлдэх бүх замын дагуу улаан өнгөтэй гудаслаг хивс үргэлжлүүлэн дэвсэнэ.
Төрийн тэргүүний хөлөглөсөн машин Сүхбаатарын талбай руу гарч ирэхэд үлээвэр хөгжимд угтах марш эгшиглэнэ. Зочны машин заасан газарт ирж зогсоход төрийн ордны хамгаалалтын албаны хоёр офицер төрийн тэргүүн, түүний гэргий /нөхөр/-н талын хаалгыг нээн өгч ёсолно. Төрийн тэргүүн түүний гэргий /нөхөр/, Гадаад харилцааны сайдын хамт угтахаар ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүг явахад Монгол Улсын Ерөнхийлөгч /гэргийн хамт/ мөн тэдний зүг алхаж хивсний голд уулзан гар барьж мэндэлнэ. Энэ үед гадаад улсын төрийн тэргүүн, түүний гэргий /нөхөр/-д үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд амьд цэцгийн баглаа барина. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсын төрийн тэргүүнийг баруун гар талдаа авч, тусгайлан зассан тавцанд гарахад хүндэт харуулын захирал угтан ирж "Монгол Улсад төрийн /албан ёсны/ айлчлал хийж байгаа …улсын Ерөнхийлөгч (Эзэн хаан/Хатан хаан) Эрхэмсэг ноён /хатагтай/…. Таныг хүндэтгэн Монгол Улсын төрийн хүндэт харуул жагссан. Хүндэт харуулын захирал..." гэж цэргийн цол, овог, нэрээ хэлж айлтгал өргөнө. Хүндэт харуулын захирал байрандаа баруун гар тийш эргэж Монгол Улсын Ерөнхийлөгч болон гадаад улсын төрийн тэргүүн өөд хараа шилжүүлэн зогсоход хөгжим эхлээд тухайн улсын буюу төрийн тэргүүнд хамаарах дуулал, дараа нь Монгол Улсын төрийн дуулал тоглоно. Энэ үед Ерөнхийлөгчийн гэргий гадаад улсын төрийн тэргүүний гэргий /нөхөр/-г баруун гартаа авч, тавцангийн зүүн талд хоёр метр орчим зайд зогсоно. Гадаад харилцааны сайд хоёр төрийн тэргүүний гэргий нарын ард зогсоно.
Төрийн дуулал эгшиглэж дуусахад Монгол Улсын Ерөнхийлөгч, гадаад улсын төрийн тэргүүний хамт тавцангаас бууж хүндэт харуулын зүг явна. Хүндэт харуулын захирал гурван алхмын зайд дагалдан явна. Хоёр орны төрийн тэргүүн нар хүндэт харуулын жагсаалын эхэнд залсан хүндэт харуулын туганд толгой мэхийн хүндэтгэл илэрхийлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсын төрийн тэргүүнийг эндээс эхлэн зүүн гартаа авч, цааш явж жагсаалын дунд хэрд очоод цэргүүд рүү харж түр зогсоно. Гадаад улсын төрийн тэргүүн "сайн байцгаана уу" гэж мэндэлнэ. Хүндэт харуулын цэргүүд " амрыг эрье" гэж хариу мэндэлнэ.
Ерөнхийлөгч, гадаад улсын төрийн тэргүүн нар хүндэт харуулын өмнүүр явж өнгөрөөд монголын талын албаны хүмүүсийн зүг эргэн явна. Хүндэт харуулын захирал дороо эргэж хүндэт харуул тийш алхана. Энэ үед Ерөнхийлөгчийн гэргий, гадаад улсын төрийн тэргүүний гэргий /нөхөр/, төрийн тэргүүнийг угтсан Гадаад харилцааны сайд тэдний араас дагалдан явж, угтагсадтай мэндчилнэ. Ёслолын хэлтсийн дарга монголын талын албаны хүмүүсийг танилцуулна.
Монголын талын албаны хүмүүсийн дор гадаад улсын төрийн тэргүүнийг дагалдан яваа төлөөлөгчид баруун гар талаас ёслолын ахлалаар эгнэн зогсоно. Нөгөө талын ёслолын хэлтсийн дарга /ажилтан/ өөрийн талын төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.
Гадаад улсын төрийн тэргүүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн дор тухайн улсаас тус улсад суугаа ДТГ-ын гишүүд зогсоно. Тэднийг тухайн ДТГ-ын тэргүүн танилцуулна. Үүгээр угтах ёслол өндөрлөнө.
41.3. Төрийн тэргүүний байрлах байр
Монгол Улсад төрийн буюу албан ёсны, ажлын айлчлал хийх гадаад улсын төрийн тэргүүнийг хаана байрлуулахыг нөгөө талтай урьдчилан тохирно.
Гадаад улсын төрийн тэргүүний байрлах Харш буюу зочид буудлын өмнө талд тухайн улсын төрийн буюу төрийн тэргүүний далбааг мандуулна.
Гадаад улсын төрийн тэргүүнийг нисэх онгоц буюу галт тэрэгний буудалд угтсан албан тушаалтан /Гадаад харилцааны сайд/ Харш буюу зочид буудалд хүргэж ирнэ. Харш буюу зочид буудлын дарга хүндэт зочныг анх очиход угтаж, явахад нь үдэж явуулна.
41.4. Төрийн тэргүүний хөлөглөх машин
Монгол Улсад төрийн буюу албан ёсны, ажлын айлчлал хийх гадаад улсын төрийн тэргүүнд тусгай зориулалтын машинаар үйлчилнэ. Тусгай зориулалтын машины бэлэн байдал, найдвартай ажиллагааг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Төрийн тусгай хамгаалалтын газар шалгаж урьдчилан бэлтгэсэн байна. Магнайн машин гаргаж үйлчилнэ.
Гадаад улсын төрийн тэргүүний хөлөглөх машин, ёслол, хамгаалалтын машинд гадагшаа харилцах холбооны аппарат хэрэгсэл суурилуулсан байна.
41.5. Төрийн тэргүүний хувийн хамгаалалт
Монгол Улсад төрийн буюу албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын төрийн тэргүүнд болон гэргий /нөхөр/-д бие хамгаалагч үйлчилнэ. Бие хамгаалагчдыг Төрийн тусгай хамгаалалтын газартай урьдчилан зөвшилцөн зохицуулна.
41.6. Төрийн тэргүүн нарын уулзалт, хэлэлцээ, зоог
41.6.1.Ёслолын уулзалт
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсын төрийн тэргүүнийг төрийн хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч, ёслолын уулзалт хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсын төрийн тэргүүнийг төрийн хүндэтгэлийн өргөөний баруун талд угтан мэндчилж, баруун хойморын суудалд урина. Ерөнхийлөгчийн ёслолын уулзалтад оролцох монголын талын албаны хүмүүс гэрийн зүүн талаар, гадаад улсын төрийн тэргүүнийг дагалдан яваа хүмүүс баруун талаар зассан суудлуудад сууна. Ерөнхийлөгчийн ёслолын уулзалтад оролцогсдыг цай, цагаан идээ, төрөл бүрийн ундаагаар зочилно. Ёслолын уулзалт 15 минут хэртэй үргэлжилнэ. Албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
Ёслолын уулзалтад оролцогсод Монгол Улсын Ерөнхийлөгч, гадаад улсын төрийн тэргүүнийг дагалдан гэрийн хоймороор нар зөв тойрч гарна.
41.6.2. Ганцаарчилсан уулзалт
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсын төрийн тэргүүнтэй ганцаарчилсан уулзалт хийж болно. Ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалт хийх байрыг жич сонгож байх бөгөөд ганцаарчилсан уулзалтад хоёр талын орчуулагч, тэмдэглэл хөтлөх нижгээд хүн байлцаж болно.
41.6.3. Бараалхах уулзалт
УИХ-ын дарга, Ерөнхий сайд гадаад улсын төрийн тэргүүний байрлаж буй Харш буюу буудалд очиж, түүнд бараалхаж болно. Бараалхалтад байлцах хүмүүсийг хоёр тал жич тохиролцоно.
41.6.4. Чуулганд үг хэлэх
Гадаад улсын төрийн тэргүүн УИХ-ын гишүүдийн өмнө үг хэлэх эсэхийг харилцааны түвшин, харилцан адил байх зарчмыг харгалзан тухай бүр жич шийдвэрлэнэ. Үг хэлэх тохиолдолд:
Гадаад улсын төрийн тэргүүн үг хэлэхээр танхимд орж ирэхэд УИХ-ын дарга, гишүүд суудлаа эзэлсэн байна. УИХ-ын чуулганы танхимын зүүн талд гадаад улсын төрийн тэргүүнд зориулан түшлэг бүхий зөөлөн сандал тавьсан байна. УИХ-ын дарга гадаад улсын төрийн тэргүүн УИХ-ын хуралдаанд оролцож байгааг УИХ-ын гишүүдэд мэдэгдэнэ. УИХ-ын дарга гадаад улсын төрийн тэргүүнийг үг хэлэхийг урина. Гадаад улсын төрийн тэргүүний хэлэх үгийг монгол хэлнээ хөрвүүлж УИХ-ын гишүүдэд урьдчилан тараасан байна.
Гадаад улсын төрийн тэргүүн үг хэлж дуусмагц УИХ-ын дарга гадаад улсын төрийн тэргүүнд сайн сайхныг ерөөнө. Төрийн тэргүүнийг танхимаас гарахад УИХ-ын гишүүд суудлаасаа босч алга ташиж үднэ.
41.6.5. Хэлэлцээ
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад орны төрийн тэргүүнтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Хэлэлцээ Төрийн ордны хэлэлцээний танхимд явагдана. Хэлэлцээний ширээнд Монгол улсын болон тухайн улсын төрийн далбаа, хэлэлцээнд албан ёсоор оролцогсдын нэрс, микрофон, бичгийн хэрэгсэл /дэвтэр, цаас, харандаа/ зэргийг тавина. Хэлэлцээний танхимын цонхон талд Монголын төлөөлөгчид, эсрэг талд нөгөө талын төлөөлөгчид сууна. Хоёр талын зөвлөх, мэргэжилтэн нар арын эгнээнд сууна. Хэлэлцээнд албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
Хэлэлцээний үеэр төрөл бүрийн ундаагаар үйлчилнэ.
