A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 183 дугаар
                                                                               тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
"ТРАНЗИТ МОНГОЛ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
                                                            1. Оршил
 
Даяарчлалын өнөө үед Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болох замаар транзит орон болсноор олон улсын худалдаа, тээвэр, логистикийн зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг хурдасгах, эдийн засаг, нийгмийн тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
 
2. Худалдаа, тээврийг хөнгөвчлөх тухай ойлголт
 
НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн комиссоос гаргасан зөвлөмжид тодорхойлсноор "Худалдааг хөнгөвчлөх" гэдэгт барааны экспорт, импорт болон транзит урсгалыг аль болох хямд, хурдан шуурхай, чөлөөтэй нэвтэрч байх орчин бүрдүүлэх үйл ажиллагааг ойлгодог байна.
 
Бараа бүтээгдэхүүний хөдөлгөөнд Засгийн газрын зохицуулалт, улсын хил, гааль, хяналтын байгууллагын үйлчилгээний чанар, бизнесийн ур чадвар, тээвэрлэлт, тээврийн дэд бүтэц, харилцаа холбооны чадавхи, санхүүжилт зэрэг олон хүчин зүйл шууд нөлөөлж байдаг.
 
"Тээврийг хөнгөвчлөх" гэдэг ойлголт нь худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд зорчигч болон ачааг тээвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тээвэрлэлтийн саад тотгорыг арилгах, дэд бүтцийг бий болгох цогц үйл ажиллагаагаар тодорхойлогдох болно.
 
                                         3. Хөтөлбөрийн үндэслэл, шаардлага
 
Транзит тээвэр, логистикийг хөгжүүлэх нь худалдаа, тээвэр, хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналт зэрэг олон салбарын нэгдмэл хамтын ажиллагаа болон хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын идэвхтэй оролцоо шаардсан өргөн хүрээтэй цогц үйл    ажиллагаа юм.
 
Монгол Улсын хувьд худалдаа, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр нэгдсэн бодлого, зохицуулалт, дэд бүтэц, техникийн хүчин чадал хангалтгүй, эрх зүйн зохицуулалт бүрдээгүй байгаа болно.
 
Одоогоор Монголын транзит тээвэрт төмөр зам гол үүрэг гүйцэтгэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч, гадаад, дотоод худалдааны хэмжээ нэмэгдэж, энэхүү эрэлтийг хангахад тээврийн дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, техник хэрэгслийн хүчин чадлыг эрс сайжруулах шаардлагатай болж байна. 
 
Хил, гаалийн хяналт шалгалт, удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхи, техник технологи нь олон улсын түвшин, стандартын нөхцөл шаардлагыг бүрэн хангаагүй, хөрш орнуудын хил, гаалийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоо сул байгаа нь тарифын бус хүндрэлийг үүсгэсээр байна.
 
Монгол Улсын хөдөө аж ахуй, уул уурхай болон бусад салбарын үйлдвэрлэл үйлчилгээнд тээвэр логистикийн төвүүд ашиглагдахгүй байгаагаас үйлдвэр, аж ахуйн газрууд өөрийн хэрэгцээний тоног төхөөрөмж, түүхий эдийг олж авах, бараа үйлчилгээг борлуулах, экспортлоход ихээхэн нэмэлт зардал гарч байна.
 
Монгол Улсын үндэсний стандартын нөхцөл шаардлага тодорхой бус, хуучирсан, зарим шаардлагатай стандартууд байхгүй, мэргэжлийн хяналтын үзлэг хийх техник, технологийн бололцоо хангалтгүй байгаа нь импортын бараанд хяналт тавих боломжийг хязгаарлаж байна.
 
Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний стандарт, гарал үүслийн гэрчилгээг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөхүйц баталгаажуулах үндэсний лаборатори байхгүйгээс Монголын экспортын барааг олон улсын зах зээлд нийлүүлэх асуудал хүндрэлтэй хэвээр байна. Бүс нутгийн худалдаа өсөхийн хэрээр олон улсын тээвэр, логистикийн салбар дахь өрсөлдөөн улам нэмэгдэж байхад Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын хөгжил олон улсын худалдаа, тээврийн зах зээлийн хөгжлөөс хоцорч байгаагаас транзит тээвэр өсөхгүй байна.
 
