A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                        Монгол  Улсын Засгийн газрын 2008 оны 14 дүгээр
                                                                                                        тогтоолын хавсралт


                                                                             ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ХУРЦ ХОРДЛОГЫГ
                                                                                            СУДЛАН БҮРТГЭХ ДҮРЭМ

                                                                                                     Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ дүрмийн зорилго нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага /цаашид "ажил олгогч" гэнэ/-д гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судалж тогтоох, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, мэдээлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг мөрдөж ажиллана.

1.3. Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд, хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө.

1.4. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхтэй холбогдон гарах бүх зардал (үйлдвэрийн осол, хурц хордлогод өртсөн ажилтан, иргэн (цаашид "осолдогч" гэнэ)-ийг эмнэлэгт хүргэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, ороох боох материал, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, шинжээчийн үйл ажиллагаа, тээврийн зардал, ослын шалтгааныг арилгахад шаардагдах хөрөнгө гэх мэт)-ыг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн тухайн ажил олгогч бүрэн хариуцна.

1.5. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дараахь нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцно:

1.5.1. ажилтан ажлын үндсэн болон туслах байранд, эсхүл гэрээ хэлэлцээр, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа

1.5.2. ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;

1.5.3. ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхлэн цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед;

1.5.4. ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн
хэрэгслээр буюу явган явж байхдаа (энэхүү ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр, ажлын байр хоорондын чиглэл, цаг хугацааг үндэс болгоно);

1.5.5. үндсэн ажил үүргээ гүйцэтгэх үедээ байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн хорт бодисын нөлөөлөл, биологийн гаралтай өвчин үүсгэгчийн гэнэтийн аюулд өртсөн;

1.5.6. тухайн байгууллагад ашиглаж байгаа түүхий эд, материал болон бусад технологийн процессод ашигладаг химийн бодис, биологийн гаралтай бохирдуулагчийн улмаас үүссэн өвчин, хордлогод өртсөн;

1.5.7. байгалийн гэнэтийн аюул, гамшиг, хөнөөх
хэрэгслийн болон гоц халдварт өвчний голомт, сүйрэл, дэлбэрэлтийн үед.

1.6. Ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна.

1.7. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан дараахь нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй:

1.7.1. ажил олгогчийн шийдвэргүйгээр үндсэн үүрэгт ажлаасаа өөр ажил гүйцэтгэж байгаад осолдох;

1.7.2 ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс осолдох ;

1.7.3. ажлын байраа орхиж явсан, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан боловч технологийн горимыг ажилтан өөрөө санаатайгаар өөрчилснөөс осолдох;

1.7.4. гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулах.

1.8. Иргэд хоорондын гэрээгээр ажил гүйцэтгэх үед болон иргэний машин механизм, тоног төхөөрөмжийг түрээслэх, бусад хэлбэрээр ашиглах явцад гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг гэрээ байгуулж байгаа талууд тухайн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу судлан бүртгэнэ. Хэрэв гэрээнд энэ талаар тусгагдаагүй бол ажил гүйцэтгүүлэгч тал гарсан осол, хурц хордлогыг судлан бүртгэж, хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулна.

1.9. Батлан хамгаалах, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, уул уурхайн аврах албанд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг энэ дүрмийн дагуу судлан бүртгэж, хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулна.

1.10. Тусгай зөвшөөрлийн дагуу гадаадад ажиллах хүч гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагаар зуучлуулсан иргэн гадаадад ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, хурц хорлогод өртсөн тохиолдолд осолтой холбоотой нөхөн төлбөрийн асуудлыг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн оронд мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Гадаадад ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэн нь хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан бол тусгай зөвшөөрлийн дагуу гадаадад ажиллах хүч гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь ослыг судлан бүртгэнэ.

1.11. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх явцад эмнэлгийн задлан шинжилгээ хийлгүүлэх, мэргэжлийн байгууллагаар судалгаа, дүгнэлт гаргуулахаар хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаас тавьсан шаардлагыг холбогдох байгууллага шуурхай барагдуулах үүрэгтэй.