41.6.6. Баримт бичигт гарын үсэг зурах
Гадаад улсын төрийн тэргүүний төрийн, албан ёсны болон ажлын айлчлалын үеэр баримт бичигт гарын үсэг зурах ёслол Төрийн ордны "Соёмбо" танхимд болно. Баримт бичигт гарын үсэг зурах ширээнээ баруун гар талд тухайн улсын, зүүн гар талд Монгол Улсын төрийн далбаа, гарын үсэг зурах үзэг, бэх дарагч, баримт бичгийг тавьсан байна.
Үсэг зурахын өмнө баримт бичгийн болон түүнд гарын үсэг зурах хүмүүсийн албан тушаал, овог нэрийг хэлж зарлана. Баримт бичигт гарын үсэг зурсан хүмүүс суудлаасаа босч баримт бичгүүдээ харилцан солилцоно. Баримт бичигт гарын үсэг зурж дуусмагц шампан дарс барина.
41.6.7.Хүндэтгэлийн зоог
Монгол улсад төрийн болон албан ёсны, ажлын айлчлал хийх гадаад улсын төрийн тэргүүн болон түүний гэргийг хүндэтгэж Монгол Улсын Ерөнхийлөгч /гэргийн хамт/ зоог барина. Зоогийн байранд Монгол улс, тухайн улсын буюу тухайн төрийн тэргүүнд хамаарах далбааг мандуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч, гадаад улсын төрийн тэргүүний суух ширээнд ууц тавина. Хүндэтгэлийн зоогт оролцох хүмүүсийн бүрэлдэхүүнийг хоёр орны харилцааны түвшин, дээд хэмжээний уулзалт хэлэлцээ, айлчлалын хөтөлбөрт тусгагдсан бусад арга хэмжээнд оролцсон байдлыг харгалзан Ёслолын хэлтэс жич тогтооно.
Зоогийн ширээнүүд дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, гадаад орны төрийн тэргүүний хэлэх үг, тэдгээрийн орчуулга, суух хүмүүсийн нэрс, зоогийн цэс, урлагийн тоглолтын хөтөлбөрийг тавина.
Хүндэтгэлийн зоогийн гол ширээнд суух хүмүүст тусгай өрөөнд архи, дарс, пиво, төрөл бүрийн ундаагаар апперитив барина. Зоогийн өмнө тухайн улсын болон Монгол улсын төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад бүх хүмүүс босож хүндэтгэнэ.
Хүндэтгэлийн зоогийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсын төрийн тэргүүн харилцан үг хэлж хундага өргөнө. Албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
Зоогийн үеэр улаан, цагаан дарс, төрөл бүрийн ундаагаар үйлчилнэ.
41.6.8. Бусад зүйл
Гадаад улсын төрийн тэргүүн Монгол улсад төрийн болон албан ёсны, ажлын айлчлал хийх хугацаанд түүнийг тухайн улсад суугаа Монгол улсын Элчин сайд, Ёслолын хэлтсийн дарга байнга дагаж үйлчилнэ. Төрийн тэргүүн гэргийтэй айлчлах тохиолдолд Элчин сайдын гэргий тухайн төрийн тэргүүний гэргийг дагаж үйлчилнэ.
Гадаад улсын төрийн тэргүүний гэргийд айлчлалын хугацаанд тусгай хөтөлбөр бэлтгэж үйлчилнэ.
Төрийн болон албан ёсны айлчлалын хувьд төрийн тэргүүн, түүний гэргий /нөхөр/-г оролцуулан 10 хүртэл хүний зардал /зочид буудал, хоол, машины зардлыг оролцуулан/-ыг монголын тал хариуцаж болно. Харилцан адил байх зарчим, тухайн цаг үеийн байдлаас хамаарч монголын талын зардал даах хүний тоо үүнээс цөөн байж болно.
Монгол улсад төрийн болон албан ёсны айлчлалаар анх удаа ирж байгаа гадаад улсын төрийн тэргүүн /гэргийн хамт/-д монгол үндэсний хувцас /дээл, малгай, бүс, гутал/ бэлэг өгнө. Албан ёсоор дагалдан яваа хүмүүст дурсгалын зүйл өгөх эсэхийг харилцан адил байх зарчмыг харгалзан жич шийдэж байна.
Гадаад улсын төрийн тэргүүний айлчлалын хөтөлбөрийн хавтас нь монгол болон тухайн улсын төрийн далбааны зурагтай, монгол хэл, тухайн орны буюу харилцан тохиролцсон аль нэгэн хэл дээр хэвлэсэн байна.
41.6.9. Үдэх
Монгол улсад төрийн болон албан ёсны буюу ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын төрийн тэргүүн нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал руу хөдлөхөөс
өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч /гэргийн хамт/ Гадаад улсын төрийн тэргүүний буусан буудалд очиж үдэх уулзалт хийнэ. Уулзалтад Гадаад харилцааны сайд, тухайн улсад суугаа Элчин сайд байлцана. Ерөнхийлөгч энэ уулзалтын төгсгөлд айлчлалын үеийн гэрэл зургийн цомгийг гадаад улсын төрийн тэргүүнд дурсгана. Ерөнхийлөгчийн гэргий гадаад улсын төрийн тэргүүний гэргийд амьд цэцгийн баглаа барина. Албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
Гадаад харилцааны сайд гадаад улсын төрийн тэргүүний хамт тусгай зориулалтын машинаар нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд ирнэ.
Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд хоёр улсын төрийн далбааг мандуулна. Нисэх онгоц /галт тэрэг/-ны шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна.
Гадаад орны төрийн тэргүүн /гэргий, нөхөр/-ийг нисэх онгоц /галт тэрэг/-ны буудлаас Гадаад харилцааны сайд (гэргий/нөхөр), тухайн улсад суугаа Элчин сайд , Ёслолын хэлтсийн дарга үдэж мордуулна.
42. Төрийн тэргүүний ажлын айлчлал
42.1.Угтах
Гадаад орны төрийн тэргүүн Монгол улсад ажлын айлчлалаар ирэхэд нисэх онгоц буюу галт тэрэгний буудалд Монгол улс, тухайн улсын төрийн буюу тухайн төрийн тэргүүний далбааг мандуулж, нисэх онгоц буюу галт тэрэгний шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна. Төрийн тэргүүнийг угтах ёслол тусгайлан үйлдэхгүй.
43. Төрийн тэргүүний хувийн айлчлал
43.1. Угтах
Гадаад улсын төрийн (гэргий/нөхөр) тэргүүн Монгол Улсад хувийн айлчлалаар ирэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /төрийн тэргүүн ЕТГ-ын дарга (гэргий/нөхөр), Ёслолын хэлтсийн дарга нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд угтана. Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал, байрлах өргөө, машинд далбаа мандуулахгүй. Угтах ёслол үйлдэхгүй. ЕТГ-ын дарга төрийн тэргүүнийг байрлах буудалд нь хүргэж ирнэ.
43.2. Ёслолын уулзалт, зоог
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол улсад хувийн айлчлалаар ирэх гадаад улсын төрийн тэргүүнийг энэ журмын 41.6.1-д заасны дагуу төрийн хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзаж, өргөөндөө зоог барьж болно.
43.3. Үдэх
Монгол улсад хувийн айлчлалаар ирсэн гадаад улсын төрийн тэргүүнийг Монгол Улсын ЕТГ-ын дарга зочид буудлаас нь авч нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд хүргэж ирнэ. Төрийн тэргүүнийг ЕТГ-ын дарга, Ёслолын хэлтсийн дарга үднэ.
43.4. Бусад зүйл
Гадаад улсын төрийн тэргүүнд айлчлалын хугацаанд тусгай зориулалтын машинаар үйлчилж, магнайн машин, бие хамгаалагч гаргаж ажиллуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Ёслолын хэлтсийн ажилтан дагаж үйлчилнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсын төрийн тэргүүнд хувийн бэлэг, дурсгалын зүйл өгч болно.
44. Парламентын даргын албан ёсны
болон ажлын айлчлал
44.1. Угтах
Гадаад улсын Парламентын дарга Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирэхэд нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол Улс, тухайн улсын төрийн далбааг мандуулж нисэх онгоц /галт тэрэг/-ны шатанд гудаслаг улаан хивс дэвсэж угтана. Парламентын даргыг УИХ-ын дэд дарга (гэргий/нөхөр) тэргүүлж угтана. Угтах ёслол тусгайлан үйлдэхгүй.
44.2. Парламентын даргын уулзалт, хэлэлцээ, зоог
УИХ-ын дарга Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирэх гадаад улсын Парламентын даргатай ёслолын уулзалт, албан ёсны хэлэлцээ хийнэ. Уулзалт, хэлэлцээг албан ёсны орчуулагч хэлмэрчилнэ. Хэлэлцээний ширээнд Монгол Улсын болон тухайн улсын төрийн далбаа, хэлэлцээнд албан ёсоор оролцогсдын нэрс, бичгийн хэрэгсэл тавина.
Хэлэлцээний үеэр төрөл бүрийн ундаагаар үйлчилнэ.
44.3. Баримт бичигт гарын үсэг зурах
Гадаад улсын Парламентын даргын албан ёсны болон ажлын айлчлалын үеэр баримт бичигт гарын үсэг зурах ёслол Төрийн ордны "Соёмбо" танхимд болно.
Баримт бичигт гарын үсэг зурах ширээнээ баруун гар талд тухайн улсын, зүүн гар талд Монгол Улсын төрийн далбаа, гарын үсэг зурах үзэг, бэх дарагч, баримт бичиг тавьсан байна. Үсэг зурахын өмнө баримт бичгийн болон үсэг зурах хүмүүсийн албан тушаал, овог нэрийг хэлж зарлана.Үсэг зурсан хүмүүс суудлаасаа босч баримт бичгүүдээ солилцож гар барина. Үсэг зурж дуусмагц шампан дарс барина.
44.4. Хүндэтгэлийн зоог
Монгол Улсын Их Хурлын дарга (гэргий/нөхөр) албан ёсны болон ажлын айлчлалаар ирэх гадаад улсын Парламентын даргыг (гэргий/нөхөр) хүндэтгэж зоог барина. Зоогийн байранд Монгол Улс, тухайн улсын төрийн далбааг байрлуулна. Хүндэтгэлийн зоогт оролцох хүмүүсийн бүрэлдэхүүнийг хоёр орны харилцааны түвшин, уулзалт хэлэлцээ, айлчлалын хөтөлбөрт тусгагдсан бусад арга хэмжээнд оролцсон байдлыг харгалзан жич тогтооно.
