- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТеГИ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2012 оны 49-р тогтоолоор хүчингүй болсон/
ЗГ-ын 2012 оны 49-р тогтоолоор хүчингүй болсон
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 49 дүгээр
тогтоолын хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (цаашид "Хэрэг эрхлэх газар" гэх)-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хэрэг эрхлэх газрын тэргүүлэх чиглэл, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, гол зорилтыг тодорхойлох, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн загварыг гаргаж, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тогтооход оршино.
1.2. Үндэслэл
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичгийг үндэслэл болгов.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль;
-Засгийн газрын бүтцийн тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад төрийн захиргаа, төрийн албаны шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, байгууллагын өөрчлөлт, дахин инженерчлэлийн арга зүй, олон улсын жишиг, Хэрэг эрхлэх газар, яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлага, мэдээлэлд тулгуурлав.
1.5. Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллага мөн бөгөөд Засгийн газрын удирдлагын зөвлөхийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийн удирдлага, төлөвлөлт, зохицуулалт, бодлого, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газрын түвшинд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь тус газрын ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Хэрэг эрхлэх газрын үндсэн үйлчлүүлэгч нь Засгийн газрын Танхим, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байна. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ. Хэрэг эрхлэх газрын стратегийн удирдлага, зохицуулалтыг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын стратеги, тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Хэрэг эрхлэх газар нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. Засгийн газрын дотоод, гадаад бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын танхимд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.2.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, бодлого, шийдвэрийг боловсруулан гаргахад Монгол Улсын Ерөнхий сайд, Танхимын үйл ажиллагаанд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
2.2.3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлж, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт, шалгалт хийх, мэдээлэх, үр дүнгийн үнэлгээг зохион байгуулах;
2.2.4. төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг нийтлэг зорилтод чиглүүлэн зохицуулах, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, тэдгээрийн бие даасан ажиллагааг хангах арга хэмжээ авах, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа байдалд хяналт, шалгалт хийж, тэдгээрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;
2.2.5. Засгийн газрын үйл ажиллагааг электрон хэлбэрээр хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн урсгалыг түргэтгэх, Засгийн газар-хувийн хэвшил, Засгийн газар-иргэний нийгмийн түншлэлийг хөгжүүлэх.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын эрхэм зорилго нь мэргэшлийн өндөр түвшний, цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр Ерөнхий сайд, Танхимыг шуурхай хангах, Засгийн газрын тасралтгүй, хэвийн, үр ашигтай ажиллагааны зохистой орчин бүрдүүлэхэд оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Хэрэг эрхлэх газар нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. Засгийн газрын бодлого, шийдвэрийг боловсруулах, хуралдаанд бэлтгэх болон яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, энэ чиглэлээр цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.4.2. Ерөнхий сайд, Танхим, бүх шатны Хурал, Засаг даргыг нутгийн удирдлагын чиглэлээр өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөлгөө, дэмжлэгээр шуурхай хангах, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
2.4.3. Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэлэлцүүлэх, албажуулан гаргах, хэрэгжүүлэхэд хууль зүйн зөвлөгөө өгөх, архив, хууль тогтоомж, шийдвэрийн лавлагааны үйлчилгээ болон бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.4.4. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт, шалгалт, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үр дүнд өгөх үнэлгээний үр ашгийг дээшлүүлэх;
2.4.5. Танхимын хуралдааны зохион байгуулалт, хүний нөөцийн болон захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.4.6. төрийн мэдээллийн сүлжээг хөгжүүлэх зохион байгуулалт, мэргэшил-арга зүйн удирдлагаар хангах;
2.4.7. Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнд Шадар сайд ажиллах нөхцөлд Шадар сайдуудад бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах;
2.4.8. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслол болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах;
2.4.9. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. батлан хамгаалах, байгаль орчин, аялал жуулчлал, онцгой байдал, улсын бүртгэл, цөмийн энерги, мэргэжлийн хяналт, хүүхдийн талаархи бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.1.2. эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр, боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.1.3. гадаад харилцаа, хамтын ажиллагаа, иргэний нийгмийн бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтад зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх.
