A

A

A

Бүлэг: 1979
 
Засгийн газрын 2008 оны 196 дугаар
тогтоолын хавсралт
 
 
 
  "МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР II"
 
(Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
 
Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага
 
 
     Монгол бичиг бол хүн төрөлхтний бүтээсэн оюуны соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд энэхүү бичгийг монголчууд XШ зуунаас хэл аялгуундаа тохируулан хэрэглэж, улам төгөлдөржүүлэн олон зүйл мэдлэг ухааны туурвил бүтээлийг бий болгожээ. Монголын ард түмний соёлын өв болсон монгол бичгийг хадгалан хамгаалж, эзэмшин хэрэглэж, төгс төгөлдөр болгох нь хүн төрөлхтний өмнө монголчуудын хүлээсэн үүрэг мөн.
 
     Монгол бичиг XШ зуунаас эхлэн 1950 он хүртэл монголчуудын 750 гаруй жил хэрэглэсэн албан ёсны бичгийн нэг байв.      1950-иад оноос хойш 50 гаруй жил төрийн албан хэргийг кирилл бичгээр хөтөлж байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын  агентлаг, хот, аймаг, дүүрэг, сум, хороодын тамгыг монгол бичгээр үйлдэн хэрэглэх болоод 20 шахам жил боллоо. Энэ нь монгол бичиг төрийн бичгийн үндсэн үүргээ гүйцэтгэсээр байгаагийн нэг бодит баримт юм. 
 
     Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангид     1980-ад оны дунд үеэс монгол бичгийг заах болсон нь түүнийг залуу үед өвлүүлэх нэг алхам болсон бол 1990-ээд оны эхээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн нь үндэсний бичиг үсгээ дахин сэргээх боломжийг нээсэн билээ. "БНМАУ-д  албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэл ажлыг хангах тухай" Улсын Бага хурлын 1991 оны 36 дугаар тогтоол гарч, түүнийг хэрэгжүүлэх өргөн далайцтай ажил зохиогдсон байна. Улсын Их хурлын 1995 оны 43 дугаар тогтоолоор Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг баталсан байна. Уг хөтөлбөрийг 1995-2005 онд хэрэгжүүлж, дэвшүүлсэн зорилтыг үндсэндээ биелсэн гэж Монгол Улсын Засгийн газар үзсэн болно.
 
Хүн төрөлхтний соёлын санд монголын ард түмний оруулсан үнэт хувь нэмэр төдийгүй дэлхийн утга, соёлын нандин өв болсон монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх нь зүй ёсны      хэрэг юм.
 
Монгол Улсын Засгийн газраас "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II"-ийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2008 оны 19 дүгээр захирамжаар батлагдсан ажлын хэсэг уг хөтөлбөрийг шинэчлэн боловсруулав.
 
Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
 
 
     "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II"-ийг боловсруулах, хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
         
2.1. Монгол Улсын иргэн бүрт монгол бичгийг сурч, эзэмших боломж нээлттэй байх;
             
2.2. Улсын Их хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг үндэслэн монгол бичгийн сургалтыг суурь боловсролын агуулгад багтаан зохион байгуулж, бүх нийтийг сургах;
 
2.3. Монгол бичгийн хичээлийг монгол хэлний боловсролын стандарт, монгол хэл, уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн үзэл баримтлалтай нягт уялдуулах;   
 
2.4. Монгол бичгийн хөтөлбөр нь "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого", "Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө" зэрэг баримт бичгийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх.
 
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
 
     Энэхүү хөтөлбөрийн зорилго нь монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцөлийг бий болгох, энэ чиглэлийн сургалт, судалгаа, сурталчилгааг шинэ түвшинд гаргах, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгоход оршино.
      
     Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:
 
     3.1. Монгол бичгийн багшийг бэлтгэх, давтан бэлтгэх;
 
     3.2. Монгол бичгийн сургалтын орчныг сайжруулж, хэрэглээг өргөтгөх;
 
     3.3. Иргэдэд монгол бичгийг албан болон албан бус сургалтаар зааж сургах; 
 
     3.4. Монгол бичгийн судалгаа, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх.
 

 

Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
 
 
     4.1. Хөтөлбөрийн нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 
     4.1.1. багш бэлтгэдэг төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн монгол хэлний багш, арга зүйч мэргэжилтэн бэлтгэх ангийн сургалтын төлөвлөгөөнд монгол бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлэн монгол бичиг заах арга зүйг шинээр оруулж, сургалтын чанарыг сайжруулах;
 
     4.1.2. ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн  сургалт-үйлдвэрлэлийн төвийн монгол бичгийн багш нарын мэргэшлийг үе шаттайгаар дээшлүүлэх, тэднийг давтан сургах;
 
     4.1.3. ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, хүмүүнлэг, нийгмийн ухааны багш нарын мэргэшлийн түвшинд тавигдах шаардлагад монгол бичиг сурч эзэмшсэн байдлыг нэг үзүүлэлт болгох;
 
4.1.4. ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа 4.1.3-т зааснаас бусад мэргэжлийн багш болон багш бэлтгэдэг сургуульд өөр мэргэжлээр сурч байгаа оюутнуудын сонирхлыг үндэслэн монгол бичгийн хичээл заах эрх олгох сургалтад хамруулах.
 