Зоогийн ширээнүүд дээр хэлэх үг, тэдгээрийн орчуулга, суух хүмүүсийн нэрс, зоогийн цэс, урлагийн тоглолтын хөтөлбөрийг тавина. Апперитив барина. Зоогийн өмнө тухайн улс, Монгол улсын төрийн дууллыг эгшиглүүлнэ. Төрийн дуулал эгшиглэх үед бүх хүмүүс босож хүндэтгэнэ. Зоогийн үеэр улаан, цагаан дарс, төрөл бүрийн ундаагаар үйлчилнэ.
44.5. Парламентын даргад үйлчлэх машин
Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын Парламентын даргад тусгай зориулалтын машинаар үйлчилнэ. Машины бэлэн байдал, найдвартай ажиллагааг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Төрийн тусгай хамгаалалтын газар шалгаж бэлтгэсэн байна. Магнайн машин гаргаж үйлчилнэ. Парламентын даргад үйлчлэх машин, ёслол, хамгаалалтын машинд холбооны аппарат хэрэгсэл суурилуулсан байна.
44.6. Парламентын даргын хувийн хамгаалалт
Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын Парламентын даргад болон гэргий /нөхөр/-д бие хамгаалагч үйлчилнэ. Бие хамгаалагчийг Төрийн тусгай хамгаалалтын газартай урьдчилан зөвшилцөн зохицуулна.
44.7. Бусад зүйл
Гадаад улсын Парламентын дарга албан ёсны болон ажлын айлчлал хийх хугацаанд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Ёслолын хэлтсийн ажилтан дагаж үйлчилнэ.
Албан ёсны айлчлалаар ирэх гадаад улсын Парламентын дарга, түүний гэргийг оролцуулан 8 хүртэл хүний зардлыг монголын тал хариуцаж болно. Харилцан адил байх зарчим, тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч монголын талын зардал даах хүний тоо үүнээс цөөн байж болно.
Монгол Улсад албан ёсны буюу ажлын айлчлалаар ирэх гадаад улсын Парламентын дарга (гэргий/нөхөр)-д бэлэг, дурсгалын зүйл өгнө.
Гадаад улсын Парламентын даргын албан ёсны болон ажлын айлчлалын хөтөлбөрийн хавтас нь Монгол улс, тухайн улсын төрийн далбааны зурагтай, монгол хэл, тухайн орны буюу харилцан тохиролцсон аль нэгэн хэлээр хэвлэгдсэн байна.
44.8. Үдэх
Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирсэн гадаад улсын Парламентын дарга (гэргий/нөхөр) нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал руу хөдлөхөөс өмнө УИХ-ын дарга (гэргий/нөхөр) гадаад улсын Парламентын даргын (гэргий/нөхөр) буусан буудалд очиж үдэж уулзана. Уулзалтад УИХ-ын дэд дарга (гэргий/нөхөр) байлцана. УИХ-ын дарга гадаад улсын Парламентын даргад айлчлалын үеийн гэрэл зургийн цомог дурсгана. УИХ-ын даргын гэргий /нөхөр/ гадаад улсын Парламентын даргын гэргий /нөхөр/-д амьд цэцгийн баглаа барина.
УИХ-ын дэд дарга гадаад орны Парламентын даргыг нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд хүргэж ирнэ.
Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол улс, тухайн улсын төрийн далбааг мандуулж нисэх онгоц /галт тэрэг/-ны шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна. Парламентын даргыг нисэх онгоц /галт тэрэг/-ны буудлаас УИХ-ын дэд дарга (гэргий/нөхөр), Ёслолын хэлтсийн дарга үдэж мордуулна.
45. Гадаад улсын парламентын даргын
хувийн айлчлал
Гадаад улсын Парламентын дарга (гэргий /нөхөр) Монгол Улсад хувийн айлчлалаар ирэхэд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга (гэргий/нөхөр), Ёслолын хэлтсийн дарга угтана. Ерөнхий нарийн бичгийн дарга гадаад улсын Парламентын даргыг байрлах буудалд нь хүргэж ирнэ.
45.1. Ёслолын уулзалт, зоог
УИХ-ын дарга (гэргий/нөхөр) Монгол Улсад хувийн айлчлалаар ирэх гадаад улсын Парламентын даргыг (гэргий/нөхөр) хүлээн авч ёслолын уулзалт хийж, зоог барьж болно.
45.2. Бусад зүйл
Гадаад улсын Парламентын даргын хувийн айлчлалын хугацаанд түүнд тусгай зориулалтын машин , бие хамгаалагч гаргаж үйлчилнэ. УИХ-ын Тамгын газрын болон Ёслолын хэлтсийн ажилтан дагаж үйлчилнэ.
УИХ-ын даргаас гадаад улсын Парламентын даргад хувийн бэлэг өгч болно. Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал, өргөө, машинд төрийн далбаа мандуулахгүй. Парламентын даргыг УИХ-ын ТГ-ын ерөнхий нарийн бичгийн дарга буудлаас нь авч нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд хүргэж ирнэ. Угтсан хүмүүс үдэж гаргана.
46. Гадаад улсын засгийн газрын тэргүүний
албан ёсны айлчлал
46.1. Угтах
а) Монгол улсад албан ёсны айлчлалаар ирэх гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг нисэх онгоц / галт тэрэг/-ны буудалд угтахад энэ журмын 41.1-ийн "а"-г баримтална;
б)"Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа … улсын…Эрхэмсэг ноён (хатагтай) … Танд тавтай саатан морилохыг ерөөе" гэсэн үг бүхий самбарыг Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт монгол, тухайн улсын буюу тохиролцсон аль нэг хэлээр бичиж байрлуулна;
в)гадаад улсын Засгийн газрын тэргүүнтэй хийх албан ёсны яриа хэлэлцээнд оролцох Монгол улсын Засгийн газрын нэг гишүүн /хойшид Засгийн газрын гишүүн гэнэ/ (гэргий/нөхөр) онгоц /галт тэрэг/-ны буудалд гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг угтана.
46.2. Сүхбаатарын талбайд угтах
46.2.1. Монгол улсад албан ёсны айлчлал хийх гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг угтах ёслол Сүхбаатарын талбайд болно. Талбайн төв хэсэг дэх тугны ишний баруун талынхад тухайн улсын, зүүн талынхад Монгол улсын төрийн далбаа, тэдгээрийн дунд Улаанбаатар хотын далбааг мандуулна. Төрийн далбаануудын баруун талд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үлээвэр найрал хөгжим, төрийн ёслолын хүндэт харуул /48 цэрэг/ зүүн тийш харж жагсана. Хүндэт харуулын эхэнд хүндэт харуулын туг байна.
Гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг угтах Монголын талын албаны хүмүүс хүндэт харуулын зүүн гар талд урагш харан баруун гар талаас ёслолын ахлалын дарааллаар зогсоно.
Мандуулсан далбаануудын зүүн талд хоёр улсын Засгийн газрын тэргүүнд зориулж 3х2 м хэмжээтэй тавцан тусгайлан зассан байна. Уг тавцан зүүн, баруун талдаа нээлттэй байх бөгөөд бусад шонгуудыг хооронд нь улаан туузаар холбосон байна. Шонгуудын өндөр нь 70 см байна.
Монгол улсын Ерөнхий сайд, түүний гэргий гадаад улсын Засгийн газрын тэргүүнтэй уулзаж гар барих газар хивс дэвссэн байна. Тэр цэгээс эхлэн ёслол үйлдэх бүх замын дагуу улаан өнгөтэй гудаслаг хивс үргэлжлүүлэн дэвсэнэ.
Гадаад улсын Засгийн газрын тэргүүний суусан машин Сүхбаатарын талбай руу гарч ирэхэд үлээвэр хөгжимд угтах марш эгшиглэнэ. Зочны машин заасан газарт ирж зогсоход төрийн ордны хамгаалалтын албаны хоёр офицер Засгийн газрын тэргүүний (гэргий/нөхөр) талын хаалгыг нээн өгч ёсолно. Засгийн газрын тэргүүн (гэргий /нөхөр), Монгол улсын Засгийн газрын гишүүн (гэргий/нөхөр) угтахаар ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдын зүг явахад Монгол Улсын Ерөнхий сайд (гэргий/нөхөр) мөн тэдний зүг алхаж хивсний голд уулзан гар барьж мэндэлнэ. Энэ үед гадаад улсын Засгийн газрын тэргүүн, түүний гэргий /нөхөр/-д үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд амьд цэцгийн баглаа барина. Монгол Улсын Ерөнхий сайд гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг баруун гар талдаа авч, тусгайлан зассан тавцанд гарахад хүндэт харуулын захирал угтан ирж "Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа …улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён /хатагтай/… Таныг хүндэтгэн Монгол улсын төрийн хүндэт харуул жагссан. Хүндэт харуулын захирал…" гэж цэргийн цол, овог, нэрээ хэлж айлтгал өргөнө. Хүндэт харуулын захирал байрандаа баруун гар тийш эргэж Монгол улсын Ерөнхий сайд болон гадаад улсын Засгийн газрын тэргүүн рүү хараа шилжүүлэн зогсоход хөгжим эхлээд тухайн улсын төрийн дуулал, дараа нь Монгол улсын төрийн дуулал тоглоно. Энэ үед Ерөнхий сайдын гэргий /нөхөр/ гадаад улсын Засгийн газрын тэргүүний гэргий /нөхөр/-г баруун гартаа авч, тавцангийн зүүн талд хоёр метр зайтай зогсоно. Гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг угтсан Монгол улсын Засгийн газрын гишүүн (гэргий/нөхөр) хоёр Засгийн газрын тэргүүний гэргийн /нөхөр/ ард зогсоно.
Төрийн дуулал эгшиглэж дуусахад Ерөнхий сайд, гадаад улсын Засгийн газрын тэргүүн нар тавцангаас бууж хүндэт харуулын зүг явна. Хүндэт харуулын захирал гурван алхмын зайд дагалдан явна. Хоёр орны Засгийн газрын тэргүүн хүндэт харуулын жагсаалын эхэнд залсан хүндэт харуулын туганд толгой мэхийн хүндэтгэл илэрхийлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг эндээс эхлэн зүүн гартаа авч, цааш яван жагсаалын дунд хэрд очоод цэргүүд рүү харж түр зогсоно. Гадаад улсын Засгийн газрын тэргүүн "сайн байцгаана уу" гэж мэндэлнэ. Хүндэт харуулын цэргүүд " амрыг эрье" гэж хариу мэндэлнэ.
