A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                     Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 177 дугаар
                                                                                                    тогтоолын 5 дугаар хавсралт
 
 
ГАДААДЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН
БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДАД ЗЭЭЛ ОЛГОХ,
ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ
 
                                                                                           Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Олон улсад нэр хүндтэй, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад зохих журмын дагуу элссэн оюутан, магистрант, докторант (цаашид "суралцагч" гэнэ)-ын сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлэг, эрдэм шинжилгээний ажлын хамгаалалтын зардлыг Сургалтын төрийн сангаас зээлийн хэлбэрээр санхүүжүүлэхэд энэхүү журмыг баримтална.
 
     1.2. Суралцагчийг шалгаруулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
1.3. Суралцагч нь иргэний хуулийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байна. Суралцагчийг эх орондоо байхгүй байх хугацаанд түүний эрх, үүргийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлнө.
 
1.4. Суралцагч нь захиалагч байгууллага (цаашид "захиалагч" гэнэ), итгэмжлэгдсэн төлөөлөгч, Сургалтын төрийн сантай зээлийн гэрээ байгуулж, жил бүр сунгана.
 
1.5. Зээлийн гэрээ (цаашид "гэрээ" гэнэ)-ний загвар болон зээлийн хэмжээг боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. Гэрээнд суралцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухай мэдээлэл, суралцах хугацаа, сургууль, мэргэжлийн чиглэл, суралцагчийг төгсөж ирсний дараа ажиллуулах захиалагч байгууллага, ажиллах хугацаа болон  талуудын харилцан хүлээх бусад эрх, үүрэг, гэрээний нөхцөл зөрчигдсөн тохиолдолд талуудын хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан байна.
 
                                                                           Хоёр. Бүрдүүлэх материал
 
2.1. Суралцагч нь гэрээ байгуулахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
 
2.1.1. өргөдөл (тусгай маягтын дагуу);
 
2.1.2. суралцуулах тухай боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон захиалагч байгууллагын шийдвэрийн хуулбар;
 
2.1.3. итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон тухай итгэмжлэл;
 
2.1.4. өөрийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
 
2.1.5. боловсролын баримт бичгүүдийн хуулбар;
 
2.1.6. зээлийг эргэн төлөх баталгаа болох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ;
 
2.1.7. гэрээ (Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын тэмдэглэл хийлгэсэн байна);
 
2.1.8. суралцах сургуулийн урилга, сургалтын зардлын нэхэмжлэл, харилцах данс.
 
                                                                           Гурав. Санхүүжилт
 
3.1. Гэрээ байгуулсан суралцагчийн санхүүжилтийг суралцах сургуулийн дансанд Сургалтын төрийн сангаас шилжүүлнэ.
 
3.2. Үндсэн сургалт эхэлсэн тухай холбогдох сургуулиас ирүүлсэн албан бичгийг үндэслэн эхний хагас жилийн санхүүжилтийг, мөн сургуулиас ирүүлсэн тодорхойлолт, сурлагын дүн, кредит цагийн хэмжээг үндэслэн дараагийн жилийн санхүүжилтийг олгох асуудлыг Сургалтын төрийн сан шийдвэрлэнэ.
 
                                                                       Дөрөв. Бусад
 
4.1. Нэг суралцагчид нэг удаа зээл олгоно.
 
4.2. Суралцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санхүүжилтээ тухайн ондоо багтааж ашиглаагүй тохиолдолд санхүүжилтийг зогсооно.
 
4.3. Магистрантурт суралцах хугацаа 2 жилээс, докторантурт суралцах болон нэг суралцагчид зээл олгох нийт хугацаа 3 жилээс илүүгүй байна.
 
4.4. Суралцагч гэрээгээ зөрчсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт Сургалтын төрийн санд буцаан төлнө.
 
4.5. Зээлийг эргэн төлүүлэх асуудлыг Сургалтын төрийн сан хариуцах бөгөөд энэ асуудлаар захиалагч байгууллага болон холбогдох хуулийн байгууллагуудтай хамтран ажиллана.
 
4.6. Суралцагч амжилттай суралцан төгсөөд гэрээнд заасан байгууллагад 5-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болно. Зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан иргэний асуудлыг Сургалтын төрийн сангийн Удирдах зөвлөл хэлэлцэн, дүгнэлтийг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.
 
4.7. Энэ журмын хэрэгжилтийн явцад гарсан маргааныг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ.
 
 
 
 
                                                                                                           ---оОо---