- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ХОЛБОО,ШУУДАН, ШИФР, ТООН МЭДЭЭЛЛИЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2008 оны 40 дүгээр
тогтоолын хавсралт
ТӨРИЙН ХОЛБОО, ШУУДАН, ШИФР, ТООН
МЭДЭЭЛЛИЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ
(Засгийн газрын 2017 оны 292 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дүрмээр төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцаа (цаашид "төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцаа" гэх) болон тухайн үйл ажиллагааг эрхлэх байгууллагын чиг үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:
1.2.1. "төрийн тоон мэдээллийн харилцаа" гэж эрх бүхий байгууллагуудын хооронд төрийн нууцын зэрэглэлтэй мэдээлэл солилцох ажиллагааг;
1.2.2. "шифр харилцаа" гэж мэдээллийг нууцлан дамжуулах зорилгоор ашиглаж байгаа шифрийн хэрэгсэл, арга ажиллагаа, технологи, зохион байгуулалтын иж бүрдлийг;
1.2.3. "шифрийн үйл ажиллагаа" гэж шифр харилцааны журам, заавар, шифр-мэдээ, шифрийн хэрэгсэл болон баримт бичиг боловсруулах, тэдгээрийг нууцлах, ашиглах, хүргүүлэх, бүртгэх, танилцуулах, хүлээлцэх, архивлах, устгах, шифрийн ажилд шалгалт хийх, хяналт тавих, байр, төхөөрөмжийг тоноглохтой холбогдсон ажиллагааг;
1.3. Төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцааны сүлжээг зохион байгуулж, үйлчлэх, улсын хэмжээнд шифр харилцааг зохицуулах, эрхлэн явуулах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг тагнуулын төв байгууллага хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны төв байгууллага, зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагад шифрийн алба ажиллуулж болно. Алба байгуулах, татан буулгах асуудлыг Засгийн газар, тэдгээрийн харьяа салбар, цэг байгуулах, татан буулгах асуудлыг тагнуулын төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн эрх бүхий байгууллага шийдвэр гаргана.
1.4. Төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцаанд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай, Тагнуулын байгууллагын тухай, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад акт, энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
1.5. Төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцааны үйл ажиллагаанд хууль дээдлэх, нууцлалыг хангах, нэгдсэн арга зүйтэй байх, мэдээллийг бүрэн, шуурхай дамжуулах зарчмыг баримтална.
1.6. Төрийн мэдээлэл, холбооны сүлжээний ашиглалт, үйлчилгээ болон аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохион байгуулалтын баримт бичгийг тагнуулын төв байгууллагын дарга, төрийн шифр харилцааны журмыг тагнуулын төв байгууллагын дарга холбогдох төрийн захиргааны төв байгууллага, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын даргатай хамтарч тушаал гарган батална.
Хоёр. Төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцаанд
тагнуулын төв байгууллагын чиг үүрэг
2.1. Тагнуулын төв байгууллага нь төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцааны хүрээнд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар болон Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашид "Тамгын газар" гэх), төрийн болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагад төрийн мэдээлэл-холбоо харилцаагаар үйлчлэх;
2.1.2. төрийн шифр харилцааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад шифрийн үйл ажиллагааг эрхлэн явуулах;
2.1.3. төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцааны аюулгүй байдлыг хангах.
Гурав. Төрийн болон төрийн захиргааны төв, орон
нутгийн байгууллагын хүлээх үүрэг, эрх
3.1. Тагнуулын төв байгууллага нь төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцаанд дараахь үүргийг хүлээнэ:
3.1.1. Төрийн мэдээлэл-холбоо харилцааны хүрээнд:
а) төрийн мэдээлэл-холбооны сүлжээний ашиглалт, үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, төрийн мэдээлэл-холбоо харилцааг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
б) мэдээлэл-холбоо харилцааны найдвартай, тасралтгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэх;
в) төрийн болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газартай хамтран нууц мэдээлэл боловсруулах, хадгалах, дамжуулах техник хэрэгслийг суурилуулах, тэдгээрийн үйлчилгээ хийх;
г) Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, тэдгээрийн Тамгын газрын мэдээ, баримт бичиг, эд зүйлийг төрийн нууцад хамаарах эсэхийг үл харгалзан хүлээн авч шуудан холбооны буюу тухайн байгууллага, хуулийн этгээд, иргэнд зохих хаягаар тогтоосон журмын дагуу хүргэж үйлчлэх, төрийн болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагад тусгай хэрэглээний шуудангаар үйлчлэх;
д) Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, тэдгээрийн Тамгын газрын хэвлэл захиалгыг хүлээн авч, түгээх;
е) төрийн шууданг орон нутагт хүргэх, түгээх үйлчилгээг энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай аж ахуйн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
ж) шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялган боловсруулах, тээвэрлэх, хүргэх.
