- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮР ХОРОО,АЖЛЫН ХЭСГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 66 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ТҮР ХОРОО, АЖЛЫН ХЭСГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
"Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2009 оны 22 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, шуурхай удирдлагаар хангах үүрэг бүхий Түр хороо болон ажлын хэсгийн үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Түр хорооны эрх, үүрэг
2.1 Түр хороо дараахь үүрэг гүйцэтгэнэ:
2.1.1. Улсын Их Хурлын 2009 оны 22 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2.1.2. санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
2.1.3. шаардлагатай асуудлаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх.
2.2. Түр хороо дараахь эрхтэй байна:
2.2.1. санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлаар төрийн захиргааны болон төсөвт байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
2.2.2. Түр хорооны үйл ажиллагаанд шаардлагатай нийгэм, эдийн засгийн байдлын талаархи бүх мэдээлэл (төрийн болон байгууллага, хувь хүний нууцад хамаарахаас бусад), үзүүлэлтийг бүх шатны төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжээс зохих журмын дагуу гаргуулан авах.
Гурав. Ажлын хэсгийн гүйцэтгэх чиг үүрэг
Ажлын хэсэг нь дараахь үүрэг гүйцэтгэнэ:
3.1. Улс орны санхүү, төсөв, эдийн засгийн байдлын талаархи мэдээллийг Ерөнхий сайдын захирамжаар баталсан үзүүлэлтийн дагуу өдөр тутам болон долоо хоногоор бэлтгэн гаргаж, Түр хорооны гишүүдэд хүргүүлэх;
3.2. Энэхүү журмын 3.1-д заасан мэдээллийн хамт өмнөх түвшинтэй харьцуулсан үзүүлэлт, түүнд нөлөөлж байгаа учир шалтгааныг үндэслэлтэй, товч тайлбарлах;
3.3. Монгол Улсын эдийн засгийн орчинд таагүй нөлөө үзүүлж болох сөрөг хандлага, гадаад дотоод үйл явцын талаархи санал, дүгнэлтээ гаргах;
3.4. банк, санхүү, эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах нөлөөллийг бууруулах, зүй зохистой горимд оруулах зорилгоор хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаархи санал, дүгнэлт гаргах;
3.5. мэдээлэл бэлтгэх зорилгоор холбогдох яам, Засгийн газрын агентлаг, Төв банк болон бусад байгууллагаас шаардлагатай мэдээллийг гаргуулан авах, мэдээллийн сан үүсгэх;
3.6. Түр хорооны хуралдаанаар асуудал хэлэлцүүлэх.
Дөрөв. Түр хороо, ажлын хэсгийн үйл
ажиллагааны зохион байгуулалт
4.1. Түр хороо нь 14 хоног тутамд 1-ээс доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааныг Түр хорооны дарга зарлан хуралдуулна. Ерөнхий сайдын түр эзгүйд Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд нар нэгэн зэрэг түр эзгүй байвал Шадар сайд хуралдааныг даргална. Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Шадар сайд нарын аль аль нь хуралдаанд оролцох боломжгүй нөхцөлд хуралдааныг хойшлуулна.
4.2. Хэлэлцэх асуудлын агуулгаас хамааран Түр хорооны хуралдаанд холбогдох төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан тушаалтныг оролцуулж болно.
4.3. Түр хороо асуудлыг хэлэлцээд шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулан Засгийн газрын ээлжит болон ээлжит бус хуралдаанд хэлэлцүүлнэ.
4.4. Ажлын хэсэг нь улс орны санхүү, эдийн засаг, нийгмийн байдлын талаар шуурхай мэдээллийг өдөр тутам бэлтгэж Түр хорооны гишүүдэд ажлын өдрийн 10.00 цагт багтаан бичгээр болон электрон хэлбэрээр хүргүүлнэ. Нэн яаралтай, онц чухал асуудлаар мэдээлэл хүргүүлэх шаардлагатай гэж үзвэл бямба, ням гаригт мэдээллийг электрон хэлбэрээр гишүүдэд хүргүүлж болно.
4.5. Макро эдийн засгийн шуурхай мэдээг холбогдох санал, дүгнэлтийн хамт бэлтгэж, долоо хоног бүрийн даваа гаригийн 10.00 цагт багтаан Түр хорооны гишүүдэд бичгээр болон электрон хэлбэрээр хүргүүлнэ.
4.6. Энэхүү журмын 4.6-д заасан мэдээг Түр хорооны зөвшөөрснөөр шаардлагатай гэж үзсэн төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
4.7. Ажлын хэсгийн өдөр тутмын үйл ажиллагааг ажлын хэсгийн ахлагч удирдан, гишүүдийн ажлыг уялдуулан зохион байгуулна.
4.8. Ажлын хэсгийн ахлагч ажлын хэсэг, гишүүдийн хариуцан ажиллах чиг үүрэг, ажлын календарчилсан төлөвлөгөөг батлан, түүнийг мөрдөж ажиллана.
4.9. Түр хороо нь байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцахдаа Засгийн газрын тэмдэг, ажлын хэсэг нь ажлын хэсгийн даргын харьяалагдах байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдгийг ашиглаж болно.
4.10. Ажлын хэсгээс бэлтгэн гаргасан, тараасан мэдээллийг зөвхөн албан ажлын хэрэгцээнд ашиглах бөгөөд мэдээллийг олшруулах, бусдад тараахыг хориглоно.
Тав. Түр хороо, ажлын хэсгийн ажиллах нөхцөл
5.1. Түр хороог ажиллах нөхцөлөөр хангах, хуралдаан зохион байгуулах ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцна.
5.2. Ажлын хэсгийн 3 хүртэлх хүнийг ажиллах нөхцөл боломжоор хангах үүргийг Сангийн сайд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга нар хариуцна.
5.3. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа төрийн албан хаагчдын ажлын ачааллыг яам, Засгийн газрын агентлаг тухай бүр зохицуулна.
5.4. Санхүү, эдийн засгийн хүндрэлийн асуудлаар зохион байгуулагдаж байгаа олон улсын хурал, зөвлөгөөн, уулзалтад тухайн байгууллагаас ажлын хэсэгт орсон албан хаагчийг оролцуулах чиглэл баримтална.
Зургаа. Шуурхай мэдээлэл цуглуулах, мэдээллийн
сан бүрдүүлэх
6.1. Ажлын хэсэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн эхний өдрөөс мэдээллийн сан бүрдүүлнэ.
6.2. Өмнөх жил, сар, улирлын статистик болон салбарын статистикийн динамик мэдээлэл, үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, салбарын яам, Засгийн газрын агентлагаас авч бүрдүүлнэ.
6.3. Мэдээллийн санг электрон хэлбэрээр бүрдүүлж, Түр хорооны бүрэлдэхүүнд багтаж байгаа төрийн захиргааны байгууллага ашиглахаар зохион байгуулна. Эрх олгогдоогүй этгээд гаднаас нэвтрэх боломжгүй байдлаар хамгаалалтын нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
---оОо---
Текст томруулах
A
A
A