- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛЭГТ ХООЛ, ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 25 дугаар
тогтоолын хавсралт
НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛЭГТ ХООЛ, ТЭЖЭЭЛИЙН
ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсад амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэд 1995 оны байдлаар хүн амын 36.3 хувийг эзэлж байсан бол 2002 онд 36.1 хувь, 2006 онд 32.2 хувь болж бага зэрэг буурсан байна. Засгийн газар хүн амын амьжиргааг дэмжих зорилгоор ядуу, эмзэг бүлгийн хүн амд чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ нийгмийн халамжийн тэтгэвэр авагчдын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, ядуу иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч байна.
Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиар тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээний зарим төрлийг нэгтгэн зохицуулснаар өрх, иргэдэд олгож байсан тэтгэмж, тусламжийн давхардал арилж, бэлэн мөнгөөр үзүүлж байсан идэвхгүй хэлбэрийн туслалцааг өрхийн ядуурлыг бууруулахад дэмжлэг болохуйц нийгмийн тусламж, үйлчилгээгээр солих боломж бий болсон.
Манай улсын хувьд хүнсний баталгаат байдал нь ядууралтай нягт холбоотой байна. Ядуурлыг бууруулах, хүнсний бүтээгдэхүүний баталгаат байдлыг хангах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоо хангалтгүй, орон нутгийн байгууллагын чадавхи сул хэвээр байна. Ядуу хүнийг тодорхойлох арга, аргачлалын тодорхойгүй байдал нь хүн ам, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн зорилтот бүлгийг тодорхойлоход хүндрэл учруулж байна.
Монгол Улсад инфляцийн түвшин 2008 он гарснаас хойш 24.6 хувь, 2008 оны 9 дүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.2 хувьд хүрээд байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 9 дүгээр сарын байдлаар оны эхнээс 30.4 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.2 хувьд хүрээд байна /Хүснэгт/.
Хүснэгт. Бүтээгдэхүүн болон үйлчилгээний
бүлгийн үнийн өсөлт
|
2004
|
2005
|
2006
|
2007
|
2008 оны
9 дүгээр
сарын
байдлаар
|
Хэрэглээний үнийн ерөнхий индекс
|
11.0
|
9.5
|
6.0
|
15.1
|
24.6
|
Хүнсний бүтээгдэхүүн
|
15.2
|
15.6
|
3.3
|
24.6
|
30.4
|
Хувцас, гутал, нэхмэл эдлэл
|
1.3
|
-0.4
|
7.5
|
3.0
|
10.5
|
Гэр ахуйн бараа, түлш, цахилгаан
|
3.9
|
4.3
|
8.7
|
11.0
|
12.8
|
Тээвэр, харилцаа, холбооны үйлчилгээ
|
21.9
|
5.9
|
12.1
|
10.6
|
22.3
|
Инфляцийн өсөлтийн гуравны хоёр нь хүнсний бүтээгдэхүүн ялангуяа хүнсний хэрэглээний
гол бүтээгдэхүүн болох мах, гурилын үнийн өсөлтөөс үүдэлтэй байна.
Манай улс махнаас бусад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг импортоор авч хэрэгцээгээ хангаж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хамгийн их нөлөөлж байна.
Хэдийгээр сүүлийн жилүүдэд нэг хүнд ногдох үндсэн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өсч байгаа ч хүн амын ажил эрхлэлт, амьжиргааны түвшин, тэдний орлого, хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт харилцан адилгүй байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь айл өрх болон хувь хүмүүст сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд үүнд хамгийн их өртөж байгаа нь ядуу өрхийн жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 5 хүртэлх насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байнгын асаргаа шаардлагатай асран хамгаалах хүнгүй ахмад настан байна. Түүнчлэн орон гэргүй, ажилгүй, төв суурин газар шилжин суурьшсаны улмаас нийгмийн халамжийн үйлчилгээ авах боломжгүй болсон иргэд, ядуу иргэд үнийн өсөлтөд хамгийн ихээр өртөж байна. Иймд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс тэднийг хамгаалж, нийгмийн баталгаат байдлыг хангах зорилгоор "Нийгмийн эмзэг хэсэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр" /цаашид "дэд хөтөлбөр" гэх/ хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.