                                                      Хоёр. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан
                                                                       бүртгэх орон тооны бус байнгын комисс,
                                                                                          түүний ажиллах журам

2.1. Ажил олгогчоос үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл бүхий 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажил олгогчийн шийдвэрээр байгуулж, комиссын даргыг томилно.

2.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр Засаг даргын захирамжаар байгуулсан комисс дараах нөхцөл байдалд гарсан ослыг судлан бүртгэж, акт тогтооно:


2.2.1. жижиг, дунд үйлдвэрт гарсан;

2.2.2. хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэж байхдаа;

2.2.3. хувиараа хөдөлмөр эрхлэх үед.

2.3. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын онцлог, бий болсон нөхцөлөөс хамааран энэ дүрмийн 2.2-т заасан комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж болно.

2.4. Томилолт, гэрээ, дайчилгааны дагуу өөр байгууллагад ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон цагдаагийн байгууллагын ажилтан, цэрэг, хоригдол, дадлага хийж байгаа оюутан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд түүнийг гарсан ажил олгогчид хамааруулан бүртгэх ба энэ дүрмийн 2.1-д заасан комиссын бүрэлдэхүүнд харьяалах байгууллагын төлөөллийг оролцуулна.

2.5. Энэхүү дүрмийн 2.1, 2.2, 2.10-т заасан комисс (цаашид "комисс" гэх) нь осолдогч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхийг үл харгалзан энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт" (цаашид "акт" гэх)-ын дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэнэ.

2.6. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоосон актад комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. Актад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйлийг тогтоож, осолдогч (осолдогч нас барсан тохиолдолд гэрч)-ийн гаргасан тайлбарыг хавсаргана.

2.7. Үйлдвэрлэлийн осол тогтоосон актыг хөдөлмөрийн, хурц хордлого тогтоосон актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянан батална. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдлыг хяналтын улсын байцаагч тусгайлан судалж, дүгнэлт гаргана.

2.8. Энэ дүрмийн 1.7-д заасан ослыг судлан тогтоосон актын баруун доод буланд "осолдогчийн буруугаас болсон" гэсэн тэмдэглэгээ хийж, ажил олгогч гарын үсэг зурж баталгаажуулна.

2.9. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж тогтоосон акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, осолдогч буюу түүний гэр бүлийн хүмүүст, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн буюу хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид ажлын 3 өдөрт багтаан тус бүр 1 хувийг өгнө. Ажил олгогч болон аймаг, нийслэл, сум, дүүргийн комисс акт, дүгнэлтийн 1 хувийг архивын нэгж болгон хадгална.

2.10. Ноцтой, хор аюул, хохирол ихтэй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд Засгийн газраас тухай бүрт нь томилсон комисс судлан бүртгэнэ.

                                                                                      Гурав. Комиссын эрх, үүрэг

3.1. Комисс нь дараахь эрхтэй байна:

3.1.1. үйлдвэрлэл, ажлын байранд нэвтрэн орж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын нөхцөл байдалтай биечлэн танилцах;

3.1.2. үйлдвэрлэлийн ослын шинж байдлаас хамааран мэргэжилтэн, шинжээч оролцуулах, ослыг бүртгэх ажилд зөвлөгөө, тусламж авах, ослын талаар техникийн тооцоо, лабораторийн шинжилгээ, туршилт хийлгүүлэх, дүгнэлт гаргуулах, эрсдэлийн үнэлгээ хийлгүүлэх;

3.1.3. осолдогч болон осол, хурц хордлого гарах үед байсан гэрчийн этгээд, мэргэжилтэн, удирдах ажилтнаас мэдээлэл, ярилцлага авах, холбогдох бичиг баримттай танилцах;

3.1.4. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлах явцад шаардлагатай ажлын байр, техник хэрэгсэл, унаагаар хангуулах.

