- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАД НАСТАНД ТУСЛАМЖ,ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 162 дугаар
тогтоолын 5 дугаар хавсралт
АХМАД НАСТАНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ
ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ахмад настанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан тусламж, хөнгөлөлтийг олгоход энэхүү журмыг баримтална.
1.2. Ахмад настны хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протезийн хэрэгсэлд сүүж-түнхний үе, сүүж-түнх, өвдөгний үе, дунд чөмөг, шилбэ, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, шилэн болон хуванцар нүд, нүдний болорыг хамруулна.
1.3. Ахмад настны харах болон сонсох эрхтний ортопедийн хэрэгсэлд сонсголын аппарат, харааны шил, +5 болон -5 ба түүнээс дээш харааны линзийг хамруулна.
1.4. Протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
1.5. Протез, ортопедийн хэрэгслийг гадаадад хийлгэсэн ахмад настанд хөнгөлөлт үзүүлэхдээ дотоодод хийлгэсэн протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнээр тооцож олгоно.
Хоёр. Тусламж, хөнгөлөлт олгох, шийдвэрлэх
2.1. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.3, 5.1.4, 5.1.5, 5.1.8-д заасан тусламж, хөнгөлөлт авахыг хүссэн иргэн энэхүү журмын 3-т заасан бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.
2.2. Сум, хорооны нийгмийн ажилтан тусламж, хөнгөлөлтөд хамрагдах тухай хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн бичиг баримт болон түүний амьдралын нөхцөлийг судлан үзэж, гаргасан саналын хамт ажлын 10 хоногт багтаан сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
2.3. Хүндэт донор ахмад настны хувьд тусламж, хөнгөлөлт авах хүсэлтээ энэхүү журмын 3-т заасан бичиг баримтын хамт сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад өгч шийдвэрлүүлнэ.
2.4. Сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл ахмад настанд орон сууц, түлшний үнийн хөнгөлөлт олгох эсэх талаар шийдвэр гаргахдаа тухайн орон нутгийн ахмадын байгууллагын саналыг харгалзана.
2.5. Сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл хүсэлт гаргасан иргэнийг тусламж, хөнгөлөлтөд хамруулах эсэх асуудлыг хэлэлцээд шийдвэрээ сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
2.6. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг ажлын 10 хоногт багтаан хянан үзэж, нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлтийн хувийн хэрэг нээнэ.
2.7. Тухайн иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний аль алинд нь хамрагдах тохиолдолд энэхүү журмын 3-т заасан бичиг баримтыг давхардуулахгүйгээр бүрдүүлж болно. Энэ тохиолдолд сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага тухайн иргэнд нэг хувийн хэрэг нээнэ.
2.8. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.1, 5.1.2, 5.1.9, 5.1.10, 5.1.11-; заасан тусламж, хөнгөлөлт авах хүсэлтэй ахмад настан нь энэхүү журмын 3-т заасан бичиг баримтыг сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад өгч шийдвэрлүүлнэ.
2.9. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага ахмад настны тусламж, хөнгөлөлтийг банкаар дамжуулан олгоно. Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамж үйлчилгээний байгууллага тусламж, хөнгөлөлтийг тухайн иргэний хадгаламжийн дансанд шилжүүлж болно.
2.10. Энэхүү журмын 1.2, 1.3-т заасан протез, ортопедийн хэрэгслийг ахмад настан хүссэн байгууллагаараа хийлгэж болно. Ортопедийн хэрэгслийн үнийг олгох асуудлыг нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт, сум, хорооны нийгмийн ажилтны бичгээр гаргасан саналыг үндэслэн аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага шийдвэрлэнэ.
2.11. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тусламж, хөнгөлөлтөө авах боломжгүй иргэний тусламж, хөнгөлөлтийг түүний итгэмжлэгдсэн хүнд, эсхүл нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгч болно.
2.12. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу олгоно.
2.13. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь байнга оршин сууж байгаа Засаг, захиргааны нэг нэгжээс нөгөөд бүрмөсөн шилжин суурьшсан иргэний хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд, эх хувийг тухайн иргэнд өгнө. Иргэн нь шилжин очсон газраасаа уг хувийн хэргээрээ тусламж, хөнгөлөлтөө үргэлжлүүлэн авна.
2.14. Ахмадын зориулалттай амралт, рашаан сувиллын эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийн хэмжээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.15. Энэхүү журмын 2.14-т заасан хөнгөлөлт үзүүлэх ахмадын зориулалттай амралт, рашаан сувиллыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулна.
