A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
                                                                                                                  Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 65 дугаар
                                                                                                                  тогтоолын 8 дугаар хавсралт


                                          ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
                                                    СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН
                                                                  ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Эрдэс баялаг, эрчим хүчний яам (цаашид "яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд (цаашид "сайд" гэх)-ын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн үндэслэлийг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын тухай хуулийг тус тус үндэс болгов.

1.3. Хууль тогтоомжийн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Yндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Ашигт малтмалын тухай хууль;
-Эрчим хүчний тухай хууль;
-Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль;
-Газрын хэвлийн тухай хууль;
-Газрын тосны тухай хууль;
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын жишиг байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, мэдээллийг ашиглав.

1.5. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь эрдэс баялаг, эрчим хүчний талаархи хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Яам нь эрхэлсэн салбарын бодлого, төлөвлөлт, зохицуулалт, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, төсвийн болон хөрөнгө оруулалтын зарцуулалтын үр дүн, салбарын үйлдвэрлэлийн харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Яам нь өөрийн чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:


                                          ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ СТРАТЕГИЙН
                                       УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР









Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Засгийн газрын танхим байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ. Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

2. Яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Yйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эрдэс баялгийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх;

2.2.2. уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах хүнд үйлдвэрийн цогцолборыг байгуулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;

2.2.3. эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, бүс нутгийн шугам сүлжээ байгуулах, эрчим хүч экспортлох;

2.2.4. эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;

2.2.5. сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;

2.2.6. газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах, нүүрснээс шингэн түлш гарган авах үйлдвэрийн суурийг тавьж хөгжүүлэх, улмаар түлшний дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг бий болгох;

2.2.7. хий болон бусад шинэ эрчим хүчний эх үүсвэрийн талаархи судалгаа, нүүрсний цэвэр технологи, инновацийг дэмжин хөгжүүлэх;

2.2.8. салбарын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавхийг сайжруулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хамтын ажиллагааг өргөжүүлэх;

2.2.9. салбарын удирдлага болон тогтолцоог боловсронгуй болгох, тус салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх замаар салбарын өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх;

2.2.10. эрдэс баялаг, эрчим хүчний салбарт техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх.

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эрдэс баялаг, эрчим хүчний салбарын оролцоог үлэмж нэмэгдүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангаж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршино.

2.4. Yйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.4.2. эрчим хүчний салбарын бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.4.3. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, эрх зүйн зөвлөгөө өгөх;

2.4.4. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.4.5. салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, статистик мэдээлэл гаргах.

2.5. Yйл ажиллагааны гол зорилт

Яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. геологийн талаархи бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.2. уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

2.5.1.3. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих;

2.5.1.4. түлшний талаархи бодлого, хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. эрчим хүчний талаархи бодлого, хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах;

2.5.2.2. сэргээгдэх эрчим хүчний талаархи бодлого, урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах.

2.5.3 Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, дотоод дэмжлэг үзүүлэх;

2.5.3.2. хууль тогтоомж, шийдвэр боловсруулахад эрх зүйн зөвлөгөө өгөх.

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. стратегийн ач холбогдол бүхий ордод хөрөнгө оруулах гэрээний төслийг олон улсын жишиг, өөрийн орны нөхцөлд нийцүүлэн боловсруулахад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.5.4.2. стратегийн ач холбогдол бүхий орд ашиглах төлөвлөгөө, төсөл боловсруулах, хөрөнгө оруулагчийн орд ашиглах төлөвлөгөөнд дүгнэлт гаргах;

2.5.4.3. Сайдын төсвийн багцыг төлөвлөх, зохицуулах, тайлагнах, худалдан авах ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх;

2.5.4.4. улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих.

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1. салбарын бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;

2.5.5.2. салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

2.6. Yйл ажиллагааны зорилт

Яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.7. Yйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлсон байна:

                                                                   ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ 
                                                              ҮЙЛ АЖИЛЛАГАА (БИЗНЕС)-НЫ СТРАТЕГИ ЗАГВАР


3. Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:

3.1.1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. Эрх мэдлийн ялгаа, зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. Yзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);

3.1.6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны Төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Yйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загварыг санал болгож байна:



3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж байна:

3.3.1. Геологийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилт, үйл ажиллагааны 2.5.1.1 дэх гол зорилтын хүрээнд геологийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй холбогдсон үйлчилгээний хөлсийг тогтоох, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын жил бүрийн төлөвлөгөөг батлуулах, үр дүнг тооцох, Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайланд дүгнэлт өгч зөвлөмж гаргах Эрдэс баялгийн зөвлөл байгуулах, түүний дүрмийг батлуулах, геологийн салбарын үйл ажиллагааны заавар, стандарт аргачлал боловсруулж батлуулах, геологийн судалгааг олон улсын жишигт хүргэх дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх бодлого боловсруулж хэрэгжилтийг зохион байгуулах асуудал хамарна.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим)-ыг геологийн салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.

