A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                   Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 162 дугаар
                                                                                                    тогтоолын 6 дугаар хавсралт
 
 
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ТУСЛАМЖ,
ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
                                                                                     Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар  зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1-д заасан тусламж, хөнгөлөлтийг үзүүлэхэд энэхүү журмыг баримтална.
 
1.2.  Иргэн хөгжлийн бэрхшээлтэй эсэх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 10.1-д заасан байгууллага тогтооно.
 
1.3.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.4-т заасан протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл гэдэгт дараахь зүйлсийг хамруулна:
 
     1.3.1. протез: сүүж-түнхний үе, өвдөгний үе, сүүж-түнх, дунд чөмөг, шилбэ, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, шилэн болон хуванцар нүд, нүдний болор;    
 
1.3.2. ортопедийн хэрэгсэл: харааны шил, (+5, -5) ба түүнээс дээш харааны линз, сонсголын аппарат,  согог засах бүх төрлийн гутал, нурууны хамгаалалт, төрөл бүрийн чиг, хараагүй хүний таяг болон бусад төрөл бүрийн таяг, хүзүүвч, павликийн дөрөөвч, алхуулагч, төрөл бүрийн улавч;
 
1.3.3. тусгай хэрэгсэл:  тэргэнцэр, хараагүй хүний брайлийн хэрэгсэл, брайль цаг болон ярьдаг цаг, ярьдаг халууны шил, ярьдаг даралтын аппарат,  бичиг томруулагч линзэн шил, магнитофон, радио хүлээн авагч, хөтөвч.
 
1.4. Протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  батална.
 
1.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь протез, ортопедийн болон тусгай хэрэгслийг гадаадад хийлгэсэн тохиолдолд түүнд хөнгөлөлт үзүүлэхдээ дотоодод хийлгэсэн протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнээр тооцож олгоно.
 

 
                                                             Хоёр. Тусламж, хөнгөлөлт олгох, шийдвэрлэх
 
2.1. Байнгын асаргаа шаардлагатай, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, сургуульд суралцдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч, нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.13-т заасан тусламжийг авах хүн тусламж, хөнгөлөлт авах хүсэлтээ энэхүү журмын 3-т заасан бичиг баримтын хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.
 
2.2. Сум, хорооны нийгмийн ажилтан тусламж, хөнгөлөлтөд хамрагдах тухай хүсэлт гаргасан иргэний бүрдүүлсэн бичиг баримт болон түүний амьдралын нөхцөлийг судлан үзэж, гаргасан саналын хамт ажлын 10 хоногт багтаан Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
          
2.3. Сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл хүсэлт гаргасан иргэнийг тусламж, хөнгөлөлтөд хамруулах эсэх асуудлыг хэлэлцээд шийдвэрээ сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
 
2.4. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг ажлын 10 хоногт багтаан хянан үзэж, тухайн иргэнд тусламж, хөнгөлөлтийн хувийн хэрэг нээнэ.
 
2.5. Тусламж, хөнгөлөлт авахыг хүссэн энэхүү журмын 2.1-д зааснаас бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэхүү журмын 3-т заасан бичиг баримтыг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад өгч шийдвэрлүүлнэ.
 
2.6. Иргэнд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг сумын ерөнхий эмч болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс тодорхойлно.
 
2.7. Бүрэн хараагүй иргэний харилцаа, холбооны зардлын хөнгөлөлтийг олгохдоо тухайн иргэнд дэвтэр нээнэ.
 
2.8. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.8-д заасан хөнгөлөлт олгох хугацааг тухайн иргэн сум, хорооны нийгмийн ажилтанд анх хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хуанлийн хоногоор тооцно.
 
2.9. Тухайн иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний аль алинд нь хамрагдах тохиолдолд энэхүү журмын 3-т заасан бичиг баримтаа давхардуулахгүйгээр бүрдүүлж болно. Энэ тохиолдолд сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь тухайн иргэнд нэг хувийн хэрэг нээнэ.
 
