A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 190 дүгээр
                                                                                                                         тогтоолын хавсралт
 
 
УРГАМЛЫН ХОРИО ЦЭЭР ТОГТООСОН ҮЕД
БАРИМТЛАХ ЖУРАМ
 
                                                                                       Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Энэхүү журмын зорилго нь бэлчээрийн болон таримал ургамлын хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, гарахад тавигдах шаардлага, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх нөхцөл, аргыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
 
2. Засгийн газар бэлчээрийн болон таримал ургамал хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтын төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн бүс нутгийн хэмжээнд ургамлын хорио цээр тогтоож, цуцална. Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл орон нутгийн мэргэжлийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн нутаг дэвсгэртээ ургамлын хорио цээр тогтоож цуцална.
 
3. Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтан илэрч нутаг дэвсгэртээ ургамлын хорио цээр тогтоосон тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нийтэд зарлан мэдээлж, уг нутаг дэвсгэрт орох, гарах гарцыг тогтоон, тухайн орон нутгийн цагдаагийн болон онцгой байдлын байгууллагатай хамтран хорио цээрийн дэглэм сахиулах, сурталчлах арга хэмжээг зохион байгуулна.
 
4. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт ургамлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тухайн шатны Засаг даргатай хамтран дараахь арга хэмжээг зохион байгуулна:
 
4.1. Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтны тархалтыг тогтоох;
 
4.2. Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчинг оношлох, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтны төрөл, зүйлийг тодорхойлох;
 
4.3. Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтны голомтыг тодорхойлох;
 
4.4. Ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтныг устгах;
 
4.5. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэр, ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтан байгаа байгууламжид ариутгал, халдваргүйжүүлэлт хийх;
 
4.6. Хорио цээр тогтоосон үед авах арга хэмжээнд шаардагдах хөрөнгө, хүн хүч, техник хэрэгсэл, материалын тооцоог холбогдох байгууллагатай хамтран боловсруулж шийдвэрлүүлэх.
 
5. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын нийгмийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүнс, барааны хангамжийг тухайн нутаг дэвсгэрийн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран тухайн шатны Засаг дарга зохион байгуулна.
6. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Цагдаагийн байгууллага авч хэрэгжүүлнэ.
 
7. Иргэн, хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн газарт ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтан илэрсэн тохиолдолд тухайн шатны Засаг дарга болон мэргэжлийн байгууллагад мэдэгдэж, урьдчилан сэргийлэх, устгах арга хэмжээг авахуулна.
 
8. Энэхүү журмыг тухайн нутаг дэвсгэрт байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.
 
Хоёр. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох,
гарахад тавигдах шаардлага
 
9. Тухайн шатны Засаг дарга онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрийн зааг, уг бүсэд гаднаас орох, гарах цэг, дамжин өнгөрөх зурвасын чиглэлүүдийг тогтоож, анхааруулсан тэмдэг тэмдэглэл тавьж, харуул хамгаалалт ажиллуулна.
 
10. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, гарах болон дамжин өнгөрүүлэх зурвас дээр шалган нэвтрүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх цэгүүдийг байгуулж, хүний болон машин техникийн хөдөлгөөнийг хянаж зохицуулна.
 
11. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа олон улсын болон улсын чанартай төмөр зам, авто замын хөдөлгөөн, нисэх буудлын үйл ажиллагааг хяналтад авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн нөхцөлд хүн болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ.
 
12. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, гарах, дамжин өнгөрөх зөвшөөрөлтэй иргэн, тээврийн хэрэгслийг зөвхөн тогтоосон орох, гарах цэг, дамжин өнгөрөх зурвасаар нэвтрэхийг зөвшөөрнө. Эдгээр цэгүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ.
 
13. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт орох, гарах, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дор дурдсан тохиолдолд олгоно:
 
13.1. Хүн эмнэлгийн яаралтай тусламж авах;
 
13.2. Хүн амыг хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлсээр хангах;
 
13.3. Албан болон хувь хүний хувьд хойшлуулшгүй ажил гарсан нөхцөлд;
 
13.4. Олон улсын болон улсын чанартай төмөр зам, авто зам, нисэх буудлаар дайран гарах;
 
13.5. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт ажиллаж байгаа мэргэжлийн багд албан ажлын шаардлага гарсан.
 
