A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • "АЛТАНБУЛАГ" ХУДАЛЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСЭД МОНГОЛ УЛСЫН ИРГЭН,ГАДААДЫН ИРГЭН,ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН ЗОРЧИХ,ОРШИН СУУХ ЖУРАМ
Бүлэг: 1979
                                                                                                                Монгол УлсынЗасгийн газрын 2009 оны 43 дугаар
                                                                                                                тогтоолын хавсралт


                                     "АЛТАНБУЛАГ" ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСЭД МОНГОЛ
                                   УЛСЫН ИРГЭН, ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАЛАЛГҮЙ ХҮН
                                                             ЗОРЧИХ, ОРШИН СУУХ ЖУРАМ

                                                                      Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүс (цаашид "Чөлөөт бүс" гэх)-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн зорчих, оршин суухтай холбогдсон харилцааг Чөлөөт бүсийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Иргэний бүртгэлийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон энэхүү журмаар зохицуулна.

1.2. Монгол Улсын иргэний Чөлөөт бүсэд зорчих, оршин суух харилцааг зохицуулах, бүртгэх, мэдээлэх үйл ажиллагааг Чөлөөт бүс дэх иргэний бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан ажилтан эрхлэн явуулна.

1.3. Чөлөөт бүсэд зорчих, оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүний зөвшөөрөл, бүртгэл, тэдгээрт хяналт тавих ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Сэлэнгэ аймаг дахь албаны чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан (цаашид "Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан" гэх) эрхлэн явуулна.

                                             Хоёр. Монгол Улсын иргэн Чөлөөт бүсэд
                                                                    зорчих, оршин суух

2.1. Монгол Улсын иргэн дараахь баримт бичгийн аль нэгийг ашиглан Чөлөөт бүсэд зорчино:

2.1.1. Монгол Улсын иргэний үнэмлэх;

2.1.2. Монгол Улсын иргэн 16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ;

2.1.3. Гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн бол гадаад паспорт;

2.1.4. Албан ажлын зайлшгүй шаардлагаар Чөлөөт бүсэд нэвтрэх төрийн албан хаагч ажлын газрын үнэмлэх;

2.1.5. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас олгосон нэвтрэх эрхийн үнэмлэх;

2.1.6. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан ажлын газрын үнэмлэх.

2.2. Монгол Улсын иргэний баримт бичгийн хугацаа дууссан, хүчингүй болсон тохиолдолд Чөлөөт бүсэд нэвтрүүлэхгүй.

2.3. Монгол Улсын иргэн Чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрлийг Чөлөөт бүсийн захирагч олгоно.

2.4. Чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрөл хүсэгч Монгол Улсын иргэн Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанд дараахь баримт бичгийг бүрдүүлэн өгнө:

2.4.1. оршин суух зөвшөөрөл хүссэн өргөдөл;

2.4.2. иргэний үнэмлэхийн хуулбар;

2.4.3. гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн бол үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;

2.4.4. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах буюу хөдөлмөр эрхэлж байгаа тухай албан ёсны тодорхойлолт;

2.4.5. зураг (3.5х4.5) 2 хувь.

2.5. Захирагчийн ажлын алба хүсэлтийг ажлын 4 хоногт багтаан шийдвэрлэнэ.

2.6. Чөлөөт бүсэд оршин суух хугацааг тухайн иргэний уг бүсэд үйл ажиллагаа явуулах хугацаатай уялдуулан тогтооно.

2.7. Чөлөөт бүсэд орсон, гарсан, оршин сууж байгаа Монгол Улсын иргэний бүртгэл, шилжих хөдөлгөөний бүртгэлийг уг бүс дэх иргэний бүртгэл, мэдээллийн ажилтан эрхэлнэ.

2.8. Чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрөлтэй иргэний эхнэр (нөхөр), насанд хүрээгүй хүүхэд болон шууд асрамжид байгаа эцэг, эх, 18 насанд хүрсэн боловч гэрлээгүй хүүхдийг түүний нэгэн адил бүртгэнэ.

2.9. Иргэний бүртгэлд овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, хүйс, регистрийн дугаар, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эсхүл гадаад паспортын дугаар, Монгол Улсад оршин суугаа хаяг, Чөлөөт бүсэд орсон, гарсан огноо зэрэг мэдээллийг тусгаж, мэдээллийн санд оруулна.

2.10. Чөлөөт бүс дэх иргэний бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан ажилтан нь Монгол Улсын иргэний гэр бүлийн байдлын, хүн амын өрхийн, иргэний үнэмлэхийн, үндэсний энгийн гадаад паспортын болон шилжих хөдөлгөөний талаархи иргэний бүртгэлийг хөтөлж, холбогдох тайлан мэдээг гаргаж, зохих журмын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирүүлж байна.

                                                    Гурав. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Чөлөөт
                                                                              бүсэд зорчих, оршин суух

3.1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Чөлөөт бүсэд зорчихдоо хүчин төгөлдөр гадаад паспорт буюу түүнийг орлох баримт бичигт виз авах бөгөөд уг виз нь зөвхөн тухайн Чөлөөт бүсэд үйлчилнэ.

