A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
                                                                                                                    Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 8 дугаар 
                                                                                                                   захирамжийн хавсралт 


                                                                        ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРООНЫ 
                                                                  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 
                                                                                      БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

                                                                                              Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-т Засгийн газрын танхим болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (цаашид "хороо" гэх)-ны шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд чиглэсэн үндэсний хөгжлийн цогц бодлого, эдийн засаг, нийгмийн хөгжил, хөрөнгө оруулалт, шинэтгэлийн бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, салбар хоорондын бодлогын уялдааг хангах болон бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн захиргааны удирдлагын асуудлыг хамарсан Хорооны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Улсын Их Хурлын 2008 оны 43 дугаар тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд боловсруулав.

1.3. Эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:

-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Бусад холбогдох хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын туршлага, удирдлагын өөрчлөлт шинэчлэл, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, байгууллагын өөрчлөлт шинэчлэл зэрэг арга зүйг хэрэглэв.

1.5. Хорооны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Хороо нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд Үндэсний хөгжлийн цогц бодлого, Мянганы хөгжлийн зорилтууд, эдийн засгийн шинэтгэлийн бодлого, технологи, хөрөнгө оруулалтын үзэл баримтлал, хэтийн бодлого, урт болон дунд хугацааны стратеги, төсөөлөл боловсруулах хүрээнд үүрэг, хариуцлага хүлээж, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд эдийн засаг, нийгмийн хэтийн болон дунд хугацааны бодлого, хөгжлийн асуудлаар бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Хороо нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдац болон нөөцийн үр ашигтай, оновчтой байдал, макро эдийн засгийн тэнцвэрт харьцаа, салбар хоорондын бодлогын уялдаа, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад өргөн хүрээтэй, нарийн тооцоо судалгаатай хандаж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг зөв зохистой төлөвлөнө.

Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд Хороо нь Засгийн газрын эдийн засаг, нийгмийн хөгжил, шинэтгэлийн бодлогын зөвлөхийн үүрэг хариуцлага хүлээнэ.

1.6. Эдийн засгийн стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээ шаардлага

Хорооны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус хорооны ажил үйлчилгээг авагч үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн бүлгийг дор дурдсанаар тодорхойлов:


                                        ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРООНЫ СТРАТЕГИЙН
                                             УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР







Хорооны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Монгол Улсын Засгийн газрын танхим, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байна.

Хорооны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээ, шаардлага, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон гарах олон төрлийн харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Хорооны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээ шаардлагыг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээ шаардлага тус бүрээр тогтоож, тус хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тус тус тусган хэрэгжүүлнэ.

Хоёр. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Хорооны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улс орны хөгжил, шинэчлэлийн асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Засгийн газрын танхим, Хорооны үйл ажиллагаанд мэргэшлийн өндөр түвшний цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Хороо нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн бодлого, урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө, төсөөлөл, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, эрсдлээс хамгаалах, болзошгүй хямралыг гэтлэн давах бодлого, төлөвлөгөө боловсруулах, салбар хоорондын бодлогын уялдааг хангахад шаардлагатай зөвлөгөө, шинжилгээ, дүгнэлтээр хангах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимыг үйл ажиллагаагаа үр нөлөөтэй, үр ашигтай төлөвлөхөд бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.2.2. Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засаг, хөрөнгө оруулалт, салбарын болон бүсчилсэн хөгжлийн бодлогын уялдааг хангах, эдийн засгийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалтад шаардлагатай зөвлөгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах;

2.2.3. улс орны эдийн засгийн удирдлагын чадавхийг нэмэгдүүлж, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах, боловсронгуй болгон шинэчлэх;

2.2.4. эдийн засгийн шинэтгэл, инноваци, технологийн хөгжил, бүтцийн өөрчлөлтийн үзэл баримтлал, бодлого боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих;

2.2.5. макро эдийн засгийн тэнцвэр, өсөлтийг бий болгох, түүнд зохицсон хөрөнгө оруулалтын хэтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх;

