A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨСӨВ БОЛОН ДААТГАЛЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ТУСЛАМЖ,ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ СОНГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
                                                                                                  Монгол Улсын   Засгийн газрын 2008 оны 172 дугаар
                                                                                                  тогтоолын хавсралт
 
 
УЛСЫН ТӨСӨВ БОЛОН ДААТГАЛЫН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР
ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН
БАЙГУУЛЛАГЫГ СОНГОХ ЖУРАМ
 
 
                                                                                     Нэг. Нийтлэг үндэслэл
 
     1.1. Хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуулийн 281 зүйл, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.1 дэх заалтад тус тус заасан үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
     1.2. Улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд явагдана.
 
     1.3. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулахдаа Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.2 дахь заалтыг баримтална.
 
     1.4. Улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулах ажлын зохион байгуулах үйл ажиллагаанд нь хяналт тавих үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга хүлээнэ.
 
     1.5. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга энэхүү журмын 1.4-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслах мэргэжил арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргийг улсын хэмжээнд эрүүл мэндийн сайдын эрх олгосон байгууллага, аймаг, нийслэлд Эрүүл мэндийн газар гүйцэтгэнэ.
 
     1.6. Сонгон шалгаруулалтад хамрагдах тусламж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээ, сонгон шалгаруулалт явуулах хугацаа, эрүүл мэндийн байгууллагад тавих шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлалыг энэхүү журмын 1.5-д заасан байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
 
                                                         Хоёр. Сонгон шалгаруулах комисс байгуулах
 
     2.1. Улс, бүсийн хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагыг аймаг, нийслэлийн Засаг даргын томилсон комисс (цаашид "комисс" гэх) сонгон шалгаруулна.
 
     2.2. Комисс нь дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан  9-өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна. Комиссын бүрэлдэхүүнд эрүүл мэнд, санхүү, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, иргэний төлөөлөл орсон байна.
 
     2.3. Сонгон шалгаруулалтыг явуулах бүрт комиссыг шинээр байгуулна.
 
     2.4. Комисс нь сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хурлаараа хэлэлцэн шийдвэрлэнэ.
 
     2.5. Комиссын үйл ажиллагаанд энэхүү журмын 1.5-д заасан байгууллага шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
 
                                                Гурав. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
 
     3.1. Энэхүү журмын 1.5-д заасан байгууллага нь ирүүлсэн материалыг зохих журмын дагуу нэг бүрчлэн бүртгэн хүлээн авч битүүмжилсэн хэвээр сонгон шалгаруулах комисст хүлээлгэн өгч, акт үйлдэнэ.
 
     3.2. Комисс нь сонгон шалгаруулалтыг дараахь дэс дарааллаар явуулна:
 
     3.2.1. сонгон шалгаруулалтад оролцогчдын төлөөллийг байлцуулан ирүүлсэн санал бүрийн битүүмжлэлийг шалган задалж, сонгон шалгаруулалтын материал бүрэн эсэх, зохих журмын дагуу үйлдэгдсэн эсэхийг шалгаж хүчинтэй саналуудыг бүртгэн авах;
 
     3.2.2. ирүүлсэн санал бүртэй гишүүд танилцаж, үнэлгээ өгөх;
 
     3.2.3. сонгон шалгаруулалтын дүнг хурлаараа хэлэлцэж, тэнцсэн эрүүл мэндийн байгууллагыг тодорхойлох;
 
     3.2.4. сонгон шалгаруулалтын дүнг мэдээлэх;
 
     3.2.5. сонгон шалгаруулалт явуулсан тухай ажлын тайланг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
 
     3.2.6. сонгон шалгаруулалттай холбогдсон санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.
 
     3.3. Сонгон шалгаруулалтын явц, дүнг комиссын хурлаар хэлэлцэн зөвлөмж гаргана. Комиссын зөвлөмжид дарга, гишүүд гарын үсэг зурж, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.
 
     3.4. Комиссын зөвлөмжийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэр гаргана.
 
                                               Дөрөв. Гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх
 
     4.1. Комиссын зөвлөмжийг үндэслэн Эрүүл мэндийн тухай хуулийн 281 зүйлд заасан тусламж, үйлчилгээг үзүүлэхээр сонгосон эрүүл мэндийн байгууллагатай эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга "Төсвийн хөрөнгөөр тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулна.
 
4.2. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн  7.1-д заасан тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагатай "Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний гурвалсан гэрээ"-г эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллагын дарга тус тус байгуулна.
 
     4.3. Энэхүү журмын 4.1 ба 4.2-т заасан гэрээний хэрэгжилтийн явцыг үнэлэх, гэрээ дүгнэх ажлыг энэхүү журмын 1.5-д заасан байгууллага гүйцэтгэж, дүнг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулна.
 
     4.4. Гэрээгээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн явцын үнэлгээ болон мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн, гэрээний хэрэгжилтийг хангалтгүй гэж үнэлсэн бол гэрээг цуцалж энэхүү журмын дагуу сонгон шалгаруулалтыг дахин явуулна.
 
  
                                                                   Тав. Бусад зүйл
 
     5.1. Улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагыг сонгон шалгаруулахад улс төрийн хүчин, төрийн өндөр албан тушаалтан, төсвийн ерөнхийлөн захирагчийн зүгээс комиссын үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхийг хориглоно.
 
     5.2. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
 
     5.3. Сонгон шалгаруулалтад тэнцсэн, гэрээгээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага гэрээнд тусгагдаагүй нэмэлт тусламж, үйлчилгээ зайлшгүй шаардлагаар гүйцэтгэх тохиолдолд тухайн үйлчилгээнд нэмэлт гэрээ байгуулна.
 
     5.4. Сонгон шалгаруулахтай холбогдсон асуудлаар гарсан маргааныг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.
 
     5.5. Сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллага нь улсын төсөв болон даатгалын сангаас санхүүжиж байгаа тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгчээс нэмэлт төлбөр авахыг хориглоно.
 
 
 
 
                                                                                              ---оОо---