Хоёр. Дэд хөтөлбөрийн зорилго, хугацаа, санхүүжилт
2.1. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өндөр өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүнсний нөхөн олговор олгох замаар орлого багатай өрхийн хүн амын хоол, тэжээлийн дутлыг бууруулах, нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Дэд хөтөлбөрийг 2012 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд 1 дүгээр үе шат 2008-2009 он, 2 дугаар үе шат 2010-2012 он байна.(энэ хэсэгт 2011-07-27-ны 241-р тогтоолоор өөрчлөлт орсон)
2.3. Дэд хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
а/улс, орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
б/гадаад, дотоодын төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
в/олон улсын байгууллага, хандивлагч орны тусламж;
г/бусад эх үүсвэр.
2.3.1. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2009 онд төсвөөс 10 орчим тэрбум төгрөг, Азийн хөгжлийн банкнаас 9 сая ам. долларын буцалтгүй тусламж олгож үүнээс 3.0 сая ам.долларын техникийн туслалцааг нь уг дэд хөтөлбөрийн туршилтын үеийн сургалт, зөвлөх үйлчилгээ, сурталчилгаанд зориулж зарцуулна.
Гурав. Дэд хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны
чиглэл, хүрэх үр дүн
3.1. Зорилт 1. Орлого багатай иргэн хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр худалдан авах механизмыг бүрдүүлнэ.
3.1.1. Хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр тооцсон хүнсний талоныг банкны үйлчилгээг ашиглан 2009 оныг дуустал хүн амын дараахь бүлэгт олгоно:
-тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй ганц бие ахмад настан болон байнгын асаргаа шаардлагатай ахмад настан;
-асран хамгаалах хүнгүй, ганц бие, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
-байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэд;
-бүрэн хараагүй, сэтгэцийн өвчтэй 0-18 насны хүүхэд.
3.1.2 Улаанбаатар хот болон зарим аймагт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр туршилт явуулж, түүний хүрээнд дараахь ажлыг зохион байгуулна:
-Улаанбаатар хот болон зарим аймгийн нийгмийн халамжийн байгууллага нь хоол, тэжээлийн дэмжлэг шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настны жагсаалтыг гаргана. Сонгон шалгаруулалтаар шалгарсан төрийн бус байгууллага жагсаалтад орсон иргэн бүрийн амьдралын нөхцөлийг судлан үзэж хоол, тэжээлийн дэмжлэг шаардлагатай эсэхийг тодорхойлно. Тодорхойлолтыг сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл баталсан тохиолдолд тухайн иргэдэд хүнсний талоныг 2009 оны 1 дүгээр сараас эхлэн олгоно;
-Ядуу, эмзэг бүлгийн өрх, иргэнийг тодорхойлох аргачлал боловсруулан Улаанбаатар хот болон зарим аймагт туршиж хоол, тэжээлийн дэмжлэг шаардлагатай иргэдэд хүнсний талоныг 2009 оны 7 дугаар сараас эхлэн олгоно;
-Туршилт явуулж байгаа газарт хүнсний талоныг шуудангийн үйлчилгээгээр дамжуулан олгоно.
3.1.3. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад 2009 оны эцэст хөндлөнгийн байгууллагаар хяналт-шинжилгээ хийлгүүлсний үндсэн дээр зорилтот бүлгийг дахин тодорхойлох, ялангуяа ядуу өрхийн жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 5 хүртэлх насны хүүхдэд хүнсний талон олгох боломжийг судлана.
Хүрэх үр дүн: Ядуу, эмзэг бүлгийн өрх, иргэнийг тодорхойлох аргачлалтай болж, хүнсний дэмжлэг шаардлагатай өрх, иргэнд хүнсний талон олгох арга, механизм боловсронгуй болсон байна.
3.2. Зорилт 2. Орон гэргүй, ажилгүй, оршин суугаа нутаг дэвсгэрийн захиргаанд хаягийн бүртгэлгүй иргэнийг түр зуур хоноглох байранд байлгах болон өдөрт нэг удаа халуун хоол өгөх үйлчилгээнд хамруулна.
