A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979

                                                                                                               Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 65 дугаар
                                                                                                               тогтоолын 7 дугаар хавсралт


                                                  НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ҮЙЛ
                                                   АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 
                                                            БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд (цаашид "сайд" гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж болон төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, түүнд хяналт шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Засгийн газрын бүтцийн тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Хөдөлмөрийн тухай хууль;
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль;
-Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж;
-Нийгмийн халамжийн тухай хууль;
-Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хуримтлагдсан туршлага, төрийн байгууллагын өөрчлөлтийн олон улсын нийтлэг жишиг, орчны өөрчлөлт, төрийн захиргааны шинэчлэлийн удирдлага, үйл ажиллагааны төлөвлөлт, зохицуулалтын арга зүйг ашиглав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын хуваарь

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар үүрэг, хариуцлага хүлээж, сайд, Засгийн газарт бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.

Яам нь салбарын бодлого, төлөвлөлт, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ. Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн өргөн хүрээтэй асуудлыг ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамдын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах үүрэг хүлээнэ. Яам нь Засгийн газрын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн зөвлөхийн үүрэг хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:



                                       НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ УДИРДЛАГА,
                                              ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР


1.6.1. Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Засгийн газрын танхим байна.

1.6.2. Яамны үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь нэг талаас яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн холбогдох бусад байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, гадаад орны болон олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон бусад байгууллага, нөгөө талаас иргэд байна.

1.6.3. Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэглээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусган хэрэгжүүлнэ.

Хоёр. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн хэрэгцээг мэргэжлийн өндөр түвшинд, хөнгөн шуурхай хангах, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй байна:

2.2.1. хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ талаар иргэд, аж ахуйн нэгж, орон нутгаас гарч байгаа үүсгэл санаачилгыг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн өрсөлдөх чадавхитай мэргэжилтэй ажилтан бэлтгэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдийн амьдралын чанар, түвшинг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх;

2.2.2. хүн ам, нийгмийн хөгжлийн оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үндсэн дээр хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах нийгмийн таатай орчин бүрдүүлэх, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх замаар хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах;

2.2.3. нийгмийн эмзэг хэсгийг хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн хөгжилд татан оролцуулах;

2.2.4. нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын хүний нөөцийн чадавхи, зохион байгуулалтыг сайжруулах замаар үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэх.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн зохистой нөөцийг бий болгох, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын стратегийн төлөвлөлт, бодлого, төсөв, санхүүгийн бодлогын удирдамжаар хангах;

2.4.2. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.4.3. хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.4.4. хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийж, үнэлгээ өгөх, салбарын статистик мэдээ гаргах, удирдлагыг мэдээллээр хангах;

2.4.5. хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлаар гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хэмжээнд хамтран ажиллах, гэрээ, хэлэлцээр, эрх зүйн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 2.4.1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. хүн ам, хөдөлмөрийн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2. нийгмийн хамгааллын салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2.4.2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.5.2.2. хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах.

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 2.4.3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах;

2.5.3.2. салбарын төсөв, хөрөнгө оруулалт, хувьчлалын бодлогын хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах.

2.5.4 Үйл ажиллагааны стратегийн 2.4.4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын судалгаа явуулах, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;

2.5.4.2. хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сүлжээг хөгжүүлэх, сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 2.4.5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1. гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гэрээ, хэлэлцээр, эрх зүйн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах

2.5.5.2. гадаад орон, олон улсын байгууллагаас хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийг уялдуулан зохицуулах.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.7. Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загвар дараахь байдалтай байна:



                                     НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
                                                               (БИЗНЕС)-НЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР







3. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).

2. Эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх).

3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагаа харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх).

4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх).

5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх).

6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны алба нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх).

7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг дараахь байдлаар тогтоов:




3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна:

3.3.1. Стратегийн төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Нэгжийн үйл ажиллагаа нь сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ хүрээнд сайд, дэд сайд, Засгийн газрын танхимыг стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн хүрээнд хөдөлмөрийн бодлогын нэгж, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын нэгж ажиллана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Засгийн газрын танхим байх бөгөөд шууд хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.

3.3.2. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүй болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиг үүрэг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна.

3.3.3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны гуравдугаар зорилтын хүрээнд хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын болон салбар дундын бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж, салбарын төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг хүлээнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын бодлогыг хэрэгжүүлэх, салбарын нөөц, төсвийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэнэ. Энэ нь бодлогоо хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагатай түншийн харилцаа тогтоож, түүний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна.

Энэ зорилтын хүрээнд санхүү, хөрөнгө оруулалтын нэгж ажиллана.

3.3.4. Бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үнэлж дүгнэх, статистик мэдээ гаргах, мэдээллээр хангах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, салбарын статистик мэдээлэл гаргах үндсэн үүргийг хүлээж, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн явц, байдалд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, мэдээллийн сүлжээг хөгжүүлэх, сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, түүний үр дагаврыг ажиглах замаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгж болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах чиг үүрэг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, мэдээлэл судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.5. Эрх зүй, хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэг хүлээж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гэрээ, хэлэлцээр, эрх зүйн асуудлыг уялдуулан зохицуулах, эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, яам, салбарын хэмжээнд гадаад орон, олон улсын байгууллагын оролцоо дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг уялдуулан зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь хуулийн төсөл боловсруулах, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах асуудлыг боловсруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.(Энэ хэсгийг 2010-12-08-ны 320-р тогтоолоор нэмсэн) .

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбар дахь уламжлалт харилцаатай гадаад орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах, шинээр хамтын ажиллагаа өрнүүлэхэд чиглэнэ. Энэ нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргыг холбогдох мэдээллээр хангах, эрх зүйн болон мэргэжлийн зөвлөгөө өгөх, олон улсын байгууллага, гадаад орны оролцоо дэмжлэгтэй хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийн уялдаа, зохицуулалтыг хангах, яамны тэргүүлэх чиглэлд нийцсэн шинэ хөтөлбөр, төслүүдийг сонгож дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжийн үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Гадаад харилцааны яам, Засгийн газрын холбогдох агентлаг байна. Энэ үйл ажиллагааны гол түнш нь Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, гадаад орон, олон улсын байгууллага байна.





                                                                                                ---оОо---