- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны
3 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ХУРАЛДААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Засгийн газрын хуралдаан (цаашид "хуралдаан" гэнэ)-ыг хийхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон энэхүү журмыг баримтална.
1.2. Хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.
Хоёр. Хуралдааны тов, ирц
2.1. Хуралдаан ээлжит болон ээлжит бус байна.
2.2. Ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагийн 08.00 цагаас эхэлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.3. Ээлжит бус хуралдааныг Ерөнхий сайдын товлосноор буюу Шадар сайд эсхүл Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санал болгосноор зарлан хуралдуулна.
2.4. Хуралдааныг нээлттэй буюу хаалттай явуулахыг Ерөнхий сайд шийдвэрлэнэ. Хаалттай хуралдаанаар "төрийн нууцын жагсаалт"-д орсон болон Ерөнхий сайд хаалттай хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн асуудлыг хэлэлцэнэ.
2.5. Хаалттай хуралдаанд зөвхөн Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашид "Хэрэг эрхлэх газар" гэнэ)-ын Тэргүүн дэд дарга, Хэрэг эрхлэх газрын хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга, хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн дарга, тухайн асуудлыг хариуцсан ажилтан оролцож, нууцын ажилтан тэмдэглэл хөтөлнө. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
2.6. Шаардлагатай гэж үзвэл аймаг, нийслэлийн Засаг дарга болон холбогдох бусад этгээдийг оролцуулан хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хийж болно.
2.7. Засгийн газрын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хуралдаанд заавал оролцоно.
Тайлбар: хүндэтгэн үзэх шалтгаанд өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, эсхүл энэ журмын 2.8-д заасны дагуу гадаад буюу орон нутагт томилолтоор явсныг тооцно.
2.8. Засгийн газрын гишүүн нэг хоногоос дээш хугацаагаар гадаад явбал Засгийн газраас, орон нутагт явбал Ерөнхий сайдаас тус тус зөвшөөрөл авч, очих газар болон холбоо барих хаягаа Хэрэг эрхлэх газарт мэдэгдэнэ.
2.9. Хуралдааныг Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцно. Хуралдаанд Засгийн газрын гишүүд таслах (батлах) эрхтэй оролцоно.
Гурав. Хуралдаанд оролцох (бусад) албан тушаалтан
3.1. Хуралдаанд дор дурдсан албан тушаалтан заавал оролцоно:
3.1.1. Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга;
3.1.2. Ерөнхий сайдын ахлах зөвлөх;
3.1.3. Хэрэг эрхлэх газрын хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга;
3.1.4. Хэрэг эрхлэх газрын хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн дарга;
3.1.5. Засгийн газрын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нэгжийн дарга;
3.1.6. Хэрэг эрхлэх газрын салбарын асуудал хариуцсан нэгжийн дарга; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмсэн)
3.1.7. Үндэсний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмсэн)
3.1.8. Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 142 дугаар тогтоолоор нэмсэн)
3.2. Хуралдаанд дараахь албан тушаалтан дор дурдсан журмын дагуу зөвлөх эрхтэйгээр оролцоно:
3.2.1. Засгийн газрын гишүүний эзгүйд дэд сайд;
3.2.2. нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төрийн мөнгөний бодлого, улсын нэгдсэн төсөв болон банк, санхүүгийн салбартай холбоотой асуудлыг хэлэлцэхэд Монгол банкны ерөнхийлөгч;
3.2.3. улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэлэлцэхэд Монгол Улсын Ерөнхий аудитор;
3.2.4. статистикийн тооллого явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, статистикийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах арга хэмжээ авах, албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх болон гадаад орон, олон улсын байгууллагын шугамаар салбарын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд Үндэсний статистикийн хорооны дарга;
3.2.5. санхүүгийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэлэлцэхэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга;
3.2.6. харьяа нутаг дэвсгэрийнх нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга.
