- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ШААРДЛАГАТАЙ ӨРХ,ИРГЭНД ТУСЛАМЖ,ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Монгол Улслын Засгийн газрын 2008 оны 162 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ ТУСЛАЛЦАА ШААРДЛАГАТАЙ
ӨРХ, ИРГЭНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан тусламж, хөнгөлөлтийг олгоход энэхүү журмыг баримтална.
1.2. Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэнд олгох тусламж, хөнгөлөлтийн зардлыг Нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
1.3. Энэхүү журмын 1.1-д заасан тусламж, хөнгөлөлтөөс Нийгмийн халамжийн тухай хуулийн 25.1.2, 25.1.4, 25.1.5, 25.1.6-д заасан хөнгөлөлтийг олгохтой холбогдсон харилцааг Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журмаар тус тус зохицуулна.
Хоёр. Тусламж, хөнгөлөлт олгох, шийдвэрлэх
2.1. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж (цаашид "тусламж" гэх) болон хүнд нөхцөлд байгаа хүүхдийн цэцэрлэгийн хоолны хөнгөлөлт авахыг хүссэн иргэн энэхүү журмын 3-т заасан бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.
2.2. Сум, хорооны нийгмийн ажилтан тусламж, хөнгөлөлтөд хамрагдах тухай хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн бичиг баримт болон түүний амьдралын нөхцөлийг судлан үзэж, гаргасан саналын хамт ажлын 10 хоногт багтаан Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
2.3. Сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл тухайн өрхийн амьжиргааны түвшинг үнэлж, нэн ядуу амьдралтай хүүхдийг тодорхойлно.
2.4. Сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл хүсэлт гаргасан иргэнийг тусламж, хөнгөлөлтөд хамруулах эсэх асуудлыг хэлэлцээд шийдвэрээ сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
2.5. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь сум, хорооны Амьжиргааг дэмжих
зөвлөлийн шийдвэрийг ажлын 10 хоногт багтаан хянан үзэж, тусламж, хөнгөлөлтийн хувийн хэрэг нээнэ.
2.6. Тухайн иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний аль алинд хамрагдах тохиолдолд энэ журмын 3-т заасан бичиг баримтаа давхардуулахгүйгээр бүрдүүлж болно. Энэ тохиолдолд сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага тухайн иргэнд нэг хувийн хэрэг нээнэ.
2.7. Байнгын асаргаа шаардлагатай иргэн, 14 хүртэлх насны гурав болон түүнээс дээш тооны хүүхэдтэй өрх толгойлсон эх (эцэг), гурав хүртэлх насны ихэр хүүхдэд тусламж олгохдоо сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь тусламжийн дэвтэр нээнэ.
2.8. Байнгын асаргаа шаардлагатай иргэнд олгох тусламжийг иргэний өргөдөл гаргасан өдрөөс эхлэн тооцож 24 сараар тогтооно. Тусламж олгох хугацааг сунгах асуудлыг сумын ерөнхий эмч, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэсэн сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн саналыг харгалзан сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага шийдвэрлэнэ.
2.9. Гурав хүртэлх насны ихэр хүүхдэд жилд нэг удаа олгох тусламж авах өргөдлийг энэхүү журмын 3-т заасан бичиг баримтын хамт сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад өгч шийдвэрлүүлнэ.
2.10. Сумын нийгмийн ажилтан, нийгмийн дүүргийн халамж үйлчилгээний байгууллага тусламж, хөнгөлөлтийг олгохдоо тухайн иргэн сум, хорооны нийгмийн ажилтанд анх өргөдөл гаргасан өдрөөс эхлэн тооцож олгоно. Улирал, жилд нэг удаа олгодог тусламжийн тухайд хуанлийн өдрөөр тооцолгүйгээр бүтнээр нь олгоно.
2.11. Сумын нийгмийн ажилтан, нийгмийн дүүргийн халамж үйлчилгээний байгууллага нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийн хоолны үнийн хөнгөлөлтийг сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагын дансанд сар бүр шилжүүлнэ. Харин тусламж авах иргэдэд мөнгийг банкаар дамжуулан олгоно.
2.12. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр тусламж авах бололцоогүй иргэний тусламжийг түүний итгэмжлэгдсэн хүнд, эсхүл нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгч болно.
2.13. 16-гаас доош насны хүүхдэд олгох тусламжийг эх (эцэг), эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.
2.14. Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамж үйлчилгээний байгууллага банкаар дамжуулан тусламжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.
2.15. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь шилжин суурьшсан иргэний хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд эх хувийг тухайн иргэнд өгнө. Иргэн нь шилжин очсон газраасаа уг хувийн хэргээр тусламж, хөнгөлөлтөө үргэлжлүүлэн авна.
2.16. Сум, хорооны Засаг дарга тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан иргэдийн нэрсийн жагсаалтыг сум, хорооны нийт иргэдэд нээлттэй, ил тод мэдээлж байна.
2.17. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу олгоно.
Гурав. Тусламж, хөнгөлөлт авахад бүрдүүлэх
бичиг баримт
3.1. Гурав хүртэлх насны ихэр хүүхдэд жилд нэг удаа олгох тусламж авах иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.1.1. тусламж авахыг хүссэн эх (эцэг, асран хамгаалагч)-ийн өргөдөл;
3.1.2. эх (эцэг, асран хамгаалагч)-ийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.1.3. хүүхэд тус бүрийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
3.1.4. хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай баг (өрх)-ийн эмчийн тодорхойлолт;
3.1.5. эх (эцэг, асран хамгаалагч)-ийн 2 хувь цээж зураг;
3.1.6. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.
