A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                   Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 199 дүгээр
                                                                                                   тогтоолын 1 дүгээр хавсралт
 
          
                                                                 ГАМШГИЙН НӨӨЦӨӨС БАРАА, МАТЕРИАЛ ЗАХИРАН
                                                                             ЗАРЦУУЛАХ, НӨХӨН БҮРДҮҮЛЭХ ЖУРАМ
 
                                                                                       Нэг. Нийтлэг үндэслэл
    
1.1. Улсын нөөцийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу гамшгийн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, захиран зарцуулах, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
 
1.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, улсын нөөцийн салбар, гэрээт хадгалагч байгууллага энэхүү журмыг мөрдөж ажиллана.
 
                                                                                     Хоёр. Гамшгийн нөөцөөс бараа, материалыг
                                                                                                                 захиран зарцуулах
 
2.1. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгоход зориулагдах гамшгийн нөөцийн бараа, материалыг улсын нөөцөөс эргэн төлөгдөх болон эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр гаргах шийдвэрийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
 
2.2. Засгийн газрын шийдвэрийн дагуу гамшгийн нөөцийн барааг эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон тохиолдолд онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага зээлдэгчтэй гэрээ байгуулна. Гэрээнд бараа, материалын чанар, стандарт, нэр төрлийн тоо хэмжээ, үнэ, нөхөн бүрдүүлэх хугацаа, хүлээх хариуцлагын талаар тусгасан байна. Шаардлагатай бол тухайн барааны үнийн дүнтэй дүйцэх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны баталгааг гаргуулж авна.
 
2.3. Гамшгийн нөөцөөс бараа, материал гаргах асуудлыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зөвшөөрлийг үндэслэн улсын нөөцийн салбарууд хэрэгжүүлнэ.
 
2.4. Гамшгийн нөөцөөс бараа, материал олгох тухай зээлдэгчтэй байгуулах гэрээ болон зөвшөөрлийн үлгэрчилсэн загварыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга батална.
 
                                                                       Гурав. Гамшгийн нөөцийн бараа, материалыг
                                                                                                         нөхөн бүрдүүлэх
 
     3.1. Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт тулгуурлан гамшгийн нөөцөд байх бараа, материалын байршил, нэр төрөл, тоо хэмжээг шинэчлэн боловсруулж Засгийн газраар батлуулах бөгөөд санхүүжилтийн асуудлыг жил бүр санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.
 
3.2. Улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх гамшгийн нөөцийн бараа, материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас баталсан нэр төрөл, тоо хэмжээгээр улсын нөөцийн салбар болон гэрээт хадгалагч байгууллага дээр бүрдүүлэх ажлыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
 
3.3. Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас зарцуулсан гамшгийн нөөцийн бараа, материалыг нөхөн бүрдүүлэхдээ харьцуулалтын аргаар болон шууд гэрээ байгуулах байдлаар бүрдүүлж болно.
    
3.4. Гамшгийн нөөцийн бараа, материалын хугацааг харгалзан шинэчлэх, хадгалалтын технологи, сав баглаа боодлыг сайжруулах зорилгоор бараа, материалын 20 хүртэлх хувийг улирал тутам борлуулж, тухайн барааны тоо хэмжээ, чанарыг бууруулалгүйгээр нөхөн бүрдүүлэх асуудлыг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
 
                                                              Дөрөв. Гамшгийн нөөцийн санхүүжилт, тайлан бүртгэл
 
     4.1. Улсын нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу гамшгийн нөөцийн бараа, материалыг бүрдүүлэх, зарцуулахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
    
4.2. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дээрх зардлын санхүүжилтийн тооцоог боловсруулан жил бүр төсвийн хүрээний мэдэгдлийн санал, төсвийн төслийн хамт санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
4.3. Батлагдсан төсвийн дагуу нөөцийн бараа, материалыг шинээр бүрдүүлэх, худалдан авсан төлбөрийг хийхдээ дараахь материалыг бүрдүүлнэ:
 
4.3.1. тендерийн материал;
4.3.2. гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хувь;
4.3.3. санхүүгийн анхан шатны баримт (нэхэмжлэх, зарлагын баримт, орлогын баримт);
4.3.4.  бараа, материалыг хүлээлцсэн нотломж;
4.3.5. холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт.
 
