- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙТИ ЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХУВЬЧЛАХ,ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 182 дугаар тогтоолын хавсралт
НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ
ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ЧИГЛЭЛ
Нэг. Зорилго
1.1. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын эдийн засгийн үр ашиг, хөрөнгийн ашиглалт, ажлын чанарын түвшин, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн нөхцөл шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулах, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлэн тус салбарын байгууллагыг хувьчлах, өөрчлөн байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд энэхүү чиглэлийг баримтална.
Хоёр. Хэрэгжүүлэх зорилт
Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хувьчлах, өөрчлөн байгуулах чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
2.1. Хот суурин газрын усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, орон сууцны дэд бүтэц, хот тохижилт, нийтийн халуун ус, хатуу хог хаягдлын үйлчилгээг эдийн засгийн хувьд бие даан хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх;
2.2. Хэрэглэгчдийг хэрэгцээний ус, дулаанаар горимын дагуу хангах, бохир усыг татан зайлуулах, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, хог хаягдал, хороолол орчны тохижилт зэрэг иргэдэд хүргэх үйлчилгээг оршин суугчид ая тохитой, аюулгүй амьдарч, ажиллах орчинг бүрдүүлэх нөхцөлийг хангах;
2.3. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт төрийн оролцоог багасгаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж үйлчилгээний хүрээг өргөтгөн ажлын чанар, хүртээмжийг сайжруулах;
2.4. Зах зээлийн харилцааны үндсэн зарчмыг баримтлан нийслэл, орон нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлог, тухайн нөхцөл байдлыг харгалзан хувьчлалын тохиромжтой арга, хэлбэрийг сонгон хэрэгжүүлэх;
2.5. Эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагад мөрдөж байгаа ажил, үйлчилгээний үнэ тарифыг зах зээлийн зарчим, бодит зардалтай нь уялдуулан тогтоож, мөрдүүлэх;
2.6. Хот суурин газрын эрүүл ахуй, ариун цэврийн норм норматив, стандартыг зөрчсөн нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарсан хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох.
Гурав. Хувьчлах, өөрчлөн байгуулах чиглэлийг
хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, хугацаа
Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг хувьчлах, өөрчлөн байгуулахад дараахь зарчмыг баримтална:
3.1. Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагыг хувьчлахад үйл ажиллагааны үндсэн чиглэлийг нь өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод явуулах;
3.2. Тухайн байгууллагад улсын төсвөөс оруулсан хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээл, тусламж, төсөл, арга хэмжээг харгалзан нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагыг орон нутгийн болон төрийн өмчит хувьцаат компанийн хэлбэрээр өөрчлөн зохион байгуулсны үндсэн дээр хувьчлах;
3.3. Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллага нь менежментийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн тохиолдолд орон нутгийн болон төрийн өмчийн 10 хүртэл хувийг менежментийн баг болон тухайн байгууллагын ажилтнуудад "хувьцаа эзэмшүүлэх сан" хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар хувьчлах;
3.4. Хэрэглэгчдийн аюулгүй байдлын баталгааг хангах үүднээс хот суурин газрын төвлөрсөн ус хангамжийн байгууламж, усны эх үүсвэрийн үйлчилгээ эрхэлдэг компанийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоо 51-ээс дээш хувьтай байх;
3.5. Төв, орон нутгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний компани нь өөрийн хуучирч муудсан шугам сүлжээг шинэчлэх, шинээр барьж байгуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хувьцааныхаа 49.0 хүртэлх хувьд шинээр хувьцаа болон бонд гаргах замаар шийдвэрлэж болох;
3.6. Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагыг менежментийн гэрээгээр ажиллаагүй боловч эрхэлж байгаа үйл ажиллагааны цар хүрээ, ажлын чанар, үр дүн, орон нутгийн онцлогийг харгалзан энэхүү чиглэлийн 3.3-т заасны дагуу хувьчилж болох;
3.7. Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өмчлөх хөрөнгийн хэмжээ, хувьчлах арга, хэлбэр, журмыг нийтийн аж ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоох;
