- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭНД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2006 оны 263 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй болохыг баталгаажуулсан бөгөөд Үндсэн хуулийн Тавин тавдугаар зүйлд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр заасан.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өөрөө өмгөөлөгч сонгох талаар заасан бөгөөд өмгөөлөгчөө сонгож аваагүй бол хүсэлтээр нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх энэ эрхийг хангах үүрэгтэй. Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгдэгч болон шүүхээр эрхээ хамгаалуулж байгаа аливаа этгээд өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгчөө чөлөөтэй сонгон авах тухай заасан боловч ядуу, орлого багатай, төлбөрийн чадваргүй иргэд энэ эрхээ тэр бүр эдэлж чадахгүй байна.
Монгол Улсад эрүүгийн хэрэгт холбогдсон, ял эдэлж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь нэн ядуу, ядуу, боловсролын түвшин доогуур, эсхүл боловсролгүй, ажилгүй байна. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадваргүй буюу амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур амьдралтай иргэд гэмт хэрэг үйлдэх нь ихэсч байна. Тухайлбал, 2005 онд улсын хэмжээнд 10153 этгээд ял шийтгүүлснээс 7206 буюу 70.9 хувь нь төлбөрийн чадваргүй байх магадлалтай хүмүүст хамаарч байна.
Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйл, Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд "Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Уг зардлыг санхүүжүүлэх, тайлан тооцоо гаргах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина" гэж заасан бөгөөд үүний дагуу улсын төсвөөс 2002 онд 9 сая, 2003 онд 9 сая, 2004, 2005, 2006 онд тус тус 12 сая төгрөгийг Монголын өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 69 дүгээр тушаалаар баталсан "Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн хөлсний жишгийг тогтоох, зардлыг төсвөөс санхүүжүүлэх, тайлан гаргах журам"-аар өмгөөллийн хөлсний жишгийг хөнгөн хэрэгт 12600, хүндэвтэр хэрэгт 21600, хүнд хэрэгт 28800, онц хүнд хэрэгт 43200 төгрөгөөр тус тус тогтоосон.
Өмгөөллийн тухай хуулиар өмгөөлөгч жилд 2 удаа төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлөх үүрэг хүлээсэн байдаг. Гэвч төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн хөлс, ялангуяа хөнгөн, хүндэвтэр хэрэгт олгох хөлсний хэмжээ харьцангуй бага байдгаас хэрэг, маргаанд өмгөөлөгчөөр оролцох сонирхол байдаггүй бөгөөд тэдгээр нь үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэхээс байнга татгалздаг болно.
2006 оны 8 дугаар сарын байдлаар Монгол Улсад 1300 гаруй өмгөөлөгч байгаагаас 1100 орчим нь Улаанбаатар хотод төвлөрдөг тул хөдөө орон нутагт мэргэжлийн өмгөөлөгчийн хүрэлцээгүйгээс төлбөрийн чадваргүй иргэд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа юм.
Хууль тогтоомжийн хэрэгжилт, зохион байгуулалт хангалтгүй, шаардлагатай эрх зүйн тогтолцоо бүрдээгүй, өмгөөлөгчийн ажлын чанарт хяналт тавих хариуцлагын тогтолцоо байхгүй, түүнчлэн хууль зүйн туслалцаанд зориулж төсвөөс олгодог санхүүжилт маш бага байгаагаас нийгмийн эмзэг бүлэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх хуулийн заалт төдийлэн сайн хэрэгжихгүй байна.
1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шихихутуг, БИС дээр Хууль зүйн клиник төвүүд ажиллаж байгаа бөгөөд төвүүдэд хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутнууд багшийн удирдлага дор ажиллаж нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж байна.
Түүнчлэн Хүний эрх хөгжил төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байна.