     4.4. Нөөцийн бараа, материалыг шинэчлэхэд гарсан зардлыг санхүүжүүлэхэд дараахь материалыг бүрдүүлнэ:
 
4.4.1. нөөцийн барааг шинэчлэх тухай онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлагын шийдвэр;
 
4.4.2. тендерийн материал (худалдан авах, шинэчлэх гэрээ);
4.4.3. санхүүгийн анхан шатны баримт (нэхэмжлэх, зарлагын баримт, орлогын баримт);
4.4.4. холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт.
 
4.5. Нөөцийн бараа, материалыг сэлгэх, тээвэрлэн байршуулах, хадгалах, хэвийн хорогдлыг нөхөхтэй холбогдон гарсан зардлыг санхүүжүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ:
 
4.5.1. тээвэрлэн байршуулах гэрээ, сэлгэлт хийсэн тухай нотломж;
4.5.2. тухайн салбарт бараа, материалыг хүлээн авсан орлогын баримт;
4.5.3. холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт;
4.5.4. нэхэмжлэх.
 
4.6. Гэрээт хадгалагчдад гамшгийн нөөцийн бараа, материал хадгалуулсны төлбөрийг хийхдээ дараахь баримтыг үндэслэнэ:
 
4.6.1. нөөцийн бараа, материалын хадгалалтын гэрээ;
4.6.2. нэхэмжлэх.
 
4.7. Даатгалын зардлыг олгохдоо дараахь баримтыг үндэслэнэ:
 
4.7.1. даатгалын байгууллагатай хийсэн гэрээ, хохирлын тооцоо;
4.7.2. нэхэмжлэх.
 
4.8. Гамшгийн нөөцөд хүлээн авсан бараа, материалын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, агуулахын засварт зарцуулсан хөрөнгө, нөөцийн бараа, материалыг салбар хооронд сэлгэн байршуулахад гарсан тээврийн зардлыг барааны өртөгт нэмж тооцохгүй.
 
     4.9. Гэрээт хадгалагч байгууллага нь гамшгийн нөөцийн барааны хөдөлгөөн, үлдэгдлийн тоо хэмжээг өөрийн мэдлийн эргэлтийн барааны хөдөлгөөн, үлдэгдлийн статистик мэдээнд хамааруулахгүй.
 
     4.10. Улсын нөөцийн салбар, гэрээт хадгалагч байгууллага нь гамшгийн нөөцийн бараа, материалын болон мөнгөн хөрөнгийн хөдөлгөөн, тооллого, барааны хадгалагдсан хугацаа, чанарын талаархи мэдээ тайланг зөвхөн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад улирал бүрийн эхний сарын 5-ны дотор нууцлан ирүүлж байна.
 
4.11. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь гамшгийн нөөцийн бараа, материалыг зарцуулсан, худалдсан, нөхөн бүрдүүлсэн талаархи мэдээ, тайланг улирал тутамд санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад нууцлан хүргүүлнэ.
                    
                                                                                             Тав. Хариуцлага
 
5.1. Улсын нөөцөд бараа, материал нийлүүлэх болон улсын нөөцийн бараа, материалыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгох хуулийн этгээд, гэрээт хадгалагчтай байгуулах гэрээнд Улсын нөөцийн тухай хуулийн 18.2-т заасан нөхцөлийг заавал тусгах бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөлд хууль болон тухайн гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.
 
5.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Улсын нөөцийн тухай хуулийн   19 дүгээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
                                                                                               ---оОо---