Худалдаа, тээврийн салбарын мэдээ, мэдээлэл, хэрэгжсэн төсөл арга хэмжээ, дотоодын болон гадаад зах зээлийн судалгаа, олон улсын чиг хандлагатай уялдуулан Монгол орны нөхцөлд худалдаа, тээврийг хөгжүүлэх боломжийг судлан энэхүү хөтөлбөрийг боловсруулав.
 
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагаа,
   хамрах хүрээ
 
                                          4. Хөтөлбөрийн зорилго, зорилт
 
Хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол Улс өөрийн газар зүйн байрлалын давуу талыг ашиглан, зах зээлийн бодит хэрэгцээнд суурилсан, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоотой транзит тээвэр, логистикийн салбарыг дэмжин хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэхүү зорилгыг дараахь зорилтуудын хүрээнд хэрэгжүүлнэ:
 
4.1. Гадаад худалдаа, олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
 
4.2. Худалдаа, тээвэр, логистикийн үйлчилгээг хөнгөвчлөх, дэмжин хөгжүүлэх;
 
4.3. Үндэсний зам, тээврийн сүлжээг өргөжүүлж, олон улсын тээврийн системтэй холбох;
 
4.4. Олон улсын транзит тээврийг дэмжих;
 
4.5. Улсын хил, гааль, мэргэжлийн хяналтыг хөнгөвчлөх, үр нөлөөг сайжруулах; 
 
4.6. Худалдаа, тээвэр, логистикийн үйлчилгээг хөнгөвчлөхөд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг нэвтрүүлэх;
 
4.7. Худалдаа тээвэр логистикийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох.
 
                                            5. Үйл ажиллагаа
 
Дэвшүүлсэн зорилтуудыг дараахь үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ:
 
5.1. Гадаад худалдаа, олон улсын тээвэр, логистикийн үйлчилгээний эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сайжруулах зорилтын хүрээнд:
 
5.1.1. худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээвэр зуучлал, тээвэр-логистикийн олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орж, үндэсний эрх зүйн орчинг түүнд нийцүүлэх;
 
5.1.2. авто тээвэр, иргэний нисэх, төмөр зам, усан замын тээврийн талаархи хуулиудад транзит тээвэр, логистикийн асуудлыг тусгах арга хэмжээг авах;
 
5.1.3. олон улсын болон транзит тээвэрлэлт, логистикийн үйл ажиллагааг улсын хил, гаалийн хяналттай уялдуулсан эрх зүйн зохицуулалт бий болгох;
 
5.1.4. олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, техник, арга зүйн зөвлөгөө, тусламж дэмжлэгийг нь ашиглах;
 
5.1.5. хөрш болон зэргэлдээ улс орнуудтай гэрээ хэлэлцээ байгуулах зэрэг арга хэлбэрээр худалдаа, тээврийг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;
 
5.1.6. худалдаа, тээвэр, логистикийн салбарын төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог хангах.
 
5.2. Худалдаа, тээвэр, логистикийн үйлчилгээг хөнгөвчлөх, дэмжин хөгжүүлэх зорилтын хүрээнд:
 
5.2.1. гадаад худалдааны бичиг баримтыг олон улсын жишигт нийцүүлэн нэг стандартад шилжүүлэх арга хэмжээ авах;
 
5.2.2. гадаад болон дотоод худалдаанд барааны зураасан кодын тогтолцоог нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх; 
 
5.2.3. гаалийн үйлчилгээнд барааг "агуулахаас агуулахад" шилжүүлэхэд тавих хяналт, зохицуулалтын механизмыг нэвтрүүлэх;
 
5.2.4. Улаанбаатар хот орчимд улсын хэмжээний жишиг  ачааны төрөлжсөн терминал аж ахуй, логистик төвүүд байгуулж, хотын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, өргөн хэрэглээний бараагаар хангах сүлжээг бий болгох;
 
5.2.5. Замын-Үүд, Улаанбаатарт дээд зэрэглэлийн логистик төв, терминал аж ахуйн бүсийн төвүүд болон бусад газарт      В-С зэрэглэлийн логистик төв, терминал аж ахуйг байгуулж  үндэсний нэгдсэн сүлжээ бий болгох;
 