3.2. Комисс нь дараахь үүргийг гүйцэтгэнэ:

3.2.1. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх явцад гарсан гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, ажлын 3 хоногийн дотор магадлан шалгаж шийдвэрлэх;

3.2.2. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг арилгах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг хангуулах;

3.2.3. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан тогтоосон акт, дүгнэлтийг үндэслэн нийт ажилтнуудад сэрэмжлүүлэг хийх, сургалт зохион байгуулах, ажил олгогчид шаардлага, зөвлөмж хүргүүлэх.

                                              Дөрөв. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан
                                                                      бүртгэхэд бүрдүүлэх баримт бичиг

4.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

4.1.1. осолдогч бүрээр гаргасан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын акт;

4.1.2. осолдогчоос авсан тайлбар, тодруулсан ярилцлагын тэмдэглэл, осолдогч нас барсан тохиолдолд гэрчийн тодорхойлолт, түүний ярилцлагын тэмдэглэл;

4.1.3. үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байр, тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийн гэрэл болон бүдүүвч зураг, схем, дүрс бичлэг;

4.1.4. үйлдвэрлэлийн осол, хурц хордлоготой холбоотой асуудлаар холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл, ярилцлага;

4.1.5. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын зэрэг (хүнд, хөнгөн), шалтгааны талаархи эмнэлгийн болон мэргэжлийн шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээ, туршилтын дүн;

4.1.6. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн осолдогчид өмнө нь өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилгааны бүртгэлийн хуулбар, сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт;

4.1.7. осолдогчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгосон тухай баримтын хуулбар;

4.1.8. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны болон осолдогчийн аюулгүй ажиллах эрх, үүргийг тодорхойлсон дүрэм, заавар, тушаал, хууль тогтоомжийн холбогдох хэсгийн хуулбар;

4.1.9. үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас;

4.1.10. хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт (дүгнэлт гарсан тохиолдолд);

4.1.11. цогцост задлан шинжилгээ хийсэн тухай шүүх эмнэлгийн дүгнэлт;

4.1.12. шаардлагатай бусад баримт бичиг.

                                                     Тав. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан
                                                                         тухай мэдээлэх, тайлан гаргах

5.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тухай осолдогч өөрөө, эсхүл осол, хордлогыг анх харсан хүн ажил олгогчид тэр даруй мэдээлнэ.

5.2. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдээллийг хүлээн авмагц ажил олгогч, комисс нь осолдогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргүүлнэ. Хүнд буюу хүний амь нас хохирсон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд орон нутгийн мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагад энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтаар баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас" болон утсаар мэдэгдэнэ.

5.3. Ажил олгогч нь комисс ирж судалгаа, шинжилгээ хийх хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байрыг хамгаалалтад авна.

5.4. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан ажлын байрыг хамгаалалтад авч тухайн үеийн байдалд хэвээр байлгах нь бусад ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулах, улсын аюулгүй байдалд нөлөөлөхөөр байвал ажил олгогч уг байрны тухайн үеийн байдлыг дүрс бичлэг, гэрэл болон бүдүүвч зургаар бэхжүүлэн авсан байна.

5.5. Ажил олгогч болон комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдээг актын хамт тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.

5.6. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар ажил олгогч, комиссоос ирүүлсэн мэдээг хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь хагас бүтэн жилээр энэ дүрмийн 3, 4 дүгээр хавсралтаар баталсан маягтын дагуу нэгтгэж, хөдөлмөрийн хяналт хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн оны 7 дугаар сарын 10 болон дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор ирүүлнэ.

5.7. Хөдөлмөрийн хяналт хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгтгэсэн тайлан мэдээгээ хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон Үндэсний статистикийн хороонд тус тус хүргүүлнэ.

                                                                         Зургаа. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлоготой
                                                                                             холбогдсон маргааныг шийдвэрлэх

6.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар гаргасан ослын актыг ажил олгогч, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо хөдөлмөрийн мэргэжлийн хяналт хариуцсан төрийн захиргааны байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.

6.2. Үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын актыг нөхөн тогтоохгүй.

6.3. Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь комиссоос гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хүлээн зөвшөөрөхгүй бол дүгнэлтээ тусад нь гаргаж болно.


                                                                                                                  ---оОо---