3.1.2. шифр харилцааны хүрээнд:
а) төрийн шифр харилцааны нууц хадгалалт, хамгаалалт, шифрийн хэрэгслийн талаархи нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, криптологийн онол, техник технологи, программ хангамжийн шинжилгээ, судалгаа хийх;
б) төрийн шифрийн албанд ажиллах боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, ажилтнуудын нэгдсэн бүртгэл, судалгаа хөтлөх;
в) төрийн шифрийн хэрэгслийг боловсруулах, үйлдвэрлэх, хуваарилах, нөөц бүрдүүлэх, тэдгээрийн бүртгэл хөтлөх.
3.1.3. төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцааны аюулгүй байдлыг хангах хүрээнд:
а) мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх;
б)мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх;
в) мэдээллийн аюулгүй байдлын эсрэг халдлагын бүртгэл хөтлөх;
г) мэдээлэл нууцлах техник хэрэгслийн программ хангамж, түлхүүр, тэдгээрийн ашиглалт, хадгалалтад хяналт тавих;
д) төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцааны хэвийн үйл ажиллагаа алдагдах, тэдгээрээр дамжиж байгаа төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичгийн нууц задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
е) төрийн мэдээлэл-холбооны сүлжээ, түүгээр дамжиж байгаа бүх төрлийн мэдээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, гадны халдлагаас хамгаалах;
ж) төрийн шифр, мэдээлэл-холбооны сүлжээний эрсдэлийн удирдлагыг зохион байгуулах, хяналт, шалгалт хийх.
3.2. Тагнуулын төв байгууллага нь төрийн мэдээлэл-холбоо, шифр харилцааны хүрээнд дараахь эрх эдэлнэ.
3.2.1. төрийн мэдээлэл-холбоо харилцааны хүрээнд:
а) төрийн болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагад зориулсан тусгай хэрэглээний холбоо, шуудан, мэдээллийн сүлжээ байгуулж, ашиглалт, үйлчилгээг эрхлэх;
б) тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг дангаар эзэмших, радио давтамж, цахилгаан холбооны дугаарлалтыг хуваарилуулж, төлбөргүй ашиглах;
в) харилцаа холбооны үйлчлэгч байгууллагатай сүлжээний харилцан холболтыг эрх бүхий байгууллагын оролцоотой хийх;
г) хэрэглэгч, үйлчлүүлэгчээс төлсөн төрийн мэдээлэл-холбоо харилцааны үйлчилгээний төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулах;
д) мэдээлэл, харилцаа холбооны технологийн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх, үйлдвэрлэлийн ажлыг гэрээний үндсэн дээр холбогдох байгууллагаар гүйцэтгүүлэх;
е) Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад төрийн мэдээлэл-холбоо харилцааны нэгдмэл үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах суваг, үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, ашиглах;
ж) төрийн мэдээлэл-холбоо харилцааны хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай зориулалтын техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, эд зүйлийг холбогдох байгууллагаас гэрээний үндсэн дээр авч ашиглах;
з) төрийн мэдээлэл-холбоо харилцаагаар үйлчлүүлэгч байгууллагаас энэхүү дүрэм, түүнтэй холбогдох журмын биелэлтийг шаардах.
3.2.2. шифр харилцааны хүрээнд:
а) төрийн шифр харилцааг зохион байгуулж, нууцлалын шаардлага хангасан тохиолдолд шифрийн хэрэгсэл ашиглах, шифрийн цэг байгуулах зөвшөөрөл олгох;
б) шифрийн албанд ажиллах хүнийг томилох, чөлөөлөхөд зөвшөөрөл олгох;
в) шифрийн алба, цэгийн үйл ажиллагаа, нууц хадгалалт, хамгаалалтад хяналт тавих;
г) нууцлал нь задарсан тохиолдолд тухайн шифрийн цэгийн үйл ажиллагаа, шифр харилцааг бүрмөсөн, эсхүл түр зогсоох.
3.2.3. Төрийн мэдээлэл-холбоо харилцааны аюулгүй байдлыг хангах хүрээнд:
а) төрийн байгууллагын цахим системийн аюулгүй байдлыг хангах ажлыг мэдээлэл эзэмшигчтэй хамтран зохион байгуулах;
б) төрийн байгууллагын мэдээллийн системийг хамгаалахад холбогдох стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах, стандартын хэрэгжилтэд хяналт тавих.
3.3. Төрийн захиргааны төв байгууллага, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагын шифрийн алба дараахь үүрэг, эрхтэй:
3.3.1. хүлээх үүрэг:
а) шифр харилцааны үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрийг мөрдөн ажиллах;
б) шифр харилцааны найдвартай байдал, нууцлалыг хангах, нууц задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх, харьяа алба, цэгийн ажилд хяналт тавих;
в) шифрийн албаны ажлын онцлог, шифр харилцааны үйл ажиллагаатай холбоотой зааврыг тагнуулын төв байгууллагад танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн сайд, Засгийн газрын агентлагийн даргаар батлуулж мөрдүүлэх;
г) төрийн шифр харилцааны асуудлаар бусад байгууллагатай харилцахдаа тагнуулын төв байгууллагад урьдчилан мэдэгдэж зөвшилцөх, шифр харилцааны сүлжээнд орсон өөрчлөлтийг тухай бүр танилцуулах.