5.2.6. Алтанбулаг, Цагааннуурын худалдааны чөлөөт бүс, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг худалдаа, тээврийн логистик төв, терминал аж ахуйн үйл ажиллагаатай уялдуулах;
 
5.2.7. Улаанбаатар хотод баригдах олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн төмөр зам, авто зам, агаарын тээврийн олон улсын сүлжээний HUB байгуулах;
 
5.2.8. Улаанбаатар, Хонхор, Замын-Үүд, Сүхбаатар өртөөнд олон улсын жишигт нийцсэн тэсэрч дэлбэрэх болон химийн бодисыг ачиж, буулгах тусгайлсан цэг, хураагдсан тэсэрч дэлбэрэх болон химийн бодисыг хадгалах түр агуулах байгуулах;
 
5.2.9. бүх төрлийн тээврийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэн нэмэгдүүлэх, ялангуяа төмөр замын тээврийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горимд нийцсэн тусгай зориулалтын вагоноор шинэчлэх.
 
5.3. Үндэсний зам, тээврийн сүлжээг өргөжүүлж, олон улсын тээврийн системтэй холбох зорилтын хүрээнд:
 
5.3.1. босоо тэнхлэгийн АН-3 авто замын Улаанбаатар хотыг тойрон өнгөрөх маршрутыг тодорхойлж, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зам барилгын ажлыг гүйцэтгэх;
 
5.3.2. Чойр-Замын-Үүдийн авто замыг ашиглалтад оруулах;
 
5.3.3. хэвтээ тэнхлэгийн АН-32 авто замыг барьж дуусгах;
 
5.3.4. бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох;
 
5.3.5. Баруун бүсийн босоо тэнхлэгийн АН-4 авто замыг  ашиглалтад оруулж, замын дагуух аймгийн төвүүдийг хөрш орнуудын дэд бүтэц, логистикийн сүлжээ, терминал аж ахуйнуудтай холбох;
 
5.3.6. үндсэн төмөр замтай зэрэгцээ хоёрдох төмөр замыг барьж,  транзит тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх;
 
5.3.7. төмөр замыг цахилгаанжуулах боломжийг судлах;
 
5.3.8. Зүүн болон говийн бүсийн төмөр замын үндсэн сүлжээг барьснаар хөрш болон Зүүн өмнөд Азийн орнуудтай худалдааны харилцааг өргөжүүлэх, нефть болон стратегийн бусад түүхий эдээр хангах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авах.
 
5.4. Олон улсын транзит тээврийг дэмжих зорилтын хүрээнд:
 
5.4.1. Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг маршрутаар авто тээврийн улс хоорондын транзит болон чингэлгийн тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх;
 
5.4.2. улс хоорондын авто тээврийн чиглэлийн дагуу    150-200 км тутамд үйлчилгээний цогц дэд бүтэц (замын буудал, автомашины зогсоол, талбай, авто сервис, шатахуун түгээх станц, цайны газар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын цэг, техникийн түргэн тусламж, нийтийн бие засах газрын үйлчилгээ) бий болгож, олон улсын стандартын түвшинд хүргэх;
 
5.4.3. ТИР карней ашиглан олон улсын хэмжээнд тээвэрлэлт гүйцэтгэхэд эрх зүйн, техник технологийн дэмжлэг үзүүлэх; 
 
5.4.4. БНХАУ, ОХУ болон Ази, Европын орнуудын тээвэр зуучийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес уулзалт тогтмол зохион байгуулж, худалдаа, тээврийн логистикийн хөгжлийн "Транзит Монгол" Үндэсний хөтөлбөрийг танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгуулах;
 
5.4.5. Ази-Европыг холбосон "Найрамдал", "Монгол вектор" чингэлгийн тээврийн цуваа зэрэг тээвэр зуучийн үйлчилгээний төсөл, арга хэмжээг дэмжих, өргөжүүлэн хөгжүүлэх арга хэмжээг авах;
 
5.4.6. монголын авто тээвэрчид БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайн боомтод хүрэх, буцаж тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх арга хэмжээг авах;
 
5.4.7. төмөр замын одоогийн хүчин чадлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийгдэх транзит тээврийг нэмэгдүүлэх, уг тээвэрлэлтийг гүйцэтгэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжин хөгжүүлэх.
 