     4.2. Хөтөлбөрийн хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 
4.2.1. төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд монгол бичгийг хэрэглэж байх;
 
4.2.2. төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хаяг, бүтээгдэхүүний шошгыг монгол бичгээр үйлдэхийг дэмжих;
 
4.2.3. ерөнхий боловсролын сургуулийн монгол бичгийн сурах бичиг, сурагчийн дасгал ажлын дэвтэр, багшийн ном, сургалтын хэрэглэгдэхүүнийг цогцоор нь бэлтгэж хэвлэх;
 
4.2.4. ерөнхий боловсролын сургуульд монгол бичгийн танхим байгуулах, сургалтад хэрэглэгдэж байгаа компьютерт монгол үсгийн программ суулгаж, түүнийг ашиглаж сургах, хэрэглээ болгох;
 
4.2.5. монгол бичгийн багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
 
4.2.6. монгол бичгээр уламжлан ирсэн эртний уран зохиолыг хэвлэн нийтлэхийн зэрэгцээ орчин цагийн уран зохиолыг монгол бичгээр хөрвүүлэн хэвлэж, монгол бичгээр унших нөхцөлийг бүрдүүлэх;
 
4.2.7. монгол бичгээр хэвлэгдсэн түүх, соёлын бүтээлийг судлах, дахин хэвлэх зэргээр нийтийн хүртээл болгох;
 
4.2.8. иргэд бие дааж монгол бичиг сурахад зориулж ном, сурах бичиг, гарын авлага, толь бичгийг цаасан болон электрон хэлбэрээр үйлдэж, түгээх ажилд дэмжлэг үзүүлэх;  
 
4.2.9. төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн үүсгэл санаачилгаар зохион байгуулах монгол бичиг сурах, сурталчлахад чиглэсэн санал, санаачилгыг дэмжих.
 
     4.3. Хөтөлбөрийн гуравдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 
4.3.1. ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн  сургалт-үйлдвэрлэлийн төвийн болон их, дээд сургуулийн нийгмийн ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ангийн сургалтын төлөвлөгөөнд монгол бичгийн хичээлийг оруулж, хэрэгжилтэд Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байууллага хяналт тавих;
 
4.3.2. монгол бичгийн сургалтын агуулга, арга зүйг нийгмийн ухааны боловсролын стандарт, сургалтын хөтөлбөртэй уялдуулах;
 
4.3.3. хөтөлбөрийн 4.3.2-т зааснаас бусад чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнд монгол бичгийн хичээлийг тусгах;
 
4.3.4. төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд монгол хэл, уран зохиолын багш, эх бичиг судлаач, сэтгүүлч, түүх, нийгмийн ухаан, аялал жуулчлалын мэргэжлээр элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний хичээлийн агуулгад монгол бичгийг оруулах;
 
4.3.5. албан болон албан бус сургалтын олон хэлбэрээр монгол бичиг зааж, иргэдийн монгол бичиг сурах идэвхи сонирхлыг өрнүүлэх.
 
4.4. Хөтөлбөрийн дөрөв дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 
4.4.1. монгол бичгийн заах арга, монгол бичгийн уламжлал шинэчлэлийн судалгааг гүнзгийрүүлэх;
 
4.4.2. хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Монгол бичгийн сургалтын булан"-г нээж, олон хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулах;
 
4.4.2. монгол бичгийн сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг өргөжүүлж, орчин үеийн мэдээлэл, харилцааны технологийн дэвшилтэй хослуулах;
 
4.4.3. цахим техникийн орчинд кирилл, монгол бичгийг харилцан хөрвүүлэх программыг боловсруулах судалгааны ажлыг дуусгаж, сургалт, судалгаанд хэрэглэх.
 
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага,
зохион байгуулалт, хяналт
                   
5.1. "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II"-ийг       2008-2015 онд хэрэгжүүлнэ.
 
5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэгтэй ажлын хэсгийг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулна.
 
5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүрэгт сум, дүүргийн Засаг дарга ахалж ажиллана.
 
5.4. Хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын тайланг жил бүр Засгийн газарт тайлагнана.
 
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
 
      6.1. "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II"-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж хэрэгжилтэд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина. 
 
6.2. Хөтөлбөрийн холбогдох заалтыг төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулах гэрээнд тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
 
6.3. Гадаад орон, олон улсын хандивлагч байгууллагын болон иргэд, Төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлнэ.
 
Долоо. Хөтөлбөрийн шалгуур, үзүүлэлт
 
Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур, үзүүлэлтээр дүгнэнэ:
 
7.1. Монгол бичгийг заах ур чадвар сайтай багш бэлтгэгдсэн байна;
 
7.2. Монгол бичгийн багш нарын заах арга зүй сайжирсан байна;
    
     7.3. Төрийн захиргааны болон хэвлэл мэдээллийн байгууллагад монгол бичгийн орчин, хэрэглээ бүрдсэн байна;
 
     7.4. Монгол бичиг сурах иргэдийн сонирхол, хэрэгцээ өссөн байна;
 
     7.5. Иргэдийн монгол бичгийн мэдлэг, чадварын түвшин ахисан байна;
 
     7.6. Бүх шатны монгол бичгийн сургалтын чанар дээшилсэн байна.
 
Эдгээр шалгуур үзүүлэлтийг үндэслэн хөтөлбөрийн хүрэх үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийг тусгасан үйл ажиллагааны төлөвлөгөөг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, мөрдүүлнэ.
 
 
 
 
 
---оОо---