- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АГНУУРЫН ЗАГАС ХАМГААЛАХ,ӨСГӨН ҮРЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 267 дугаар
тогтоолын хавсралт
АГНУУРЫН ЗАГАС ХАМГААЛАХ, ӨСГӨН
ҮРЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Ерөнхий зүйл
Манай оронд 11 овгийн 74 зүйл загас амьдардгаас 30 гаруй зүйл нь агнуурын ач холбогдолтой юм. Амьтны аймгийн тухай хуулиар шивэр хилим, хар мөрний хилим, тул, үхэрдэй, зантаахай зэрэг 6 зүйл загас нэн ховор амьтны жагсаалтад орсон бол Засгийн газрын 2001 оны 264, 2005 оны 248 дугаар тогтоолоор цагаан амар, давх, тул зэрэг 3 зүйл загас ховор амьтны жагсаалтад орсон байна.
Манай улсад бүртгэгдсэн нийт загасны дөрөвний нэг орчим нь үндэсний хэмжээнд ховордож байгаа тухай Монгол орны загасны хамгааллын төлөвлөгөөний эмхтгэл баримт бичигт тэмдэглэжээ.
Үйлдвэрлэлийн зориулалтаар хөлдүү загас бэлтгэж, гадаадад гаргадаг явдлыг хязгаарлах замаар загасыг дотооддоо боловсруулж, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд загасны аж ахуйн үйл ажиллагааг чиглүүлэх шаардлагатай байна. Үйлдвэрлэлийн зориулалтаар загас барихдаа юуны өмнө судалгаа, шинжилгээний ажил явуулж, загас агнуур явуулах нуурын нөөцийг зөв тогтоох, агнуурын загасны зүйл тус бүрээр барьж ашиглаж болох биеийн хэмжээ, түүнд тохирсон торны стандарт гаргах, загас агнуур зохион байгуулахтай уялдуулж Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, загас үржүүлгийн ажлын техник, тоног төхөөрөмжийн хангалт, технологийн шийдэл, боловсон хүчний чадавхийг сайжруулахад анхаарна.
Агнуурын загасны хорогдлын үндсэн шалтгаан нь худалдааны зорилгоор хууль бусаар агнах, алт олборлолт болон бэлчээрийн талхагдлаас үүсэх тунадасжилт, алт олборлолтын явцад ашигласан хүнд металлаас үүсэх органик бохирдлын улмаас амьдрах орчны доройтол, хомсдлоос үүдэлтэй байна. Хулгайн загасчид агнуурын загасны өвөлжих, хаваржих цүнхэл гүн газрыг хөндөн сүйтгэж, хайр гамгүй агнасаар байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой үүрэг бүхий амьтан, ургамлын зүйлийг судлах, сэргээн нутагшуулах, тарималжуулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөж хэрэгжүүлнэ" гэж заасан.
Иймд агнуурын загасыг хамгаалах, үржүүлэх замаар тогтвортой популяцийн бүтцийг бий болгох, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, гол мөрөн, нуурын ай савыг хамгаалах оновчтой менежмент хийх шаардлага тулгарч байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хугацаа
2.1. Монгол орны агнуурын загасны нөөцийг хамгаалах, хэвийн өсөлтийг хангахын тулд загас агнуурын зохион байгуулалт менежментийн ажлыг шинэ шатанд гаргаж, цэнгэг усны загасыг өсгөн үржүүлэх, загасан бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Зорилт:
2.2.1. агнуурын загас өсгөн үржүүлэх ажлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
2.2.2. агнуурын загасны нөөц байршлын судалгаа, мониторингийн ажлыг тогтмол зохион байгуулах;
2.2.3. агнуурын загас хамгааллыг сайжруулах арга замыг тодорхойлох, хойд мөсөн далай, номхон далай, төв Азийн гадагш урсгалгүй гурван ай сав газрын агнуурын загасны нөөцийн тогтвортой ашиглалтын менежментийг боловсруулж, хэрэгжүүлэх;
2.2.4. агнуурын загасны зүйл тус бүрээр барьж ашиглаж болох загасны биеийн хэмжээ, түүнд тохирсон торны стандарт гаргах.
2.3. Хөтөлбөрийг 2008-2015 онд хэрэгжүүлнэ.