5.5. Улсын хил дээрх гааль, мэргэжлийн хяналтыг хөнгөвчлөх, үр нөлөөг сайжруулах зорилтын хүрээнд:
 
5.5.1. улсын хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах, мэдээлэл харилцан солилцох, хялбарчилсан хяналт тавих удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг авах; 
 
5.5.2. хилийн мэргэжлийн хяналтын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, лаборатори, техник тоног төхөөрөмж болон хүний нөөцийн чадавхийг олон улсын түвшинд хүргэх;
 
5.5.3. гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтад эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, хамрах хүрээг өргөжүүлэх;
             
5.5.4. Замын-Үүд, Сүхбаатар боомтод вагон шалгах, Сүхбаатар боомтод чингэлэг шалгах рентген төхөөрөмж суурилуулах;
 
5.5.5. хориотой болон чанаргүй бараа бүтээгдэхүүн, аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрэхээс сэргийлэх хяналт шалгалтыг шуурхай гүйцэтгэх орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх;
 
5.5.6. тэсэрч дэлбэрэх болон химийн бодисыг төмөр замаар тээвэрлэх зориулалт бүхий вагон ашиглах.
 
5.6. Худалдаа, тээвэр, логистикийн үйлчилгээг хөнгөвчлөхөд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд:
 
5.6.1. гадаад худалдааны цахим бичиг баримтыг мэдээллийн сүлжээгээр дамжуулах, солилцох системийг бий болгоход төрийн холбогдох байгууллагуудын хүлээх үүргийг тодорхой болгож, үйл ажиллагааг нь уялдуулах замаар худалдаа, тээврийн баримт бичгийн бүрдүүлэлтийг хялбаршуулах;
 
5.6.2. худалдаа, тээврийн бичиг баримтад агуулагдах мэдээ, мэдээллийг хялбарчлах, нэг стандартад оруулах, цахим хэлбэрт шилжүүлэх;
 
5.6.3. гадаад худалдааны нэг цонхны электрон үйлчилгээг нэвтрүүлэх;
 
5.6.4. худалдаа, тээврийг хөнгөвчлөх Үндэсний хорооны вэб сайтаар дамжуулан холбогдох мэдээллийг монгол, англи болон бусад хэл дээр түгээх, төрийн болон хувийн хэвшлийн харилцах холбоо, хамтран ажиллах таатай орчинг бүрдүүлэх. 
 
5.7. Худалдаа, тээвэр, логистикийн салбарын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд:
 
5.7.1. худалдаа, тээвэр, логистикийн салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлага, хүний нөөцийн чадавхийг сайжруулах;
 
5.7.2. төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулан, худалдаа, тээвэр, логистикийн салбарын цаг үеийн болон техник, технологийн дэвшлийн талаархи мэдээллийг нийтэд түгээх, олон нийтийн санал хүлээн авах тогтолцоог бүрдүүлэх;
 
5.7.3. төрийн болон хувийн хэвшлийн худалдаа, тээвэр, логистикийн салбарын ажилтныг хамруулсан мэргэжил дээшлүүлэх сургалт, олон улсын туршлага судлах, хурал, семинар зохион байгуулах;
 
5.7.4. олон улсын туршлагатай зөвлөх, шинжээч урьж  ажиллуулах, мэргэжилтэн солилцох;
 
5.7.5. салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих, байнгын ажиллагаатай олон улсын судалгааны төв байгуулах, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхэд хэрэглэж хэвших;
 
5.7.6. худалдаа, тээвэр, логистикийн салбарын бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааны талаархи мэдээллээр олон нийтийг хангах.
 
                       6. Хөтөлбөрийн хамрах хүрээ
 
6.1. Худалдаа, тээврийг хөнгөвчлөх "Транзит Монгол" хөтөлбөрт дараахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хамрагдана.
 
6.1.1. төрийн байгууллага:
 
зам, тээвэр, үйлдвэр худалдаа, гадаад хэрэг, санхүү, хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, авто тээвэр, авто зам, төмөр зам, иргэний нисэх, усан зам, улсын хил, гааль, мэргэжлийн хяналт, мэдээлэл, харилцаа холбооны технологийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлаг, байгууллага, тэдгээрийн орон нутаг дахь салбар, харьяа байгууллага, лабораториуд.
 