Ерөнхий сайд, гадаад улсын Засгийн газрын тэргүүн нар хүндэт харуулын өмнүүр явж өнгөрөөд монголын талын албаны хүмүүсийн зүг эргэн явна. Хүндэт харуулын захирал дороо эргэж хүндэт харуул тийш алхана. Энэ үед Ерөнхий сайдын гэргий /нөхөр/, гадаад улсын Засгийн газрын тэргүүний гэргий /нөхөр/, тэднийг угтсан Монгол улсын Засгийн газрын гишүүн түүний гэргий /нөхөр/ нар тэдний араас дагалдан явж, угтагсадтай мэндчилнэ.
Ёслолын хэлтсийн дарга монголын талын албаны хүмүүсийг танилцуулна.
Монголын талын албаны хүмүүсээс доош гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг дагалдан яваа төлөөлөгчид баруун гар талаас ёслолын ахлалаар эгнэн зогсоно. Нөгөө талын ёслолын хэлтсийн дарга /ажилтан/ өөрийн талын төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулна.
Гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн доод талд тухайн улсаас Монгол улсад суугаа ДТГ-ын гишүүд байх бөгөөд тэднийг тус ДТГ-ын тэргүүн танилцуулна. Үүгээр угтах ёслолын ажиллагаа өндөрлөнө.
46.3. Засгийн газрын тэргүүний байрлах байр
Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг хаана байрлуулахыг нөгөө талтай урьдчилан тохирно.
Гадаад улсын Засгийн газрын тэргүүний байрлах Харш буюу зочид буудлын өмнө талд тухайн улсын төрийн далбааг мандуулна.
Гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг нисэх онгоц буюу галт тэрэгний буудалд угтсан албан тушаалтан /Засгийн газрын гишүүн/ Харш буюу зочид буудалд хүргэж ирнэ. Харш буюу зочид буудлын дарга хүндэт зочныг анх очиход угтаж, явахад нь үдэж явуулна.
46.4. Засгийн газрын тэргүүнд үйлчлэх машин
Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирэх гадаад улсын Засгийн газрын тэргүүнд болон түүний гэргийд тусгай зориулалтын машинаар үйлчилнэ. Тусгай зориулалтын машины бэлэн байдал, найдвартай ажиллагааг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Төрийн тусгай хамгаалалтын газар шалгаж бэлтгэсэн байна. Магнайн машин гаргаж үйлчилнэ. Тусгай зориулалтын машин, ёслол, хамгаалалтын машинд холбооны аппарат хэрэгсэл суурилуулсан байна.
46.5. Засгийн газрын тэргүүний хувийн хамгаалалт
Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирэх гадаад улсын Засгийн газрын тэргүүнд болон түүний гэргий /нөхөр/-д бие хамгаалагч үйлчилнэ. Бие хамгаалагчийг Ёслолын хэлтэс Төрийн тусгай хамгаалалтын газартай урьдчилан зөвшилцөн зохицуулна.
46.6. Уулзалт, хэлэлцээ, зоог
46.6.1. Ёслолын уулзалт
Монгол Улсын Ерөнхий сайд Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад орны Засгийн газрын тэргүүнийг хүлээн авч ёслолын уулзалт хийнэ. Уулзалтын үеэр цай, цагаан идээ, төрөл бүрийн ундаагаар үйлчилнэ.
46.6.2. Ганцаарчилсан уулзалт
Монгол Улсын Ерөнхий сайд Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын Засгийн газрын тэргүүнтэй ганцаарчилсан уулзалт хийж болно. Ёслолын болон ганцаарчилсан уулзалтад албан ёсны хүмүүсээс гадна орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
46.6.3. Бараалхах уулзалт
а) Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхуулна;
б) Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын Засгийн газрын тэргүүнд бараалхаж болно. Бараалхах уулзалтыг түүний байрласан зочид буудал буюу Харшид очиж хийнэ.
46.6.4. Хэлэлцээ
Монгол Улсын Ерөнхий сайд Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын Засгийн газрын тэргүүнтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Хэлэлцээний ширээнд Монгол улс, тухайн улсын төрийн далбаа, хэлэлцээнд албан ёсоор оролцогсдын нэрс, бичгийн хэрэгсэл тавина. Албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүмүүс байна.
46.6.5. Баримт бичигт гарын үсэг зурах
Гадаад улсын Засгийн газрын тэргүүний албан ёсны болон ажлын айлчлалын үеэр баримт бичигт гарын үсэг зурах ёслол Төрийн ордны "Соёмбо" танхимд болно. Баримт бичигт гарын үсэг зурах ширээнээ баруун гар талд тухайн улсын, зүүн гар талд Монгол Улсын төрийн далбаа, гарын үсэг зурах үзэг, бэх дарагч, баримт бичгүүдийг тавьсан байна.
. Үсэг зурахын өмнө баримт бичгийн болон үсэг зурах хүмүүсийн албан тушаал, овог, нэрийг хэлж зарлана. Үсэг зурсан хүмүүс суудлаасаа босч баримт бичгүүдээ солилцож гар барина. Үсэг зурж дуусмагц ёслолд оролцогсдод шампан дарс барина.
46.6.6. Хүндэтгэлийн зоог
Монгол Улсын Ерөнхий сайд /гэргийн хамт/ Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын Засгийн газрын тэргүүн болон түүний гэргийг хүндэтгэж зоог барина. Зоогийн байранд тухайн улсын болон Монгол улсын төрийн далбааг байрлуулна. Монгол Улсын Ерөнхий сайд, гадаад улсын Засгийн газрын тэргүүний суух ширээнд ууц тавина. Хүндэтгэлийн зоогт оролцох хүмүүсийн бүрэлдэхүүнийг хоёр орны харилцааны түвшин, уулзалт хэлэлцээ, айлчлалын хөтөлбөрт тусгагдсан бусад арга хэмжээнд оролцсон байдлыг харгалзан жич тогтооно.
Зоогийн ширээнүүд дээр Монгол Улсын Ерөнхий сайд, гадаад орны Засгийн газрын тэргүүний хэлэх үг, тэдгээрийн орчуулга, суух хүмүүсийн нэрс, зоогийн цэс, хүндэтгэлийн зоогийн үеэр үзүүлэх урлагийн тоглолтын хөтөлбөрийг тавина.
Хүндэтгэлийн зоогийн гол ширээнд суух хүмүүст тусгай өрөөнд архи, дарс, пиво, төрөл бүрийн ундаагаар апперитив барина. Апперитив арван таван минут орчим үргэлжилнэ. Зоогийн өмнө тухайн улсын болон Монгол Улсын төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад бүх хүмүүс босож хүндэтгэнэ. Хүндэтгэлийн зоогийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, гадаад улсын Засгийн газрын тэргүүн харилцан үг хэлж хундага өргөнө.
Зоогийн үеэр улаан, цагаан дарс, төрөл бүрийн ундаагаар үйлчилнэ.
46.7. Бусад зүйл
Гадаад улсын Засгийн газрын тэргүүн Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийхэд түүнийг тухайн улсад суугаа Монгол Улсын Элчин сайд, Ёслолын хэлтсийн дарга дагаж үйлчилнэ.
Гадаад улсын Засгийн газрын тэргүүний гэргийд айлчлалын үед тусгай хөтөлбөр бэлтгэж үйлчилнэ.
Монгол улсад албан ёсны айлчлал хийх гадаад улсын Засгийн газрын тэргүүн, түүний гэргийг оролцуулан 8 хүртэл хүний зардал /байр, хоол, машины зардлыг оролцуулан/-ыг монголын тал хариуцаж болно. Харилцан адил байх зарчим, тухайн цаг үеийн байдлаас хамаарч монголын талын зардал даах хүний тоо үүнээс цөөн байж болно.
Монгол улсад албан ёсны айлчлалаар анх удаа хүрэлцэн ирж байгаа гадаад улсын Засгийн газрын тэргүүн /гэргийн хамт/-д монгол үндэсний хувцас /дээл, малгай, бүс, гутал/ бэлэглэнэ. Албан ёсоор дагалдан яваа хүмүүст дурсгалын зүйл өгөх эсэхийг харилцан адил байх зарчмыг харгалзан жич шийдэж байна.
Гадаад улсын Засгийн газрын тэргүүний айлчлалын хөтөлбөрийн хавтас нь монгол болон тухайн улсын төрийн далбааны зурагтай, монгол хэл, тухайн орны буюу харилцан тохиролцсон аль нэгэн хэл дээр хэвлэсэн байна.
46.8. Үдэх
Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийсэн гадаад улсын Засгийн газрын тэргүүн нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал руу хөдлөхөөс өмнө Монгол Улсын Ерөнхий сайд /гэргийн хамт/ гадаад улсын Засгийн газрын тэргүүн /гэргийн хамт/-ий буусан буудалд очиж үдэж уулзана. Уулзалтад Засгийн газрын тэргүүнийг угтсан Монгол улсын Засгийн газрын гишүүн, тухайн улсад суугаа Элчин сайд байлцана. Ерөнхий сайд энэ уулзалтын үеэр айлчлалын үеийн гэрэл зургийн цомгийг гадаад улсын Засгийн газрын тэргүүнд дурсгана. Ерөнхий сайдын гэргий гадаад улсын Засгийн газрын тэргүүний гэргийд амьд цэцгийн баглаа барина.
Засгийн газрын тэргүүнийг анх угтсан Монгол улсын Засгийн газрын гишүүн зочны хамт нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд ирнэ. Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд хоёр улсын төрийн далбааг мандуулж, нисэх онгоц /галт тэрэг/-ны шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна.
Гадаад орны Засгийн газрын тэргүүн /гэргий, нөхөр/-ийг нисэх онгоц /галт тэрэг/-ны буудлаас Монгол улсын Засгийн газрын гишүүн /гэргий/, тухайн улсад суугаа Элчин сайд , ГХЯ-ны Ёслолын хэлтсийн дарга үдэж мордуулна.
