A

A

A

Бүлэг: 1979

                                                                                                                 Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 65 дугаар
                                                                                                                 тогтоолын 1 дүгээр хавсралт


                                           ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, 
                                         ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Гадаад харилцааны яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Засгийн газрын танхим, Гадаад харилцааны сайд (цаашид "сайд" гэх)-аас шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн гадаад харилцааны стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт, дотоод дэмжлэг үзүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үр дүнг тооцох, үнэлгээ өгөх, гадаад харилцааны мэдээлэл, сурталчилгаа, консулын үйлчилгээг эрхлэн явуулах, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашиг, бизнесийн ашиг сонирхлыг хамгаалах, гадаад худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хамааруулсан үйл ажиллагааны стратеги болон бүтцийн загварыг тодорхойлно.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын 2004 оны 248 дугаар тогтоолоор баталсан "Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр" зэрэг баримт бичгүүдийг үндэслэн боловсруулав.

1.3. Эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Засгийн газрын бүтцийн тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Дипломат албаны тухай хууль;
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хууль;
-Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хууль;
-Хөдөлмөрийн тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахдаа гадаад харилцааны салбарт хуримтлагдсан түүхэн туршлага, олон улсын жишиг, гадаад орчны өөрчлөлт, төрийн захиргааны шинэчлэлийн удирдлага, үйл ажиллагааны онцлог, төлөвлөлт, зохицуулалтын арга зүйг ашиглан боловсруулав.

1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь гадаад харилцааны хүрээн дэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, Засгийн газрын танхим, сайдыг өндөр мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангана. Яам нь гадаад харилцааны салбарын бодлого, төлөвлөлт болон гадаад бодлогын харилцан уялдаа холбоог хангаж, зөв зохистой удирдах, зохицуулахад анхаарлаа төвлөрүүлнэ. Яам нь хариуцсан асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг хүлээж, яамдыг гадаад харилцааны бүх талын зохицуулалт, дэмжлэгээр хангана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтой.

Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамаарна:



                                            ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА,
                                                      ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР








Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газрын танхим, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус үйлчлүүлэгч нь бусад яам, агентлаг, нийт байгууллага, иргэд болно. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

2. Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны стратегийн гадаад орчин

Олон улсын харилцаанд гарч байгаа шинэ чиг хандлагууд нь Монгол Улсын гадаад орчинд урт хугацаанд нөлөөлж, төрийн гадаад бодлогыг тодорхойлоход зайлшгүй харгалзан үзэх хүчин зүйл болж байна. Даяаршлын үйл явц гүнзгийрэн, улс орнуудын улс төр, эдийн засгийн харилцан хамаарал нэмэгдэж байгаа нь Монгол Улсыг ч хамран, түүний гадаад орчинг тодорхойлох нэгэн чухал хүчин зүйл болж байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологи асар түргэн хөгжихийн хэрээр гадаад харилцааны субъектүүдийн хүрээ өргөжин тэлж байна. Аюулгүй байдлын уламжлалт утга өөрчлөгдөн, хүний аюулгүй байдлын үзэл баримтлал өргөн дэмжлэг хүлээж, улам олон салбар, хүрээг хамрах болж, терроризмын уламжлалт бус аюул, занал дэлхийн, бүс нутгийн болон улс орнуудын анхаарлын төвд гарч ирэв. Эдгээр үйл явцын өрнөлтөд Монгол Улсыг зохистой хэлбэрээр хамруулах, улс орны аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчинг бүрдүүлэх зорилгын хүрээнд бодлого боловсруулан хэрэгжүүлэх, гадаад харилцааны субъектүүдийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зэрэг зорилтууд тус яамны өмнө тулгарч байна.

2.3. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Гадаад харилцааны яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.3.1. Монгол Улсын аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;

2.3.2. Монгол Улсын хөгжлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;

2.3.3. Монгол Улсын иргэдийн эрх ашиг, бизнесийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах.

2.4. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчинг бүрдүүлэхэд оршино.

Энэ эрхэм зорилгыг биелүүлэхдээ Монгол Улсын гадаад харилцааг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлийг улс орны болон дэлхий дахины улс төр, эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэх зорилтуудыг удирдлага болгоно.

2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

2.5.1. гадаад бодлогын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;

2.5.2. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.5.3. гадаад бодлогын хэрэгжилтийг төрөлжсөн зохицуулалтаар хангах;

2.5.4. гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх.