3.8. Нийтийн аж ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь салбарын байгууллагыг хувьчлах ажлыг зохион байгуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай тохиолдолд хувьчлалын талаар санал гаргаж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
3.9. Нийтийн халуун усны газрыг зориулалтыг нь өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр тухайн орон нутгийн онцлогт тохируулан төсөл сонгон шалгаруулах аргаар хувьчлах буюу түрээслүүлэх;
3.10. Хувийн хөрөнгө оруулалтаар хог боловсруулах үйлдвэр, нийтийн халуун ус шинээр барьж тэдгээрийн ашиглалт үйлчилгээг хариуцах үйл ажиллагаанд төрөөс зохих журмын дагуу дэмжлэг үзүүлэх;
3.11. Хот суурин газрын хог хаягдал, хот тохижилт, төвлөрсөн системд холбогдоогүй ус түгээх байр болон ус зөөврийн үйлчилгээг зориулалтыг нь өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр төсөл сонгон шалгаруулах аргаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх, хувьчлах, түрээслүүлэх;
3.12. Шинээр баригдаж байгаа орон сууцны хотхон, хороолол, цогцолборын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засварыг уг үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагаар төсөл сонгон шалгаруулан гүйцэтгүүлэх, хөрөнгө оруулалт хийлгэх, түрээсээр ашиглуулах замаар хувийн хэвшлийн оролцоог дэмжих;
3.13. Хот суурин газрын инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй захын хорооллын хэрэглэгчдэд зориулж хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр нийтийн аж ахуйн үйлчилгээний инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг "барих, ашиглах, шилжүүлэх", эсхүл үндсэн сүлжээг эзэмшигчдэд түрээсээр ашиглуулах, тодорхой хугацааны дараа оруулсан хөрөнгөө нөхөн авах зэрэг хөрөнгө оруулалтын хэлбэрийг ашиглаж нийтийн аж ахуйн салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинээр барьж байгуулах асуудлыг зохих хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
3.14. Эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар төвлөрсөн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний үнэ тарифыг боловсронгуй болгох, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагыг үр ашигтай ажиллуулах нөхцөл бүрдүүлэх үүрэг бүхий бие даасан зохицуулалтын тогтолцоог бий болгох;
3.15. Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагын зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх;
3.16. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын хувьчлал, өөрчлөн байгуулалтыг энэхүү чиглэлийг баримтлан 2008-2012 онд хэрэгжүүлэх.
Дөрөв. Хяналт-шинжилгээ, үнэлгээ
4.1. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж, байгууллагыг хувьчлах, өөрчлөн байгуулах ажлыг тухайн орон нутгийн онцлогт тохируулан нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран хэрэгжилтийг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.
4.2. Нийтийн аж ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь нийтийн аж ахуйн инженерийн барилга байгууламжийн технологийн горим, ашиглалт, үйлчилгээг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж, мэргэжлийн удирдлагаар хангана.
4.3. Төрийн өмчийн хороо нь хувьчлах чиглэлийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавина.
4.4. Аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох газруудтай хамтран энэхүү чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулж, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанарын түвшин, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авна.
4.5. Энэхүү чиглэлийн хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ.
Тав. Шалгуур үзүүлэлт
5.1. Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын санхүү, эдийн засгийн үзүүлэлт дээшилж, өр авлагын хэмжээ буурсан байх.
5.2. Хот суурин газрын хүн амын 30-аас доошгүй хувь нь төвлөрсөн ус хангамжийн системд холбогдсон байх.
5.3. Орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлснээр нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын ажил үйлчилгээний төрөл, тоо хэмжээ, чанарын үзүүлэлт сайжирсан байх.
5.4. Бохир ус цэвэрлэгээний түвшин нь стандартын шаардлага хангаж, байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан байх.
Зургаа. Хүрэх түвшин
6.1. Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын бүтэц, зохион байгуулалт боловсронгуй болж, хөрөнгийн ашиглалт сайжирч, эдийн засгийн үр ашиг дээшилнэ.
6.2. Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж, өрсөлдөөн бий болсноор үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэн хүн амын ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A