3.3. Хэрэг эрхлэх газар хуралдаанаар холбогдох асуудлыг нь хэлэлцэхэд энэ журмын 3.2-т заасан албан тушаалтанд хуралдааны тов, төлөвлөгөөг хүргэнэ.
3.4. Хуралдаанд зөвлөх эрхтэй оролцох албан тушаалтны эзгүйд түүнийг төлөөлж оролцохгүй.
Дөрөв. Хуралдаанаар хэлэлцэх асуудал
4.1. Хуралдаанаар Засгийн газрын тухай хууль болон бусад хуульд заасан Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудал, Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудал хэлэлцэх бөгөөд түүний дотор дор дурдсан асуудлыг заавал хэлэлцэнэ:
4.1.1. хуулийн төсөл;
4.1.2. хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бусад шийдвэрийн төсөл;
4.1.3. Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл;
4.1.4. Засгийн газрын бодлогод өөрчлөлт оруулахаар Засгийн газрын гишүүнээс ирүүлсэн санал (төсөл);
4.1.5. Ерөнхий сайд дангаар шийдвэрлээгүй болон Засгийн газрын гишүүдээс эрхлэх асуудлаараа өөрсдөө тохиролцож чадаагүй саналын зөрүүг шийдвэрлэх асуудал.
Саналын зөрүүтэй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхийн өмнө Ерөнхий сайд тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүдийг байлцуулан байр суурийг нь тодотгосон байна;
4.1.6. Засгийн газраас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хэлэлцүүлгийн шатанд оруулсан өөрчлөлттэй холбоотой асуудал;
4.1.7. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг эгүүлэн татах асуудал;
4.1.8. Хуульд заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудал; (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор нэмсэн)
4.1.9. Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн болон улсын төсвийн төсөлтэй холбоотой асуудал. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор нэмсэн)
Тав. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудалд санал авах
5.1. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг санаачилсан Засгийн газрын гишүүн уг асуудалд Засгийн газрын гишүүд, дараахь байгууллагын саналыг авах бөгөөд дор дурдсан журмын дагуу санал заавал авна: (Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
5.1.1. санхүүгийн болон хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
5.1.2. хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр бодлогын хүрээнд нь хамаарч байгаа төрийн захиргааны төв байгууллага;
5.1.3. хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон захиргааны хэм хэмжээний актын төсөлд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө дараахь асуудлыг заавал тусгасан байна: /Энэ заалтад ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 207-р тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
a/хууль тогтоомжийн төсөл нь Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх; /ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 207-р тогтоолоор өөрчилсөн бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
б/ захиргааны хэм хэмжээний актын төсөл хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх; /ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 207-р тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
5.1.4. төсөв, хөрөнгө, санхүү болон нэмэгдэл хөрөнгө шаардагдах асуудалд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө тухайн асуудлын нийгэм, эдийн засаг (улсын төсөв, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчид, бараа, бүтээгдэхүүний үнийн түвшин), байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эдийн засгийн тооцоо, судалгааг заавал тусгасан байна;
5.1.5. Засгийн газрын гишүүний гадаад томилолттой холбогдох асуудалд гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
5.1.6. эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, ашиг сонирхолтой холбоотой асуудалд нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага;
5.1.7. захиргааны хэм хэмжээний актын төсөлд уг шийдвэрээр ашиг сонирхол нь хөндөгдөж болохуйц иргэд, аж ахуйн нэгж, байгууллага. Ийнхүү санал авахдаа албан бичиг, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, өөрийн байгууллагын веб хуудсаар дамжуулан бичгээр болон цахим хэлбэрээр авна. /Энэ заалтад Засгийн газрын 2016-12-28-ны өдрийн 207 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2017-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
5.1.8. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 4.1.3, 4.1.8, 4.1.9, 4.1.11-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага санал өгөхдөө дараах асуудлыг заавал тусгасан байна: (Энэ заалтыг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тогтоолоор нэмж, Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
а/ хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль болон хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд заасан шаардлагад нийцсэн бүрдлийг хангасан эсэх;
б/ хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг урт болон дунд хугацааны бусад бодлогын баримт бичигтэй уялдуулахтай холбоотой санал;
в/ хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэрийн төсөөлөл, тооцоонд хувилбар бүрээр хийсэн харьцуулсан үнэлгээ, санал;
5.1.9. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 4.1.10, 4.1.11-д заасан хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд үндэсний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага. Үндэсний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага санал өгөхдөө дараах асуудлыг тусгасан байна: (Энэ заалтыг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тогтоолоор нэмж, Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
а/ хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл нь урт хугацааны бодлогын баримт бичигтэй нийцсэн эсэх, энэ талаарх санал;
б/ бодлогын баримт бичгийн төсөлд тусгагдсан нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжих 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дараалал, техник, эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа болон зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо хийгдсэн эсэх, улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх зэрэг Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шаардлага, нөхцөлийн талаарх дүгнэлт.
