- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛТАНД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 162 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛТАНД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7.8-д заасны дагуу тусгай хэрэгцээт боловсрол олгох төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан сургалтын байгууллагын удирдах албан тушаалтан, инженер-техникийн болон үйлчилгээний ажилтан, арга зүйч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, согог зүйч, багш, эмч, сувилагч, асрагч, сурган хүмүүжүүлэгчид нэмэгдэл хөлс олгоход энэхүү журмыг баримтална. Хоёр. Нэмэгдэл хөлсний хэмжээ 2.1. Тусгай хэрэгцээт боловсрол олгох төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан сургалтын байгууллагын албан хаагчдад ажлын нөхцөлийг нь харгалзан албан тушаалын цалингаас дор дурдсан хувиар бодож нэмэгдэл хөлс олгоно: 2.1.1. арга зүйч, багш, сурган хүмүүжүүлэгч, дотуур байрны хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, согог зүйч, эмч, сувилагч, асрагчид үндсэн цалингийн 30 хүртэл хувиар; 2.1.2. захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, сургалтын үйл ажиллагааг шууд гардан зохион байгуулдаг инженер-техникийн болон үйлчилгээний албан хаагчдад үндсэн цалингийн 20 хүртэл хувиар; 2.1.3. захиргааны гүйцэтгэх болон үйлчилгээний албан хаагчдад үндсэн цалингийн 10 хүртэл хувиар. Гурав. Бусад 3.1. Нэмэгдэл хөлсний хэмжээг тусгай хэрэгцээт боловсрол олгох төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан сургалтын байгууллагын албан хаагчийн ажлын ачаалал, үр дүн, тухайн сургалтын байгууллагад ажилласан хугацааг харгалзан уг ажилтан, албан хаагчийн ажиллаж байгаа сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн тушаалаар тус тус олгоно. 3.2. Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын албан хаагчийн ажлын ачаалал, үр дүнг тооцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 3.3. Нэмэгдэл хөлсийг зөвхөн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагад тухайн албан тушаалыг эрхэлж байгаа хугацаанд нь албан тушаалын цалингаас тооцож сар бүр олгоно. 3.4. Нэмэгдэл хөлсөнд шаардагдах хөрөнгийг тусгай хэрэгцээт боловсрол олгох төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан сургалтын байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ. ---оОо---
Текст томруулах
A
A
A