Цаашид өмгөөллийн хөлс төлөх чадваргүй иргэдийн эрх ашгийг хамгаалан ажиллахад төрийн бус байгууллага, хууль зүйн клиник төвүүдийн оролцоог эрчимжүүлэх, төлбөрийн чадваргүй иргэдэд эрх ашгаа хамгаалах талаар сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцааг үнэ төлбөргүй хүргэх боломжийн талаар иргэдийн санал бодлыг тодруулахаар судалгаа явуулсан бөгөөд судалгаанд хамрагдагсдын 64,6 хувь нь энэ чиглэлээр тусгайлан байгууллага байгуулах хэрэгтэй, 27,1 хувь нь тодорхой төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцуулах нь зүйтэй, 8,3 хувь нь мэдэхгүй байна гэжээ. Энэ нь төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцааг "тусгайлсан байгууллага" байгуулах арга хэлбэрээр үнэ төлбөргүй хүргэхийг иргэд дэмжиж байгааг илэрхийлж байна.
Түүнчлэн олон нийтэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг хамгийн үр нөлөөтэй өгч чадах байгууллагаар дээрх судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь "Өмгөөллийн туслалцаа үзүүлэх төв" /Эрх зүйн туслалцааны төв/-ийг нэрлэжээ.
Дээр дурдсан байдлаас үзэхэд төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх бие даасан тогтолцоотой болох, түүнийг тодорхой бодлого, чиглэлтэйгээр шийдвэрлэж, хэрэгжүүлэх, Эрх зүйн туслалцааны төвийг бүх аймаг, дүүрэгт байгуулах асуудал чухлаар тавигдаж байна.
2.1. Төлбөрийн чадваргүй иргэдэд эрүүгийн хэргийн бүх шатанд хууль зүйн туслалцаа үзүүлэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлж, хууль зүйн туслалцааны хүртээмж, чанар болон иргэдийн эрх зүйн боловсролыг сайжруулах талаар дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго нь иргэдийн санхүүгийн байдлаас үл хамааран хууль зүйн туслалцааг тэгш, хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлэх үндэсний тогтолцоог бий болгох явдал юм.
Гурав. Хөтөлбөрийн зорилтууд
3.1. Дээрх зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
3.1.1. Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг хариуцсан буюу төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг байгуулах;
3.1.2. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх үйл ажиллагаа, эрх зүйн сурталчилгаа, албан бус сургалтын чанар, хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх ажлыг Монгол Улсад хамгийн тохиромжтой хэлбэрээр зохион байгуулах. Туршилтын журмаар ажиллаж байгаа төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх улсын өмгөөлөгчийн загвар-Эрх зүйн туслалцааны төвийг улсын хэмжээнд дэлгэрүүлэх;
3.1.3. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох талаар зөвлөмж гаргах;
3.1.4. Төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлж байгаа хууль зүйн туслалцааны чанарын болон хяналтын стандарт боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах, иргэнийг төлбөрийн чадваргүйд тооцох өнөөгийн шалгуурыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
3.1.5. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бий болгох асуудлыг судлан шийдвэрлүүлэх;
3.1.6. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр Монголын өмгөөлөгчдийн холбоо, холбогдох төрийн бус байгууллага, хууль зүйн клиникүүдийн үйл ажиллагааг дэмжин, Төвийн үйл ажиллагаатай уялдуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
3.1.7. Орон нутагт эрх зүйн мэдээлэл, лавлагаа, хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх.
4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагаатай нягт уялдуулах, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн сургууль, Монголын өмгөөлөгчдийн холбоог идэвхтэй оролцуулах, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, санхүүгийн эх үүсвэрийг хүртээмжтэй, үр ашигтайгаар хуваарилах зарчмыг баримтална.
5.1. Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх асуудлыг хариуцсан буюу эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага байгуулах чиглэлээр:
5.1.1. Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг хариуцсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс болон хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, холбогдох бусад байгууллагын төлөөлөл бүхий Үндэсний зөвлөлийг байгуулна. Үндэсний зөвлөл нь орон тооны бус байх бөгөөд түүнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдаж бүрэлдэхүүнийг батална.