3.2.1. Хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод амьдарч байгаа бөгөөд оршин суугаа нутаг дэвсгэрийн захиргаанд хаягийн бүртгэлгүй, орлогын эх үүсвэргүй, нийгмийн хамгааллын ямар нэг тэтгэвэр, тэтгэмж авдаггүй иргэнийг бүртгэж, өдөрт нэг удаа халуун хоол өгөх үйлчилгээг 2009 оны 6 дугаар сараас эхлэн зохион байгуулна;
3.2.2. Орон гэргүй, ажилгүй, оршин суугаа нутаг дэвсгэрийн захиргаанд хаягийн бүртгэлгүй иргэнийг хоноглуулах байрыг нийслэлийн зарим дүүрэгт байгуулна;
3.2.3. Орон гэргүй, ажилгүй, оршин суугаа нутаг дэвсгэрийн захиргаанд хаягийн бүртгэлгүй иргэний нөхцөл байдлыг судалж, цаашид энэ бүлгийн хүмүүсийн тоо нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээр хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх талаар төрийн байгууллагын зүгээс хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж боловсруулна.
Хүрэх үр дүн: Орон гэргүй иргэдийг бүртгэлтэй болгож тэдгээрийг түр зуур хоноглох байранд байлгах, өдөрт нэг удаа халуун хоол өгөх үйлчилгээнд хамруулна. Эдгээр хүмүүст чиглэсэн бодлого тодорхойлогдож, нийгэмд тустай ажил хийлгэх механизм бүрдэнэ.
3.3. Зорилт 3. Нийгмийн эмзэг бүлэгт төрөөс үзүүлэх үйлчилгээний чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоог бэхжүүлнэ.
3.3.1. Ядуу иргэдийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон нийтийн зүгээс гарч байгаа санаачилгыг дэмжиж, нийгмийн халамжийн бодлоготой уялдуулахад чиглэсэн арга хэмжээ авна;
3.3.2. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт ядуу иргэн, өрхөд хэрхэн нөлөөлж байгааг судалж, дүн шинжилгээ хийнэ;
3.3.3. Нийгмийн халамжийн тэтгэмжийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг судлан дүн шинжилгээ хийнэ;
3.3.4. Нийгмийн халамжийн санхүүжилтэд үнэлэлт өгнө;
3.3.5. Иргэний бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгоно;
3.3.6. Нийгмийн халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж сургалтад шаардагдах хөрөнгийн хэрэгцээний үнэлгээг гаргасны үндсэн дээр сургалт зохион байгуулна.
Хүрэх үр дүн: Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн хүнсний хангамжид хийж байгаа одоогийн хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн үед яаралтай тусламж үзүүлэх механизм бүрдүүлнэ. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, нийгмийн халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд, дэд хөтөлбөрт хамрагдсан бусад байгууллага, иргэдийн чадавхи сайжирсан байна.
3.4. Зорилт 4. Дэд хөтөлбөрийн хяналтын тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагааг сайжруулна.
3.4.1. Хүнсний дэмжлэг үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээний чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр хийлгэнэ;
3.4.2. Дэд хөтөлбөрийн талаархи мэдээллийг нийтэд хүргэх сурталчилгааны стратеги боловсруулна.
Хүрэх үр дүн: Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн хяналтыг холбогдох яам болон мэргэжлийн хяналтын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор тавина. Хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцох шалгуур үзүүлэлт боловсрогдсон байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан жил бүр нийтэд нээлттэй мэдээлэгдсэн байна.
Дөрөв. Дэд хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
4.1. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бусад салбарын оролцоог идэвхжүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүргийг нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хөтөлбөрийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгуулах үүргийг санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус тус хариуцна.
4.2. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангах, хяналт тавих ажлыг нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон төрийн захиргааны холбогдох байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
4.3. Дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд аж ахуйн нэгж, арилжааны банк, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, орон нутгийн Амьжиргааг дэмжих зөвлөл оролцох бөгөөд нийгмийн хамгаалал болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.
4.4. Дэд хөтөлбөрийн 3.1.2-ын нэг дэх хэсэгт заасан үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар сонгон шалгаруулалтын үндсэн дээр гүйцэтгүүлэн хэрэгжилтэд нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймгийн Засаг даргын Тамгын газар хяналт тавина.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A