47. Гадаад улсын Засгийн газрын
тэргүүний ажлын айлчлал
47.1. Угтах
Гадаад орны Засгийн газрын тэргүүн Монгол улсад ажлын айлчлалаар ирэхэд нисэх онгоц буюу галт тэрэгний буудалд Монгол улс, тухайн улсын төрийн далбааг мандуулж, нисэх онгоц /галт тэрэг/-ны шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна.
Гадаад улсын Засгийн газрын тэргүүнтэй хийх албан ёсны яриа хэлэлцээнд оролцох Монгол улсын Засгийн газрын нэг гишүүн /хойшид Засгийн газрын гишүүн гэнэ/ нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг угтана. Гадаад улсын Засгийн газрын тэргүүн гэргийтэй ирвэл Монгол улсын Засгийн газрын гишүүн гэргийтэй угтана. Ажлын айлчлал хийх Засгийн газрын тэргүүнийг угтах ёслол тусгайлан үйлдэхгүй.
47.2. Бусад зүйл
Монгол улсад анх удаа ирж байгаа гадаад улсын Засгийн газрын тэргүүн /гэргийн хамт/-д монгол үндэсний хувцас /дээл, малгай, бүс, гутал/ бэлэглэнэ. Албан ёсоор дагалдан яваа хүмүүст дурсгалын зүйл өгөх эсэхийг харилцан адил байх зарчмыг харгалзан жич шийдэж байна.
Гадаад улсын Засгийн газрын тэргүүний айлчлалын хөтөлбөрийн хавтас нь монгол болон тухайн улсын төрийн далбааны зурагтай, монгол хэл, тухайн орны буюу харилцан тохиролцсон аль нэгэн хэл дээр хэвлэсэн байна.
48. Гадаад улсын Засгийн газрын
тэргүүний хувийн айлчлал
48.1. Угтах
Гадаад улсын Засгийн газрын тэргүүн Монгол улсад хувийн айлчлалаар ирэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга , Ёслолын хэлтсийн дарга нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд угтана. Засгийн газрын тэргүүн гэргийтэй ирвэл Хэрэг эрхлэх газрын дарга гэргийтэй угтана.
48.2. Ёслолын уулзалт, зоог
Монгол Улсын Ерөнхий сайд Монгол улсад хувийн айлчлалаар ирэх гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг хүлээн авч ёслолын уулзалт хийж, зоог барьж болно.
48.3. Бусад зүйл
а/гадаад улсын Засгийн газрын тэргүүний хувийн айлчлалын хугацаанд тусгай зориулалтын машин, бие хамгаалагч гаргаж үйлчлүүлнэ. Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын болон Ёслолын хэлтсийн ажилтан дагаж үйлчилнэ;
б/ Монгол улсын Ерөнхий сайд хувийн айлчлалаар ирсэн гадаад улсын Засгийн газрын тэргүүнд хувийн бэлэг өгч болно;
в/нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал, өргөө, машинд төрийн далбаа мандуулахгүй.
48.4. Үдэх
Монгол улсад ажлын айлчлал хийсэн гадаад улсын Засгийн газрын тэргүүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд хүргэж ирнэ. Хэрэг эрхлэх газрын даргын гэргий Засгийн газрын тэргүүний гэргийд амьд цэцгийн баглаа барина. Засгийн газрын тэргүүнийг Хэрэг эрхлэх газрын дарга /гэргийн хамт/, Ёслолын хэлтсийн дарга үдэж мордуулна.
49. Гадаад орны Дэд ерөнхийлөгчийн айлчлал
49.1. Угтах
Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын Дэд ерөнхийлөгч /хойшид Дэд ерөнхийлөгч гэнэ/-ийг Дэд ерөнхийлөгчтэй хийх албан ёсны яриа хэлэлцээнд оролцох Монгол Улсын Засгийн газрын гишүүн /хойшид Засгийн газрын гишүүн гэнэ/ нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд угтана.
Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол улс,тухайн улсын төрийн далбааг мандуулж , онгоц /галт тэрэг/-ны шатанд гудаслаг улаан хивс дэвсэж угтана.
Дэд Ерөнхийлөгчийг Засгийн газрын гишүүн буудалд хүргэж ирнэ. Буудлын дарга Дэд Ерөнхийлөгчийг угтаж авна.
49.2. Дэд ерөнхийлөгчид үйлчлэх автомашин
Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх Дэд ерөнхийлөгчид тусгай зориулалтын машинаар үйлчилнэ. Тусгай зориулалтын автомашины бэлэн байдал, найдвартай ажиллагааг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Төрийн тусгай хамгаалалтын газар шалгаж урьдчилан бэлтгэсэн байна. Магнайн машин гаргаж үйлчилнэ.Тусгай зориулалтын машин, ёслол, хамгаалалтын машинд холбооны аппарат хэрэгсэл суурилуулсан байна.
49.3. Дэд ерөнхийлөгчийн хувийн хамгаалалт
Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх Дэд ерөнхийлөгчид бие хамгаалагч үйлчилнэ. Бие хамгаалагчдыг Төрийн тусгай хамгаалалтын газартай урьдчилан зөвшилцөн зохицуулна.
49.4. Уулзалт, хэлэлцээ
а/Монгол Улсын Ерөнхийлөгч Дэд ерөнхийлөгчийг төрийн хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч, ёслолын уулзалт хийнэ;
б/Монгол Улсын Засгийн газрын гишүүн албан ёсны болон ажлын айлчлал хийх Дэд ерөнхийлөгчид буудалд нь очиж бараалхаж болно;
в/Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх Дэд ерөнхийлөгчтэй Монгол улсын Их Хурлын дарга буюу Ерөнхий сайд хэлэлцээ хийнэ. Хэлэлцээний ширээнд Монгол улс, тухайн улсын төрийн далбаа, хэлэлцээнд албан ёсоор оролцогсдын нэрс, бичгийн хэрэгсэл тавина. Албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
49.5. Баримт бичигт гарын үсэг зурах
Дэд ерөнхийлөгчийн албан ёсны болон ажлын айлчлалын үеэр баримт бичигт гарын үсэг зурах ёслол Төрийн ордны "Соёмбо" танхимд болно. Баримт бичигт гарын үсэг зурах ширээнээ баруун гар талд тухайн улсын, зүүн гар талд Монгол улсын төрийн далбаа, гарын үсэг зурах үзэг, бэх дарагч, баримт бичиг зэргийг тавина. Гарын үсэг зурахын өмнө баримт бичгийн болон үсэг зурах хүмүүсийн нэрийг хэлж зарлана. Баримт бичигт гарын үсэг зурсан хүмүүс суудлаасаа босч баримт бичгээ солилцож гар барина. Баримт бичигт гарын үсэг зурж дуусмагц шампан дарс барина.
49.6. Хүндэтгэлийн зоог
Дэд ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийсэн албан тушаалтан Дэд ерөнхийлөгчийг хүндэтгэж зоог барина. Зоогийн танхимд Монгол улс, тухайн улсын төрийн далбаа байрлуулна. Зоогийн ширээнд ууц тавьж болно. Зоогийн цэс, уригдагсдын нэрс, хэлэх үг, түүний орчуулга, урлагийн тоглолтын хөтөлбөр зэргийг тавина. Зоогийн өмнө тусгай өрөөнд архи, улаан ,цагаан дарс, пиво, төрөл бүрийн ундаагаар апперитив барина. Зоогийн өмнө тухайн улс, Монгол улсын төрийн дууллыг эгшиглүүлнэ. Төрийн дуулал эгшиглэхэд бүх хүн босож хүндэтгэнэ.
49.7. Бусад зүйл
а/Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх Дэд ерөнхийлөгчийг тухайн улсад суугаа Монгол улсын Элчин сайд , Ёслолын хэлтсийн дарга дагаж үйлчилнэ;
Дэд ерөнхийлөгчийн гэргийд тусгай хөтөлбөр бэлтгэж үйлчилнэ.
б/Монгол улсад албан ёсны айлчлал хийх Дэд ерөнхийлөгч, түүний гэргийг оролцуулан 5 хүртэл хүний зардлыг монголын тал хариуцаж болно. Харилцан адил байх зарчим, тухайн үеийн байдлаас хамаарч зардал даах хүний тоо үүнээс цөөн байж болно;
в/Манай улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх Дэд ерөнхийлөгчид /гэргий буюу нөхрийн хамт ирсэн тохиолдолд хоёуланд/ дурсгалын зүйл өгнө;
г/Дэд ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрийн хавтас нь Монгол улс, тухайн улсын төрийн далбааны зурагтай, монгол хэл, тухайн орны буюу харилцан тохиролцсон аль нэгэн хэлээр хэвлэсэн байна.
49.8. Үдэх
Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийсэн Дэд ерөнхийлөгчийг нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал руу хөдлөхөөс өмнө түүнтэй хэлэлцээ хийсэн албан тушаалтан түүний буусан өргөөнд очиж, үдэж уулзана. Уулзалтад тухайн улсад суугаа монгол улсын Элчин сайд, Ёслолын хэлтсийн дарга байлцана.Уулзалтын төгсгөлд айлчлалын үеийн гэрэл зургийн цомгийг Дэд ерөнхийлөгчид дурсгана.
Дэд ерөнхийлөгчийг анх угтсан Монгол улсын Засгийн газрын гишүүн онгоц /галт тэрэг/-ны буудалд хүргэж ирнэ.
Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол улс, тухайн улсын төрийн далбааг мандуулж, онгоц /галт тэрэг/-ны шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна. Дэд ерөнхийлөгчийг нисэх онгоц /галт тэрэг/-ны буудлаас Засгийн газрын гишүүн, тухайн улсад суугаа Элчин сайд, Ёслолын хэлтсийн дарга үдэж мордуулна.
50. Дэд ерөнхийлөгчийн хувийн айлчлал
Дэд ерөнхийлөгч хувийн айлчлал хийхээр ирэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /зочин гэргий буюу нөхрийн хамт ирсэн тохиолдолд ЕТГ-ын дарга хоёул/, Ёслолын хэлтсийн дарга нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд угтана.
50.1. Ёслолын уулзалт
УИХ-ын дарга буюу Ерөнхий сайд Монгол улсад хувийн айлчлалаар ирсэн Дэд ерөнхийлөгчийг хүлээн авч ёслолын уулзалт хийж, зоог барьж болно.