Үндэсний зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
-хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрх зүйн сурталчилгаа, албан бус сургалтын талаар бодлого боловсруулахад туслах, зөвлөмж гаргах, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг хангах, хууль зүйн туслалцааны санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, түүний зарцуулалтад хяналт тавих;
-эрх зүйн туслалцааны төвүүдийг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж удирдлагаар хангах;
-орон нутагт хууль зүйн анхан шатны туслалцаа үзүүлэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэтийн төлөвийг тодорхойлох;
-орон нутгийн түвшинд улсын өмгөөллийн үйл ажиллагааг явуулах болон хууль зүйн анхан шатны туслалцаа үзүүлэх, мэдээлэл, сурталчилгаа явуулах нөхцөлөөр хангах;
-эрх зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг явуулахад шаардлагатай эрх зүйн акт, зөвлөмжийг боловсруулан шийдвэрлүүлэх;
-эрх зүйн үнэ төлбөргүй туслалцааны чанарын болон хяналт шалгалтын стандартуудыг эрх зүйн туслалцааны төвүүдтэй хамтран боловсруулж батлуулах;
-төлбөрийн чадваргүй байдлыг тогтоох шалгуур үзүүлэлтийг шинэчлэн боловсруулах;
-төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх эрх зүйн туслалцааны хүртээмжтэй байдлыг хангах талаар байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, ажлыг нь сайжруулах чиглэлээр зөвлөмж гаргах;
-эрх зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх ажилд шаардагдах төсвийг батлуулах;
-хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагын хандив, тусламж ашиглах боломжийг судалж шийдвэрлүүлэх;
-хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх хувийн өмгөөлөгчийн хөлсний хэмжээг тогтоох шалгуур үзүүлэлтийг боловсруулах;
-Эрх зүйн туслалцааны төв байгуулагдаагүй нутаг дэвсгэрт эрх зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх ажлыг зохион байгуулах;
-хүний нөөц болоод санхүүгийн эх үүсвэрийг үр дүнтэй ашиглах менежментийн бодлого явуулах.
5.2. Хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх үйл ажиллагаа, эрх зүйн сурталчилгаа, албан бус сургалтын чанар, хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх ажлыг Монгол Улсад хамгийн тохиромжтой хэлбэрээр зохион байгуулах. Төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн туслалцаа үзүүлэх туршилтын журмаар ажиллаж байгаа улсын өмгөөлөгчийн загвар-Эрх зүйн туслалцааны төвийг улсын хэмжээнд дэлгэрүүлэх чиглэлээр:
5.2.1. Эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх, орон нутагт эрүү, иргэн, захиргааны хэрэгт анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа явуулах зорилгоор Эрх зүйн туслалцааны төвийг байгуулан ажиллуулна;
5.2.2. Төвүүдийг улсын хэмжээнд байгуулах бүх бололцоог судлан, гадаад, дотоодын байгууллагын дэмжлэг, туслалцаа авах ажлыг зохион байгуулна;
5.2.3. Төвд орон тооны улсын өмгөөлөгчдийг ажиллуулна. Төвд ажиллах төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчдийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгаруулж гэрээ байгуулан ажиллуулна;
5.2.4. Орон нутагт эрүү, иргэн, захиргааны хэрэгт анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа явуулах ажлыг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран гүйцэтгэнэ;
5.2.5. Төвд 1-3 өмгөөлөгч аймаг, дүүргийн хуулийн хэлтсийн 1 мэргэжилтэн ажиллана. Тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн ам болон гарч байгаа хэргийн тоо, төлбөрийн чадваргүй иргэдийн эзлэх хувь зэргийг үндэслэн төвд ажиллах орон тооны өмгөөлөгчийн тоог тогтооно;
5.2.6. Эрх зүйн туслалцааны төвийн чиг үүрэг:
-төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн чанартай туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх;
-эрүү, иргэн, захиргааны хэрэгт анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх;
-эрх зүйн албан бус сургалт, сурталчилгаа явуулах;
-хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлсэн талаархи статистик мэдээг Үндэсний зөвлөлд гаргаж, ажлаа тайлагнаж байх;
-иргэний төлбөрийн чадваргүйг тогтоох сорил авах;
-хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх өмгөөлөгчийг хуваарилах;
-ажлын ачаалал нэмэгдэх болон шаардлагатай бусад тохиолдолд хувийн өмгөөлөгчтэй гэрээ байгуулан ажиллах;
-өмгөөлөгчийн үйл ажиллагаанд чанарын хяналт тавих.