Гурав. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
3.1. Агнуурын загас өсгөн үржүүлэх ажлын эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилтын хүрээнд:
3.1.1. зарим гол, мөрөн, нуурын ай сав газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад оруулах;
3.1.2. хууль бус загас агнуур, худалдааг таслан зогсоох эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
3.1.3. биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын конвенц болон бусад гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргийг биелүүлэх механизмыг боловсронгуй болгох;
3.1.4. загас хамгаалах, үржүүлэх ажилд мэргэжлийн чиглэлийн төрийн бус байгууллагыг татан оролцуулах эрх зүйн орчин бүрдүүлэх;
3.1.5. манай оронд байдаггүй зүйл загасыг Монгол орны нуур, голд нутагшуулахгүй байх бодлогыг баримтлах;
3.1.6. хүний хууль бус үйл ажиллагаанаас үүсэх орчны бохирдол, нөлөөллийг хянах чиглэлээр олон улсын жишиг туршлагыг судлах, төлбөр тооцох эрх зүйн орчинг бий болгох.
3.2. Агнуурын загасны нөөц, байршлын судалгаа, мониторингийн ажлыг тогтмолжуулах зорилтын хүрээнд:
3.2.1. агнуурын загасны төрөл зүйлийн ашиглалтын нөөцийг судлан тогтоох ажлыг өргөжүүлэх;
3.2.2. агнуурын загас хамгаалах чиглэлээр үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөлгөөн, уулзалт зохион байгуулах;
3.2.3. загас агнуур, нөхөн сэргээх, худалдаалахтай холбогдсон мэдээллийн санг бий болгох;
3.2.4. агнуурын загасны үржлийн нутгуудыг тогтоож, түүнийг хамгаалах арга хэмжээ авах.
3.3. Загас хамгааллыг сайжруулах арга замыг тодорхойлох зорилтын хүрээнд:
3.3.1. хууль бус загас агнуур, худалдааг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтын ажлын менежментийг шинэ түвшинд гаргах;
3.3.2. загас үржүүлэг болон цөөрмийн аж ахуйд шаардагдах боловсон хүчний чадавхийг дээшлүүлж материаллаг баазыг сайжруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах;
3.3.3. спорт загасчлал, загас барих байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх;
3.3.4. агнуурын загасыг хамгаалах ажилд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
3.3.5. агнуурын загасны нөөцийг хамгаалахтай холбогдсон сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх замаар иргэд, холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэдээллээр хангах;
3.3.6. агнуурын загасны үржлийн нутгийг хамгаалах, үржлийн нутаг дахь байгалийн нөөцийн ашиглалтын ажлыг тодорхой хугацаанд зогсоох арга хэмжээ авах.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага,
зохион байгуулалт
4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага удирдан зохион байгуулна. Шаардлагатай үед тодорхой асуудлаар төрийн бус байгууллага бусад төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажлын хэсэг зохион байгуулж болно.
4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад 2 жил тутам хяналт шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг тодотгон ажиллана.
Тав. Санхүүжилт
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
5.1.1. төсөв;
5.1.2. байгаль хамгаалах сан;
5.1.3. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тусламж, хандив;
5.1.4. бусад эх үүсвэр.
Зургаа. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
6.1. Агнуурын загасыг хамгаалах, өсгөн үржүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:
6.1.1. агнуурын загасны популяцийн бүтэц эрүүлжиж, байгалийн жамаар өсч үржих нөхцөл бүрдэж, гол, мөрөн, нуурын ай сав газрын экологийн тэнцвэр хадгалагдана;
6.1.2. агнуурын загасыг хамгаалахад нутгийн иргэд, төрийн бус байгууллагын оролцоо, сонирхол нэмэгдэж, өрхийн орлогын шинэ эх үүсвэр бий болж, хамгааллын түвшин сайжирна;
6.1.3. орон нутагт загас агнуурын хугацаанд эргүүл-хяналтын ажлыг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдсэнээр хууль бус агнуур, худалдаа эрс буурна;
6.1.4. агнуурын загасны нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх, зүй зохистой ашиглах талаар олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүрэг биелэгдэж үндэсний эрх ашиг хангагдана;
6.1.5. спорт загасчлал хөгжиж, томоохон хот, суурин газрын дэргэд хиймэл усан санд агнуурын загасыг зориудаар үржүүлэх ажлын эхлэл тавигдана;
6.1.6. загасны гаралтай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, үндэсний болон экспортын үйлдвэрлэл хөгжинө;
6.1.7. агнуурын загасыг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглахтай холбогдсон эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн уялдаа сайжирч, судалгааны ажлын үр дүн үйлдвэрлэлд нэвтэрнэ;
6.1.8. агнуурын загасны үржлийг дэмжсэнээр экосистемд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж байгаа сөрөг нөлөөлөл буурна.
---оОо---
Текст томруулах
A
A
A