50.2. Бусад зүйл
Дэд ерөнхийлөгч хувийн айлчлалаар ирэхэд онгоц /галт тэрэг/-ны буудал, өргөө, машинд далбаа мандуулахгүй. Айлчлалын хугацаанд тусгай зориулалтын машинаар үйлчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон Ёслолын хэлтсийн ажилтан дагаж үйлчилнэ.
50.3. Үдэх
Дэд ерөнхийлөгчийг онгоц /галт тэрэг/-ны буудал руу хөдлөхөөс өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /гэргий буюу нөхрийн хамт ирсэн нөхцөлд ЕТГ-ын дарга хоёул/ түүний өргөөнд ирж үдэж уулзана.Уулзалтад Ёслолын хэлтсийн дарга байлцана. Тамгын газрын дарга Дэд ерөнхийлөгчийг нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд хүргэж ирнэ. Тамгын газрын даргын гэргий Дэд ерөнхийлөгчийн гэргийд амьд цэцгийн баглаа барина. Дэд ерөнхийлөгчийг Тамгын газрын дарга, Ёслолын хэлтсийн дарга үдэж мордуулна.
51. Гадаад улсын Гадаад хэргийн сайдын айлчлал
51.1. Гадаад хэргийн сайдын Монгол улсад хийх айлчлалыг төр, засгийн өндөр
албан тушаалтны айлчлалд хамруулна.
51.2. Гадаад улсын Гадаад хэргийн сайдын Монгол улсад хийх айлчлалыг албан ёсны, ажлын, хувийн гэж ангилна.
51.3. Монгол улсын Засгийн газрын урилгаар хоёр талын харилцааны асуудлаар яриа хэлэлцээ хийх буюу томоохон баримт бичигт гарын үсэг зурах зорилгоор гадаад улсын Гадаад хэргийн сайдын тус улсад хийх айлчлалыг албан ёсны айлчлал гэж үзнэ.
51.4. Гадаад улсын Гадаад хэргийн сайд хоёр орны харилцаа, бүс нутгийн хийгээд олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар зөвлөлдөх, санал солилцох баримт бичигт гарын үсэг зурах, хурал, зөвлөлгөөн, урлаг, соёл, спортын арга хэмжээ, түүхт ой, тэмдэглэлт үйл явдалд оролцох, эмгэнэл илэрхийлэх буюу дамжин өнгөрөх зорилгоор тус улсад хийх айлчлалыг ажлын айлчлал гэж үзнэ.
51.5. Гадаад улсын Гадаад хэргийн сайд эмчлүүлэх, рашаан сувилалд орох, ан хийх, аялан жуулчлах зорилгоор тус улсад хийх айлчлалыг хувийн айлчлал гэж үзнэ.
51.6. Гадаад улсын Гадаад хэргийн сайд Монгол улсад хийх айлчлалын нэрийг нөгөө талтай урьдчилан хэлэлцэж айлчлалын хөтөлбөрийг тохиролцоно.
51.7. Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлалаар хүрэлцэн ирэх гадаад улсын Гадаад хэргийн сайдыг манай талаас Монгол улсын Гадаад харилцааны сайд хүлээж авна.
52. Гадаад хэргийн сайдын албан
ёсны болон ажлын айлчлал
52.1. Угтах
Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлалаар ирэх гадаад улсын Гадаад хэргийн сайдыг нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд угтах ёслолын ажиллагаа адил байна. Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол улс, тухайн улсын төрийн далбааг мандуулж онгоц /галт тэрэг/-ны шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна.
Гадаад хэргийн сайдыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга /зочин гэргий буюу нөхрийн хамт ирэх тохиолдолд ТНБД хоёул байна/, тухайн улсад суугаа Монгол улсын элчин сайд, ГХЯ-ны Ёслолын хэлтсийн дарга угтана. Төрийн нарийн бичгийн дарга Гадаад хэргийн сайдыг байрлах буудалд нь хүргэж ирнэ. Буудлын дарга зочныг угтаж авна. Буудлын өмнө талд тухайн улсын төрийн далбааг мандуулна.
52.2. Хэлэлцээ, ёслолын болон ганцаарчилсан уулзалт,зоог
Албан ёсны болон ажлын айлчлал хийх Гадаад хэргийн сайдтай Монгол улсын Гадаад харилцааны сайд хэлэлцээ хийнэ. Хэлэлцээний ширээнд Монгол улс, тухайн улсын төрийн далбаа, хэлэлцээнд оролцогсдын нэрс, бичгийн хэрэгсэл тавьсан байна.
Гадаад хэргийн сайд ГХЯ-нд анх ирэхэд гол хаалганы зүүн, баруун талд Монгол улс, тухайн улсын төрийн далбааг мандуулсан байна.
52.3. Ёслолын уулзалт
Монгол улсад албан ёсны болон ажлын айлчлал хийх Гадаад хэргийн сайдыг Монгол улсын төр, засгийн удирдлагад бараалхуулна. Албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
52.4 Ганцаарчилсан уулзалт
Монгол улсын Гадаад харилцааны сайд гадаад улсын Гадаад хэргийн сайдтай ганцаарчилсан уулзалт хийж болно.
52.5. Хүндэтгэлийн зоог
Гадаад харилцааны сайд албан ёсны болон ажлын айлчлал хийх гадаад улсын Гадаад хэргийн сайдыг хүндэтгэн зоог барина. Зоогийн өмнө тухайн улсын болон Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлнэ. Зоогийн гол ширээг амьд цэцгээр чимж, зоогийн цэс, оролцогсдын нэрсийг тавьсан байна. Харилцан үг хэлж хундага өргөнө. Зоогийн үеэр улаан, цагаан дарс, төрөл бүрийн ундаагаар үйлчилнэ.
52.6 Баримт бичигт гарын үсэг зурах
Баримт бичигт гарын үсэг зурах ёслол ГХЯ-ны бага танхимд буюу хэлэлцээний өрөөнд болно. Үсэг зурах ширээн дээр зүүн гар талд монгол улсын, баруун гар талд тухайн улсын төрийн далбааг зэрэгцүүлэн тавина. Үзэг, бэх дарагч, үсэг зурах баримт бичиг зэргийг тавина. Үсэг зурахын өмнө баримт бичгийн болон үсэг зурах хүмүүсийн албан тушаал, овог, нэрийг хэлж зарлана. Баримт бичигт гарын үсэг зурсан хүмүүс суудлаасаа босч баримт бичгээ харилцан солилцоно. Ёслолд оролцогсдод шампан дарс барина.
52.7. Бусад зүйл
а/Гадаад хэргийн сайд албан ёсны болон ажлын айлчлал хийх хугацаанд тухайн улсад суугаа Элчин сайд, Ёслолын хэлтсийн ажилтан дагаж үйлчилнэ. Гадаад хэргийн сайдын гэргийд тусгай хөтөлбөр бэлтгэж үйлчилнэ;
б/албан ёсны айлчлал хийх Гадаад хэргийн сайд, түүний гэргийг оролцуулан 5 хүртэл хүний зардлыг монголын тал хариуцаж болно. Харилцан адил байх зарчим, тухайн үеийн байдлаас хамаарч зардал даах хүний тоо үүнээс цөөн байж болно;
в/албан ёсны болон ажлын айлчлал хийх Гадаад хэргийн сайдын айлчлалын хөтөлбөрийн хавтас нь Монгол улс , тухайн улсын төрийн далбааны зурагтай, монгол хэл, тухайн орны буюу харилцан тохиролцсон аль нэгэн хэл дээр хэвлэсэн байна;
г/Монгол улсын Гадаад харилцааны сайд гадаад улсын Гадаад хэргийн сайдад (гэргий/нөхөр) монгол үндэсний дурсгалын зүйл өгнө;
д/албан ёсны болон ажлын айлчлал хийх Гадаад хэргийн сайдад тусгай зориулалтын машин, магнай машин ,бие хамгаалагч гаргаж үйлчилнэ.
52.8. Үдэх
Албан ёсны болон ажлын айлчлал хийж байгаа Гадаад хэргийн сайд нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал руу хөдлөхөөс өмнө Гадаад харилцааны сайд /гэргий/ түүний буусан өргөөнд очиж үдэлтийн уулзалт хийнэ. Уулзалтад Монгол улсын элчин сайд, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Ёслолын хэлтсийн дарга байлцана. Уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд айлчлалын үеийн гэрэл зургийн цомгийг Гадаад хэргийн сайдад дурсгана. Гадаад хэргийн сайдын гэргийд амьд цэцгийн баглаа барина.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Гадаад хэргийн сайдтай хамт нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд ирнэ.
Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол улс, тухайн улсын төрийн далбааг мандуулж, онгоц /галт тэрэг/-ны шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна. Гадаад хэргийн сайдыг Төрийн нарийн бичгийн дарга /гэргий буюу нөхрийн хамт ирсэн тохиолдолд Төрийн нарийн бичгийн дарга хоёул байна/, Элчин сайд , Ёслолын хэлтсийн дарга үдэж мордуулна.
53. Гадаад хэргийн сайдын хувийн айлчлал
53.1. Угтах
Гадаад улсын Гадаад хэргийн сайд монгол улсад хувийн айлчлалаар хүрэлцэн ирэхэд Гадаад харилцааны яамны чиглэлийн газрын ахлах мэргэжилтэн, Ёслолын хэлтсийн ажилтны хамт угтана.
53.2 Ёслолын уулзалт ,зоог
Монгол улсын Гадаад харилцааны сайд хувийн айлчлалаар ирэх гадаад улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзаж зоог барина. Гадаад харилцааны сайд хувийн бэлэг, дурсгалын зүйл өгч болно.
53.3.Бусад зүйл
Гадаад хэргийн сайдын хувийн айлчлалын хугацаанд түүнд тусгай зориулалтын машинаар үйлчилнэ. Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал, байрлах өргөө, машинд далбаа мандуулахгүй. Хувийн айлчлалаар ирсэн Гадаад хэргийн сайдыг угтсан хүмүүс үдэж мордуулна.
54. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн
даргын айлчлал
54.1. Угтах
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /Ерөнхий нарийн бичгийн дарга гэнэ/ айлчилж ирэхэд нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол улс, НҮБ-ын далбааг мандуулж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга угтана. Ерөнхий нарийн бичгийн дарга гэргийтэй ирэх тохиолдолд Төрийн нарийн бичгийн дарга гэргийтэй угтана. Төрийн нарийн бичгийн дарга Ерөнхий нарийн бичгийн даргыг буух буудалд нь хүргэж ирнэ.
