A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                     Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 91 дүгээр
                                                                                                     тогтоолын хавсралт


                                                                         ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

                                                                                           Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гаалийн тарифын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ нь гаалийн татвар, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, гаалийн татварын хувь, хэмжээг оновчтой тогтоох, дотоодын зах зээлийг хамгаалах, гадаад худалдаанд бусад орны зүгээс явуулсан ялгаварлан гадуурхах үйл ажиллагааны эсрэг арга хэмжээ авах зэрэг асуудлаар санал боловсруулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл байна.

1.2. Зөвлөл нь өөрийн үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, холбогдох бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.

                                                           Хоёр. Зөвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагаа

2.1. Гаалийн тарифын зөвлөл нь дараахь бүрэн эрхтэй:

2.1.1. гаалийн тарифын бодлогыг боловсронгуй болгох, зохистой тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхол, дотоодын зах зээл, үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор импорт, экспортын гаалийн тарифын хувь, хэмжээг оновчтой тогтоох, гаалийн тарифын хууль тогтоомжийг олон улсын эрх зүйд нийцүүлэх асуудлаар санал боловсруулах, дүгнэлт гаргах;

2.1.2. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болон худалдааны нэн тааламжтай тариф /хөнгөлөлттэй тариф/ хэрэглэх хэлэлцээр байгуулсан улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүнд тарифын нэн тааламжтай нөхцөл олгох, тарифын бус хязгаарлалт тогтоох, хөгжингүй орнуудаас хөгжиж байгаа орнуудад үзүүлдэг тарифын хөнгөлөлтийг ашиглах талаар тарифын хэлэлцээ хийх санал боловсруулах;

2.1.3. дотоодын зах зээлийг хамгаалах арга хэмжээ авах, худалдааны аль нэг түнш орон Монгол Улстай явуулж байгаа худалдааны харилцаанд Дэлхийн худалдааны байгууллагын зарчим, хэм хэмжээнд харшилсан бодлого явуулж, урьдчилан зөвшилцөхгүйгээр дангаараа худалдааны нөхцөлийг дордуулсан тариф болон тарифын бус арга хэмжээг авч хэрэгжүүлсний эсрэг авах сөрөг арга хэмжээний талаар санал боловсруулах.

2.2. Зөвлөлийн хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ. Зөвлөлийг хуралдуулах шийдвэрийг Зөвлөлийн дарга, түүний эзгүйд дэд дарга гаргана. Нарийн бичгийн дарга нь хуралдааны бэлтгэлийг хангаж, хуралдааны тэмдэглэл хөтөлнө. Зөвлөлийн хуралдаанаас гишүүдийн олонхийн саналыг үндэслэн шийдвэр гаргана. Санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн шийдвэрт дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

2.3. Зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана. Шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудал боловсруулах, судалгаа хийх зорилгоор ажлын хэсэг, шинжээч, зөвлөх ажиллуулж болно.

2.4. Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, зохих журмын дагуу хийгдсэн тэмдэг хэрэглэнэ.

2.5. Зөвлөлийн ажиллах нөхцөлийг хангах, судалгаа хийх, үйл ажиллагаатай нь холбогдон гарах бусад зардлыг Гаалийн ерөнхий газрын тухайн жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

2.6. Зөвлөл нь Засгийн газарт хагас жил тутам үйл ажиллагаагаа тайлагнаж байна.




                                                                                    ---оОо---