2.10. Энэхүү журмын 1.3-т заасан протез, ортопедийн хэрэгслийг иргэн хүссэн байгууллагаараа хийлгэж болно. Ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг олгох асуудлыг нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт, сум, хорооны нийгмийн ажилтны бичгээр гаргасан саналыг үндэслэн аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага шийдвэрлэнэ.
 
2.11. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.7-д заасан хөнгөлөлтийг олгохдоо сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний  байгууллага нь сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагын дансанд сар бүр шилжүүлнэ.
 
2.12. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага тусламж, хөнгөлөлтийг банкаар дамжуулан олгоно. Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамж үйлчилгээний байгууллага тусламж, хөнгөлөлтийг тухайн иргэний хадгаламжийн дансанд шилжүүлж болно.
 
2.13. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тусламжаа авах боломжгүй иргэний тусламж, хөнгөлөлтийг түүний итгэмжлэгдсэн хүнд, эсхүл нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.
 
2.14. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу олгоно.
 
2.15. Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь байнга оршин сууж байгаа Засаг, захиргааны нэг нэгжээс нөгөөд бүрмөсөн шилжин суурьшсан иргэний хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд, эх хувийг тухайн иргэнд өгнө. Иргэн нь шилжин очсон газраасаа уг хувийн хэргээр тусламж, хөнгөлөлтөө үргэлжлүүлэн авна.
    
2.16. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 11.3.2-т заасны дагуу тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  шийдвэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харъяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчино.
 (Энэ хэсэгт 2011-02-01-ний 31-р тогтоолоор өөрчлөлт орсон). 
Гурав. Тусламж, хөнгөлөлт авахад бүрдүүлэх
   бичиг баримт
 
3.1. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дотоодод хийлгэсэн протезийн үнийг авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.1.1. протезийн үнийг авахыг хүссэн өргөдөл;
 
3.1.2. протез шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт;
 
3.1.3. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 
3.1.4. төрсний гэрчилгээ, (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт;
 
3.1.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
 
3.1.6. протезийн үнийн нэхэмжлэл, эсхүл мөнгө төлсөн тухай санхүүгийн баримт.
 
3.2. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авдаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн дотоодод хийлгэсэн протезийн үнийг авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.2.1. протезийн үнийг авахыг хүссэн өргөдөл;
 
3.2.2. протез шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт;
 
3.2.3. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 
3.2.4. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
 
3.2.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
 
3.2.6. протезийн үнийн нэхэмжлэл, эсхүл мөнгө төлсөн тухай санхүүгийн баримт;
 
3.2.7. үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухай  аймаг, дүүргийн  нийгмийн даатгалын (сумын нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын  тодорхойлолт.
 
3.3. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.3.1. ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг авахыг хүссэн өргөдөл;
 
3.3.2. ортопед, тусгай хэрэгсэл шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт;
 
3.3.3. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 
3.3.4. төрсний гэрчилгээ, (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт;
 
3.3.5. 18 наснаас дээш настай тохиолдолд үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн  нийгмийн даатгалын (суманд нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт;
 
3.3.6. сум, хорооны нийгмийн ажилтнаас тухайн иргэнд  ортопедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай эсэхийг магадалсан бичгээр гаргасан санал.
 
3.4. Бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн орон сууцны хөлс болон түлшний үнийн хөнгөлөлт авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.4.1. мөнгөн тусламжийг авахыг хүссэн өргөдөл;
3.4.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт; 
3.4.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.4.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.4.5. аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын шийдвэр;
3.4.6. байнгын асаргаа шаардлагатайг тогтоосон тухай  өрх (баг)-ийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын, суманд сумын эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт.
 
     3.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч сургуульд ирж, очих унааны зардлын хөнгөлөлт авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ :
 
3.5.1. хөнгөлөлт авахыг хүссэн өргөдөл;
3.5.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 
3.5.3. төрсний гэрчилгээ, (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт;
 
3.5.4. сургуульд хүргэж өгөх болон сургуулиас гэрт нь хүргэж өгөх хүний иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
 
3.5.5. хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлсон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч  нарын хяналтын комиссын шийдвэр;
 
3.5.6. Орон нутгаас нийслэлд, нийслэлээс орон нутагт зорчсон бол тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал  төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл;
 
3.5.7. сургуулийн тодорхойлолт.
 