5.2. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалттай асуудалд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас санал авна. (Энэ заалтыг Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 17 дугаар тогтоолоор нэмж, Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан)
5.3. Төрийн болон албаны нууцад хамаарах асуудалд Тагнуулын байгууллагын саналыг авна. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор нэмсэн)
5.4. Засгийн газраас санаачлан боловсруулах хуулийн төслийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага эцэслэн хянаж, хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг өгнө. Засгийн газраас батлах хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 17.2-т заасны дагуу санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, хуралдаанаар хэлэлцүүлэх зөвшөөрлийг олгоно. (Энэ заалтын 2 дахь өгүүлбэрийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 207 дугаар тогтоолоор нэмж, Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор хассан)
5.5. Хуралдаанаар хэлэлцүүлэх хуулийн төсөлд уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гарах шийдвэрийн төсөл, хэрэв хууль, Засгийн газрын тогтоолоор дүрэм, журам, заавар гаргахыг даалгахаар бол тэдгээрийн төслийг хавсаргасан байх бөгөөд батлах дүрэм, журам, зааврын төсөлд Засгийн газрын гишүүн санал өгөхгүй боловч хууль, Засгийн газрын шийдвэрийн төсөлд санал өгөхдөө тэдгээрийг харьцуулж үзнэ.
5.6. Хуралдаанаар нэмэгдэл хөрөнгө гаргахтай холбоотой асуудлыг санаачлан хэлэлцүүлж байгаа Засгийн газрын гишүүн санхүүжүүлэх эх үүсвэрийг төсөлд тодорхой тусгана.
5.7. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр боловсруулсан асуудалд холбогдох төрийн бус байгууллагын санал авах буюу хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж болно.
5.8. Төрийн захиргааны төв байгууллага нь төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан санал өгнө. Төслийг санал авахаар явуулснаас хойш ажлын 10 хоногт багтаан санал ирүүлээгүй бол зарчмын өөр саналгүйд тооцно. Хууль тогтоомжийн төсөлд санал өгөхдөө Хууль тогтоомжийн тухай хуулийн 20.1-д заасан хугацааг баримтална. Хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөлд холбогдох төрийн захиргааны төв байгууллага ажлын 15 хоногт багтаан саналаа өгнө. Асуудлыг санаачлагч нь санал өгөх хугацааг заасан тохиолдолд түүнийг баримтална. /Энэ заалтын 3, 4 дэх өгүүлбэрийг ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 207-р тогтоолоор нэмсэн/
5.9. Энэ журмын 9.4-т заасан тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудал болон гарах шийдвэрийн төсөлд Засгийн газрын гишүүний саналыг бичгээр буюу факсаар, эсхүл цахим хэлбэрээр авч болно.
Зургаа. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг Хэрэг
эрхлэх газарт хүргүүлэх
6.1. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын (түүний эзгүйд дэд сайдын) гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ.
