- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАЛЧДААС МОНГОЛ Я МААНЫ НООЛУУР ХУДАЛДАН АВСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТАТААС ОЛГОХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 260 дугаар
тогтоолын хавсралт
МАЛЧДААС МОНГОЛ ЯМААНЫ НООЛУУР ХУДАЛДАН
АВСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ЭРГЭЛТИЙН
ХӨРӨНГИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТАТААС
ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. "Мах, ноолуурын үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 51 дүгээр тогтоолыг үндэслэн "Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан"-гаас малчдаас монгол ямааны ноолуурыг чанар, зэрэглэлийг харгалзан 1 килограммыг нь 30000–32000 төгрөгөөр худалдан авсан ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгохтой холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.
2. Энэхүү журам нь Монгол Улсын татварын албанд болон нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй ноолуур боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хамаарна.
3. Ноолуурын үнийн хэлбэлзлийг хянах, ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох эсэхийг зохих журмын дагуу шалгаруулан Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн зөвлөлд хүсэлт гаргах эрх бүхий комисс гүйцэтгэнэ. Комиссын бүрэлдэхүүнийг Үйлдвэр, худалдааны сайдын тушаалаар байгуулна.
Хоёр. Аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах
4. Журамд хамрагдах аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох асуудлаар комисс тодорхойлолт гаргана.
5. Комисс нь тодорхойлолт гаргахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг үндэслэнэ:
5.1. тухайн аж ахуйн нэгж ноолуур боловсруулах үйлдвэрлэлийг 3-аас доошгүй жил тогтвортой эрхэлсэн байх;
5.2. чанар, зэрэглэлийг харгалзан 17,5 микроноос дээшгүй нарийнтай 1 кг монгол ямааны ноолуурыг 30000-32000 төгрөгөөр малчдаас болон малчдын бүлгийн төлөөллөөс тухайн аймгийн төвөөс худалдан авах баталгаа гаргасан байх.
6. Шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж дараахь бичиг баримтыг бүрдүүлэн зээлийн хүүгийн татаас авах хүсэлтээ гаргаж, комисст хүргүүлнэ:
6.1. аж ахуйн нэгжийн болон нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
6.2. мэргэжлийн холбооны санал, дүгнэлт;
6.3. хамтран ажиллах тухай арилжааны банкны албан бичиг;
6.4. тухайн арилжааны банкны зээлийн хорооны шийдвэр, зээлийн хэмжээ, зээл олгох болон зээлийн үндсэн төлбөр, хүүг эргэн төлөх хуваарь.
Гурав. Комиссын эрх, үүрэг
7. Комисс нь асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
8. Комисс нь дараахь эрхтэй байна:
8.1. энэхүү журмын 5-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзах;
8.2. эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаасын хөрөнгийг байршуулсан банкнаас татах санал гаргах, энэ талаархи дүгнэлтээ Хөрөнгө оруулалт, хөгжлйн санд ирүүлэх;
8.3. зохих журмын дагуу журамд өөрчлөлт оруулах санал боловсруулах;
8.4. ноолуур худалдан авсан тайлан болон холбогдох материалыг шаардан авах, үйл ажиллагааны чиглэл өгөх.
9. Комисс нь дараахь үүрэгтэй байна:
9.1. зээлийн хүүгийн татаас авахаар хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн хүсэлтийг судалж, тодорхойлолт гаргах;
9.2. арилжааны банкнаас тухайн аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн зээл олгохыг зөвшөөрсөн тохиолдолд Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн зөвлөлд зохих журмын дагуу уламжлах;
9.3. эргэлтийн хөрөнгийн зээл авсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих, дүгнэлт гаргах.
Дөрөв. Зээлийн хүүгийн татаасыг
байршуулах, санхүүжүүлэх
10. Шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгжийн арилжааны банкнаас авсан эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаасыг арилжааны банкинд байршуулах, санхүүжүүлэх харилцааг төсөв, санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмын дагуу зохицуулна.
11. Журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь гадаадын банкинд хамаарахгүй.
Тав. Зээлийн хүүгийн татаас олгох
12. Ноолуурын үйлдвэрлэл эрхэлдэг нэг аж ахуйн нэгжид олгох эргэлтийн хөрөнгийн зээлийн хугацаа нь 1 жил 6 сар хүртэл байна.
13. Арилжааны банк ноолуур бэлтгэх үйлдвэрлэгчдэд зээл олгосон нөхцөлд зээлийн хүүгийн 50 хувийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангаас санхүүжүүлнэ.
Зургаа. Хяналт, тайлагналт
14. Комисс нь энэхүү журамд хамрагдсан аж ахуйн нэгжийн байгуулсан гэрээний хэрэгжилтийн тайланг гаргаж, Сангийн яаманд хүргүүлнэ.
15. Ноолуур худалдан авах аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан комисс зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж хяналт тавина. Энэхүү комисс нь тухайн аймгаас худалдан авсан ноолуурын мэдээг аж ахуйн нэгж бүрээр гарган Үйлдвэр, худалдааны яаманд ирүүлнэ.
16. Үйлдвэр, худалдааны яам нь Монголын ноос, ноолуурын холбооноос хүлээн авсан тайланд тухай бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Сангийн яаманд хүргүүлнэ.
17. Гэрээний нөхцөлийг зөрчсөн, хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд гэрээг цуцлах саналыг Үйлдвэр, худалдааны яам Сангийн яаманд тавьж шийдвэрлүүлнэ.
Долоо. Хариуцлага
18. Аж ахуйн нэгж хуурамч материал бүрдүүлсэн нь нотлогдсон тохиолдолд асуудлыг зохих журмын дагуу хуулийн байгууллагад шилжүүлнэ.
19. Аж ахуйн нэгж, холбогдох ажилтнууд энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэн даруй зөрчлийг арилгаж, Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A