- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 65 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Батлан хамгаалах яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Батлан хамгаалахын сайд (цаашид "сайд" гэх) болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", холбогдох бусад баримт бичгийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Батлан хамгаалах тухай хууль;
-Зэвсэгт хүчний тухай хууль;
-Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Дайчилгааны тухай хууль;
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
-Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал;
-Төрийн цэргийн бодлогын үндэс;
-Холбогдох бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад төрийн захиргааны байгуулалтын онол, арга зүйд тулгуурлан, Батлан хамгаалахын өнөөгийн байдалд орчны шинжилгээ хийж, олон улсын туршлагыг судалж, нэгтгэн дүгнээд үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн менежментийн аргыг хэрэглэв.
1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газрын танхимд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь улс орныг батлан хамгаалах стратегийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, зохицуулалт, салбарын төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах, батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг зөв зохистой удирдана. Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Батлан хамгаалах яам нь Засгийн газрын батлан хамгаалахын зөвлөхийн үүрэг хариуцлагыг хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА,
ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Батлан хамгаалах яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын танхим байна.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
2. Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. Батлан хамгаалах яамыг улс орныг батлан хамгаалах стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөржүүлэх, төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх чиг үүрэгтэй төрийн захиргааны төв байгууллага болгох замаар үйл ажиллагааных нь үр дүнг дээшлүүлэх;
2.2.2. зах зээлийн эдийн засгийн харилцааны онцлогт нийцсэн, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх;
2.2.3. төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах эрх ашигт нийцүүлэн төрөөс зохицуулах хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
2.2.4. зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн, тайван цагийн бүтэц, бүрэлдэхүүнээрээ байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэх чадвар бүхий анги, салбаруудын тоо, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, тэдгээрт нийцсэн зэвсэглэл, техникийг шинэчлэн сайжруулах.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Батлан хамгаалах яамны эрхэм зорилго нь орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгох үндсэн дээр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хүний аюулгүй байдлыг найдвартай хангах явдал мөн.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. улс орныг батлан хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орон нутгийн хамгаалалтад үндэслэсэн батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх урт болон дунд хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
2.4.2. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, батлан хамгаалах үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах;
2.4.3. батлан хамгаалах бодлого, стратеги, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хэрэгжилтийг хангах;
2.4.4. батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах, энхийг сахиулах ажиллагаанд зэвсэгт хүчнийг оролцуулахад дэмжлэг үзүүлэх;
2.4.5. батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, урт, дунд хугацааны стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, батлан хамгаалах санхүү, төсвийн гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дараахь үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. улс орныг батлан хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, батлан хамгаалах бодлого, урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.2. зэвсэгт хүчинг мэргэжлийн чиг баримжаатай, цомхон, чадварлаг болгох бодлого, үйл ажиллагааны төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө боловсруулах, энхийг дэмжих ажиллагааны чиглэлийг тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.3. орон нутгийн хамгаалалтад үндэслэсэн батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх, батлан хамгаалах санхүү, төсөв, хамтын ажиллагаа, нутгийн захиргааны байгууллагууд, тэдгээрийн цэргийн штабуудын үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.4. улсын дайчилгааны болон улс орныг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах төлөвлөлт, дайчилгааны даалгаврыг боловсруулах, тодотгох, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын дайчилгааны төлөвлөлтийг боловсруулах, тодотгох, бодлогын удирдамж, дэмжлэг үзүүлэх.
