- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 177 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙГ
ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Сургалтын төрийн сан (цаашид "Сан" гэнэ)-гийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Сангийн зорилго нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад зохих журмын дагуу төрийн буцалтгүй тусламж, зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.
1.3. Сангийн үйл ажиллагааны зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байна.
1.4. Сан нь хуулийн этгээд байх бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж зохих журмын дагуу хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж, банкинд харилцах данстай байна.
Хоёр. Сангийн Удирдах зөвлөл
2.1. Сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалтыг чиглүүлэх, зарцуулалтад хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Удирдах зөвлөл (цаашид "Удирдах зөвлөл" гэнэ) ажиллана.
2.2. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Удирдах зөвлөл нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Боловсрол, санхүү, төсөв, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, сургалтын төрийн сангийн төлөөлөлтэй байна.
2.3. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Удирдах зөвлөл улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай бол зөвлөлийн даргын саналаар ээлжит бус хурлыг хуралдуулж болно. Сургалтын төрийн сангийн захирал (цаашид "захирал" гэнэ) тодорхой асуудлыг удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх саналаа Удирдах зөвлөлийн даргад тавьж болно. Удирдах зөвлөл нь 75-аас дээш хувийн ирцтэй хуралдах бөгөөд асуудлыг хуралд оролцсон гишүүдийн 75-аас дээш хувийн саналаар шийдвэрлэж, тэмдэглэл гаргана. Хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй гишүүн, саналаа бичгээр урьдчилан өгсөн бол гишүүнийг хуралд оролцсонд тооцно.
2.4. Удирдах зөвлөл нь Сангийн ажлын тайланг хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх, зээлийг эргэн төлүүлэх, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Гурав. Сангийн захиргаа
3.1. Сангийн захиргаа нь Удирдах зөвлөлийн баталсан хуваарь, зориулалтын дагуу хөрөнгийг хуваарилах, зээлийг эргүүлэн төлүүлэх замаар сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зохистой зарцуулах, тайлагнах, ашиглалтад хяналт тавих үйл ажиллагааг эрхэлнэ.
3.2. Сангийн захиргааны орон тоо, ажиллах журам, санхүүжүүлэх зарчмыг боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
3.3. Сургалтын төрийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж, санхүүжилтийг уг шийдвэрийг үндэслэн Сангийн захиргаа гүйцэтгэнэ.
3.4. Сангийн захиргааг Сангийн гүйцэтгэх захирал удирдана. Гүйцэтгэх захирлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
3.5. Захирал нь Сургалтын төрийн сангийн ерөнхий менежер байх бөгөөд сангийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангаж, сангийн талаар гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг баталж, үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнэнэ.
3.6. Сан нь буцалтгүй тусламж, зээлд хамрагдах суралцагчдын бичиг, баримтын бүрдүүлэлт, зээлийг эргэн төлүүлэх асуудлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллана.
Дөрөв. Сангийн хөрөнгийн эх үүсвэр
4.1. Сангийн хөрөнгийг дор дурдсан эх үүсвэрээс бүрдүүлнэ:
4.1.1. улсын төсвийн хөрөнгө;
4.1.2. эргэн төлөгдсөн зээлийн хөрөнгө;
4.1.3. хандив, тусламж, зээл.
Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалт
5.1. Сургалтын төрийн сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээнд зарцуулна:
5.1.1. сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийн зээл олгох;
5.1.2. сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, замын зардлын буцалтгүй тусламж үзүүлэх;
5.1.3. сургалтын төлбөрийг төрөөс хариуцан үнэ төлбөргүй сургах.
Зургаа. Сангийн бүрэн эрх
6.1. Сан нь дор дурдсан эрхтэй:
6.1.1. зээл, төрийн буцалтгүй тусламжийн гэрээг байгуулах;
6.1.2. сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжаар суралцагчдын сурлага болон шилжилт хөдөлгөөний талаархи мэдээлэл, зээл, тусламжийн зарцуулалтын талаархи мэдээг харилцагч сургуулиас тогтоосон хугацаанд гаргуулан авах;
6.1.3. олгосон зээлийг хариуцагч этгээдээс нэхэмжлэх;
6.1.4. Сангаас олгосон зээлийг эргүүлэн төлөхөөс зайлсхийсэн иргэдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох хуулийн байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
6.1.5. Сан нь гадаад, дотоодын сан, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлж болно.
6.2. Сан нь дор дурдсан үүрэгтэй:
6.2.1. Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, тайлагнах ажлыг зохион байгуулах;
6.2.2. амьжиргааны тэтгэлэг, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээлд хамрагдах суралцагчдыг сонгон шалгаруулах;
6.2.3. суралцагчдад амьжиргааны тэтгэлэг, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл олгох, зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн баталгааг бүрдүүлж, эргэн төлөх ажлыг зохион байгуулах;
6.2.4. Сангийн тухайн жилийн төсвийг боловсруулж улсын төсөвт тусгуулах;
6.2.5. Сангийн зээлийн мэдээллийн санг Монгол банкны зээлийн мэдээллийн сантай холбож, хяналт тавин ажиллана.
Долоо. Бусад
7.1. Сан нь гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцагчдын мэдээллийн сан бүрдүүлнэ.
7.2. Сан нь гэрээний биелэлтийн асуудлаар дээд боловсролын сургалтын байгууллагад хяналт, шалгалт хийж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллана.
7.3. Сангийн хөрөнгийг журамд зааснаас өөр үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.
Текст томруулах
A
A
A