- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙГДЭЭШЛҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ТӨЛӨВЛӨХӨД 2009-2015 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 184 дүгээр
тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ТӨЛӨВЛӨХӨД 2009-2015 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Нэг. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг төлөвлөхөд
дараахь зарчмыг баримтална:
1. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн, улсын хэмжээний томоохон арга хэмжээг санхүүжүүлнэ. Мянганы хөгжлийн зорилтод суурилсан "Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх салбар болох боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, зам, тээвэр, барилга, хүнс, хөдөө аж ахуйд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр зорилтын шалгуурыг биелүүлж үр дүнд хүрсэн байна;
2. Монгол Улсыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөхдөө эхний ээлжинд байгууллагын чадавхи (техникийн ур чадвартай хүний нөөц, тоног төхөөрөмж болон тэдгээрийн хүчин чадал, материалын нөөц, ажлын туршлага)-ийн талаар Төсвийн ерөнхийлөн захирагч тооцоо судалгаа хийсэн байна;
3. Хийгдэх гэж байгаа хөрөнгө оруулалтын хүрэх үр дүн, техник, эдийн засгийн үндэслэл, зардлын үр ашгийн тооцоо, УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолоор баталсан Мянганы хөгжлийн зорилтын хэд дэх шалгуур үзүүлэлтийн үр дүнд яаж хүрэх гэж байгааг заавар, аргачиллын дагуу боловсруулсан байна;
4. Монгол Улсыг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын обьектын техник, эдийн засгийн үндэслэл, зураг, төсөв албан ёсоор батлагдсаны дараа холбогдох тооцооны хамтаар Сангийн яаманд ирүүлнэ;
5. Сангийн яамны төсвийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгж материалыг хянан үзэж нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлон, мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтод нөлөөлөх үр дүнг нарийвчлан тооцож Сангийн сайдад танилцуулсны дараа хөрөнгө оруулалтын жагсаалтад төсөвт өртөг, эхлэх, дуусах хугацаа, тухайн жилд санхүүжүүлэх мөнгөний дүнг оруулна;
6. Монгол Улсыг хөгжүүлэх сангаас барилга, байгууламжийн их засвар, өргөтгөлийн ажлыг санхүүжүүлэхгүй;
7. Дээрх шаардлага, зарчмыг хангаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэх объектын жагсаалтад оруулахгүй. Нэг арга хэмжээг Улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх сан гэсэн хоёр эх үүсвэрээс зэрэгцүүлэн санхүүжүүлэхгүй байх зарчим баримтална;
8. Монгол Улсыг хөгжүүлэх санд өмнөх оны гүйцэтгэлээр төвлөрүүлсэн хөрөнгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.1-д заасан зориулалтаар хуваарилан тайлант жилийн дараагийн төсвийн жилд зарцуулах зарчим баримтална;
9. Хөрөнгө оруулалт болон хүүхэд, гэр бүлийг дэмжих хөрөнгийн хязгаарыг хатуу баримтлан санхүүжилтийн төлөвлөгөө хийнэ.
Хоёр. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг төлөвлөхөд
баримтлах тэргүүлэх чиглэл:
1. Боловсрол
-хүүхдээ зөв хүмүүжүүлж боловсрол олгох, тэдгээрийг боловсролоо байнга дээшлүүлэх чадвартай байлгах;
-хөдөөгийн малчин өрхийн 0-6 насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг зохион байгуулах, 6 настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулж ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны тохилог орчинг бүрдүүлэх;
-дотуур байранд суух хүүхдийн тоог 2,1 дахин нэмэгдүүлэх;
-шаардлагатай аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг шинээр барих ажлыг 2010 он гэхэд дуусгасан байх;
2. Эрүүл мэнд
-эрүүл мэндийн салбарын боловсон хүчний мэргэжлийн ур чадварыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх;
-эмчилгээ, оношилгоонд хийх үйл ажиллагааны чанарт ахиц гаргах;
-төрийн өмчийн эмнэлгийн ажилтан бэлтгэх сургуулиудыг орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр хангах;
-амаржих газар, нярайн төвүүдийг зориулалтын дагуу барьж байгуулан шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;
-хөдөөгийн хүн амд үзүүлэх эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулж, аймаг дүүргүүдийн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чадавхийг бэхжүүлэх, технологийн шинэчлэл хийхэд түлхүү анхаарах.
3. Түлш, эрчим хүчний салбар
-эрчим хүчний эх үүсвэрт холбогдоогүй байгаа сумдыг байнгын эрчим хүчтэй болгох бодлого баримтлах;
-байгаль орчинд ээлтэй, өндөр үр ашигтай, шинэ техник, технологид тулгуурлан дулааны цахилгаан станц, цахилгаан дулааны шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэ эх үүсвэр барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
-нүүрс, хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн нүүрснээс шингэн түлш, шатдаг хий, кокс, химийн бүтээгдэхүүн гаргах техник, технологийг нэвтрүүлэхийг дэмжих.
4. Зам, тээврийн салбар
-олон улсын авто замын сүлжээнд нэгдсэн чиглэлүүдийн дагуух авто замыг тэргүүн ээлжинд барих;
-"Мянганы зам"-ын хэвтээ, босоо тэнхлэгүүдийн замыг барьж дуусгах;
-аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох;
-хөрш орнуудыг холбосон хоёр дахь төмөр замыг барихад дэмжлэг үзүүлэх.
5. Барилга, хот байгуулалт
-бүсийн тулгуур төв, худалдааны болон эдийн засгийн чөлөөт бүсийн хотууд, аймгийн төвүүдэд цэвэр, бохир усны төвлөрсөн шугам, цэвэрлэх байгууламж барих,
-шинэ хорооллын дулааны шугамын хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
-гэр хорооллыг орон сууцжуулахад зориулсан дэд бүтцийг бий болгох зэрэг ажлыг санхүүжүүлэх.
6. Хүнс, хөдөө аж ахуй
-хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих;
-хүнсний аюулгүй байдлыг олон улсын стандартын түвшинд хянан шинжлэх, баталгаажуулах чадвартай лабораториудыг байгуулах.
7. Бусад салбар
-газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах;
-атомын цахилгаан станц барих;
-ашигт малтмал боловсруулах үйлдвэр барих зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг стратегийн ач холбогдол бүхий томоохон хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрүүдийг судлан үзэж дэмжлэг үзүүлэх.
---оОо---
Төсөл
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны ... дүгээр Дугаар Улаанбаатар
сарын ... өдөр хот
Чиглэл батлах тухай
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх шаардлагыг харгалзан Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
ГАРЫН ҮСЭГ
Текст томруулах
A
A
A