2.5.2. Үйл ажиллагааны 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.5.2.2. хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх;
2.5.2.3. цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг хангах хөтөлбөр төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг бодлогын удирдамжаар хангах;
2.5.2.4. батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах, яамны нээлттэй байдлыг хангах, хэрэглэгчдэд соёл, мэдээллээр үйлчлэх ажлыг бодлогын удирдамжаар хангах.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. батлан хамгаалах бодлогын хэрэгжилт, зэвсэглэл, техник, материал хэрэгслийн хангалтын хөтөлбөрийг зохицуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх;
2.5.3.2. зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн зохицуулалт, тусламжийн бодлогыг хэрэгжүүлэх;
2.5.3.3. батлан хамгаалах арга хэмжээний төсвийн төслийг боловсруулах, зохицуулалт хийх, хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэх.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын болон хоёр улсын гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн хэрэгжилтийг хангах;
2.5.4.2. батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчнийг оролцуулахад дэмжлэг үзүүлэх.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, бодлогын хэрэгжилтийн явц болон төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, холбогдох агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
2.5.5.2. батлан хамгаалах санхүү, төсвийн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд үнэлгээ өгөх;
2.5.5.3. батлан хамгаалах салбарт мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн компьютерт суурилсан удирдлагын автоматжуулсан сүлжээ, мэдээллийн нэгдсэн сан байгуулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, статистик мэдээлэл гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА (БИЗНЕС)-НЫ
СТРАТЕГИЙН ЗАГВАР
3. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтална:
3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);
3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Батлан хамгаалах яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:
3.3.1. Стратегийн бодлого, төлөвлөлт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд улс орныг батлан хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, батлан хамгаалахын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө боловсруулах, орон нутгийн хамгаалалтад үндэслэсэн батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг болон хөнөөх хэрэгслийн хөнөөлөөс хамгаалах бодлогын үндсийг тодорхойлох, батлан хамгаалах санхүү, төсөв, гадаад харилцаа, нутгийн захиргааны байгууллагууд, тэдгээрийн цэргийн штабуудын үйл ажиллагааг бодлогын удирдамжаар хангах, улсын дайчилгааны болон улс орныг дайны байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангах төлөвлөлт, дайчилгааны даалгаврыг боловсруулах, тодотгох, хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын дайчилгааны төлөвлөлтийг боловсруулах, тодотгох чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Батлан хамгаалахын сайд, Засгийн газрын Танхимын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Батлан хамгаалахын сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага дахь батлан хамгаалах асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан, эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.
3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, хүний нөөцийн удирдлага, цэргийн албан хаагчдын нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, мэдээлэл, соёл, хэвлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, иргэд, цэргийн албан хаагчийн өргөдөл, гомдлыг барагдуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэгтэй(Энэ хэсгийг 2010-12-08-ны 320-р тогтоолоор нэмсэн).
Нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон бүтцээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ нь сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, цэргийн анги, байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, төрийн холбогдох бусад байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байх болно.
3.3.3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд батлан хамгаалах салбарын хууль тогтоомж, бодлого, урт болон дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, эдийн засгийн болон төсөв, хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагуудын зэвсэглэл, техник, материал хэрэгслийн хангалтын бодлого, батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах, төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь сайдад мэргэшлийн зөвлөгөө өгөх замаар батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, батлан хамгаалах бодлого ба зэвсэглэл, техник, материал хэрэгслийн нөөц, төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэнэ.
Энэ нь нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын холбогдох тохируулагч агентлаг, харьяа байгууллагууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, олон нийт, цэргийн анги, байгууллага, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байх болно. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад холбогдох яамд, Төрийн өмчийн хороо байна.
3.3.4. Гадаад харилцааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх, олон улсын болон хоёр улсын гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн хэрэгжилтийг хангах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх замаар улс орны аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах болон энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчнийг оролцуулахад дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улс болон бүс нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, улмаар улс орны аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Энэ нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад цэргийн ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар тус тус хангагдана.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Гадаад харилцааны яам (Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам), бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, эрдэм шинжилгээ, судалгаа, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, элчин сайдын яамд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага байна.
3.3.5. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь яамны үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг төлөвлөх, зарцуулах үндсэн үүрэг хүлээж, сайдын төсвийн багц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, төсөвт байгууллага, бусад хэрэглэгч байна.
3.3.6. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, батлан хамгаалах бодлогын хэрэгжилт, төсөв, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн явц болон төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, батлан хамгаалах салбарт мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, компьютерт суурилсан удирдлагын сүлжээ, мэдээллийн нэгдсэн сан байгуулах, статистик мэдээ гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүнд үнэлгээ өгөх, мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчийг мэдээллээр хангахад оршино.
Энэ нь хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт, төсөв, санхүүгийн үйл ажиллагаа, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дүнг холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, алдаа дутагдлыг арилгуулах, түүнчлэн, яамны үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, ажилтнуудыг сургаж дадлагажуулахад болон техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, ашиглалтыг сайжруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, хэрэглэгчийг үнэн зөв мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь цэргийн анги, байгууллага, бусад хэрэглэгчид байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага болон аудитын байгууллага, тооцоолох төвүүд байна.
---оОо---
Текст томруулах
A
A
A