A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979

                                                                                                            Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 5 дугаар
                                                                                                            захирамжийн хавсралт


                                                                       МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО,
                                                                     ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
                                                                    СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН
                                                                                                 ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

                                                                                                     Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (цаашид "газар" гэх)-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн зорилго нь Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээний мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн хөгжлийн асуудлаар хууль тогтоомж, хөгжлийн бодлого боловсруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх зэрэг асуудлыг хамарсан стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

1.2. Үндэслэл

Энэхүү хөтөлбөрийг Улсын Их Хурлын 2000 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал", Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль, эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дараахь хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Харилцаа холбооны тухай хууль;
-Шуудангийн тухай хууль;
-Радио долгионы тухай хууль;
-Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй.

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт болон байгууллагын өөрчлөлт, дахин инженерчлэл зэрэг арга зүй, энэхүү хөтөлбөрийг өмнөх жилүүдэд боловсруулж хэрэглэсэн туршлага зэргийг хэрэглэв.

1.5. Газрын үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь

Газар нь Засгийн газрын үйл ажиллагааны мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэргэжлийн бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Газар нь салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, бодлого, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдаж зохицуулна.

Газар нь мэдээллийн технологийн зах зээлийг өргөжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, зорилтот хөтөлбөр, харилцаа холбоо, шуудан, радио, телевизийн дэд бүтцийг хөгжүүлэх, шудрага өрсөлдөөнийг хангах зэрэг асуудлыг хамарсан Засгийн газрын зөвлөхийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийг оновчтой, бүрэн тодорхойлох нь газрын үйл ажиллагааны стратегийг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:



                                                         МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН
                                                            ГАЗРЫН СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН
                                                                                        ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР


Газрын үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байна.

Газрын стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.

Газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

Хоёр. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн
газрын үйл ажиллагааны стратеги



2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээний мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарыг хөгжүүлэх зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Газар нь үйл ажиллагааны дараахь тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн талаархи хууль тогтоомж, бодлого, арга хэмжээний үр ашгийг дээшлүүлэх;

2.2.2. мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарт орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх, үйлчилгээг соёлтой, чанартай, шуурхай, ил тод нээлттэй хэрэгжүүлэх.

2.2.3. Монгол Улсад цахим засаглал хөгжих орчинг бий болгох, энэ талаархи бодлого, стратеги, арга хэмжээг хэрэгжүүлэх;

2.2.4. мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн үйл ажиллагааны удирдлагыг боловсронгуй болгох, мэдээллийн найдвартай, аюулгүй байдлыг хангах;

2.2.5. төрөөс мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, шийдвэр гаргахад Ерөнхий сайдад мэргэшил арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

2.2.6. үндэсний хиймэл дагуулын техник, технологи нутагшуулах, түүнийг нийгэм, эдийн засгийн салбарт үр өгөөжтэй ашиглах, хэрэглэх талаархи бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх.(Энэ заалтыг 2011-11-09-ний 81-р тогтоолоор нэмсэн)

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны эрхэм зорилго нь мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийг Монгол Улсын XXI зууны хөгжлийн үндсэн хурдасгуур болгож, мэдлэг оюунд тулгуурласан мэдээлэлжсэн нийгмийг хөгжүүлэхэд оршино.

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Газар нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны дараахь стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийн бодлого, стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

2.4.2. мэдээлэл, шуудан, харилцаа холбооны салбарын хөгжил болон бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

2.4.3. төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

2.4.4. статистик мэдээ, мэдээллийн хэрэгцээг хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавьж бодлогын удирдамж зөвлөмжөөр хангах.

2.4.5. сансрын холбооны болон тандан судалгааны үндэсний хиймэл дагуул ашиглах, түүнд дэвшилтэт технологи болон хэрэглээг нутагшуулах, газар зүйн мэдээллийн системийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.(Энэ заалтыг 2011-11-09-ний 81-р захирамжаар нэмсэн)

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлж ажиллана:

2.5.1. үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1. салбарын хөгжил, шинэтгэлийн бодлого, урт, дунд хугацааны стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх;

2.5.1.2. эрх зүйн орчинг боловсронгуй болгох, стандарт боловсруулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.5.1.3. салбарын хөгжлийн хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

2.5.2.2. салбарын материаллаг нөөц, программ хангамж, техник хангамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах;

2.5.2.3. мэдээллийн дэд бүтэц, бүртгэл мэдээллийн тогтолцоо бий болгох, орон зайн мэдээллийн сан бүрдүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. төрийн захиргааны удирдлагын манлайлал, хөрөнгө санхүүгийн удирдлага, дотоод үйлчилгээгээр хангах;

2.5.3.2. салбарын хүний нөөцийн болон гадаад хамтын ажиллагааны удирдлага зохицуулалтад дэмжлэг үзүүлэх;

2.5.3.3. хууль тогтоомж, газрын даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих, бүх талын зөвлөгөө дэмжлэг үзүүлэх.

2.5.4. Үйл ажиллагааны 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;

2.5.4.2. хууль тогтоомж, гэрээ хэлэлцээр, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх;

2.5.4.3. салбарын бодлого, төлөвлөгөөний биелэлт гаргах, байгууллагын дотоод үйл ажиллагааны үр дүн болон мэдээллийн аюулгүй байдалд хууль тогтоомжийн дагуу хяналт тавих.