6.2. Хуралдаанд танилцуулах мэдээлэл, сонсгол нь (Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэл, төсөв, гэрээ, хэлэлцээрээс бусад) 35 мөрөөр бичсэн 8 хуудаснаас, танилцуулга 4 хуудаснаас илүүгүй байна. Танилцуулах асуудалд тодорхой асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө, санхүүжилт гаргах зохицуулалт тусгахыг хориглоно. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор 2 дахь өгүүлбэр нэмсэн)
6.3. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн материалыг хүлээж авахдаа Хэрэг эрхлэх газар дор дурдсан бүрдүүлэлтийг шалгаж үзнэ:
6.3.1. энэ журмын 5.1-5.4, 6.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэх;
6.3.2.хууль тогтоомжийн төсөл болон хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, зардлын тооцоог хавсаргасан эсэх; /Энэ заалтыг ЗГ-ын 2016-12-28-ны өдрийн 207-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
6.3.3. материалыг хувилж олшруулах, архивын нэгж болгон хадгалах шаардлагын дагуу бэлтгэсэн эсэх;
6.3.4. материалд холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн санал болон тэдгээрийн товъёог.
6.4. Хэрэг эрхлэх газар нь хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын үндэслэл, тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар өмнө нь гарсан шийдвэр болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзнэ. Хэрэв энэ журмын 5.1.1-д заасан төрийн захиргааны төв байгууллагын аль нэг нь шийдвэрийн төслийг дэмжээгүй, боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй, эсхүл зөрчилдсөн буюу давхардсан гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган материалыг буцаана. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
6.5. Энэ журмын 6.3-т заасан бүрдүүлэлтийн шаардлага хангаагүй материалыг Хэрэг эрхлэх газар тайлбар, үндэслэлийг заан буцаах бөгөөд асуудлыг хойшлуулшгүй шийдвэрлэх шаардлагатай тохиолдолд материалыг шуурхай, бүрэн бүрдүүлсний үндсэн дээр хуралдаанд оруулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор нэмсэн)
6.6. Хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг Хэрэг эрхлэх газарт хянан үзээд зохих хууль тогтоомж, бодлогод нийцүүлэх, найруулгын засвар хийх зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ тухай уг асуудлыг оруулсан Засгийн газрын гишүүнд танилцуулна.
6.7. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль зүйн үндэслэл, бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэртэй нийцэж байгаа эсэхийг хянаж дэмжээгүй, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн улсын төсөв, хөрөнгө оруулалт, санхүүжүүлэх эх үүсвэртэй холбогдуулан хянаж дэмжээгүй тохиолдолд уг саналыг Хэрэг эрхлэх газрын дарга хуралдаан дээр танилцуулж, тухайн асуудлыг буцаах эсэхийг шийдвэрлүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор нэмж, Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Долоо. Хуралдааны бэлтгэл хангах
7.1. Хуралдааны шийдвэрийн томъёоллыг тухайн асуудал оруулж байгаа Хэрэг эрхлэх газрын ажилтан хийж, хууль зүйн техникийн хувьд хуулийн асуудал хариуцсан нэгжээр хянуулна.
7.2. Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга хуралдаанд оруулах асуудлын төлөвлөгөө болон материалыг хянан үзээд Хэрэг эрхлэх газрын даргатай эцэслэн тохирсны дараа Ерөнхий сайдад танилцуулж хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно.
7.3. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө гаргахдаа Засгийн газрын нэг гишүүний эрхлэх ажлын хүрээний асуудлыг хэлэлцэж дуусгаад дараагийн гишүүний эрхлэх ажлын хүрээний асуудлыг хэлэлцэх, ингэхдээ уг асуудлыг хэлэлцэхэд олон хүн оролцох, хугацаа шаардагдах улсын төсөв, Үндсэн чиглэл, хөтөлбөр, төлөвлөгөө зэрэг асуудлыг эхэлж оруулах зарчмыг баримтална.
7.4. Хэрэг эрхлэх газар нь хуралдаанд оруулах материалыг олшруулан битүүмжилж Засгийн газрын гишүүд болон энэхүү журмын 3.3-т заасны дагуу холбогдох бусад албан тушаалтанд хүргэнэ. Материалыг сайд буюу албан тушаалтанд өөрт нь эсхүл туслахад нь хүлээлгэн өгч, цагаа бичүүлэн гарын үсэг зуруулна.