2.6. Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.1.1. бүх салбарын гадаад бодлогын урт, дунд, богино хугацааны стратегийг төлөвлөх;

2.6.1.2. гадаад эдийн засгийн бодлогыг төлөвлөх, зохицуулах;

2.6.1.3. гадаад бодлогын холбогдох гэрээ, хэлэлцээр, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах;

2.6.1.4. гадаад бодлогын хэрэгжилтийг удирдамжаар хангах, зохицуулалт хийх.

2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.6.2.1. төрийн захиргааны удирдлагыг боловсронгуй болгох;

2.6.2.2. хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох;

2.6.2.3. Гадаад харилцааны сайдаас гаргах шийдвэрт бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.6.2.4. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулалтад бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.6.2.5. гадаад харилцааны төв архивын үйл ажиллагааг эрхлэх.

2.6.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.6.3.1. хөрш орнуудтай харилцах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.3.2. Азийн орнуудтай харилцах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.3.3. Европын орнуудтай харилцах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.3.4. Америк, Ойрхи дорнод, Африкийн орнуудтай харилцах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.3.5. олон талт хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.3.6. гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.3.7. олон улсын хууль, эрх зүйн бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.3.8. консулын бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.3.9. дипломат ёслолын бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.3.10. гадаад бодлогын хэрэгжилтийг сурталчлах, хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах.

2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.4.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Гадаад харилцааны сайд хариуцахаар тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;

2.6.4.2. гадаад харилцааны бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, түүнд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, санал үндэслэл боловсруулах.

2.7. Үйл ажиллагааны зорилт

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж яамны зохион байгуулалтын нэгжүүдийн чиг үүрэг, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.8. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:


                                                             ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
                                                                                   СТРАТЕГИЙН ЗАГВАР



3. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг


3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).

2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх).

3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх).

4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх).

5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх).

6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх).

7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:

                       ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАГВАР

3.3. 3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:

3.3.1. Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэг, дөрөвдүгээр зорилтын хүрээнд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний улс төр, эдийн засгийн стратегийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, бусад холбогдох баримт бичгийг боловсруулах, гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх үндсэн чиг үүрэг хүлээж, гадаад бодлогын бүх салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, гадаад бодлогын байр суурь илэрхийлэх, гадаад эдийн засгийн бодлогыг боловсруулах, гадаад орнуудын шилдэг ололт туршлага, бодлогын харьцуулалт бүхий судалгаа, мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газрын танхим, сайд, дэд сайдын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэж, төр, засгийн удирдлагаас бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг тодорхойлоход шаардлагатай, цаг үеэ олсон, соргог, мэдрэмж бүхий өндөр мэргэшлийн шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээ мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Мөн энэ нэгж нь гадаад бодлогын хэрэгжилтийн мэдээллийн сан бүрдүүлэх, төр, олон нийтийг гадаад бодлогын хэрэгжилтийн талаархи мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, элчин сайдын яамд, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бусад яам, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

Энэ нэгжид гадаад эдийн засгийн асуудал хариуцсан нэгж ажиллана. Энэ нэгж нь эдийн засгийн гадаад харилцааны бодлогыг боловсруулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан болон хоёр болон олон талт эдийн засгийн бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, энэ хүрээнд улс орнуудын гадаад эдийн засгийн бодлогыг судлах, харьцуулан шинжлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн дарга нь үндсэн нэгжийн орлогч байна.

3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргаа болон хүний нөөцийн удирдлагаар хангах, яамны үйл ажиллагаанд удирдлагын тэргүүний туршлага, шинэлэг арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын асуудлыг шийдвэрлэх, ажилтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх, мэдээ тайланг гаргуулах, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах тогтолцоог оновчтой бүрдүүлэх, нийт үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалт, үйлчилгээгээр хангах зэрэг үндсэн үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь яамны удирдлагын үйл ажиллагааг дэмжих, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр хангах, хууль тогтоомж, дээд байгууллага, яамны удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, төрийн нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, хөдөлмөрийн сахилга бат, дотоод дэг журмыг чанд мөрдүүлэх, дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, дипломат шуудан, холбоо, бичиг хэрэг, компьютер, мэдээллийн дотоод болон гадаад сүлжээний үйлчилгээний хэвийн ажиллах нөхцөлийг хангах, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлэх, иргэдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, санхүү, аж ахуйн асуудлыг зохицуулах, архивын үйл ажиллагааг удирдах зэрэг нийтлэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжид санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж ажиллана. Энэ нэгж нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах үндсэн үүргийг хүлээж, санхүү, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл боловсруулах, төсвийг захиран зарцуулах, төсөл, арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн дарга нь үндсэн нэгжийн орлогч байна.