6.1.2. төрийн бус байгууллагууд:
 
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын тээвэр зуучийн холбоо зэрэг холбогдох төрийн бус байгууллага.
 
6.1.3. аж ахуйн нэгж:
 
экспорт, импорт, дамжин өнгөрөх худалдаа, тээвэр, тээвэр зуучлал, лабораторийн шинжилгээ, логистикийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж болон бусад холбогдох аж ахуйн нэгж.
 
                                            Гурав.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, зарчим
 
                7. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
 
"Транзит Монгол" хөтөлбөрийг 2 үе шаттай хэрэгжүүлнэ.
 
Нэгдүгээр үе шат: Худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээвэр логистикийн сүлжээ байгуулах бэлтгэл ажил. (2008-2011 он) Энэ шатанд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
-Монгол Улсыг Транзит улс болгоход шаардлагатай олон улсын стандартуудыг судлан мөрдүүлэх арга хэмжээ авч,  эрх зүй, дэд бүтэц, бизнесийн таатай орчинг бүрдүүлнэ;
 
-Гаалийн үзлэг хяналтад цахим нэг цонхны үйлчилгээ болон "агуулахаас агуулахад" үзлэг хийх үйлчилгээг нэвтрүүлнэ;
 
-Тарифын болон тарифын бус бусад саад тотгорыг арилгах замаар гадаад худалдаа, тээврийг хөнгөвчилж, транзит тээвэр, логистикийн салбарын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлнэ;
 
-Төмөр зам голлосон бусад төрлийн тээврийн төрлүүд хосолсон "мултимодал" тээврийг хөгжүүлэх эхлэл тавигдана;
 
-Логистикийн салбарын хувьд, томоохон хилийн боомтууд дээр дээд зэрэглэлийн логистикийн төвийг байгуулна;
 
-Хяналт-шинжилгээний лабораториудыг байгуулах ажлыг эхлүүлнэ;
 
-Худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг логиситикийн төв, терминал аж ахуйн үйл ажиллагаатай уялдуулах эхлэл тавигдана.
 
Хоёрдугаар үе шат: Үйл ажиллагааг жигдрүүлж, олон улсын нэгдмэл сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болгох. (2012-2015 он) Энэхүү шатанд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
 
-Монгол Улсад  транзит тээвэр, логистикийн салбарын эрх зүй, дэд бүтэц, бизнесийн орчин олон улсын жишгийн хэмжээнд  бүрдсэн байна;
 
-Гаалийн үзлэг хяналтад цахим нэг цонхны үйлчилгээ, болон "агуулахаас агуулахад" үзлэг хийх үйлчилгээ нэвтэрч хэвшсэн байна;
 
-Тарифын болон тарифын бус бусад саад буурч худалдаа, тээвэр, логистикийн салбар олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн байна. Транзит тээвэр, логистикийн салбарын  дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эзлэх хувь        11,5 хувьд хүрнэ;
 
-Транзит тээврийн үйлчилгээг Монголын төдийгүй гадаад орнуудын нутаг дэвсгэр дээр төмөр зам, авто зам, агаарын тээвэр нь дангаар болон мултимодал хэлбэрээр үзүүлнэ;
 
-Барааг багцлах, захиалга авах, савлах, хаяглах, зарим боловсруулалт хийх зэргээр бараа, үйлчилгээнд нэмэгдсэн өртөг шингээсэн үйлчилгээг үзүүлэх логистикийн төв, терминал аж ахуйнууд байгуулагдан үйл ажиллагаа нь тогтворжсон байна;
 
-Хяналт-шинжилгээний лабораториудыг байгуулах ажлыг үргэлжлүүлнэ;
 
-Худалдаа болон эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг логистик төв, терминал аж ахуйн үйл ажиллагаатай уялдуулан жигдрүүлнэ;
 
-Далайд гарцгүй орнуудын худалдаа, тээвэр, логистикийн салбарын хөгжил, чиг хандлага, бодлого, үйл  ажиллагааны хэрэгцээ, тэдгээрийн нөлөөг судлах, бодлого үйл ажиллагааны зөвлөмж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий олон улсын судалгааны төв байгуулах үндэс суурь тавигдсан байна.
 