Ерөнхий нарийн бичгийн даргын байрлах байрны гадаа НҮБ-ын далбааг мандуулна.
54.2. Ерөнхий нарийн бичгийн даргад үйлчлэх машин, хамгаалалт
Монгол улсад айлчлах Ерөнхий нарийн бичгийн даргад тусгай зориулалтын машин, магнай машин, бие хамгаалагч гаргаж үйлчилнэ. Гол машин, ёслол, хамгаалалтын машинд холбоо барих аппарат хэрэгсэл суурилуулсан байна.
54.3. Хэлэлцээ, ёслолын уулзалт, зоог
54.3.1. Хэлэлцээ
Монгол улсын Гадаад харилцааны сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай ГХЯ-нд хэлэлцээ хийнэ. Хэлэлцээ хийх үеэр ГХЯ-ны гол хаалганы баруун талд НҮБ-ын далбаа, зүүн талд Монгол улсын төрийн далбааг мандуулна. Хэлэлцээний ширээн дээр амьд цэцэг, Монгол улс, НҮБ-ын далбаа, хэлэлцээнд албан ёсоор оролцогсдын нэрс, бичгийн хэрэгсэл тавина.
54.3.2. Уулзалт
Монгол улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхуулна. Албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
54.3.3. Хүндэтгэлийн зоог
Монгол улсын Гадаад харилцааны сайд Ерөнхий нарийн бичгийн даргад хүндэтгэлийн зоог барина. Зоогийн ширээн дээр амьд цэцэг, уригдсан хүмүүсийн нэрс, зоогийн цэс тавина. Апперитив барьж болно.
Хүндэтгэлийн зоогийн үеэр Гадаад харилцааны сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга харилцан үг хэлж, хундага өргөж болно. Зоогийн үеэр улаан, цагаан дарс, төрөл бүрийн ундаагаар үйлчилнэ.
54.4. Бусад зүйл
Ерөнхий нарийн бичгийн даргыг айлчлах хугацаанд НҮБ-ын дэргэд суугаа Монгол улсын Байнгын төлөөлөгч-Элчин сайд, Ёслолын хэлтсийн дарга дагаж үйлчилнэ. Ерөнхий нарийн бичгийн даргын гэргийд тусгай хөтөлбөр бэлтгэж үйлчилнэ.
Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалын хөтөлбөрийн хавтас нь Монгол улсын болон НҮБ-ын далбааны зурагтай, монгол, англи хэл дээр хэвлэсэн байна.
Гадаад харилцааны сайд Ерөнхий нарийн бичгийн даргад дурсгалын зүйл өгнө.
54.5. Үдэх
Ерөнхий нарийн бичгийн дарга нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал руу хөдлөхөөс өмнө Гадаад харилцааны сайд Ерөнхий нарийн бичгийн даргын буусан байранд очиж үдэлтийн уулзалт хийнэ. Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол улсын Байнгын төлөөлөгч-Элчин сайд, Ёслолын хэлтсийн дарга байлцана.
Гадаад харилцааны сайд Ерөнхий нарийн бичгийн даргад айлчлалын холбогдолтой гэрэл зургийн цомгийг дурсгана.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ерөнхий нарийн бичгийн даргыг нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд хүргэж ирнэ. Онгоц /галт тэрэг/-ны буудалд монгол улсын болон НҮБ-ын далбааг мандуулна. Ерөнхий нарийн бичгийн даргыг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Байнгын төлөөлөгч-Элчин сайд, Ёслолын хэлтсийн дарга үдэж мордуулна.
55. НҮБ-ын системийн болон Засгийн газар хоорондын
олон улсын бусад байгууллагын тэргүүний айлчлал
55.1. Угтах
НҮБ-ын системийн болон Засгийн газар хоорондын олон улсын бусад байгууллагын тэргүүн /ОУБ-ын тэргүүн гэнэ/ Монгол улсад айлчлахад нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол улс, тухайн ОУБ-ын далбааг мандуулна.
Тухайн ОУБ-тай хамгийн өргөн харилцаатай яамны Төрийн нарийн бичгийн дарга нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд ОУБ-ын тэргүүнийг угтана.
Төрийн нарийн бичгийн дарга ОУБ-ын тэргүүнийг буух буудалд нь хүргэж ирнэ. ОУБ-ын тэргүүнийг буудлын дарга угтаж авна. Буудлын гадаа тухайн ОУБ-ын далбааг мандуулна.
55.2. ОУБ-ын тэргүүнд үйлчлэх машин, хамгаалалт
Монгол улсад айлчлах ОУБ-ын тэргүүнд тусгай зориулалтын машин, бие хамгаалагч гаргаж үйлчилнэ..
55.3. Хэлэлцээ,уулзалт, зоог
55.3.1. Хэлэлцээ
Тухайн ОУБ-тай хамгийн өргөн харилцаатай салбарыг хариуцсан Засгийн газрын гишүүн ОУБ-ын тэргүүнтэй хэлэлцээ хийнэ. Хэлэлцээний ширээнд Монгол улсын болон тухайн ОУБ-ын далбаа, хэлэлцээнд албан ёсоор оролцогсдын нэрс, бичгийн хэрэгсэл тавина. Албан ёсны орчуулагч, тэмдэглэл хөтлөх хүн байна.
55.3.2. Ёслолын уулзалт
Монгол улсын Ерөнхий сайд ОУБ-ын тэргүүнийг хүлээн авч уулзана. Шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхуулж болно.
55.3.3. Хүндэтгэлийн зоог
Хэлэлцээ хийсэн Засгийн газрын гишүүн ОУБ-ын тэргүүнийг хүндэтгэн зоог барина. Апперитив барина. Засгийн газрын гишүүн, ОУБ-ын тэргүүн нар харилцан үг хэлж, хундага өргөнө. Зоогийн үеэр улаан, цагаан дарс,төрөл бүрийн ундаагаар үйлчилнэ.
55.4. Бусад зүйл
55.4.1. ОУБ-ын тэргүүнийг айлчлах хугацаанд тухайн ОУБ-тай өргөн харилцаатай холбогдох яамны газрын дарга, мөн яамны гадаад харилцаа хариуцсан ажилтан дагаж үйлчилнэ.
55.4.2. ОУБ-ын тэргүүний айлчлалын хөтөлбөрийн хавтас Монгол улсын болон тухайн ОУБ-ын далбааны зурагтай, монгол, англи хэл дээр хэвлэгдсэн байна.ОУБ-ын тэргүүнд түүнтэй хэлэлцээ хийсэн Засгийн газрын гишүүн дурсгалын зүйл өгнө.
55.5. Үдэх
ОУБ-ын тэргүүн нисэх онгоц /галт тэрэг/-ны буудал руу хөдлөхөөс өмнө түүнтэй хэлэлцээ хийсэн Засгийн газрын гишүүн түүний буусан буудалд очиж үдэлтийн уулзалт хийнэ. Уулзалтад ОУБ-ын тэргүүнийг угтсан хүмүүс байлцана. Уулзалтын төгсгөлд ОУБ-ын тэргүүнд айлчлалын холбогдолтой гэрэл зургийн цомог дурсгана.
ОУБ-ын тэргүүнийг анх угтсан холбогдох яамны Төрийн нарийн бичгийн дарга ОУБ-ын тэргүүнийг онгоц /галт тэрэг/-ны буудалд хүргэж ирнэ.
Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол улс, тухайн ОУБ-ын далбааг мандуулна. ОУБ-ын тэргүүнийг Төрийн нарийн бичгийн дарга, Ёслолын хэлтсийн дарга үдэж мордуулна.
56. Гадаадын төр, засгийн газар, парламентын
тэргүүн асан хүний айлчлал
56.1. Гадаад орны төр, засгийн газар, парламентын тэргүүн асан хүн /хойшид тэргүүн асан гэнэ/ манай урилгаар айлчлахад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газрын болон Ёслолын хэлтсийн ажилтан угтаж, үднэ. Тэргүүн асныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч уулзаж, зоог барина. Түүнийг төр, засгийн газар, парламентын тэргүүн нарын аль нэгэнд бараалхуулж болох бөгөөд хэнд бараалхуулахыг жич зохицуулна.
Тэргүүн асанд тусгай зориулалтын машинаар үйлчилнэ. Харин бие хамгаалагч ажиллуулах, магнайн машин гаргах эсэхийг жич шийдвэрлэнэ. Онгоц /галт тэрэг/-ны буудал, өргөө, машинд төрийн далбаа мандуулахгүй.
57. Гадаадын төрийн тэргүүний угсаа залгамжлах
хунтайж, гүнжийн айлчлал
57.1.Гадаад орны төрийн тэргүүний угсаа залгамжлах хунтайж, гүнжийн Монгол улсад хийх айлчлалын нэр, хөтөлбөрийг хоёр тал урьдчилан тохиролцоно.
57.1.1. Гадаад орны төрийн тэргүүний угсаа залгамжлах хунтайж, гүнжийг угтах, үдэх газар, буудаллах харш, унаанд нь тухайн хүнд хамаарах далбааг мандуулж болно.
57.1.2. Монгол улсад гадаад орны төрийн тэргүүний угсаа залгамжлах хунтайж, гүнж айлчлахад нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ёслолын хэлтсийн дарга угтаж, үдэх бөгөөд Гадаад харилцааны сайд зоог барина. Харин шаардлагатай гэж үзвэл Ерөнхийлөгчид бараалхуулж болно.
57.1.3. Гадаад орны төрийн тэргүүний угсаа залгамжлах хунтайж, гүнжийг Монгол улсад айлчлахад Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ-ны Ёслолын хэлтсийн ажилтан дагаж үйлчилнэ.
57.1.4. Гадаад орны төрийн тэргүүний угсаа залгамжлах хунтайж, гүнжийн Монгол улсад хийх айлчлалын хөтөлбөрийн хавтсыг төрийн далбааны зураггүй, монгол хэл, тухайн улсын буюу харилцан тохиролцсон аль нэг гадаад хэл дээр хэвлүүлнэ.
58. Холбооны улсын бүрэлдэхүүнд багтддаг
Бүгд найрамдах улсын төр, засгийн газрын
тэргүүн, парламентын даргын айлчлал
58.1. Холбооны улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах улсын төр, засгийн тэргүүн /БНУ-ын төр, засгийн газрын тэргүүн гэнэ/, парламентын даргын Монгол улсад хийх албан ёсны болон ажлын айлчлалыг гадаад улсын төр, засгийн газрын өндөр албан тушаалтны айлчлалд хамруулна.