2.2.6. хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх хэтийн бодлого, стратегийг эдийн засгийн бодлоготой уялдуулан боловсруулах, хүн амын өсөлтийг дэмжих, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах;

2.2.7. эдийн засгийн гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөллийг судлан, хөгжил, шинэтгэлийн бодлогод тусгах;

2.2.8. Хорооны хэмжээнд удирдлагын үр ашигтай арга барил, тэргүүний ололтыг нэвтрүүлэх, төлөвлөх, тайлагнах, ил тод байдлыг хангах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх.

2.3. Алсын хараа

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлж, элбэг хангалуун амьдрах орчныг бий болгохын төлөө ажиллана.

2.4. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны эрхэм зорилго нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил болон шинэтгэлийн бодлогыг боловсруулж хэрэгжилтийг хангах замаар улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэх явдал мөн.

2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Хороо нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, урт, дунд хугацааны стратегийг боловсруулж, бодлогын удирдамжаар хангах;

2.5.2. шинэтгэлийн бодлого, урт хугацааны стратегийг боловсруулж, бодлогын удирдамжаар хангах;

2.5.3. салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, урт, дунд хугацааны стратеги, чиглэл, төлөвлөгөө боловсруулж, бодлогын удирдамжаар хангах;

2.5.4. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.5.5. эдийн засгийн судалгаа, шинжилгээ хийх, Үндэсний хөгжлийн цогц бодлого, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, Мянганы хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

2.6. Үйл ажиллагааны гол зорилт

Хорооны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.1.1. улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.6.1.2. макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн тооцоо, төсөөлөл гаргаж, тэнцвэрт харьцааг бүрдүүлэх, бодлогын удирдамжаар хангах;

2.6.1.3. хүн ам, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх бодлого, стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах.

2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.6.2.1. эдийн засаг, нийгмийн шинэтгэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, зах зээлийн үйл ажиллагааны бодлого, стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.6.2.2. хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлого, стратеги боловсруулах;

2.6.2.3. үндэсний технологийн хөгжил, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.6.2.4. гадаад орнуудад хэрэгжүүлж байгаа болон олон улсын байгууллагаас зөвлөж байгаа шинэтгэлийн бодлогыг судалж, шинэ дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх бодлого, стратеги боловсруулах.

2.6.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.6.3.1. эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох, салбарын болон бүс нутгийн хөгжлийн бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.6.3.2. эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

2.6.3.3. салбаруудын хөгжлийн бодлогын уялдааг хангах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, стратеги, төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн дүн шинжилгээ хийх, хяналт тавих.

2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.4.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хорооны дотоод ажил хэргийн үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх;

2.6.4.2. хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

2.6.4.3. хороо болон хорооны нэгжийн удирдлага, ажилтанд хууль зүйн дэмжлэг үзүүлэх.

2.6.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.6.5.1. Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;

2.6.5.2. Мянганы хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;

2.6.5.3. судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хэрэглэгчийг мэдээллээр хангах.

2.7. Үйл ажиллагааны зорилт

Хорооны үйл ажиллагааны дээр дурдсан гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, тус хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон төрийн албан хаагчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.

2.8. Үйл ажиллагааны стратегийн загвар

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:


                                                   ҮНДЭСНИЙ ХӨГЖИЛ, ШИНЭТГЭЛИЙН ХОРООНЫ ҮЙЛ
                                                                     АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР




2.9. Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө

Хороо нь өөрийн эрхэм зорилго, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллана. Хорооны үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө нь төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн ерөнхий менежертэй байгуулах үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг байна.