                              8. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
 
8.1. Монгол Улсын худалдаа, тээвэр, логистикийн     салбар нь олон улсын нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг байх;
 
8.2. Худалдаа, тээвэр, логистикийн салбарын хөгжлийн бодлого нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлоготой нягт уялдсан байх;
 
8.3. Худалдаа, тээвэр, логистикийн салбарыг хөгжүүлэх арга хэмжээг иргэд, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагаанд тулгуурлан зохион байгуулж хэрэгжүүлэх;
 
8.4. Худалдаа,  тээвэр, логистикийг хөгжүүлэх үйл ажиллагаа нь  олон улсын байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэлтэй нийцсэн байх бөгөөд тэдгээр байгууллагатай хамтран ажиллах.
 
                                 9. Хөтөлбөрийн санхүүжилт
 
9.1. Хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
 
9.1.1. улсын болон орон нутгийн төсөв, сангаас зам, дэд бүтэц бусад улс орны бүтээн байгуулалтын ажилд зориулж хуваарилсан хөрөнгө оруулалт;
 
9.1.2. олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын зээл, тусламж;
 
9.1.3.                  дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт;
 
9.1.4.                  хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бусад.
 
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
 
10. Хөтөлбөрийг дараахь байдлаар удирдан, зохион байгуулна:
 
10.1. Монгол Улсын хэмжээнд "Транзит Монгол" хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт үнэлгээ өгөх үүрэг бүхий нэгжийг Худалдаа, тээврийг хөнгөвчлөх Үндэсний хорооны дарга удирдана;
 
10.2. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна.
 
Тав. Үр дүн
 
11. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн бүтэц, бодлогод дараахь өөрчлөлт гарна:
 
11.1. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд транзит тээвэр, логистикийн салбарын эзлэх хувь нэмэгдсэнээр, байгалийн баялаг, эрдэс бодисын үнийн хэлбэлзлээс хамааралтай эдийн засаг, бизнесийн тогтворгүй байдал бий болох магадлал багасна;
 
11.2. Шавхагдах нөөцтэй уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн засгийн бүтцэд техник технологи, хүний нөөцийн чадавхи, олон улсын худалдааны өсөлттэй холбогдуулан хөгжүүлэх боломж бүхий худалдаа, тээвэр, логистикийн шинэ салбарын гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ;
 
11.3. Олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний чухал бүрэлдэхүүн хэсэг болсноор олон улсын худалдаа, тээврийн зах зээлд Монгол Улсын олон улсын худалдаа, тээврийн зах зээлд эзлэх байр суурь, үзүүлэх нөлөө дээшилнэ;
 
11.4. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ;
 
11.5. Тодорхой газрууд (бүсийн тулгуур төв, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс)  эдийн засгийн идэвхтэй эргэлтэд орно;
 
11.6. Транзит тээвэр, логистикийн салбарыг дагаж хөгжих үйлчилгээний салбарын тоо нэмэгдэж, тэдгээрт ажиллагсдын орлого нэмэгдэнэ; 
 
11.7. Транзит тээвэр, логистикийн салбараас төсөвт оруулах татварын хувь хэмжээ нэмэгдэнэ.
 
Зургаа. Шалгуур үзүүлэлт, нөлөө
 
12. Үр дүнгийн шалгуур үзүүлэлт
 
12.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
 
Д/д 
   Шалгуур үзүүлэлт
Суурь үзүүлэлт (2007 он)
Эхний шатны зорилт  (2012 он)
Хөтөлбөрийн зорилт (2015 он)
1
ДНБ-д тээвэр логистикийн салбарын эзлэх хувь
9.6
11.2
11.5
2
Олон улсын нэгдсэн сүлжээнд хамрагдсан авто замын урт (км)
1348
2877
4116
3
Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн ачааны хэмжээ (сая.тн)
3.5
9.0
16.0
4
 Авто тээврийн дамжин өнгөрөх ачааны хэмжээ (сая.тн)
0
0.5
2.5
5
Дээд зэрэглэлийн логистик төвүүдийн тоо
0
1
2
6
Монгол Улсын нутгаар ачааны галт тэрэг дамжин өнгөрөх дундаж хугацаа (цаг)
-Сүхбаатар-Эрээний чиглэлд
-Эрээн-Сүхбаатарын чиглэлд
 
 
 
56
 
72
 
 
32
 
36
 
 
16
 
18
 
 
 
                                                                                             ---оОо---