7.5. Хуралдаанд оруулах асуудлын материал нь 15 хуудаснаас дээш бол түүнийг цахим сүлжээгээр хүргүүлнэ. Энэ тохиолдолд нууцлалыг хангасан байна.
7.6. Нууц материалыг олшруулах ажлыг Хэрэг эрхлэх газрын нууц асуудал хариуцсан ажилтан гүйцэтгэнэ.
7.7. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, материалыг уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө Засгийн газрын гишүүдэд хүргүүлсэн байвал зохино.
7.8. Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна. Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бүрдүүлэлт хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмж оруулна. (Энэ заалтын 2 дахь өгүүлбэрт Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
7.9. Хуралдаанд оролцох ажилтны албан тушаал, нэрийг Хэрэг эрхлэх газрын тухайн асуудлыг хариуцаж байгаа ажилтан урьдчилан гаргах бөгөөд хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхэд оролцох ажилтан нь яамны газар, хэлтсийн дарга буюу түүнээс дээш албан тушаалтай байна. Шаардлагатай гэж үзвэл асуудал хэлэлцүүлэхэд яамны холбогдох ажилтныг оролцуулж болно.
7.10. Асуудал хэлэлцэхэд гаднаас орох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг Хэрэг эрхлэх газар хуралдааны урьд өдөр нь Төрийн ордны хамгаалалтын албаны ээлжийн ахлагч болон хуралдааны танхимын хамгаалалтын ажилтанд тус бүр нэг хувийг өгнө.
7.11. Хуралдааны зохион байгуулалт, байрны нөхцөл, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах ажлыг Хэрэг эрхлэх газар хариуцна.
7.12. Хуралдаанд оруулах асуудалтай холбогдох аудио, видео бичлэг, бусад цахим танилцуулгыг тухайн асуудлыг хэлэлцэхээс 2-оос доошгүй хоногийн өмнө Хэрэг эрхлэх газарт ирүүлж, техникийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор нэмсэн)
Найм. Хуралдаан хийх
8.1. Хуралдааныг Ерөнхий сайд даргална. Ерөнхий сайдын түр эзгүйд Шадар сайд хуралдааныг даргална. Ерөнхий сайд, Шадар сайд нэгэн зэрэг түр эзгүйд Ерөнхий сайдын үүрэг болгосноор түүний үүргийг түр гүйцэтгэх Засгийн газрын аль нэг гишүүн хуралдааныг даргална. /ЗГ-ын 2012-09-01-ний өдрийн 17-р тогтоолоор өөрчлөлт оруулсан/
8.2. Хуралдаанд эрхлэх хүрээнийхээ асуудлыг Засгийн газрын гишүүн өөрөө хариуцан оруулна. Хэрэв Засгийн газрын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар түр эзгүй байвал түүний хариуцсан асуудлыг Засгийн газраас баталсан хуваарийн дагуу хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн оруулна.
8.3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар ирүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бэлтгэж хуралдаанд хэлэлцүүлнэ.
8.4. Засгийн газраас санаачлан боловсруулах татварын холбогдолтой хууль тогтоомжийн төслийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ.
8.5. Хамгаалалтын ажилтан хуралдаанд асуудал хэлэлцэхэд оролцох хүмүүсийн түр нэвтрэх зөвшөөрлийн бичгийг нэрсийн жагсаалттай тулган шалгаж оруулна.
8.6. Хэлэлцэж байгаа асуудлын талаар зохих байгууллага нэгэнт зөвшөөрсөн санал албан ёсоор өгсөн байвал холбогдох хүмүүсийг хуралдаанд оролцуулахгүй байж болно.