Гурав. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож байгаа зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим

Хорооны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

3.1.1. Хорооны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн хорооны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ яамд болон бусад агентлагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, тухайн хорооны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн хорооны даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн буюу 3-аас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (тухайн хорооны үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн хорооны төрийн захиргааны албан хаагч нь хороо, түүний удирдлага, Засгийн газар /танхим/, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. хангалттай чадавхи, үйл ажиллагааны бодитой зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхи бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон Хорооны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус Хорооны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загварыг санал болгож байна:

                                                 Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны үйл
                                          ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар







3.3. Зохион байгуулалтын бүтэц

Хорооны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:

3.3.1.Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд улс орны хөгжлийн бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги, макро эдийн засгийн тооцоо төсөөлөл, бодлого боловсруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх бодлого, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, бодлого, хэтийн болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, макро эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэг бүрээр тооцоо, төсөөлөл гаргаж, макро эдийн засгийн бодлого боловсруулах, макро эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй байдал болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрсдлийг тооцох, болзошгүй хямралыг гэтлэн давах арга замыг урьдчилан тодорхойлох, хөгжлийн бодлоготой уялдсан хүн ам, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах, нийгмийн дэд салбарын бодлогыг тодорхойлох зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ. Эдгээр чиг үүрэг нь макро эдийн засгийн зохицуулалт, тэнцвэрийг хангах чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, макро түвшний бодлогуудын хоорондын уялдааг хангах, бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газрын танхим, Монгол Улсын Ерөнхий сайд, Хороонд эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.

Энэ нь Засгийн газрын танхим, Монгол Улсын Ерөнхий сайд болон Хорооноос улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын танхим, Хороог шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Тус нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Засгийн газрын танхим, Монгол Улсын Ерөнхий сайд, Хороо байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, аж ахуй эрхлэгч, иргэн байх болно.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Монгол банк байна.

3.3.2. Шинэтгэлийн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд эдийн засаг, нийгмийн шинэтгэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, зах зээлийн үйл ажиллагааны бодлого, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэл, инновацийн бодлого, гадаад орнуудын шинэтгэлийн бодлогыг судалж, шинэтгэлийн бодлого, урт, дунд хугацааны стратеги боловсруулах үндсэн үүрэг хүлээж, хөгжлийн бодлогын шинэтгэл, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, зах зээлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг судлах, шинжлэх, бодлого, стратегийн хувилбар боловсруулах, үндэсний технологийн хөгжил, инновацийн бодлогыг боловсруулах, орчин үеийн технологийг нэвтрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, энэ чиглэлээр зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ. Мөн гадаад орнуудын эдийн засгийн шинэтгэлийн бодлого, хэрэгжилтийн талаар судалгаа хийж шинэ дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх санал, зөвлөмж боловсруулах чиг үүрэг хэрэгжүүлнэ (энэ нэгж дотор хувийн хэвшил, инновацийн бодлогын асуудал хариуцсан нэгж ажиллана).

Энэ нэгжийн чиг үүргийн гол зорилт нь шинэтгэлийн бодлогыг боловсруулах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, технологи, инновацийн бодлогыг боловсруулж үндэсний хөгжлийн бодлоготой уялдуулахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн чиг үүрэг нь Засгийн газрын танхим, Монгол Улсын Ерөнхий сайд, Хорооноос эдийн засгийн шинэтгэлийн бодлогын зохицуулалтыг хангахад оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, стратеги, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах, шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Засгийн газрын танхим, Монгол Улсын Ерөнхий сайд, Хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, Монгол банк, арилжааны банк, эрдэм шинжилгээний хүрээлэн, эрдэмтэн судлаач, төрийн бус байгууллага, гадаад орон, олон улсын санхүүгийн байгууллага, аж ахуй эрхлэгч, иргэн, бусад хэрэглэгч байна.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, гадаад орны ижил төстэй байгууллага, судалгааны хүрээлэн байна.