2.5.1.4. эдийн засаг, үндэсний хөгжил, шинэтгэл, оюуны өмч, шударга өрсөлдөөн, стандартчилал, санхүү, банк, мөнгө, төрийн өмч, эрдэс баялаг, эрчим хүч, зам, тээвэр, барилга, хот байгуулалт, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн талаархи бодлого төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөлгөө,дэмжлэг үзүүлэх.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.2.2. нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэшил-арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.2.3. аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн биеэ даасан байдлыг хангахад зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.2.4. засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. Төрөөс баримтлах эрх зүйн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
2.5.3.2. Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад дэмжлэг үзүүлэх;
2.5.3.3. Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бусад дэмжлэгээр хангах;
2.5.3.4. төр, засгийн байгууллагыг хууль тогтоомж, бусад мэдээллээр хангахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх, зөвлөлгөө, үйлчилгээгээр хангах.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт, шалгалтыг эрхлэн зохион байгуулах, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах;
2.5.4.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, энэ чиглэлээр зөвлөлгөө, мэргэшил-арга зүйгээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэн тодорхойлох;
2.5.4.3. яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх;
2.5.4.4. Засгийн газарт иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. Танхимын хуралдааныг зохион байгуулах, техникийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, шийдвэрийг байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах;
2.5.5.2. хүний нөөцийн манлайллыг хангах, нийтлэг үйлчилгээ, Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагаанд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.5.3. Засгийн газарт орж, гарах бичиг хэрэг болон бичиг баримтыг олшруулан тараах ажиллагааг зохион байгуулах, эрхлэн явуулах;
2.5.5.4. Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг эрхлэн явуулах;
2.5.5.5. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. төрийн мэдээллийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, байгууллагуудын вебсайт хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэшил-арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.6.2. төрийн мэдээллийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн найдвартай, шуурхай ажиллагааг хангах;
2.5.6.3. албан хэрэг хөтлөлт, өргөдөл, гомдлын онлайн системийг боловсруулах, нэвтрүүлэх;
2.5.6.4. Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын интернет, интранет, вебсайт болон компьютерийн дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах.
2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1. Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөгөө өгөх, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах;
2.5.7.2. Шадар сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах.
2.5.8. Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах;
2.5.8.2. төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах.
2.5.9. Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.9.1. Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар олон нийтийг нээлттэй мэдээ, мэдээллээр шуурхай хангах, сурталчлах;
2.5.9.2. гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах.
2.6. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загвар
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загварыг дараахь байдлаар тодорхойлж байна:
ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР
Гурав. Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
1. Хэрэг эрхлэх газрын стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн газрын үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх).
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал газрын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх).
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (газрын Тэргүүн дэд даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх).
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх).
6. Улс төрөөс ангид байх зарчим (Ерөнхий сайд, Танхимд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх).
7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус газрын үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус газрын зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна:
3.3.1. Бодлого зохицуулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын бодлого, шийдвэрийг боловсруулах, хуралдаанд бэлтгэх болон яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулах, энэ чиглэлээр цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, батлан хамгаалах, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр, боловсрол, соёл, шинжлэх ухаан, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, эдийн засаг, санхүү, банк, мөнгө, төрийн өмч, эрдэс баялаг, эрчим хүч, зам, тээвэр, барилга, хот байгуулалт, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, үндэсний хөгжил, шинэтгэл, оюуны өмч, шударга өрсөлдөөн, стандартчилал, онцгой байдал, улсын бүртгэл, цөмийн энерги, мэргэжлийн хяналт, хүүхэд, иргэний нийгмийн талаархи бодлого, төлөвлөлт, удирдлага, зохицуулалтыг хангахад чиглэсэн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимд Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, яам, яам хооронд, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Ерөнхий сайд болон Шадар сайд нарын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь бүх яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
3.3.2. Орон нутгийн удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд нутгийн удирдлагын чиглэлээр өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон зөвлөлгөө, дэмжлэгээр Ерөнхий сайд, Танхим, бүх шатны Хурал, Засаг даргыг шуурхай хангах, тэдгээрийн үйл ажиллагааны үр нөлөөтэй, хэвийн жигд ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгоход чиглэгдсэн хууль тогтоомж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн мэргэшил-арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, орон нутгийн биеэ даасан байдлыг хангахад зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн байгууламжийг боловсронгуй болгох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад орон нутгийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, нутгийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, түүний Тамгын газар, бүх яамд байна.