2.5.5. үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд: (Энэ заалтыг 2011-11-09-ний 81-р захирамжаар нэмсэн)

2.5.5.1. үндэсний хиймэл дагуул ашиглах чиглэлээр хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах;

2.5.5.2. нийгэм, эдийн засгийн салбаруудад ашиглах мэдээ, мэдээлэл дамжуулах техник, технологийг үндэсний хиймэл дагуулд суурилуулах, нутагшуулах талаар судлах, холбогдох төсөл, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулж хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.5.5.3. сансрын холбооны болон тандан судалгааны дэвшилтэт технологи нутагшуулах, газар зүйн мэдээллийн системийг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.5.5.4. газар-сансар хосолсон өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээ бий болгох төсөл, техник-эдийн засгийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх

2.6. Үйл ажиллагааны зорилт

Газрын үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус газар тодорхойлж зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.


2.7. Үйл ажиллагааны стратеги

Газрын үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

                                                    МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН
                                                            ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР




Гурав. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1 Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

3.1.1. газрын үйл ажиллагааны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж, ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын дүр төрх харагдахуйц байх, тухайлбал газрын бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (газрын даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн буюу гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэж бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүний нөөцийн болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн газрын төрийн захиргааны албан хаагчид нь Ерөнхий сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан байх);

3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь үйл ажиллагааны давхардалгүй, чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэх, ур чадвараа шавхаж ажиллахад чиглэсэн хэрэгжихүйц байх).

3.2 Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар.

Дээр дурдсан зарчим болон газрын үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус газрын үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:


                                           МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН
                                                 ҮЙЛ АЖИЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР



3.3. Зохион байгуулалтын бүтэц

3.3.1. Бодлого, төлөвлөлт хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, урт, дунд хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг боловсруулах, хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, эрх зүйн орчныг шинэчлэх, бүх төрлийн долгионы холбоо (радио, телевиз, утасгүй холбоо, сансрын холбоо, тусгай холбоо), интернэтийн хөгжил, программ хангамж, аутсорсинг, цахим бизнес, цахим арилжаа, цахим боловсрол, цахим засаглалын стандартууд, шуудангийн хөгжил, мэдээлэл холбооны шинэ технологи, үйлчилгээний талаар бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, стандарт боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нь бодлого төлөвлөлттэй холбогдсон шийдвэр гаргахад газрын даргад мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай мэдээлэл, зөвлөмж үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын удирдлага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бусад аж ахуйн нэгж, иргэд байна.

3.3.2. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Цахим Монгол" Үндэсний хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсөвт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, дотоод, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж, мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын материаллаг нөөц, программ хангамж, техник хангамж, бараа материал худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээллийн дэд бүтэц, бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгох, орон зайн мэдээллийн сан бүрдүүлэхэд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн дотор ажиллах системийн нэгтгэлийн асуудал хариуцсан нэгж нь үндэсний бүртгэл, мэдээллийн сангийн орчинг бүрдүүлэх стандарт боловсруулах, үндэсний болон салбарын орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгэл мэдээллийн дэд бүтэц, техник технологи, программ хангамжийн шийдлийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үндсэн үүргийг хүлээж, санал, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохицуулж үр дүн, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэнэ.

Энэ нь тус салбарыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх явцад мэргэшил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, удирдлага, зохицуулалтаар хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын удирдлага, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагууд байх ба шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд байна.

3.3.3. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг.

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, аппаратын дотоод үйл ажиллагаа, үйлчилгээг зохион байгуулах үндсэн үүргийг хүлээж, газрын үйл ажиллагаанд удирдлагын шилдэг туршлага, арга барил нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, газрын даргын болон дээд газрын шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавихад дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Мөн газрын удирдлагаас шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө, дотоод үйлчилгээ үзүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, урамшуулах, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажилтнууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох байгууллага, аж ахуйн нэгж байна.

3.3.4 Статистик мэдээлэл, хяналт-шинжилгээ хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг.

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын статистик мэдээ гаргах, мэдээллийн сан байгуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, салбарын бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх үндсэн үүрэг хүлээж, салбарын хууль тогтоомж, гэрээ, хэлэлцээр, төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тэдгээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлэлт өгөх, хяналт-шинжилгээний арга зүй, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Нэгжийн үйл ажиллагаа нь салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийг хянан шинжлэх аргаар салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийг цаг тухайд нь өгч, мэдээлэл цуглуулах анхан шатны тогтолцоог зөв бүрдүүлэх замаар үнэн зөв статистик мэдээ гаргаж хэрэглэгчдийг мэдээллээр хангахад чиглэнэ.

Энэ нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажилтнууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын байгуллагууд, аж ахуйн нэгж, иргэд байна.

3.3.5. сансрын технологи хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг.
(Энэ заалтыг 2011-11-09-ний 81-р захирамжаар нэмсэн)

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд сансрын холбооны болон тандан судалгааны үндэсний хиймэл дагуул ашиглах, дэвшилтэт технологи болон хэрэглээг нутагшуулах, газар зүйн мэдээллийн системийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, үндэсний хиймэл дагуул ашиглах чиглэлээр хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах, нийгэм, эдийн засгийн салбаруудад ашиглах мэдээ, мэдээлэл дамжуулах, техник, технологийг үндэсний хиймэл дагуулд суурилуулах, нутагшуулах талаар судлах, холбогдох төсөл, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, хэрэгжүүлэх, сансрын холбооны болон тандан судалгааны дэвшилтэт технологи нутагшуулах, газар зүйн мэдээллийн системийг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, газар-сансар хосолсон өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээ бий болгох төсөл, техник-эдийн засгийн баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Нэгжийн үйл ажиллагаа нь сансрын холбооны болон тандан судалгааны техник, технологийг хөгжүүлэх, газар зүйн мэдээллийн систем, газар-сансар хосолсон өндөр хурдны, өргөн зурвасын сүлжээний талаархи техник, технологи судлах, энэ талаар төсөл, баримт бичиг боловсруулах, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангахад шууд чиглэнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтнууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн салбарын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд байна. 

                                                                                                 ---оОо---