- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ ДҮРЭМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 24 дүгээр
тогтоолын хавсралт
ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБАНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Үндэсний татварын албаны зорилт нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд оршино.
1.2. Үндэсний татварын алба нь энэ дүрэм болон татварын хууль тогтоомж, Засгийн газар, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг мөрдөж ажиллана.
Хоёр. Үндэсний татварын албаны бүтэц, удирдлага
2.1. Үндэсний татварын алба нь Татварын ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагчаас бүрдэнэ.
2.2. Татварын ерөнхий газар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс Татварын ерөнхий газрын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана.
2.3. Татварын ерөнхий газрын даргын дэргэд татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Татварын ерөнхий газрын дарга батална.
2.4. Татварын ерөнхий хуулийн 19.2-т заасны дагуу Татварын ерөнхий газрын дэргэд харьяа нэгж байгуулах асуудлыг Татварын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
2.5. Татварын ерөнхий газрын дарга нь татварын улсын ерөнхий байцаагч, дэд дарга, хэлтэс, тасаг, харьяа нэгжийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга, сумын татварын тасгийн дарга нь татварын улсын ахлах байцаагч байна. Татварын ерөнхий газрын хэлтэс, харьяа нэгжид ажлын тодорхой чиг үүрэг хариуцсан татварын улсын ахлах байцаагч ажиллаж болно.
Гурав. Татварын ерөнхий газрын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх
3.1. Татварын ерөнхий газар бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
3.2. Татварын ерөнхий газар нь Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан чиг үүрэг, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.2.1. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн бүртгэлийн асуудлыг эрхлэн зохион байгуулах, хяналт тавих;
3.2.2. Үндэсний татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай ажиллагаанаас татвар төлөгчид учирсан хохирлыг арилгах ажлыг зохион байгуулах;
3.2.3. улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбогдуулж татвар төлөгчийн татварын албанд харьяалагдах харьяаллыг тогтоох, өөрчлөх;
3.2.4. татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, баяжуулах;
3.2.5. ажил хэргийн шаардлагаар аливаа асуудлаар шийдвэр гаргахын өмнө хянан шалгах, магадлах, шалтгаан нөхцөлийг тодруулах, тогтоох зорилгоор ажлын хэсэг томилон ажиллуулах.
3.3. Татварын ерөнхий газрын дарга Татварын ерөнхий хуулийн 27.6-д заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.3.1. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд заасны дагуу татварын албаны удирдах ажилтантай үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлтийг дүгнэж, үнэлэлт өгч ажиллах;
3.3.2. татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт болон бусад шийдвэрийн талаар гарсан гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаархи мэдээллийг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах.
3.4. Татварын ерөнхий газрын дарга түр эзгүй байх тохиолдолд түүний бүрэн эрхийг дэд дарга хэрэгжүүлнэ.
Дөрөв. Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар,
хэлтэс, сумын татварын тасгийн чиг үүрэг,
удирдлагын бүрэн эрх
4.1. Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг нь харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан чиг үүрэг, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1. татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ;
4.1.2. аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, засаг захиргааны байгууллага, хууль хяналтын болон бусад байгууллагатай ажлаа уялдуулан зохицуулж, тэдгээрийн дэмжлэг, туслалцааг авах, хамтарч ажиллах ажлыг зохион байгуулах;
4.1.3. татварын улсын байцаагчийн тэмдэг болон өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа үнэт цаас, падаан, онцгой албан татварын тэмдэг, маягт зэрэг баримт бичгийн зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах.
4.2. Аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасгийн дарга Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.1. татварын улсын /ахлах/ байцаагч, хураагчтай үр дүнгийн гэрээ байгуулж биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх;
4.2.2. татварын албаны ажилтныг ажилд томилох, албан тушаалд дэвшүүлэх, цол, зэрэг дэв олгох, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах санал, дүгнэлтээ дээд байгуулагад уламжлах;
4.2.3. татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах явцад татвар төлөгчөөс татварын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл илэрсэн тохиолдолд харьяалах татварын албанд мэдэгдэх, хойшлуулшгүй нөхцөл байдалд дээд шатны татварын албанд мэдэгдэж, зөвшөөрөл авсны дагуу түүнийг шалгах, хариуцлага тооцох;
4.2.4. хууль тогтоомжид заасны дагуу татвар, торгууль, алдангийг төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;
4.2.5. татвар ногдуулалт, төлөлт, хураалт болон хяналтын тайлан, мэдээ, татвар төлөгчийн бүртгэл зэрэг мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд, зохих журмын дагуу Татварын ерөнхий газарт ирүүлэх;
4.2.6. татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт болон бусад шийдвэрийн талаар гарсан гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаархи мэдээллийг хүлээн авах, хянан шийдвэрлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
4.2.7. Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу татварын өр төлөх хугацааг тогтоох, сунгах;
4.2.8. татвар төлөгчийн цалин хөлс, эд хөрөнгө, бусдаас авах авлага, ногдол ашиг, түүний эзэмшиж байгаа хувьцаанаас хуульд заасан үндэслэл журмын дагуу татварын өр гаргуулах шийдвэр гаргах.
Тав. Татварын улсын /ахлах/ байцаагчийн бүрэн
эрх, цалин хөлс, баталгаа
5.1. Татварын улсын /ахлах/ байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, мөн хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан цалин хөлс, баталгаагаар хангагдана.
5.2. Аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын тасагт Татварын ерөнхий хуулийн 41.1-д заасны дагуу хураагч ажиллуулж болно. Хураагч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.2.1. албан хэрэг хөтлөх зааврын дагуу татварын тайланг бүртгэлд бүртгэж, холбогдох хэлтэс, тасагт шилжүүлэх;
5.2.2. татвар төлөгчийн хувийн хэргийн баяжилтыг хөтлөх;
5.2.3. патент бичиж, хураах, тайлангаар ногдуулсан болон хяналт шалгалтын актаар тавигдсан төлөгдөөгүй татварын өрийг барагдуулах;
5.2.4. шийтгэвэр, торгуулийн хуудсаар хүлээлгэсэн торгуулийг төлүүлэх;
5.2.5. татварын өртэй татвар төлөгчийн хөрөнгийн судалгаа хийх;
5.2.6. татвар төлөгчийн бүртгэл, мэдээллийн цахим санд холбогдох нэмэлтийг оруулах;
5.2.7. нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон албан татвар, хураамж, төлбөрийн төлөвлөгөөний үзүүлэлт, биелэлтийн байдал, мэдээ, мэдээллийг цахим хэлбэрт оруулах, судалгаа гаргах;
5.2.8. татвар төлөгчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн тооллого явуулахад оролцох.
5.3. Аймаг, дүүргийн татварын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэр дэх худалдаа, үйлчилгээний зах, авто тээврийн товчоо зэрэг газар орон тооны бус байцаагч ажиллуулж болно. Орон тооны бус байцаагчийн үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсвөөс (гэрээний үндсэн дээр) санхүүжүүлнэ. Орон тооны бус байцаагч ажиллуулах журмыг Татварын ерөнхий газрын дарга батална.
---оОо---
Текст томруулах
A
A
A