2.16. Ахмад настан түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн дагуу 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хөнгөлөлт эдлэх эрх үүссэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд болон нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг энэхүү журмын 3.11-д заасан бичиг баримтыг үндэслэн сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага банкаар дамжуулан жилд нэг удаа олгоно.
2.17. Монгол Улсын болон хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр) -т орон сууцны хөлс төлөхөд болон нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон орон сууцны хөлсний болон түлшний үнийн хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ.
2.18. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 8.3.3-т заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ахмад настан нь нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харъяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчино.
(Энэ хэсэгт 2011-02-01-ний 31-р тогтоолоор өөрчлөлт орсон)
Гурав. Тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэний
бүрдүүлэх бичиг баримт
3.1. Протез, ортопедийн хэрэгслийн үнийг авахдаа ахмад настан дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.1.1. өргөдөл;
3.1.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.1.3 иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.1.4. протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт;
3.1.5. сум, хорооны нийгмийн ажилтнаас тухайн иргэнд ортопедийн хэрэгсэл шаардлагатай эсэхийг магадалсан бичгээр гаргасан санал;
3.1.6. протез хийлгэсэн бол мөнгө төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.
3.2. Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан болон хүндэт донор ахмад настан орон сууцны хөлс болон түлшний үнийн хөнгөлөлт авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.2.1. өргөдөл;
3.2.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.2.3. сум, хорооны Ахмадын байгууллагын санал;
3.2.4. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.2.5. хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт.
3.3. Магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувиллын зардлын хөнгөлөлт авахдаа ахмад настан дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.3.1. өргөдөл;
3.3.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.3.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.3.4 тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл;
3.3.5. эрхийн бичгийн хуулбар;
3.3.6. эмчилгээ сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт.
3.4. Магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувиллын зардлын хөнгөлөлт авахдаа хүндэт донор ахмад настан дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.4.1. өргөдөл;
3.4.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.4.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.4.4. тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл;
3.4.5. эрхийн бичиг;
3.4.6. хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт;
3.4.7. Нийслэлд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд Монголын донорын холбооны, аймаг, суманд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд аймгийн Улаан загалмайн хорооны үнэмлэх, тодорхойлолт.
3.5. Ганц бие ахмад настны оршуулгын зардлыг авахдаа иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.5.1. нас барсны гэрчилгээ;
3.5.2. оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (суманд нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт;
3.5.3. ганц бие болохыг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.5.4. оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.5.6. итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
3.6. Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэсэн тохиолдолд унааны нэг талын зардал авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.6.1. өргөдөл;
3.6.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.6.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.6.4. аймгийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр;
3.6.5. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.6.6. тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.
3.7. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.9, 5.1.10-т заасан мөнгөн тусламжийг авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.7.1. өргөдөл;
3.7.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.7.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.7.4. алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;
3.7.5. ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт.
3.8. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.11.а-д заасан хөнгөлөлтийг авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.8.1. өргөдөл;
3.8.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.8.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.8.4. алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;
3.8.5. ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;
3.8.6. тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.
3.9. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.11.б-д заасан хөнгөлөлтийг авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.9.1. өргөдөл;
3.9.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.9.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.9.4. алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;
3.9.5. ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;
3.9.6. тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт;
3.9.7. эрхийн бичиг.
3.10. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.11.в-д заасан хөнгөлөлтийг авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.10.1. өргөдөл;
3.10.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.10.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.10.4. алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;
3.10.5. ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт.
3.11. 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө эрх нь үүссэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмад настан орон сууцны хөлс түлшний үнийн хөнгөлөлт авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
3.11.1. өргөдөл;
3.11.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.11.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.11.4. төрийн өндөр албан тушаал хашиж байсныг гэрчлэх бичиг баримт, хуулбарын хамт.
Дөрөв. Бусад
4.1. Тусламж, хөнгөлөлт олгох үйл ажиллагаанд аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага дотоод хяналт тавина.
4.2. Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ахмад настны нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.
4.3. Хоёр буюу түүнээс дээш төрлийн алдар цолтой ахмад настан өөрийн сонгосон зөвхөн нэг төрлийн алдар цолныхоо дагуу тусламж, хөнгөлөлтөд хамрагдана.
4.4. Энэхүү журмын 4.3 дахь заалт ахмад дайчинд хамаарахгүй.
4.5. Энэхүү журамд заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн иргэн, тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгогдсон тусламж, хөнгөлөлтийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
4.6. Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан иргэдийн талаархи мэдээллийг нийгмийн халамжийн нэгдсэн мэдээллийн санд оруулж холбогдох мэдээ, тайлан, судалгааг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргана.
---оОо---
Текст томруулах
A
A
A