A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
                                                                                                                    Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 65 дугаар
                                                                                                                    тогтоолын 3 дугаар хавсралт


                                                        БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ
                                                        АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
                                                                  БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "Хөтөлбөр" гэх)-т Байгаль орчин, аялал жуулчлалын сайд (цаашид "сайд" гэх)-ын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагаар хангах, салбарын статистик мэдээлэл гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги болон зохион байгуулалтын бүтцийн загварыг тодорхойлов.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Байгаль орчныг хамгаалах тухай багц хууль;
-Аялал жуулчлалын тухай хууль;
-Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого;
-Бусад хууль тогтоомж, хөтөлбөр, бодлогын баримт бичиг.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын жишиг, байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлтийн арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги боловсруулж ажилласан туршлага зэргийг ашиглав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь байгаль орчин, аялал жуулчлалын талаархи хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг, хариуцлага хүлээж, сайд болон Засгийн газрын Танхимд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Яам нь стратегийн бодлого, төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилтийг удирдлагаар хангах, тогтвортой хөгжлийн асуудлаар салбар болон салбар хоорондын уялдаа холбоог хангаж, салбарын төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллана. Яам нь Засгийн газрын байгаль орчин, аялал жуулчлалын зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлагыг хүлээнэ.

1.6. Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэлтэй тогтооход чухал ач холбогдолтой юм. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов.

                                                 БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ
                                                    СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН 
                                                                 ЭХ ҮҮСВЭР
ХЭРЭГЦЭЭНИЙ

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь сайд, Засгийн газар (танхим) байна. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

2. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сайдад мэргэшлийн өндөр түвшний, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн байгаль орчин, аялал жуулчлалын бодлого, стратегийг улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн нөөц, олон улсын хамтын ажиллагааны бодлоготой уялдуулан төлөвлөж хэрэгжүүлэх;

2.2.2. сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг, төсөвт байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаархи үүсгэл санаачилга, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогоор уялдуулан зохицуулах;

2.2.3. яам, байгаль хамгаалах, аялал жуулчлалын байгууллагад ажиллагсдыг ажлаа мэргэжлийн өндөр түвшинд явуулах мэргэшил, ур чадвартай болгон хөгжүүлэх;

2.2.4. байгаль орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг судлан шинжлэх, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан техникийн ололт, тэргүүний арга ажиллагааг нэвтрүүлж, экологи, эдийн засаг, зохицуулалтын хөшүүрэг механизм ашиглах.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрхэм зорилго нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, байгаль орчинд халгүй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, аялал жуулчлалын бодлого, стратеги боловсруулах, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.4.2. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангаж, сайн засаглалыг бэхжүүлэх;

2.4.3. хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлэх, экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийг бодлого зохицуулалтаар хангах, аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг хангах;

2.4.4. байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, салбарын статистик мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. тогтвортой хөгжил, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, бодлого, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөлтийг бодлогын удирдамжаар хангах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах;

2.5.1.3. байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хоёр болон олон талт хамтын ажиллагааны бодлого боловсруулж удирдамжаар хангах, зохицуулах.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.5.2.2. салбарын хүний нөөцийн удирдлагыг хангах;

2.5.2.3. эрх зүйн орчинг боловсронгуй болгох зөвлөгөө, дэмжлэгээр хангах.

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаархи хууль тогтоомж, бодлого, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.2. уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг хангуулах, цэвэр хөгжлийн механизм болон олон улсын гэрээ конвенциудын хүрээнд байгаль орчныг хамгаалахад шинэ арга барил, шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, технологи дамжуулалтыг зохицуулах;

2.5.3.3. тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх талаар хөтөлбөр, төсөл, арга хэмжээний санал боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.5.3.4. аялал жуулчлалын салбарын хууль тогтоомж, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, үйлчилгээний байгууллагуудыг бодлогын удирдамж, зөвлөгөө, дэмжлэгээр хангах.

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;

2.5.4.2. салбарын цахим мэдээллийн тогтолцоо болон мэдээллийн нэгдсэн сан ажиллуулах, салбарын статистик мэдээ, байгаль орчны төлөв байдлын тайлан гаргах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;

2.6. Үйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:


                                                    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ 
                                                           ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР




3. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтална:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:

                                                   БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ
                                                             АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАГВАР



3.3. Зохион байгуулалтын бүтэц

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

3.3.1. Тогтвортой хөгжил, стратеги төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний байгаль орчны тогтвортой хөгжил, аялал жуулчлалын бодлого, хууль тогтоомж, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө боловсруулах үндсэн үүрэг хүлээж, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар боловсруулах замаар тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үзэл баримтлал, бодлого болон эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, экологи, аялал жуулчлалын талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, санаачлах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь дэд сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, байгаль орчин, аялал жуулчлалын бодлого, байгалийн нөөцийн болон экологийн тэнцвэрт байдал болон үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх шатны Засаг дарга нар, тэдгээрийн Тамгын газар байна.

Үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилт, үйл ажиллагааны 2.5.1.2 гол зорилтын хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана. Санхүү, хөрөнгө оруулалтын нэгж нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг зориулалтын дагуу зарцуулах, олон улсын стандартад нийцсэн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, санхүүгийн нэгдсэн тайлан гаргах, санхүүгийн шинжилгээ хийх, аудит хийлгэх, системийн байгууллагад санхүүгийн дотоод хяналтын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр хуулийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах, яамны үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах чиг үүргийг хариуцна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт гадаад орон, олон улсын төрийн болон төрийн бус байгууллагын санхүүжилттэй хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлангийн нэгдсэн мэдээлэл гаргана.

Үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилт, үйл ажиллагааны 2.5.1.3 гол зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана. Гадаад хамтын ажиллагааны нэгж нь байгаль орчны салбарын гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулалт хийх, төсөл, хөтөлбөрийн санхүүгийн гадаад эх үүсвэр олж хэрэгжилтийг хангах, байгаль орчны салбарт манай улсын нэгдэн орсон конвенци, протокол, гадаад орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг биелүүлэх үндсэн чиг үүргийг хариуцна. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь байгаль орчны салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэнэ.

3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, хүний нөөцийн удирдлагын тогтолцоог хөгжүүлэх, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратегийг хэрэгжүүлэх, ажиллагсдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтад хамруулах, ажлын байран дээр суралцуулах, эрх зүйн зөвлөгөө өгөх, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэх, шагнал урамшууллын асуудлыг зохион байгуулах, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг барагдуулах ажлыг зохион байгуулах, нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хэв журмын зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй.(Энэ хэсгийг 2010-12-08-ны 320-р тотоолоор нэмсэн). Энэ нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангаж бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.3. Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилт, үйл ажиллагааны 2.5.3.1 гол зорилтын хүрээнд агаар, ус, хөрсний бохирдол, доройтол, сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвшүүлэн хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, байгаль орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, орчны доройтлыг бууруулах, сөрөг нөлөөлөлд автсан газар нутгийг нөхөн сэргээх, ой, ус, ургамал, амьтан болон бусад байгалийн баялгийг ашиглах, хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах, байгаль орчны төлөв байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр сурталчилгаа явуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлэх, экологийн тэнцлийг хангах шинэ менежментийг нэвтрүүлэх, цөлжилт ихтэй бүсийг ургамалжуулах, усан сан, боомт байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, байгаль орчинд халгүй аргаар зайлуулах ажлыг зохицуулах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Үүнийг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт тавих замаар яамны бүтцийн нэгжүүдийн болон бодлого боловсруулах, хэрэгжилтэд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, нутгийн захиргааны байгууллага байна.

Үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилт, үйл ажиллагааны 2.5.3.2 гол зорилтын хүрээнд экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны нэгж ажиллана. Экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээх, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход цэвэр технологи, шинжлэх ухаан технологийн ололт, менежментийн тэргүүний арга хэлбэрүүдийг туршин нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, зохицуулалт хийх үндсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь байгаль орчны хамгаалал, байгалийн нөөцийн менежментэд шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэхэд жижиг бодлого арга зүйг, зохицуулалтаар хангахад чиглэнэ.

3.3.4. Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилт, үйл ажиллагааны 2.5.3.3 гол зорилтын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, үндэслэл хөтөлбөр, төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хамгаалалтын захиргаадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг цогцолбороор хамгаалах бодлого, байгалийн нөөц, даацад тохирсон зүй зохистой ашиглалт экологийн тэнцэлт байдлыг хангах үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад чиглэнэ. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим дэглэмийг нарийн чанд сахин нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож холбогдох бүх талуудтай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд, их, дээд сургуулиуд, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага байна.

3.3.5. Аялал жуулчлалын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилт, үйл ажиллагааны 2.5.3.4 гол зорилтын хүрээнд аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, аялал жуулчлалын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудыг мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, үндэсний болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан байгаль орчинд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн хөгжлийг төлөвлөх, сургалтын бүтэц, хөтөлбөрийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулах, аялал жуулчлалын байгууллага, зочид буудал, жуулчны бааз, хөтөч-тайлбарлагчид зэрэглэл тогтоох, аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах жуулчны бааз, зочид буудал, амралт, рашаан сувиллын тоо, байршлыг тогтоох, тэдгээрийн нэгдсэн бүртгэл хөтлөх, аялал жуулчлалын санд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын статистик мэдээллийг нэгтгэж судалгаа, дүн шинжилгээ хийх, аялал жуулчлалын мэдээллийн сүлжээ, мэдээллийн сан байгуулах, аялал жуулчлалын бүсэд хүлээн авах жуулчдын тоог тогтоох, аялал жуулчлалын зам, чиглэлийг тогтоох чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангах, аялал жуулчлалын таатай орчин бүрдүүлэхэд чиглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

3.3.6. Байгаль орчны хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх үндсэн үүрэг хүлээж, холбогдох хуулийн дагуу байгаль орчны мэдээллийн сангийн тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын байгаль орчны төлөв байдлын тайлан гаргах, статистик мэдээллийг боловсруулах ажлыг хариуцах, байгаль орчны салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчдийг мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.