5.3. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр:
5.3.1. Үндэсний зөвлөл нь хөтөлбөрт тусгагдсан бодлогын шинжтэй арга хэмжээг зохион байгуулах, улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, туслалцаа үзүүлэх хэлбэр, журам, үнэ төлбөргүй туслалцааны хамрах хүрээ зэргийг тодорхойлсон холбогдох хууль, эрх зүйн актын төсөл боловсруулж, батлуулах арга хэмжээ авч, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулна;
5.3.2. Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог бий болгож өмгөөллийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтын чиг үүргээс нарийн зааглаж өгнө.
5.4. Төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлж байгаа хууль зүйн туслалцааны чанарын болон хяналтын стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах, төлбөрийн чадваргүй байдлыг тогтоох аргачлалыг боловсронгуй болгох чиглэлээр:
5.4.1. Эрх зүйн туслалцааны төвтэй хамтран үнэ төлбөргүй үзүүлэх эрх зүйн туслалцааны чанарын болон хяналтын стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулж, мөрдүүлэх;
5.4.2. Төлбөрийн чадваргүй нийт иргэдийн судалгааг гаргах, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн төлбөрийн чадваргүйг нотолсон тодорхойлолтыг оршин суугаа баг, хороо, сум, дүүргээс олгох нь хүндрэлтэй байгаа тул гадаадын туршлагаас судалж, төлбөрийн чадваргүй байдлыг тогтоох шалгуур үзүүлэлтийг боловсруулах, хууль тогтоомжид тусгах арга хэмжээ авах.
5.5. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бий болгох асуудлыг судлан шийдвэрлүүлэх чиглэлээр:
5.5.1. Хөтөлбөрийг төсөв, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ;
5.5.2. Үндэсний зөвлөл эрх зүйн туслалцааны төвийн өмгөөллийн болон хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн сурталчилгаа, албан бус сургалт явуулах үйл ажиллагааг иргэдэд чанартай, үр дүнтэй хүргэхийн тулд төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэхэд төсвөөс шаардагдах нийт зардлын тооцоог гаргаж, уг тооцоог үндэслэн төсөв, олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагаас санхүүжилт авах боломж, бололцоог судлан, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авна;
5.5.3. Өмгөөллийн хөлс төлөх журмыг өөрчлөн, асуудлыг хүндрэлгүй зохион байгуулах, ялангуяа төсвөөс олгох хөлсийг баталгаатай болгож, төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлсний дараа өмгөөлөгчийн хөлсийг нэн даруй олгодог тогтолцоог бүрдүүлнэ.
5.6. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр Монголын өмгөөлөгчдийн холбоо, төрийн бус байгууллага, хууль зүйн клиникүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн ажлын уялдааг хангах чиглэлээр:
5.6.1. Хуулийн сургуулийн клиник сургалтын төвийн нөөц бололцоог ашиглах, төгсөх ангийн оюутнууд болон шинэ төгсөгчдийг төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх ажилд өргөнөөр оролцуулах ажлыг дэс дараатай зохион байгуулна;
5.6.3. Иргэдийн эрх зүйн боловсрол, түүний дотор өмгөөлүүлэх эрхээ эдлэх талаархи мэдлэгийг дээшлүүлэхэд өмгөөллийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх арга хэмжээ авна;
5.6.4. Төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлөхтэй холбоотой онцлог, үүрэг, ач холбогдлын талаар төрөлжсөн сургалтыг зохион явуулна;
5.6.5. Өмгөөлөгчдөөс төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх сайн дурын өмгөөллийг Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран өргөжүүлнэ;
5.6.6. Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлдэг өмгөөлөгч, төрийн бус байгууллагын ажилтнууд, хуулийн ангийн оюутнуудад зориулсан сургалт зохион байгуулж, гарын авлага боловсруулна.