3.2. Байнгын асаргаа шаардлагатай иргэнд улиралд нэг удаа олгох тусламж авах иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.2.1. тусламж авахыг хүссэн өргөдөл;
3.2.2. байнгын асаргаанд байдаг тухай баг (өрх)-ийн эмчийн тодорхойлолт;
3.2.3. байнгын асаргаа шаардлагатай болохыг нь тогтоосон дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын, суманд сумын эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт;
3.2.4. байнгын асаргаанд байгаа хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт (16 насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт), 2 хувь зураг;
3.2.5. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.
3.3. Гурав болон түүнээс дээш тооны бага насны (14 хүртэлх насны) хүүхэдтэй өрх толгойлсон эх (эцэг)-эд жилд нэг удаа олгох тусламж авах иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.3.1. тусламж авахыг хүссэн өрх толгойлсон эх (эцэг)-ийн өргөдөл;
3.3.2. эхнэр (нөхөр)-ийн нас барсны гэрчилгээ;
3.3.3. өрх толгойлсон эх (эцэг)-ийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт, 2 хувь зураг;
3.3.4. хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай баг (өрх)-ийн эмчийн тодорхойлолт;
3.3.5. хүүхэд тус бүрийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
3.3.6. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.
3.4. 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд нэг удаа олгох тусламж авах иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.4.1. тусламж авахыг хүссэн өргөдөл;
3.4.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.4.3. эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, хэрэв хаяж, үрэгдүүлсэн бол иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагын архивын лавлагаа;
3.4.4. эцэг, эх байх эрхийг нь хассан тухай шүүхийн шийдвэр;
3.4.5. бүтэн өнчин болохыг нь тодорхойлсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.
3.5. Гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд нэг удаа олгох тусламж авах иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.5.1. тусламж авахыг хүссэн өргөдөл;
3.5.2. өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ хуулбарын хамт;
3.5.3. гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт;
3.5.4. гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон тухай болон ам бүлийн байдлын тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.
3.6. Хүнд нөхцөлд байгаа хүүхдэд олгох цэцэрлэгийн хоолны үнийн хөнгөлөлт авахыг хүссэн иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.6.1. хөнгөлөлт авахыг хүссэн иргэний өргөдөл;
3.6.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.6.3. хөнгөлөлт авахыг хүссэн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.6.4. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
3.6.5. цэцэрлэгт хүмүүждэг тухай цэцэрлэгийн тодорхойлолт;
3.6.6. хэрэв хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй бол сумын эмнэлгийн ерөнхий эмч, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын тодорхойлолт;
3.6.7. хэрэв нэн ядуу амьдралтай өрхийн хүүхэд бол Нийгмийн халамжийн тухай хуулийн 9.2-т заасан аргачлалын дагуу тухайн өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон тодорхойлолт;
3.6.8. хүүхэд нь бүтэн өнчин бол эцэг, эхийн нас барсны гэрчилгээ;
3.6.9. хүүхэд нь хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл доромжлолын улмаас бие махбодийн хохирол хүлээсэн, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хөдөлмөр эрхэлж байгааг тодорхойлсон цагдаагийн байгууллага болон сум, хорооны нийгмийн ажилтны тодорхойлолт.
Дөрөв. Тусламж, хөнгөлөлтийг зогсоох
4.1. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн саналыг харгалзан дараахь тохиолдолд иргэний тусламж, хөнгөлөлтийг зогсоох шийдвэр гаргана:
4.1.1. ихэр хүүхэд нь 3 нас хүрсэн;
4.1.2. байнгын асаргаа шаардлагатай иргэний биеийн байдал сайжирч асаргаа, сувилгаа шаардлагагүй болсныг сумын ерөнхий эмч, аймаг8 дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс тодорхойлсон;
4.1.3. өрх толгойлсон эх (эцэг) 3-аас цөөн тооны бага насны (14 хүртэлх) насны хүүхэдтэй болсон;
4.1.4 тусламж авагч нь нас барсан;
4.1.5. цэцэрлэгт хүмүүжиж байсан хүүхэд нь сургуульд орсон эсхүл цэцэрлэгт хүмүүжихээ больсон;
4.1.6. хуулиар тусламж авах эрх, хугацаа нь дуусгавар болсон.
4.2. Хуурамч бичиг, баримт бүрдүүлж тусламж авсан нь тогтоогдсон тохиолдолд тусламжийг зогсоож, буруутай хуулийн этгээд, албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.
4.3. Илүү олгогдсон тусламжийг нөхөн төлүүлэх талаар шүүх буюу улсын байцаагчийн шийдвэр гарсан бол тухайн иргэний нэг удаагийн тусламжийн 50-иас хэтрэхгүй хувиар суутгал хийж хохирлыг барагдуулна.
4.4. Энэ журмын 4.3-т зааснаас бусад тохиолдолд тусламжаас суутгал хийхийг хориглоно.
Тав. Бусад
5.1. Тусламж, хөнгөлөлт олгох үйл ажиллагаанд аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага дотоод хяналт тавина.
5.2. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан иргэний хувийн хэрэг, дэвтэрт тухай бүр бичилт хийж хяналт тавина.
5.3. Энэ журамд заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн иргэн, халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн, Амьжиргааг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зэргээр хууль зөрчсөн албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгогдсон тусламж, хөнгөлөлтийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
5.4. Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан иргэдийн бүртгэл мэдээллийг нийгмийн халамжийн нэгдсэн мэдээллийн санд оруулах, холбогдох мэдээ, тайлан, судалгааг сар, улирал, жилээр гаргах үүргийг хүлээнэ.
Текст томруулах
A
A
A