3.3.3. Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд салбарын болон бүс нутгийн бодлого боловсруулах үндэсний хөгжлийн бодлогод нийцүүлэн салбаруудын хөгжлийн бодлогын уялдааг хангах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөгөө боловсруулах үндсэн үүрэг хүлээж, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох, эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл, улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр, жилийн төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын төслүүдийг тодорхойлох, хянах, тэргүүлэх дарааллыг тогтоох, салбаруудын саналыг авч, шаардлагатай өөрчлөлтийг оруулж нэгтгэх, Засгийн газраар хэлэлцүүлэх зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ. Мөн хөрөнгө оруулалтын төслүүдийн дүн шинжилгээ хийх, хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн чиг үүргийн гол зорилт нь салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөгөөг үндэсний хөгжлийн цогц бодлого, бүс нутгийн хөгжилтэй зөв зохистой уялдуулж хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах, хөрөнгө нөөцийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нь Засгийн газрын танхим, Монгол Улсын Ерөнхий сайд, Хорооноос салбарын болон хөрөнгө оруулалтын стратеги төлөвлөлт, бодлогын хэрэгжилт, зохицуулалтад оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь Засгийн газрын танхим, Монгол Улсын Ерөнхий сайд болон Хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгч, иргэн, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Монгол банк, Сангийн яам, Гадаад харилцааны яам, бусад холбогдох яам байна.

3.3.4. Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль зүйн дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, хорооны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, хорооны гадаад харилцааг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлагыг дээшлүүлэх механизмыг боловсронгуй болгон хөгжүүлэх болон үндэсний хөгжил, салбарын бодлого, хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн шинэтгэлийн холбогдолтой баримт бичиг боловсруулан гаргахад хууль зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлэх, мэдээллээр хангах, захиргааны нийтлэг үйлчилгээ, санхүү, аж ахуйн ажлыг зохицуулах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр Хорооны ажлын тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг шуурхай явуулахад шаардлагатай нөхцөлийг хангахад чиглэнэ.

Энэ нь Хорооны гишүүд, байгууллагын удирдлага болон нэгжийн удирдлага, ажилтанд шийдвэр боловсруулж гаргах, хэрэгжүүлэхэд хууль зүйн дэмжлэг, дотоод нийтлэг үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, үндэсний хөгжил, салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого болон эдийн засгийн шинэчлэлийн чиглэлээр ажиллах мэргэжилтэнг бэлтгэх, давтан бэлтгэх, мэргэшүүлэх, тэдний нийгмийн баталгааг бий болгоход дэмжлэг үзүүлэх, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх замаар хэрэгжинэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хорооны гишүүд, байгууллагын удирдлага, хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгж, төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь холбогдох агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгчид байна.

Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байна.

3.3.5. Судалгаа, мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэл, Мянганы хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх үндсэн үүрэг хүлээж, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэл зэрэг бодлого, стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийг тооцох шалгуур, үзүүлэлтийг тогтоох, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, Мянганы хөгжлийн зорилт, түүний хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үр дүнд үнэлгээ өгөх ажлыг зохион байгуулах, мэдээлэл цуглуулах, түүнийг боловсруулах, судалгаа, шинжилгээ хийх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ. Мөн газрын мэдээллийн дотоод сүлжээг ажиллуулах, мэдээллийн төрөлжсөн сан байгуулах, вэб сайт ажиллуулах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн чиг үүргийн гол зорилт нь мэдээлэл, судалгаа, шинжилгээ, хяналт-шинжилгээ, үнэлгээний зөв мэдээллээр хангах замаар хөгжлийн болон шинэтгэлийн бодлогыг боловсруулах, бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөлийг бүрдүүлэх дотоод дэмжлэгийн үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Энэ нэгжийн үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Засгийн газрын танхим, Монгол Улсын Ерөнхий сайд, Хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Үндэсний статистикийн хорооны холбогдох нэгж, яамдын ижил төстэй зохион байгуулалтын бүтцийн нэгж, бусад агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуй эрхлэгч, иргэн, бусад хэрэглэгч байна.

Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, бусад яам, гадаад орны ижил төстэй байгууллага, судалгааны хүрээлэн байна.






                                                                                                             ---оОо--