- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "АГРОПАРК" ТӨСӨЛ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 136 дугаар
тогтоолын хавсралт
"АГРОПАРК" ТӨСӨЛ
Нэг. Үндэслэл
1. Ногоон хувьсгал хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд өрхийн аж ахуй эрхлэгчдэд төмс, хүнсний ногоог тариалах, хадгалах, хамгаалагдсан хөрсний тариаланг эрхлэх мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх үйл ажиллагаа орон нутагт дутагдаж байна. Төмс, хүнсний ногоо тариалж эхэлж байгаа өрх, иргэд тэдгээрийг тарих, арчлах, хураах, хадгалах технологийг мэддэггүйгээс ургац алдаж, энэ ажлын эрч орон нутагт саарч байна. Мөн ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж байгаа "Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд нарийн ногоо хэрэглүүлэх шаардлага ч гарч байна.
2. "Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд агропарк байгуулж шинээр тариалан эрхлэгчдэд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, арчлах, хураах, хадгалах технологийг зааж сургах, техникээр үйлчлэх, хураан авсан ургацыг нь хадгалах, иргэдийн орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор агропарк төслийг боловсруулав.
Хоёр. Төслийн зорилго
3. "Агропарк" төслийн зорилго нь "Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд сум, дүүрэг бүрт агропарк байгуулан ашиглахад оршино.
Гурав. Төслийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4. Сум, дүүрэг бүрт нэг агропарк буюу төслийн хүрээнд 334 агропаркийг 2008 оны 4-7 дугаар сард багтаан байгуулна.
5. Агропарк нь 120 м2-аас доошгүй талбайтай дуслын усалгаа бүхий хүлэмж, 18-20 морины хүчтэй бага оврын тракторын иж бүрдэл, 30 тонноос доошгүй багтаамж бүхий төмс, хүнсний ногооны зоорьтой байна.
Дөрөв. Агропаркийн үйл ажиллагааны чиглэл
6. Сум, дүүргийн агропарк нь дараахь үйл ажиллагааг явуулна:
6.1. Шинээр тариалан эрхлэгчдэд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, арчлах, хураах, хадгалах технологийн сургалт явуулах;
6.2. Ил талбайд төмс, хүнсний ногоо болон хүлэмжийн аж ахуйд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах иргэд, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх, сурталчилгаа хийх;
6.3. Тариалан эрхлэгчдийг газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа орчин үеийн дэвшилтэт техник, технологийн талаархи мэдээллээр хангах;
6.4. Өрхийн тариалан эрхлэгчдэд техникээр үйлчлэх, хураан авсан төмс, хүнсний ногоог нь хадгалах үйлчилгээ үзүүлэх;
6.5. Үйлдвэрлэл, сургалтын зориулалтаар төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалж, үр, суулгац үржүүлэх.
Тав. Төслийг хэрэгжүүлэх арга зам
7. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцын хөрөнгөөр агропаркийг байгуулна. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага агропаркад олгох бага оврын тракторыг нээлттэй сонгон шалгаруулалтаар авч сум, дүүрэгт олгоно. Зоорь, хүлэмж барих ажлыг тухайн нутаг дэвсгэрийн цаг агаарын онцлогт тохируулан төсөвт өртөгт багтаан сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
8. Агропарк төслийг зохион байгуулах, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх үүргийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
9. Агропаркийн үйл ажиллагаанд арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүргийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв, түүний харьяа орон нутаг дахь салбар, төлөөлөгч хэрэгжүүлнэ.
10. Агропаркийн үйл ажиллагааг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар өдөр тутмын удирдлагаар, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэргэжил, арга зүйн удирдлагаар тус тус хангаж, нэгдсэн хяналт тавин үйл ажиллагааны талаархи тайланг гаргаж жил бүрийн 12 дугаар сард хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
11. Агропаркийн үйл ажиллагааг өөрийн орлогоор нь санхүүжүүлнэ.
12. Агропаркийн хөрөнгө нь аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын эзэмшилд байх бөгөөд иргэн, хоршоо, нөхөрлөлд гэрээгээр ашиглуулна.
13. Агропаркийн өмчлөлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Зургаа. Агропарк байгуулахад шаардагдах тоног
төхөөрөмжийн зардал
14. Төслийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлын хөрөнгө оруулалт:
д/д
|
Хөрөнгө оруулалтын төрөл
|
Нэгж үнэ
(сая.төг)
|
Байгуулах сум, дүүргийн тоо
|
Нийт үнэ
(сая.төг)
|
1
|
18-20 морины хүчтэй трактор (анжис, цант борной бүхий)
|
4.0
|
334
|
1336.0
|
2
|
120 м2 талбай бүхий нийлэг хальсан хүлэмж
|
2.5
|
334
|
835.0
|
3
|
30 тонны багтаамжтай зоорь
|
5.0
|
334
|
1670.0
|
Дүн
|
11.0
|
334
|
3841.0
|
Долоо. Төслийн шалгуур үзүүлэлт
15. Төслийг дараахь шалгуур үзүүлэлтээр хэмжинэ:
15.1. Сум, дүүрэг бүрт агропарк байгуулагдсан байх;
15.2. Байгуулагдсан агропарк нь энэхүү төслийн 5-д заасан шаардлагыг хангасан байх;
15.3. Агропарк бүр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болсон байх.
---оОо---
Текст томруулах
A
A
A