A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2008 оны  261 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
 
 
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ДҮРЭМ
(Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Хүүхдийн төлөө сан (цаашид "сан" гэх)-ийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнахтай холбоотой  харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
 
1.2 Сангийн зорилго нь хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаанд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн зохих эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэх, хүүхдийн төлөө зориулж байгаа хөрөнгийг оновчтой, үр ашигтай зарцуулахад оршино. 
 
1.3. Сангийн үйл ажиллагаа нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.
 
1.4. Сангийн хөрөнгийг төрийн сангийн тусгай дансанд байршуулна.
 
1.5 Сангийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг Төрийн болон  орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хэрэгжүүлнэ.
 
1.6  Сан нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.
 
 
Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт,
зарцуулалт
 
     2.1. Сангийн хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
 
     2.1.1. улсын төсвийн хөрөнгө;
 
     2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;
 
     2.1.3. гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл.
 
     2.2. Сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгааллын цогц бодлого, чиглэлд нийцсэн дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
 
     2.2.1. Хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, чиглэлд нийцсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх:
 
        а) хүүхдийг дарамт, хүчирхийллээс хамгаалах чиглэлээр гэр бүлийг чадваржуулах сургалт, сурталчилгаа;
    
        б) хүүхдийн амралт, чөлөөт цаг, хөгжлийг дэмжих орчин бүрдүүлэх болон хүүхдийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх зорилготой үйл ажиллагаа;
 
        в) хүүхэд хамгааллын нэн шаардлагатай үйлчилгээг үндэсний болон бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэх;
 
     2.2.2. Хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах онцгой нөхцөлд тусламж үзүүлэх:
    
        а) хүүхдийн эрхийг хангах байдлыг хянах              мэдээлэл-мониторингийн тогтолцоог бэхжүүлэх;
 
        б) гамшиг, ослын үед хүүхдэд яаралтай тусламж, тэдгээрт зориулан нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах;
   
     2.2.3. Хүүхэд, өсвөр үеийнхний гишүүнчлэл бүхий төрийн бус байгууллагын зарим үйл ажиллагааг дэмжин хүүхдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсох үндэсний болон бүсийн хэмжээний арга хэмжээ зохион байгуулах.
         
2.3. Тухайн санхүүгийн жилд зарцуулаагүй сангийн хөрөнгийн үлдэгдлийг дараа жилийн төсөвт нэмж тусган батлуулна.
 
Гурав. Сангийн гүйцэтгэлийг тайлагнах,
       хяналт тавих
 
3.1. Сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргана.
 
3.2. Төрийн аудитын байгууллага сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
 
3.3. Хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлтийн хамт тайлан гарснаас хойш         20 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
 
Дөрөв. Сангийн удирдлага, зохион байгуулалт,
   ажиллах журам
 
            4.1. Сангийн удирдах зөвлөл нь орон тооны бус              13 гишүүнтэй байна. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Зөвлөлийг хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.
 
     4.2. Сангийн гүйцэтгэх захирал нь Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга байна.
 
     4.3. Сан нь хандивлагч гишүүнтэй байж болно.
 
4.4. Сангийн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ. Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хурлыг хүчинтэйд тооцно.
 
4.5. Удирдах зөвлөл асуудлыг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана. Сангийн удирдах зөвлөлийн тогтоолд сангийн тэргүүн,  гүйцэтгэх захирал гарын үсэг зурна.
 
     4.6. Удирдах зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлж, сангийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурна.
 
     4.7. Сангийн удирдах зөвлөл нь дараахь үүрэг хүлээнэ:
 
     4.7.1. сангийн хөрөнгийн төлөвлөлтийн талаар хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тодорхой санал тавих;
 
     4.7.2 сангийн хөрөнгийн орлого, зарлагын байдалд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;
 
     4.7.3. сангийн хөрөнгийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг идэвхжүүлэх;
 
     4.7.4. сангийн үйл ажиллагаа болон сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээний жилийн төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлах;
 
     4.7.5. сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх.
 
     4.8. Сангийн удирдах зөвлөл дараахь эрх эдэлнэ:
 
     4.8.1. сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах;
 
     4.8.2. сангийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаархи тайланг хэлэлцэн дүгнэлт өгөх;
 
     4.8.3. сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар үүрэг даалгавар өгөх;
 
     4.8.4. сангийн үйл ажиллагааны тайлан, үр дүн, холбогдох мэдээ, мэдээлэл, судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргуулан авах;
 
     4.8.5. олон улсын байгууллага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
   
4.8.6. санд хөрөнгө хандивлаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулан дэмжих. 
 
 
 
 ---оОо---