A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                       Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 304 дүгээр 
                                                                                                       тогтоолын хавсралт


                                                              ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАХ
                                                                               КОМИССЫН ДҮРЭМ

                                                                               Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс (цаашид "комисс" гэх)-ын зорилго нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас (хэсэгчлэн) алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх асуудлыг магадлан шийдвэрлэхэд оршино.

1.2. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс ажиллана.

1.3. Хүн амын нягтрал, аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээний материаллаг бааз, нарийн мэргэжлийн эмч нарын хангамж зэрэгтэй уялдуулан суманд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс байгуулан ажиллуулж болно.

1.4. Комисс нь үйл ажиллагаандаа Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журам болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.

1.5. Комисс нь тогтоосон журмын дагуу хийсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.6. Комисс нь эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах бөгөөд түүнийг даатгалын харилцаанд оролцогч талууд биелүүлэх үүрэгтэй.

                                                                      Хоёр. Комиссын бүрэлдэхүүн

2.1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Комиссын бүрэлдэхүүнийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно. Төв комисс нь орон нутгийн комиссыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, эмнэлэг хөдөлмөрийн магадлагааны талаар гарсан маргааныг хянан шийдвэрлэнэ.

Төв комиссын дарга, нарийн бичгийн дарга, магадлагч эмч орон тооны байна.

2.2. Аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь нарийн мэргэжлийн дотрын, мэдрэлийн, мэс заслын эмч, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч, нарийн бичгийн дарга болон нийгмийн халамжийн байгууллага, ажил олгогч, даатгуулагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг хамгаалах байгууллагуудын төлөөлөл бүхий 9-11 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.3. Аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүрэлдэхүүнийг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга тухайн шатны Засаг дарга болон эмнэлэгхөдөлмөрийн магадлах төв комиссын даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилно.

2.4. Суманд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс байгуулах бол түүний бүрэлдэхүүнийг аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга аймгийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон тухайн сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилно.

2.5. Аймаг, дүүрэг, сумын эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь орон тооны бус байна.

                                                               Гурав. Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан,
                                                                            түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох

3.1. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас гэж ангилна.

3.2. Хөдөлмөрийн чадвар алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 70-аас дээш хувь, хагас (хэсэгчлэн) буюу 50-69 хувиар алдсан гэж ангилан тогтооно.

3.3. Даатгуулагчийн хөгжлийн бэрхшээлтэй болсныг тогтоохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг үндэслэн энэ дүрмийн 3.1-д заасан шалтгаан тус бүрээр тогтооно.

3.4. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсан байдалд байгаа хугацааг эхний удаад 3-24 сараар, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол 3-12 сараар тус тус тогтооно.

3.5. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэх хүртэл энэхүү дүрмийн 3.4-т заасан хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсан хугацааг сунгаж болно.

3.6. Харин даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгдэхгүй нь тогтоогдвол түүний хөгжлийн бэрхшээлтэй болсныг хугацаагүйгээр тогтоож болно.

                                                                        Дөрөв. Комиссын эрх, үүрэг

4.1. Комисс нь дараахь эрх эдэлнэ:

4.1.1 комиссын шийдвэрийг ажил олгогч, даатгуулагч хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

4.1.2 хүндэтгэх шалтгаангүйгээр эмнэлэг хөдөлмөрийн магадлалд ороогүй даатгуулагчид дахин магадлагаа явуулахаас татгалзах;

4.1.3 комиссын ажилд нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулах, эмнэлгийн байр, багаж хэрэгслийг үнэ төлбөргүйгээр түр ашиглах;

4.1.4 хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоолгож чадаагүй даатгуулагчийн хөгжлийн бэрхшээлтэй болсныг нөхөн тогтоох;

4.1.5 төв комисс нь аймаг, дүүрэг, сумын комиссоос гаргасан шийдвэр буруу байвал түүнийг өөрчлөх, хүчингүй болгох, эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа хийх үйл ажиллагаанд алдаа, дутагдал гаргасан, төрийн албан хаагчийн болон эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн комиссын дарга, гишүүнд захиргааны хариуцлага хүлээлгэх, өөрчлөх талаар холбогдох албан тушаалтанд санал тавих.