                                                            Гурав. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
                                                                                           нөхцөл, арга
 
14. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт ажиллаж байгаа мэргэжлийн баг нь ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтны биологийн онцлогт тохируулан мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, технологийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, голомтыг устган, цаашид тархах явдлыг таслан зогсооно.
 
15. Ариутгал, халдваргүйжүүлэлт болон голомтыг устгах үйл ажиллагааг дараахь байгууламж, талбай, тээврийн хэрэгсэлд хийнэ:
 
15.1. Голомт бүхий талбай;
 
15.2. Тээврийн хэрэгсэл;
 
15.3. Ургамал байсан барилга байгууламж, агуулах, зоорь, хүлэмж, ил талбай, үтрэм, бусад зориулалтын хэрэгсэл;
 
15.4. Голомтод орсон хүний хувцас, хэрэгсэл;
 
15.5. Бусад халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай эд зүйлс.
 
16. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, голомтыг устгах ажлыг тухайн илэрсэн зүйлийн биологи, нөхцөл байдалд зохицуулан дараахь нийтлэг аргуудаас сонгож хэрэглэнэ:
 
16.1. Химийн арга: ургамал хамгаалах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зориулалтын шингэн болон хуурай бодисыг ашиглан тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, ил талбайг шүрших, цацах, барилга байгууламжийн дотоод талыг утах;
 
16.2. Физикийн арга: зориулалтын техник, төхөөрөмжийг ашиглан битүү тээврийн хэрэгсэл, барилга, байгууламжийг халаах, хөлдөөх;
 
16.3. Механик арга: илэрсэн зүйлийг цуглуулж цэвэрлэх, шатаах, нүхэнд булах, голомттой талбайн ургацыг нь хурааж устгах.
 
17. Илэрсэн ургамлын гадаад, дотоод хорио цээртэй өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтантай тэмцэхдээ тархалтыг гаднаас нь дотогш хумих буюу голомтын захаас төв рүү чиглэсэн байдлаар ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, голомтыг устгана.
 
18. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, голомтыг устгахад ашиглах бодис, уусмалын хэмжээ, тун, хугацаа, хэрэглэх аргыг зааврын дагуу чанд мөрдөж ажиллана.
 
19. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа хүн бүрт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, шаардлагатай хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслээр хангана.
 
20. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, голомтыг устгахад ашигласан химийн бодисын үлдэгдэл, сав, баглаа, боодол, хөдөлмөр хамгааллын хувцсыг устгана.
 
21. Устгал хийх байр, талбайг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үндэслэн тухайн шатны Засаг дарга тогтооно.
 
Дөрөв. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт
    хориглох зүйл
 
22. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрт дор дурдсан үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөл, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэхгүйгээр явуулахыг хориглоно:
 
22.1. Бэлчээр, нутаг сэлгэх, нүүх;
 
22.2. Үр, суулгац тариалах, ургац хураах, борлуулах;
 
22.3. Хадлан бэлтгэх;
 
22.4. Явган болон ердийн хөсгөөр хориотой бүсээс гадагш зорчих;
 
22.5. Халдварын голомт бүхий агуулах, зоорь, сав баглаа, боодол, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, түүхий эд, хөрс, бэлчээр, талбайг ашиглах;
 
22.6. Хорио цээр, хязгаарлалт тогтоосон нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгслээр тайван бүс нутаг руу зорчих, тээвэр хийх;
 
22.7. Үзэсгэлэн, хурал, цуглаан, баяр наадам зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах;
 
22.8. Онцгой байдал болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс гарах, орох, дамжин өнгөрөх.
 
                                                                                   Тав. Хариуцлага
23. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Ургамал хамгааллын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.  
---оОо---