3.3.2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилт, үйл ажиллагааны 2.5.1.2, 2.5.1.3 дахь гол зорилтын хүрээнд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, уул уурхайн чиглэлээрх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, шийдвэр гаргах механизмд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхайн олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, уул уурхайн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого боловсруулах, эрдсийн металлургийн боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого, төлөвлөгөө боловсруулах, экспортын бодлого боловсруулах, стратегийн ач холбогдол бүхий орд ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг асуудлууд хамрана.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим)-ыг уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, шийдвэр гаргах механизмд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллага байна.

3.3.3. Түлшний бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилт, үйл ажиллагааны 2.5.1.4 дэх гол зорилтын хүрээнд түлшний салбарын талаар төрөөс баримтлах бодлого, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хууль тогтоомж, бодлого, стратеги боловсруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд газрын тос олборлох, боловсруулах, нүүрс боловсруулах, бүс нутгийн түлшний хангамжийг сайжруулах, шинэ болон хийн түлшний технологийг хөгжүүлэх, олборлох, боловсруулах үйлдвэр шинээр барьж байгуулах, нүүрсний цэвэр технологи, дэвшилтэт техник нэвтрүүлэх, инновацийг дэмжин хөгжүүлэх бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх шийдвэр гаргах механизмд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Засгийн газар, эрхэлсэн сайдаас гаргах бүх шийдвэр, бодлогын хувилбар, зөвлөмж, тэдгээрт өгөх үнэлэлт, дүгнэлт зэрэг асуудал хамрагдана.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим)-ыг түлшний салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, холбогдох бусад яам, агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын байгууллага байна.

3.3.4. Эрчим хүчний бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талаархи бодлого, хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, бодлого, стратегийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах механизмд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, стратеги, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх, хангах системийг боловсронгуй болгох, эрчим хүчний шинэ эх үүсвэр болох сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, салбарын үйл ажиллагааны явцад гарах гэнэтийн осол, саатлаас урьдчилан сэргийлэх, осол, саатлын үед шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах чадавхийг бий болгох, бэхжүүлэх, мэдээллийн шуурхай байдлыг хангах, ил тод байдлыг бий болгох, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох бодлого, зохицуулалтын чиг үүрэг хамрана.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим)-ыг эрчим хүчний салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, онцгой байдлын төв байгууллага, мэргэжлийн хяналтын төв байгууллага, холбогдох агентлаг, хандивлагч гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллага байна.

3.3.5. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга барилыг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог бэхжүүлэх, яамны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад яам, агентлаг, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.6. Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд салбарын эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх бодлого боловсруулах, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл боловсруулах, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, худалдан авах ажиллагааг удирдлагаар хангах, тус салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжих хөрөнгө оруулалтыг төлөвлөх, стратегийн ач холбогдол бүхий орд газарт хөрөнгө оруулагчийн ашигт малтмал олборлох, боловсруулах, ашиглах төсөл, төлөвлөгөөг судлах, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх үндсэн үүрэг хүлээж, улсын төсөв, Монгол Улсыг хөгжүүлэх сан болон зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах, гадаадын зээл, тусламжийг зохицуулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний талаар гадаад орон, олон улсын эрх зүй, туршлагыг судлах, хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хувилбаруудыг холбогдох талтай хамтран боловсруулах, хувилбарт үнэлгээ, дүгнэлт өгөх, гэрээний талаар зөвлөгөө, үйлчилгээгээр хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, олон улсын санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах бодлого боловсруулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн дотор гадаадын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй гадаад хамтын ажиллагааны нэгж ажиллана.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим) эдийн засаг, санхүүгийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, тус салбарт хөрөнгө оруулах, зээл, тусламж авах, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хөрөнгө оруулах эрх зүйн үндэслэл, нөхцөлийг сайжруулах, энэ талаархи шилдэг практикийг нэвтрүүлэхтэй холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар (танхим) байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, агентлаг болон холбогдох аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Хууль, зүй дотоод хэргийн яам, бусад холбогдох яам, агентлаг, олон улсын банк, санхүүгийн байгууллага байна.

3.3.7. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд салбарын бодлого, хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх үндсэн үүрэг хүлээж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, харьяа байгууллагын үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, яамны мэдээллийн технологийг хариуцах, хэрэглэгчийг мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь сайд, дэд сайд, Засгийн газар (танхим)-ыг эрдэс баялаг, түлш, эрчим хүчний салбарын үнэн зөв мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмжөөр хангаж, бодлогыг боловсронгуй болгохтой холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангана.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад сонирхогч тал байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болон бусад байгууллага байна.




                                                                                         ---оОо---