Ес. Хуралдааны дэг
9.1. Хуралдаанд дор дурдсан дотоод журмыг баримтална:
9.1.1. хуралдаан даргалагч хуралдааныг нээж тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг Засгийн газрын гишүүд зөвшөөрч байгаа эсэхийг лавласны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг тодотгож, төлөвлөгөөнд орсон дарааллын дагуу нэг асуудлыг хэлэлцэж дуусаад дараагийн асуудлыг хэлэлцүүлнэ;
9.1.2. хэлэлцэх асуудлын танилцуулгыг тухайн асуудлыг оруулж байгаа Засгийн газрын гишүүн хийнэ. Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хуралдаан эхлэх цагт хүрэлцэн ирээгүй Засгийн газрын гишүүний хариуцан хэлэлцүүлэх асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар түр эзгүй байгаа тохиолдолд хэлэлцэх асуудлын танилцуулгыг Засгийн газраас баталсан хуваарийн дагуу хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн хийнэ;
9.1.3. хэлэлцэж байгаа асуудалд холбогдох зураг, видео бичлэг, биет зүйлс, түүний загвар, хэсгийг хуралдаан дээр үзүүлж болно;
9.1.4. хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариултыг дууссаны дараа хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр санал гаргах боловч нэг асуудлын талаар гурваас илүүгүй удаа санал гаргана. Нэг удаа санал гаргах, үг хэлэх хугацаа тухай бүр 5 минутаас хэтрэхгүй байна. Шаардлагатай тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлаар Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга болон холбогдох ажилтан тайлбар өгч болно;
9.1.5. хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр хуралдаанд оролцож байгаа бусад хүмүүс асуулт тавих бөгөөд асуулт, хариулт, санал нь хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой, товч тодорхой байна;
9.1.6. Засгийн газрын гишүүн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, хуралдааны журмыг чанд сахин, хэлэлцэж байгаа асуудалд анхааралтай хандаж, асууж лавлах, санал гаргаж үг хэлэхдээ хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна;
9.1.7. хуралдаанд асуудал оруулж байгаа хүмүүс асуултад хариулахдаа эхлээд босч өөрийгөө танилцуулах бөгөөд хэрэв тайлбар хийх, үг хэлэх шаардлагатай бол хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна;
9.1.8. хуралдаан даргалагч тухайн асуудлыг хэлэлцэж дууссаныг болон хуралдаан дууссаныг алх цохин мэдэгдэнэ. Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын талаар Засгийн газрыг бүрдүүлж байгаа намууд зарчмын өөр байр суурьтай бол Ерөнхий сайд болон Шадар сайд нар харилцан тохиролцсоны үндсэн дээр түр завсарлагаа авч болно. Энэ тохиолдолд Ерөнхий сайд хуралдаан эхлэх хугацааг зарлана./ЗГ-ын 2012-9-1-ний өдрийн 17-р тогтоолоор өөрчлөлт орсон/
9.1.9. хуралдааны үед гар утсаар ярих, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр 5 минутаас дээш хугацаагаар түр гарахыг хориглоно. Засгийн газрын гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхиж гарахыг хориглоно;
9.1.10. Засгийн газрын гишүүн чөлөө авч хуралдаанаас гарсан нөхцөлд үлдэж хуралдах гишүүдийн тоо нийт гишүүний гуравны хоёрт хүрэхгүй бол хуралдаан завсарлана;
9.1.11. Засгийн газрын нээлттэй хуралдааны ажиллагааг сурвалжлах хүмүүсийг хуралдааны танхимд оруулах зөвшөөрлийг Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга олгоно.
9.2. Хуралдаанаар хэлэлцэх асуудалд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчөөс бичгээр ирүүлсэн саналыг хуралдаан даргалагч танилцуулан хэлэлцүүлэх бөгөөд шийдвэрт хэрхэн тусгагдсан талаар уг асуудлыг хэлэлцсэнээс хойш ажлын 7 өдөрт багтаан Хэрэг эрхлэх газар хариу мэдэгдэнэ.
9.3. Хуралдааныг 2 цаг тутамд завсарлагатай хийх бөгөөд завсарлагын хугацааг хуралдаан даргалагч тухай бүр тогтооно.