Төрийн захиргааны удирдлагын нэгжид гадаад хэргийн төв архив ажиллаж, архивын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах, байгууллага, ард иргэдэд архивын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх үндсэн үүргийг хэрэгжүүлнэ. Тус нэгж нь Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой болон тус яамны үйл ажиллагааны явцад үүсч бүрдсэн баримт бичгүүдийг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн хадгалах, түүх, улс төр, эдийн засаг, эрдэм шинжилгээний ач холбогдолтой материалуудыг цуглуулах, сан хөмрөгийг бүрдүүлэх, баяжуулах, хосгүй үнэт баримт бичгүүдийг сэлбэн засах, нөхөн сэргээх, тоо бүртгэл хөтлөх, эрдэм шинжилгээ, мэдээллийн лавлагааны сан үүсгэх, байгууллага, иргэдэд архивын үйлчилгээ үзүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн яам болон хилийн чанд дахь дипломат төлөөлөгчдийн газруудын мэдээлэлийн сүлжээ, технологийн найдвартай байдлыг хангах, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлэх зорилготой ажлын баг ажиллаж болно.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Элчин сайдын яамд, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам болон боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.3. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.3.3.1. хөрш орнуудтай харилцах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах асуудал хариуцсан нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.6.3.1 дэх гол зорилтын хүрээнд Монгол Улсаас хөрш орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгж нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-хөрш орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх, тухайн орноос орж ирж байгаа хөрөнгө оруулалт, олгож буй зээл, тусламжийн хэмжээг бууруулахгүй байх арга зам хайх;

-улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох;

-хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;

-хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг удирдан заавар, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.3.2. Азийн орнуудтай харилцах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах асуудал хариуцсан нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.6.3.2 дахь гол зорилтын хүрээнд Монгол Улсаас Азийн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгж нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-Азийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх, тухайн орноос орж ирж байгаа хөрөнгө оруулалт, олгож буй зээл, тусламжийн хэмжээг бууруулахгүй байх арга зам хайх;

-улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох;

-хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;

-Азийн орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг удирдан заавар, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.3.3. Европын орнуудтай харилцах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах асуудал хариуцсан нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.6.3.3 дахь гол зорилтын хүрээнд Монгол Улсаас Европын орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгж нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-Европын орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх, тухайн орноос орж ирж байгаа хөрөнгө оруулалт, олгож буй зээл, тусламжийн хэмжээг бууруулахгүй байх арга зам хайх;

-улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох;

-хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;

-Европын орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг удирдан заавар, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.3.4. Америк, Ойрхи дорнод, Африкийн орнуудтай харилцах бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулах асуудал хариуцсан нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.6.3.4 дэх гол зорилтын хүрээнд Монгол Улсаас Америк, Ойрхи дорнод, Африкийн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгж нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-Америк, Ойрхи дорнод, Африкийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх, тухайн орноос орж ирж байгаа хөрөнгө оруулалт, олгож буй зээл, тусламжийн хэмжээг бууруулахгүй байх арга зам хайх;

-улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох;

-хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;

-Америк, Ойрхи дорнод, Африкийн орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг удирдан заавар, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.3.5. олон улсын байгууллагатай хамтран ажиллах, олон талт хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.6.3.5 дахь гол зорилтын хүрээнд Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчин бүрдүүлэх зорилгоор Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн болон олон улсын Засгийн газар хоорондын бусад байгууллагын хүрээнд явуулах бодлого, олон талт дипломат үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ нэгж нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Дэлхийн худалдааны байгууллага зэрэг Монгол Улстай харилцаж байгаа олон улсын байгууллагатай улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт харилцах өдөр тутмын ажлыг гүйцэтгэж, тэдгээрийн өмнө манай улсын хүлээсэн үүргийг биелүүлэх;

-олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чигийг тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх;

-олон улсын байгууллагуудаас авч буй тусламжийн хэмжээг бууруулахгүй байх, тусламжийн шинэ эх үүсвэр олох;

-олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн шугамаар зохиогдож буй хурал, чуулганд төлөөлөгчид оролцуулах, баримтлах удирдамж боловсруулах, байр сууриа илэрхийлэх;

-мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах, олон улсын терроризмтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажиллагааг зохицуулах;

-олон улсын байгууллагуудаас баталж гаргасан олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг судалж санал боловсруулах, нэгдэж орсон гэрээ, конвенцийн биелэлтийн тухай илтгэл, мэдээлэл нэгтгэн боловсруулж гаргах;

-Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газруудын ажлыг удирдах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.3.6. гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.6.3.6 дахь гол зорилтын хүрээнд Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний Монгол Улсаас гадаад орнуудтай хоёр талын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүрэг хүлээнэ. Энэ нэгж нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний эдийн засгийн хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-бүх орнуудтай худалдаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, гадаад эдийн засгийн харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх, тухайн оронтой хийж байгаа худалдааны хэмжээг нэмэгдүүлэн орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулахгүй байх арга зам хайх;

-гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох;

-хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;

-дипломат төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр заавар, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.3.7. гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.6.3.7 дахь гол зорилтын хүрээнд гадаад харилцааны бодлого зорилтыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хоёр болон олон талт бүхий л салбарын гэрээ, хэлэлцээр байгуулах, түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээнд нэгдэн орох, хэрэгжилтийн тайланг гаргах, улсын хилийн эрх зүйн зохицуулалтыг хангах үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах ажлыг үндэсний хэмжээнд аргачлал, хяналтаар хангах, хэлэлцээ хийх, ёсчлон бэлтгэх, батлуулах, бүртгэх, архивт хадгалуулах, үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээний эрх зүйн уялдааг хангах, орчуулах, олон улсын гэрээний бүртгэл хөтлөх, хэвлэн нийтлүүлэх, биелэлтэд нь ерөнхий хяналт тавих, олон улсын эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн дотор хөрш оронтой хилийн боомтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн харилцааны гэрээ, хэлэлцээр, протоколын биелэлтийг хангуулах, хил орчмын тулгамдсан асуудлуудыг эрх зүйн хүрээнд зохицуулах, хилийн боомт, хилийн бүс нутаг дахь аж ахуйн байгууллагуудын үйл ажиллагаанд зохицуулалт хийх, хөрш орнуудын хилийн салбар дахь бодлогын судалгаа явуулах, эдийн засгийн онцгой бүсийн харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэх, улсын хил шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий нэгж ажиллана.

3.3.3.8. консулын бодлого, үйлчилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.6.3.8 дахь гол зорилтын хүрээнд Монгол Улсын консулын бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх, консулын харилцааг эрхлэн гүйцэтгэх үндсэн үүрэг хүлээнэ.

Энэ нэгж нь өөрийн улсын иргэд, байгууллагын хууль ёсны эрх, бизнесийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах, хүсэлт, гомдлыг нь барагдуулах, хилийн чанадад зорчиж буй монгол иргэдийн бүртгэл, судалгаа хийх, гадаадын иргэдийн асуудлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицуулах, консулын асуудлаар байгуулагдсан гэрээ, хэлэлцээр, протоколын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, иргэд хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, паспорт, виз олгох, гадаадын иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх, нотариатын үйл ажиллагаа явуулах, хилээр зорчиж буй иргэдийн бүртгэл тооцоог нэгтгэх, судалгаа хийх, консулын тайлан гаргах, өөрийн улсын Ерөнхий консулын газар болон Өргөмжит консулуудыг удирдлага, заавраар хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.

3.3.3.9. дипломат ёслолын бодлого, үйлчилгээ хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.6.3.9 дэх гол зорилтын хүрээнд Монгол Улсын дипломат ёслолын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар зохицуулж, хангах үндсэн үүрэг хүлээнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын гадаад оронд хийх албан ёсны айлчлал болон гадаадын дээд, өндөр хэмжээний зочин төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэлийг хангах, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих, гадаадын зочин төлөөлөгчид төр, засгийн удирдагч нарт бараалхах, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газруудын эрх ямба, халдашгүй дархан эрхтэй холбогдсон асуудал, дипломат корпусыг баяр ёслолын арга хэмжээнд урьж оролцуулах зэрэг төрийн дипломат ёслолтой холбогдсон чиг үүрэг хэрэгжүүлнэ.

3.3.3.10. хэвлэл, мэдээлэл хариуцсан зохион байгуулалтын нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2.6.3.10 дахь гол зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний стратегийн бодлого, байр суурь, төлөвлөгөө, хөтөлбөр, бусад холбогдох баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт, гадаад бодлогын бүх салбарт болж байгаа үйл явдал, айлчлал, тодорхой арга хэмжээ, бодлогын асуудлаар хэвлэл, мэдээллийн бүх салбарт үйл ажиллагааг зохион байгуулах, олон нийттэй харилцах үндсэн үүрэг хүлээж, түүнд нийцсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын нэгжүүдээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Элчин сайдын яамд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, Элчин сайдын яамд, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна.






                                                                                             ---оОо---