4.2 Комисс дараахь үүрэг гүйцэтгэнэ:

4.2.1. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрмийг чанд сахин биелүүлэх;

4.2.2. ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх шийдвэр гаргах;

4.2.3. хөдөлмөрийн нөхцөл нь биеийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, тухайн өвчин эмгэг нь даамжран цаашид хүндрэх төлөвтэй даатгуулагчийн хөдөлмөрийн нөхцөлийг эхний удаа 6 сар хүртэл хугацаагаар өөрчлөх, шаардлагатай бол уг нөхцөлийг бүрэн өөрчлөхөөр шийдвэрлэх;

4.2.4. биеийн эрүүл мэндийн байдал нь хүндэрч, хөдөлмөрийн чадвар алдалт нь цаашид даамжрах төлөвтэй, дадаж мэргэшсэн ажлаа хөдөлмөрийн тогтоосон цагт тоо чанарын хувьд бүрэн хийж чадахгүй болсон даатгуулагчид сувилуулах, эмчлүүлэхэд нь зориулж ажлын цагийг хорогдуулах талаар шийдвэр гаргах;

4.2.5. иргэнийг бүрэн хараагүй, хэлгүй, дүлий болон одой болохыг тогтоох;

4.2.6. 16 насанд хүрснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй болсныг тогтоох;

4.2.7. хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрт тохирсон мэргэжил эзэмших, хөдөлмөр эрхлэх нөхцөл бололцоогоор хангагдах талаар дэмжлэг үзүүлж ажиллах;

4.2.8. төв комисс нь эмнэлэг хөдөлмөрийн магадлалын ажлын тайлан, мэдээг улсын хэмжээгээр хагас, бүтэн жилээр нэгтгэн дүгнэлтээ нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

4.2.9. төв комисс нь ажлаа нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд жил бүр тайлагнах.

                                                                Тав. Комиссын ажиллах журам

5.1. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ тогтоох, хугацааг сунгах, цуцлах, хөдөлмөр зохицуулалт хийх асуудлыг эмнэлгийн байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комиссын шийдвэрийг үндэслэн комисс тогтооно.

5.2. Комисс нь долоо хоногт нэг удаа хуралдана. Комиссын хурлыг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон нөхцөлд хийнэ.

5.3. Комисс нь аймгаас алслагдсан суманд нүүдлийн хурал хийж болно.

5.4. Комисс нь эмнэлэг хөдөлмөрийн магадлалыг явуулахдаа даатгуулагчийн асуудлыг өвчний оношийн үндэслэлийг нягтлан, ялган оношлолт хийж, эмчлэгч эмч болон эмнэлгийн эмчилгээний чанарын хяналтын комиссын саналыг харгалзан гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

5.5. Орон нутгийн комиссын шийдвэрийг зөвшөөрөөгүй даатгуулагч нь дээд шатны комисст гомдлоо гаргаж болно. Тухайн комисс даатгуулагчийн гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шалгаж барагдуулна. Дээд шатны комиссын шийдвэрийг зөвшөөрөөгүй даатгуулагч гомдлоо шүүхэд гаргаж болно.

5.6. Төв комисс нь даатгуулагчийн гомдлыг барагдуулахдаа асуудлыг төв комиссын гишүүдийн хурлаар дахин магадлал хийх, эсхүл эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн дарга болон ерөнхий мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн-нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

5.7. Комисс нь бүртгэл, мэдээллээр хяналт тавих, судалгаа, нэгдсэн дүгнэлт гаргахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаархи мэдээллийн санг ашиглана.

5.8. Комиссын шийдвэрт комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарна.

5.9. Орон нутгийн комисс нь үйл ажиллагааныхаа тайланг төв комисст ирүүлнэ.

5.10. Комиссын дарга, гишүүдэд зохих урамшуулал олгох бөгөөд түүний хэмжээг нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

5.11. Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тухайн жилийн төсөвт тусгах арга хэмжээг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар зохион байгуулна.




                                                                                                  ---оОо---