3.6. Эмчилгээ, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэн дотоодын рашаан сувилалд сувилуулбал нэг талын унааны зардал, эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.6.1. хөнгөлөлт авахыг хүссэн иргэний өргөдөл;
3.6.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.6.3. төрсний гэрчилгээ, (16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт;
 
3.6.4. 16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын,  16 насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоосон шийдвэр;
 
3.6.5. тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож  замын зардал төлсөн тухай баримт эсхүл нэхэмжлэл;
 
3.6.6. рашаан сувилалд сувилуулсан эрхийн бичгийн үнэ төлсөн тухай санхүүгийн  баримт, эсхүл нэхэмжлэл;
 
3.6.7. эмчилгээ, сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт.
 
     3.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын хөнгөлөлт авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.7.1. хөнгөлөлт авахыг хүссэн иргэний өргөдөл;
 
3.7.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 
3.7.3. 16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр;
 
3.7.4. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
 
3.7.5. хүүхэд нь цэцэрлэгт хүмүүждэг тухай сургуулийн өмнөх боловсролын байгууллагын тодорхойлолт, нэхэмжлэл.
 
3.8. 18 насанд  хүрсэн  бүрэн хараагүй иргэн харилцаа, холбооны зардлын хөнгөлөлт авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.8.1. өргөдөл;
3.8.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.8.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.8.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.8.5. бүрэн хараагүйг тодорхойлсон аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.
 
3.9. Нийслэлээс 1000  ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын  хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардал  авахдаа дараахь  бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.9.1. өргөдөл;
3.9.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.9.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.9.4. аймгийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр;
3.9.5. тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож  замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.
 
3.10. Бүрэн хараагүй хүн эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих шаардлагатай бол ирж буцах унааны зардлын хөнгөлөлт авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.10.1. өргөдөл;
3.10.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.10.3. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
 
3.10.4. аймаг, дүүргийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр;
 
3.10.5. тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.
 
3.11. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зусланд амрах эрхийн бичгийн үнийн хөнгөлөлт авах иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ: 
 
3.11.1. өргөдөл;
3.11.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
3.11.3. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
3.11.4. аймаг, дүүргийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр;
3.11.5. эрхийн бичгийн үнэ төлсөн тухай санхүүгийн  баримт, эсхүл нэхэмжлэл.
 
3.12. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн нас барсан бол оршуулгын зардлын хөнгөлөлт авах иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.12.1. өргөдөл;
3.12.2. нас барсны гэрчилгээ;
3.12.3. оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын  (суманд нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт;
 
3.12.4. аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөр магадлах  комиссын шийдвэр;
 
3.12.5. ганц бие болохыг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 
3.12.6. итгэмжлэгчийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 
3.12.7. итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
 
3.13.   Хараагүй хүний брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай  техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх зардал авах иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
3.13.1. өргөдөл;
3.13.2. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
 
3.13.3.  иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.13.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3.13.5. аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр;
 
3.13.6. брайль хэвлэл, илгээмж явуулахад төлсөн санхүүгийн  баримт, эсхүл нэхэмжлэл.
 
Дөрөв. Бусад
 
4.1. Тусламж, хөнгөлөлт олгох үйл ажиллагаанд аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага дотоод хяналт тавина.
 
4.2. Энэхүү журамд заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн иргэн болон тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүйгээр буюу хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд  Нийгмийн халамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгогдсон тусламж, үйлчилгээний зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
 
4.3. Энэхүү журмын хэрэгжилт, Амьжиргааг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад санхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын болон аудитын байгууллага тус тусын хяналт тавина.
 
4.4. Сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан иргэдийн бүртгэл мэдээллийг нийгмийн халамжийн нэгдсэн мэдээллийн санд оруулах, холбогдох мэдээ, тайлан, судалгааг сар, улирал, хагас, бүтэн жилээр гаргах үүргийг хүлээнэ. 
 
 
 
 
                                                                                                                  ---оОо---