58.1.1. Угтах
БНУ-ын төр, засгийн газрын тэргүүн, парламентын даргыг нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга буюу тэдэнтэй адилтгах зиндааны албан тушаалтан Ёслолын хэлтсийн даргын хамт угтаж үднэ. Нисэх онгоц /галт тэрэг/-ны буудалд Монгол улс, Холбооны улсын төрийн далбааг мандуулж болно. Нисэх онгоц /галт тэрэг/-ны шатанд гудаслаг улаан хивс дэвссэн байна. БНУ-ын төр, засгийн тэргүүн, парламентын дарга автомашинаар ирэх тохиолдолд угтах ёслолыг Улаанбаатар хотын гадна товлосон газарт зохион байгуулж болно.
58.1.2 Төрийн далбаа хэрэглэх
БНУ-ын төр, засгийн газрын тэргүүн, парламентын даргын хөлөглөх машин, байрлах өргөөнд тухайн БНУ-ын төрийн далбаа мандуулж болно. БНУ-ын төр, засгийн тэргүүн, парламентын даргын хэлэлцээ хийх, баримт бичигт гарын үсэг зурах ширээнд Монгол улс, тухайн БНУ, Холбооны улсын төрийн далбааг байрлуулна. Харин Монгол улсын төрийн далбаа, тухайн БНУ-ын далбааг зэрэгцүүлэн хэрэглэж үл болно.
58.1.3. Хэлэлцээ, зоог
Монгол улсын Засгийн газрын аль нэг гишүүн БНУ-ын төр, засгийн газрын тэргүүнтэй, УИХ-ын дэд дарга парламентын даргатай Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, зоог барина. Хэлэлцээ, зоогт тухайн Холбооны улсын Элчин сайд /сайд эзгүй үед хэргийг түр хамаарагч/-ыг урина.
58.1.4. Уулзалт
Монгол улсын төр, засгийн газрын тэргүүн, УИХ-ын даргад БНУ-ын төр, засгийн газрын тэргүүн, парламентын даргыг тус тусын шугамаар бараалхуулж болно. Бараалхах уулзалтыг Төрийн ордны уулзалтын танхимд зохион байгуулна. Уулзалтад тухайн Холбооны улсын Элчин сайд /сайд эзгүй үед хэргийг түр хамаарагч/-ыг урьж оролцуулна.
58.1.5. Бусад зүйл
а/ БНУ-ын төр, засгийн газрын тэргүүн, парламентын даргыг айлчлалын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УИХ-ын Тамгын газар, Ёслолын хэлтсийн ажилтан дагаж үйлчилнэ;
б/ БНУ-ын төр, засгийн газрын тэргүүн, парламентын даргад тусгай зориулалтын машин, бие хамгаалагч, магнайн машин гаргаж үйлчилнэ;
в/ Монгол улсын Pасгийн газрын аль нэг гишүүн, УИХ-ын дэд даргын нэрээр БНУ-ын төр, засгийн газрын тэргүүн, парламентын даргад монгол үндэсний бэлэг дурсгалын зүйл өгч болно;
г/ БНУ-ын төр, засгийн газрын тэргүүн, парламентын дарга албан ёсоор айлчлахад тэргүүнийг оролцуулан 5 хүртэл хүний зардлыг монголын тал дааж болно. Харилцан адил байх зарчим, тухайн үеийн байдлаас хамаарч зардал даах хүний тоо үүнээс цөөн байж болно.
59. Хэвлэл мэдээлэл
59.1. Энэ журамд заасан дипломат ёслолын аливаа арга хэмжээг нийтэд мэдээлэх, түүнд гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хэрхэн хамруулахыг Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилдөн зохион байгуулна.
59.1.1. Дипломат ёслолын арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх ажлыг Гадаад харилцааны яам хариуцан зохицуулж байна.
59.1.2. Монгол Улс гадаад улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн болон гадаад улстай албан ёсны дипломат харилцаа тогтоосон тухай албан ёсны шийдвэрийг тухайн улстай тохиролцсоны үндсэн дээр харилцан адил байх зарчмыг баримтлан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
59.1.3. Монгол улсаас гадаад орон, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад ДТГ нээсэн, ДТГ-ын тэргүүн Итгэмжлэх жуух бичиг болон Итгэмжлэх захидал гардуулсан тухайг хэвлэл, радио, телевизээр мэдээлнэ.
59.1.4. Монгол улсын төр, засгийн дээд албан тушаалтан болон Гадаад харилцааны сайд гадаад улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, ОУБ-ын удирдлагад баяр хүргэсэн, эмгэнэл илэрхийлсэн хийгээд түүхт ой, тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан цахилгаан утас солилцсон, тэдгээрийн хурал чуулган, бусад арга хэмжээнд оролцсон, үг хэлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
59.1.5. Дипломат харилцаа бүхий гадаад улсын үндэсний баярыг тохиолдуулан хоёр талын харилцааны түвшин, харилцан адил байх зарчмыг баримтлан хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус улсад суугаа ДТГ-ын тэргүүнээс ярилцлага авах, үг хэлүүлэх, дээд болон өндөр хэмжээнд солилцсон баярын цахилгаан утсуудыг нийтлэх, ДТГ-аас ойд зориулан зохиосон арга хэмжээг мэдээлэх зэргээр ажиллаж болно.
59.2. Монгол Улсын төр, Засгийн газрын дээд,өндөр албан тушаалтан, Гадаад харилцааны сайдын айлчлалыг мэдээлэх.
59.2.1. Монгол улсын төр, Засгийн газрын дээд, өндөр албан тушаалтан, Гадаад харилцааны сайд гадаадад албан, ажлын айлчлал хийх тухай товч мэдээг уг айлчлал эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө хэвлэлд нийтэлж, айлчлахаар мордсон, айлчлалын явц, эргэж ирсэн талаар тухай бүр мэдээлнэ. Монгол улсын төр, Засгийн дээд, өндөр албан тушаалтан гадаадад албан ёсны болон ажлын айлчлал хийхэд хэвлэл мэдээллийн болон баримтат киноны хэсэг дагалдаж болно.
59.3. Гадаад улсын төр, засгийн газрын дээд албан тушаалтны айлчлалыг мэдээлэх
59.3.1. Манай улсад гадаад улсын төр, засгийн газрын дээд албан тушаалтан албан ёсны болон ажлын айлчлал /хойшид айлчлал гэнэ/ хийх тухай мэдээг айлчлал эхлэхээс арваас доошгүй хоногийн өмнө, тухайн хүний гэрэл зураг, намтрыг айлчлал эхлэхээс нэг хоногийн өмнө буюу айлчлал эхлэх өдөр нийтэлнэ. Айлчлалын хөтөлбөрт заасан арга хэмжээний үеэр хэвлэлийн хэсэг дагалдан сурвалжилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүр мэдээлж байна.
59.3.2. Гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэсэг, гэрэл зурагчид, киноны болон телевизийн зураглаачдыг хэлэлцээ, хүндэтгэлийн зоог зэрэг зарим арга хэмжээний эхэнд 3 минутаас илүүгүй хугацаанд багтаан сурвалжлага хийлгэж болно.
59.3.3. Айлчлалын тухай хэвлэлийн бага хурал, хэвлэлийн уулзалт, ганцаарчилсан болон хэсэгчилсэн ярилцлага зэргийг хоёр орны харилцааны түвшин, харилцан адил байх зарчмыг баримтлан ГХЯ-наас аль тохиромжтой хэлбэрээр зохион байгуулна.
59.3.4. Монгол улсад албан болон ажлын айлчлалаар хүрэлцэн ирэх Гадаад улсын төр, засгийн дээд, өндөр албан тушаалтныг дагалдан яваа хэвлэлийн хэсгийн үйл ажиллагааг Гадаад харилцааны яам эрхлэн зохион байгуулна.
59.4. Итгэмжлэх жуух бичиг, Итгэмжлэх захидал гардуулсан тухай мэдээлэх
59.4.1. Монгол улсын Ерөнхийлөгч гадаад орноос тус улсад суух Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийг, Гадаад харилцааны сайд ОУБ-ын суурин төлөөлөгч, гадаад улсын хэргийг хамаарагч нарын Итгэмжлэх захидлыг хүлээн авсан тухай хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр мэдээлнэ. Чингэхдээ Итгэмжлэх жуух бичиг, Итгэмжлэх захидлыг гардуулж буй болон холбогдох хүмүүс харилцан үг хэлж байгааг телевизээр дамжуулна.
Гадаад улсаас тус улсад суух анхны элчин сайд томилогдон ирэхэд баримтат кино зураг авч архивт хадгална.
59.5. Уулзалтуудыг мэдээлэх
59.5.1. Төр, засгийн дээд болон өндөр албан тушаалтан ДТГ-ын тэргүүнийг хүлээн авч уулзсан, дипломат ёслолын арга хэмжээ зохиосон тухай хэвлэлээр товч мэдээлж болно.
59.5.2. Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд ДТГ-ын тэргүүнийг өөрсдийн санаачилгаар болон тэдний хүсэлтээр, мөн эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж болно.
60. Бусад зүйл
60.1. Монгол улсын төрийн ба төрийн бус, хоршооллын болон хувийн хэвшлийн нийт байгууллага, иргэд төрийн ёслолын журамтай холбогдуулан хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж, энэ талаар Төрийн ёслолын алба, Гадаад харилцааны яамны Ёслолын хэлтэстэй хамтарч ажиллах үүрэгтэй.
60.2. Гадаад харилцааны яам энэ журамд заасан төрийн дипломат ёслолын үйл ажиллагааг тухайн цаг үеийн онцлог, гадаад улс, олон улсын байгууллагын ёслолын журам, олон улсын харилцааны тухайн үеийн практикт нийцүүлж зохих шийдвэр гаргуулан өөрчлөн уян хатан хэрэглэж болно.
60.3. Энэ журамд урьдчилан заагдаагүй айлчлал болон бусад арга хэмжээний талаар мэдээлэх, сурталчлах ажлыг уг журмын жишиж болох төрөл зүйлтэй адилтган зохицуулна.
--------- оОо ----------
Текст томруулах
A
A
A