3.2. Чөлөөт бүсэд виз олгох хялбарчилсан журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар батална. Хилийн шалган нэвтрүүлэх боомтод Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан виз олгож, "чөлөөт бүс" гэсэн тэмдэглэл хийж, визийн тэмдэг, дугаарыг дарж, эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.

3.3. Монгол Улсад орох, орох-гарах визтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүн Чөлөөт бүсэд зорчихдоо визийн хүчинтэй хугацаанд дахин виз авах шаардлагагүй.

3.4. Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүн оршин суух зөвшөөрлийн хугацаанд Чөлөөт бүсэд визгүй зорчиж болно.

3.5. Монгол Улстай иргэд харилцан визгүй зорчих талаар гэрээ, хэлэлцээр байгуулсан гадаад улсын иргэн гэрээ, хэлэлцээрт заасан хугацаанд Чөлөөт бүсэд визгүй зорчино.

3.6. Чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрөл хүсэгч гадаадын иргэн, харьяалалгүй хүн Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтанд дараахь баримт бичгийг бүрдүүлэн өгнө:

3.6.1. оршин суух зөвшөөрөл хүссэн хүсэлт;

3.6.2. Чөлөөт бүс дэх хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагаас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл;

3.6.3. гэр бүлийн гишүүн бол гэрлэлтийн баталгааны хуулбар;

3.6.4. хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох баримт бичгийн хуулбар;

3.6.5. хүчин төгөлдөр паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг;

3.6.6. зураг (3.5х4.5) 2 хувь.

3.7. Чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба ажлын 4 хоногт багтаан хүсэлтийг шийдвэрлэнэ.

3.8. Чөлөөт бүсэд оршин суух зөвшөөрлийг сунгах хүсэлтийг уг оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 5-аас доошгүй хоногийн өмнө энэ журмын 3.6-д заасан баримт бичгийг бүрдүүлэн Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтанд гаргана.

3.9. оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн, харьяалалгүй хүний эхнэр (нөхөр), насанд хүрээгүй хүүхэд болон шууд асрамжид байгаа эцэг, эх, 18 нас хүрсэн боловч гэрлээгүй хүүхдийг түүний нэгэн адил бүртгэнэ.

3.10. Чөлөөт бүсэд 31-90 хоногийн хугацаагаар зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүн Чөлөөт бүсэд нэвтэрснээс хойш ажлын 7 хоногт багтаан Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтанд бүртгүүлж, буцахдаа бүртгэлээс хасуулна.

3.11. Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан гадаадын иргэний паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичигт "зөвшөөрөл" гэсэн дардас дарж, бүртгэлийн дугаар, олгосон он, сар, өдөр, зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа, чөлөөт бүсийн нэрийг бичиж, эрх бүхий ажилтан гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулан, бүртгэлийг мэдээллийн санд оруулна. Бүртгэлээс хасахдаа паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичигт "хасав" гэсэн дардас дарж, зохих тэмдэглэл хийнэ.

3.12. Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн асуудлаар дараахь чиглэлээр дэлгэрэнгүй мэдээг нэгтгэн долоо хоног, сар, улирал, хагас, бүтэн жилээр тайлан гаргаж, тухай бүр Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт хүргүүлнэ:

3.12.1. гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгосон мэдээ;

3.12.2. Чөлөөт бүсэд зорчсон болон оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл;

3.12.3. захиргааны арга хэмжээ авагдсан болон гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэн, харьяалалгүй хүний талаархи мэдээ.

                                                                                       Дөрөв. Бусад зүйл

4.1. Хууль тогтоомж, дүрэм журам болон энэхүү журмыг зөрчсөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын Улсын байцаагч, гадаадын иргэн, харьяатын бүртгэл, зөвшөөрөл, визийн хяналтын Улсын байцаагч Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу тус тус хариуцлага ногдуулна.

4.2. Чөлөөт бүсэд зорчих, оршин сууж байхдаа зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авагдсан болон гэмт хэрэгт холбогдсон гадаадын иргэн, харьяалалгүй хүний талаархи мэдээллийг эрх бүхий байгууллага зохих журмын дагуу тухай бүр харилцан солилцоно.

4.3. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар захиргааны зөрчил давтан гаргасан, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Чөлөөт бүс болон Монгол Улсаас албадан гаргах, Чөлөөт бүсэд тодорхой хугацаагаар нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах тухай саналаа зохих журмын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьж шийдвэрлүүлнэ.

4.4. Чөлөөт бүсийн асуудал хариуцсан ажилтан, Чөлөөт бүс дэх Иргэний бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан ажилтан дангаар болон Чөлөөт бүс дэх хяналтын бусад байгууллагуудтай хамтран Чөлөөт бүсэд зорчигч, оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүний бичиг баримтад шалгалт хийж болно. 



                                                                                           ---оОо---