9.4. Хуралдаанаар улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу аюул учруулахуйц газар хөдлөлт, хүчтэй салхи, шуурга, түймэр, цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, террорист халдлага, хүн, малын гоц халдварт өвчин гарсан; улсын эдийн засаг, санхүүгийн салбарт гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй зохион байгуулах шаардлага бий болсон зэрэг асуудлыг хэлэлцэхэд энэ журмын 5.1-5.4, 5.7, 6 дугаар зүйл, 7.1-7.5, 7.7-г мөрдөхгүй байж болно.
Арав. Хуралдааны шийдвэр гаргах
10.1. Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж, шийдвэрийн төслийг уншиж сонсгоно.
10.2. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаархи шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Олонхийн санал авч чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно.
10.3. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг шийдвэр гарган батлах, шийдвэр гаргах шаардлагагүй гэж буцаах, хугацаа тогтоон дахин боловсруулахаар хойшлуулах гэсэн гурван хэлбэрээр шийдвэрлэнэ. Хуралдаанд танилцуулсан асуудлаар даалгавар, үүрэг, чиглэл өгөх тэмдэглэл гаргаж болно. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор 2 дахь өгүүлбэр нэмсэн)
10.4. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.
10.5. Хуралдаанаар хэлэлцэн баталсан шийдвэрт хуралдаанаас хойш зарчмын өөрчлөлт хийхийг хориглоно. Зарчмын өөрчлөлт хийх шаардлага гарвал дахин хуралдаанаар хэлэлцүүлнэ.
10.6. Хуралдааны шийдвэрийн эцсийн томъёоллыг Хэрэг эрхлэх газрын болон холбогдох яамны ажилтнууд хийж, Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга хянаж гарын үсэг зурна.
10.7. Хуралдаанд оролцож амжаагүй Засгийн газрын гишүүдэд хуралдааны шийдвэрийг Хэрэг эрхлэх газар нөхөн танилцуулж байна.
10.8. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар гарах тогтоол, захирамжийн төслийг Хэрэг эрхлэх газрын даргаар нотлуулахын өмнө тухайн асуудлыг хариуцсан Хэрэг эрхлэх газрын ажилтан хуулийн асуудал хариуцсан нэгжээр хянуулна.
10.9. Хуралдаанаас гарах Засгийн газрын тогтоолыг Хэрэг эрхлэх газар ажлын 3 хоногт багтаан эхлээд түүний биелэлтийг хариуцсан сайдаар, дараа нь Ерөнхий сайдаар гарын үсэг зуруулна.
10.10. Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг түр гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн хуралдааныг даргалсан Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдыг төлөөлөн тогтоолд гарын үсэг зурна.
Арван нэг. Хуралдааны явцыг баримтжуулах
11.1. Хуралдааны явц, хуралдаан дээр хүмүүсийн хэлсэн үг, гаргасан саналыг Хэрэг эрхлэх газар соронзон хальсанд бичиж цаасан дээр үг нэг бүрчлэн буулгана. Шаардлагатай гэж үзвэл Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын зөвшөөрснөөр хуралдааны явцын талаар дүрс бичлэг хийж болно. (Энэ заалтын нэг дэх өгүүлбэрт Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
11.2. Хаалттай хуралдааны тэмдэглэлийг нууц асуудал хариуцсан Хэрэг эрхлэх газрын ажилтан соронзон бичлэг хийж, цаасан дээр үг нэг бүрчлэн буулгана. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
11.3. Хуралдааны явцын талаар хураангуй тэмдэглэлийг давхар хөтөлнө. Хураангуй тэмдэглэлд хэлэлцсэн асуудлын нэр, түүнийг танилцуулсан хүний албан тушаал, нэр, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай тусгана. Хураангуй тэмдэглэлийг Хэрэг эрхлэх газар ажлын 2 өдөрт багтаан албажуулна.
11.4. Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг ажлын 7 өдрийн дотор бэлэн болгоно.