3.3.3. Хуулийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэлэлцүүлэх, албажуулан гаргах, хэрэгжүүлэхэд хууль зүйн зөвлөгөө өгөх, архив, хууль тогтоомж, шийдвэрийн лавлагааны үйлчилгээ болон бүх талын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, төрөөс баримтлах эрх зүйн бодлогыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, Засгийн газрын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөлгөө, бусад дэмжлэгээр хангах, төр, засгийн байгууллагыг хууль тогтоомж, бусад мэдээллээр хангахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө, үйлчилгээгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал бүрт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын санал бэлтгэх, хууль тогтоомжийн төслийг найруулах, Засгийн газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг заах, төслийг хянаж найруулах, Улсын Их Хурлын Тамгын газартай харилцах, энэ чиглэлээр зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимд Засгийн газрын шийдвэр, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Улсын Их Хурлын Тамгын газар, бусад яамд, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь бүх яамд, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
3.3.4. Хяналт, шалгалт, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт, шалгалт, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хийх хяналт-шинжилгээ, үр дүнд өгөх үнэлгээний үр ашгийг дээшлүүлэх үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт, шалгалтыг эрхлэн зохион байгуулах, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөхөд зөвлөлгөө, мэргэшил-арга зүйгээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, үр дүнг нэгтгэн тодорхойлох, яам, зарим агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх, Засгийн газарт иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавих, шалгалт хийх, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, нэгтгэн дүгнэх, энэ чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бүх яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, яамдын болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нэгжүүд байна.
3.3.5. Захиргааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд Танхимын хуралдааныг зохион байгуулах, хүний нөөцийн болон захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, Танхимын хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын шийдвэр болон хуралдааны тэмдэглэлийг албажуулах, шийдвэрийг байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах, хүний нөөцийн манлайллыг хангах, нийтлэг үйлчилгээ, Хэрэг эрхлэх газрын гадаад хамтын ажиллагааны бодлого, үйл ажиллагаа, Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг боловсруулах, тайлагнахад зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, Засгийн газарт орж, гарах бичиг хэрэг болон баримт бичгийг олшруулан тараах ажиллагааг зохион байгуулах, эрхлэн явуулах, Засгийн газрын шуурхай зохицуулалт, мэдээлэл, үйлчилгээг эрхлэн явуулах, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимд хуралдааны техник, зохион байгуулалтыг хангах, хүний нөөц, нийтлэг үйлчилгээ, захиргааны дотоод ажлын чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн албан хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын гишүүд, яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байна.
3.3.6. Мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд төрийн мэдээллийн сүлжээг хөгжүүлэх зохион байгуулалт, мэргэшил-арга зүйн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, төрийн мэдээлийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох болон байгууллагуудын вебсайт хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, төрийн мэдээллийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн найдвартай, шуурхай ажиллагааг хангах, албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлын онлайн системийг боловсруулах, нэвтрүүлэх, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын интернет, интранет, вебсайт болон компьютерийн дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Засгийн газрын үйл ажиллагааг электрон хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн сүлжээ, вебсайт, интернет, интранетын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар байна.
3.3.7. Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнд Шадар сайд ажиллах нөхцөлд Шадар сайдуудад зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн бүх талын зөвлөгөө өгч, шуурхай үйлчилгээ, дэмжлэгээр хангах үүрэг, чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Шадар сайдын ажлын алба нь түүнд бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үүрэгтэй.
Шадар сайдын ажлын албаны үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь түүний эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, бусад холбогдох байгууллага, түүний нэгжийн удирдлага байна.
3.3.8. Төрийн ёслолын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагаа болон төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг эрхлэн явуулах үндсэн үүрэг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын үйл ажиллагааны ёслолын арга хэмжээг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах, төрийн арга хэмжээний ёслолын үйл ажиллагааг холбогдох журмын дагуу эрхлэн явуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яам, нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад харилцааны яам, төрийн ёслолын үйл ажиллагаатай холбоотой байгууллага, аж ахуйн нэгж байна.
3.3.9. Засгийн газрын хэвлэл, мэдээллийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн есдүгээр зорилтын хүрээнд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах үндсэн үүрэг хүлээж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, мэдээ, мэдээллээр шуурхай хангах, сурталчлах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар болон хуралдаанаас гаргасан шийдвэрийн тухай мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээний талаар мэдээ баримтаар хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийж, Ерөнхий сайд, Танхимд танилцуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын гишүүд, хэвлэл, мэдээллийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь хэвлэл, мэдээллийн байгууллага, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсын сайд нарын хэвлэлийн төлөөлөгчид байна.
---оОо---
Текст томруулах
A
A
A