5.7. Орон нутагт эрх зүйн мэдээлэл, лавлагаа, хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр:
5.7.1. Орон нутагт эрх зүйн мэдээлэл, лавлагаа, хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор эрх зүйн төвийн хүрээнд эрх зүйн хөтөч /эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилтан/-ийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
5.7.2. Иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгааны ажлыг орон нутагт зохион байгуулах чиглэлээр аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эрх зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллана;
5.7.3. Орон нутагт иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн сурталчилгаа, албан бус сургалт явуулах ажилтнуудыг бэлтгэх, сургах, тэдгээрийн ажлын удирдамжийг боловсруулна.
Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаа
6.1. Хөтөлбөрийг 2012 он хүртэл хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
I үе шат – (2006-2011 он)-ыг хэрэгжүүлэхэд дор дурдсан үйл ажиллагааг явуулна:
-Үндэсний зөвлөлийг байгуулан ажиллуулах;
-холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл боловсруулж батлуулах;
-Эрх зүйн туслалцааны төвийг бүх аймаг, дүүрэгт байгуулах;
-төвд ажиллах улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулж тэдгээртэй гэрээ байгуулах;
-иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн сурталчилгаа, албан бус сургалт явуулах ажлыг зохион байгуулах;
-орон нутагт иргэдэд эрүү, иргэн, захиргааны чиглэлээр хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, эрх зүйн сурталчилгаа, албан бус сургалт явуулах ажилтныг сургах, тэдгээрийн ажлын удирдамжийг боловсруулах;
-эрх зүйн туслалцааны чанарын болон хяналтын стандартуудыг Эрх зүйн туслалцааны төвтэй хамтран боловсруулж батлуулан мөрдүүлэх;
-төлбөрийн чадваргүй байдлыг тогтоох шалгуур үзүүлэлтийг боловсруулж мөрдүүлэх;
-төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцааны зардлыг улсын төсөв, төсөл, хандивын хөрөнгөөр санхүүжүүлэх бололцоог судлан шийдвэрлүүлэх;
-хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх хувийн өмгөөлөгчийн хөлсний хэмжээг тогтоох шалгуур үзүүлэлтийг тодорхойлох;
-орон нутагт иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
-орон нутагт эрх зүйн мэдээлэл, лавлагаа, хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор эрх зүйн төвийн хүрээнд эрх зүйн хөтөч /эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилтан/-ийн үйлчилгээг нэвтрүүлэх;
-орон нутагт иргэдэд эрх зүйн зөвлөгөө өгөх, эрх зүйн сурталчилгаа, албан бус сургалт явуулах ажилтныг бэлтгэх, сургах, тэдгээрийн ажлын удирдамж, стандартыг боловсруулан мөрдүүлэх;
-иргэдийн эрх зүйн боловсрол, түүний дотор өмгөөлүүлэх эрхээ эдлэх талаар ямар үр дүнд хүрснийг тодорхойлох, судалгаа явуулах.
П үе шат – (2012 он)-ыг хэрэгжүүлэхэд дор дурдсан үйл ажиллагаа явуулна:
-Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй, тогтвортой явуулах бүх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ;
-Эрх зүйн туслалцааны төвийн санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлүүлнэ.
Долоо. Хүрэх үр дүн
Энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсад төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх хууль, эрх зүйн таатай орчин бүрдэж, хэрэгжилтэд нь хяналт тавих боломжтой болно.
---оОо---
Текст томруулах
A
A
A