3.3.2. эдлэх эрх:
а) шифрийн цэг байгуулах, татан буулгахдаа тагнуулын төв байгууллагаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн шийдвэр гаргах;
б) нууцлал нь задарсан тохиолдолд шифрийн цэгийн үйл ажиллагаа, шифр харилцааг түр эсхүл бүрмөсөн зогсоох саналаа тагнуулын төв байгууллагад гаргах;
в) төрийн шифр харилцаанд хамаарах байгууллагын баримт бичиг, материалын нууцлал, хадгалалт, хамгаалалтыг шалгах, зааварлах.
3.4. Төрийн мэдээлэл-холбоогоор үйлчлүүлэгч байгууллага нь дараахь үүрэг, эрхтэй:
3.4.1. хүлээх үүрэг:
а) энэхүү дүрэм болон холбогдох журмыг дагаж мөрдөх;
б) төрийн мэдээлэл-холбооны сүлжээгээр дамжуулах мэдээ, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
в) тухайн байгууллагад ашиглагдаж байгаа төрийн мэдээлэл-холбооны техник, тоног төхөөрөмж, арга ажиллагаа, тэдгээртэй холбоотой баримт бичгийн хадгалалт, хамгаалалт, нууцлалыг хангах.
3.4.2. эдлэх эрх:
a) төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг төрийн мэдээлэл-холбооны сүлжээгээр дамжуулах үеийн аюулгүй байдлыг хангуулах;
б) төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлаар тагнуулын төв байгууллагаас мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах.
3.5. Харилцаа холбооны үйлчлэгч байгууллагын төрийн мэдээлэл-холбоо харилцаанд дараахь үүрэг хүлээнэ:
а) төрийн мэдээлэл-холбооны сүлжээтэй харилцан холболт хийх;
б) төрийн мэдээлэл-холбооны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай зориулалтын техник, тоног төхөөрөмж, мэдээлэл, холбооны суваг, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, эд зүйлийг гэрээний үндсэн дээр ашиглуулах, түрээслүүлэх.
Дөрөв. Төрийн мэдээлэл-холбоо, шифр
харилцаанд хориглох зүйл
4.1. Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичгийг мэдээлэл-холбооны сүлжээгээр мэдээлэл нууцлах техник хэрэгсэл, арга ажиллагаа ашиглахгүйгээр дамжуулах.
4.2. Төрийн тусгай хэрэглээний шууданг зориулалтын тээврийн хэрэгсэл, баглаа боодол ашиглахгүйгээр тээвэрлэх, хүргэх.
4.3. Төрийн тусгай хэрэглээний шуудангийн тээврийн хэрэгслээс хууль тогтоомжид зааснаас гадуур үйлчилгээний төлбөр, хураамж авах, түүнийг зориулалтын бус ажилд ашиглах, дайчлах, түр саатуулах, үзлэг, нэгжлэг хийх.
4.4. Шуудангийн тухай хуулиар хориглосон зүйл, буцах хаяг нь тодорхойгүй илгээмж хүлээн авах, дамжуулах.
4.5. Нууц нь задарсан эсхүл нууцлалын шаардлага хангахгүй шифрийн хэрэгслийг төрийн шифр харилцаанд ашиглах, шифр мэдээг мэдээлэл-холбооны техник хэрэгслээр илээр дамжуулах, мэдээлэх.
4.6. Шифр мэдээг боловсруулахдаа үг, өгүүлбэрийн байрлалыг өөрчлөх, товчлох, хасах зэрэг өөрчлөлт оруулах, шифрийн баримт бичиг, материалыг бүртгэлгүйгээр бусдад шилжүүлэх, устгах.
Тав. Төрийн шифр харилцаанд тавих хяналт
5.1. Төрийн захиргааны төв байгууллага, зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын шифрийн алба, цэгийн ажиллагаанд тухайн байгууллагын удирдлага өдөр тутмын, тагнуулын төв байгууллага мэргэжлийн хяналт тавина.
5.2. Шифрийн алба, цэгийн үйл ажиллагааг тагнуулын төв байгууллага болон тухайн байгууллагын даргын хамтарсан тушаалаар, шифрийн арга ажиллагаатай холбоотой асуудлыг зөвхөн тагнуулын төв байгууллагын даргын тушаалаар томилогдсон албан тушаалтан тус тус шалгана.
Зургаа. Дүрэм зөрчигчид хүлээлгэх хариуцлага
6.1. Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн нууцын тухай, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай хуулийн холбогдох зүйлд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
---oOo---
Текст томруулах
A
A
A