11.5. Хуралдааны тэмдэглэлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
11.5.1. тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын жагсаалт;
11.5.2. Засгийн газрын гишүүдийн ирцийн байдал (тоо, хувь, хурлаас хоцорсон болон хуралд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан) болон хуралдаанд оролцсон бусад хүний албан тушаал, нэрс.
11.6. Хуралдааны явцын хураангуй тэмдэглэлийг Хэрэг эрхлэх газрын хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга хууль зүйн үндэслэл, томьёоллын хувьд хянаж, дэлгэрэнгүй тэмдэглэлийг Хэрэг эрхлэх газрын хуралдаан зохион байгуулах асуудал хариуцсан нэгжийн дарга ямар нэгэн зөрүүгүй, үнэн зөв бичигдсэн эсэхийг тулган баталгаажуулсны дараа Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга гарын үсэг зурна. Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын эзгүйд түүний нэрийн өмнөөс Хэрэг эрхлэх газрын дэд дарга гарын үсэг зурна. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
Арван хоёр. Хуралдааны шийдвэрийг хүргүүлэх
12.1. Хуралдаанаар хэлэлцэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон асуудлыг тухайн асуудал хариуцсан Хэрэг эрхлэх газрын ажилтан ажлын 7 өдөрт багтаан бэлэн болгож, Хэрэг эрхлэх газрын даргад танилцуулан Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлнэ.
12.2. Улсын Их Хурлын Тамгын газраас тов тогтсоны дагуу хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга, Засгийн газрын гишүүд өргөн мэдүүлэхэд Хэрэг эрхлэх газрын хуулийн асуудал хариуцсан нэгжийн дарга тус тус оролцоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор нэмсэн)
12.3. Хэрэг эрхлэх газар Засгийн газрын тогтоолыг гарын үсэг зурагдсанаас хойш ажлын нэг өдөрт багтаан Төрийн ордон дахь байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. Холбогдох бусад байгууллагад мөн өдөртөө багтаан хүргүүлэхээр Төрийн холбооны газрын Төрийн ордон дахь салбарт шилжүүлнэ.
12.4. Хуралдааны хураангуй тэмдэглэлийн шаардлагатай хэсгийг Хэрэг эрхлэх газар холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хуралдаан болсноос хойш ажлын 3 өдөрт багтаан шуудангаар илгээнэ.
Арван гурав. Хуралдааны шийдвэрийг нийтлэх,
сурталчлах
13.1. Шаардлагатай тохиолдолд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн болон Хэрэг эрхлэх газрын дарга хуулиар хамгаалсан нууцад хамаарахаас бусад асуудлаар гарсан Засгийн газрын шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлнэ.
13.2. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын шийдвэрийн төсөл, хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл болон Засгийн газрын гишүүний санал хураалтад оролцсон байдал, хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөхийг хориглоно.
13.3. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Засгийн газрын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан нэгж зохион байгуулна.
13.4. Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг "Төрийн мэдээлэл" эмхтгэлд албан ёсоор нийтлэхийг хориглоно.
13.5. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тойм, гишүүдийн оролцсон байдал болон энэ журмын хэрэгжилтийн судалгааг Хэрэг эрхлэх газар улирал тутам нэгтгэж хуралдаанд танилцуулна.
/Энэ журмын 2.3, 9.1.8, 3.1.3, 11.6, 3.1.4, 3.1.5, 5.1.1, 5.1.3, 5.2, 5.1.4, 5.1.5, 5.1.6, 5.6, 8.3, 8.4, 7.1, 10.8, 12.2, 12.3, 13.3, 6.3.1, 9.4, 5.2-5.7 заалтад Засгийн газрын 2012-09-01-ний өдрийн 17 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Засгийн газрын 2019 оны 385 дугаар тогтоолоор 5.3-5.8, 6.5, 12.2, 12.3 заалтын дугаарыг өөрчилсөн/
---оОо---
Текст томруулах
A
A
A