A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНД НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР БАЙРШУУЛАХ ХҮНСНИЙ БУУДАЙГ ХАДГАЛАХ БАЙРШИЛ,ТҮҮНД БАЙРШУУЛАХ ХҮНСНИЙ БУУДАЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ХУДАЛДАН АВАХ, БОРЛУУЛАХ, ХАДГАЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
                                                                                                             Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 58 дугаар
                                                                                                              тогтоолын 1 дүгээр хавсралт


                                                                          МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНД НӨӨЦ ХЭЛБЭРЭЭР
                                                                         БАЙРШУУЛАХ ХҮНСНИЙ БУУДАЙГ ХАДГАЛАХ БАЙРШИЛ, 
                                                                             ТҮҮНД БАЙРШУУЛАХ ХҮНСНИЙ БУУДАЙН ХЭМЖЭЭГ
                                                                               ТОГТООХ, ХУДАЛДАН АВАХ, БОРЛУУЛАХ, ХАДГАЛАХ
                                                                                           ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

                                                                                                           Нэг. Нийтлэг үндэслэл

1. Монгол Улсыг хөгжүүлэх санд нөөц хэлбэрээр байршуулах хүнсний буудайг хадгалах байршил, түүнд байршуулах хүнсний буудайн хэмжээг тогтоох, худалдан авах, борлуулах, хадгалах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

2. Нөөц хэлбэрээр байршуулах хүнсний буудайн хэмжээг тогтоох, байршуулах, худалдан авах, борлуулах, хадгалах болон хяналт тавьж байгаа төрийн захиргааны төв байгууллага, өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, байгууллага, иргэн үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдлөг болгоно.

3. Сангийн яам нь Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарим хэсгийг хүнсний буудайн нөөц хэлбэрээр байршуулахдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай нөөцийн буудай хадгалалтын гэрээ байгуулна.

4. Стандартын шаардлага хангасан хүнсний буудайг Тариаланг дэмжих сан, улсын нөөцийн агуулахад нөөцлөн хадгална.

5. Хүнсний буудайг худалдан авах болон борлуулах үйл ажиллагааны зардлыг буудай худалдан авах үнэд шингээж, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас зарцуулсан хөрөнгийг бүрэн хэмжээгээр буцаан төвлөрүүлэх зарчим баримтална.

6. Хүнсний буудайг хүлээн авах, хадгалах, хяналт тавих үйл ажиллагаанд "Хүнсний буудай MNS-97-2004" болон холбогдох стандартыг дагаж мөрдөнө.

                                                                  Хоёр. Хүнсний буудайн нөөц бүрдүүлэх

7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар нь Засгийн газраас тогтоосон хүнсний буудайн хэмжээг баримтлан Улсын Их Хурлаас баталсан хөрөнгийн дүнд багтаан газар тариалангийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс хүнсний буудайг худалдан авах, борлуулах, хадгалахтай холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

8. Хүнсний буудай худалдан авах гэрээ, хүлээлцэх акт, тайлангийн маягтын загварыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан тушаалаар батална.

9. Хүнсний буудайн нөөц бүрдүүлэх, борлуулах, хадгалах үйл ажиллагааг Тариаланг дэмжих сан, улсын нөөцийн харьяа салбараар гүйцэтгүүлж зөвхөн хүнсний хэрэгцээнд зориулан гурилын үйлдвэрүүдэд жил бүрийн 2, 3 дугаар улиралд борлуулна.

10. Нөөцийн буудай борлуулсан үнийг Төрийн сан дахь Монгол Улсыг хөгжүүлэх сангийн дансанд төвлөрүүлэн тухайн жилийн намрын ургацаас хүнсний буудайн нөөцийг дахин бүрдүүлэхэд ашиглана.

11. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар нь зах зээл дэх гурилын хэрэгцээ, хангамжийг харгалзан хүнсний буудайг борлуулах, тухайн жилийн ургацаас худалдан авч дахин нөөц бүрдүүлэх талаархи саналаа Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.

12. Технологийн шаардлага хангасан агуулах бүхий аж ахуйн нэгжид хүнсний буудайг гэрээгээр хадгалуулж болно.

                                                                    Гурав. Хүнсний буудайн нөөцийн санхүүжилт

13. Хүнсний буудайг Засгийн газраас тогтоосон хэмжээгээр агуулахад хүлээн авсны дараа Сангийн яам нь Төрийн санд байршуулсан Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс санхүүжилт хийнэ.

14. Хүнсний буудай нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэн улсын стандартын шаардлага хангасан хүнсний буудайг цэвэр жингээр тооцсон тухай тодорхойлолт, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, гэрээ, тооцоо нийлсэн баримтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлнэ.

15. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Онцгой байдлын ерөнхий газар нь энэхүү журмын 14-т заасан материалыг хянан үзээд санхүүжилт хийх хүсэлтийг Сангийн яаманд гаргана. Хүсэлтэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр, худалдан авсан буудайн хэмжээ, үнэ, стандартын шаардлага хангасан тухай тодорхойлолт, гэрээ, тооцоо нийлсэн баримтын дугаар бичигдсэн байна.

16. Сангийн яам нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хүсэлт, нэхэмжлэл болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдан авсан буудайн баримтыг үндэслэн мөнгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн данснаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын ерөнхий газрын дансанд шилжүүлнэ.

17. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (Тариаланг дэмжих сан), Онцгой байдлын ерөнхий газар нь Монгол Улсыг хөгжүүлэх сангаас олгосон хөрөнгийг буудай нийлүүлсэн аж ахуйн нэгж, иргэн, хадгалагч нарт гэрээний гүйцэтгэл, тооцоо нийлсэн баримтыг үндэслэн ажлын 5 өдөрт багтаан олгоно.

18. Нөөцийн буудайг шинжлэх, цэвэрлэх, агуулахад хүргэх зардлыг буудай нийлүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хариуцна. Мөн буудайг сэлгэх, хадгалахтай холбогдон гарах зардлыг буудай худалдан авах үнэд оруулан тооцно.

                                                                                      Дөрөв. Хяналт тавих

19. Хүнсний буудай худалдан авах, борлуулах, хадгалах үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавьж ажиллана.

20. Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нөөцөд авч байгаа хүнсний буудайн чанарт "Хүнсний буудай-MNS-97-2004" стандартын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

21. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар нь өөрийн харьяа салбар, нэгжүүдэд худалдан авч байршуулсан нөөцийн буудай, зарцуулсан хөрөнгийн тайланг нэгтгэн хагас, бүтэн жилээр Сангийн яаманд хүргүүлж энэхүү журмын хэрэгжилтийн явцыг жил бүрийн 6, 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байна.




                                                                                                    ---оОо---