A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                           Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 92 дугаар
                                                                                                           тогтоолын хавсралт


                                                                                ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДҮРЭМ

                                                                                            Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гаалийн ерөнхий газар /цаашид "Ерөнхий газар" гэх/ нь гаалийн удирдах төв байгууллага мөн.

1.2. Ерөнхий газар нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Гаалийн тухай хуулийг удирдлага болгоно.

                                                                              Хоёр. Ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц

2.1. Ерөнхий газар нь Гаалийн тухай хуулийн 267.1, 267.5-д заасан харьяа болон дэргэдэх байгууллагатай байна.

                                                                             Гурав. Ерөнхий газрын эрх, үүрэг

3.1. Ерөнхий газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл, Гаалийн тухай хуулийн 268.1, 270.1-д заасан эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:

3.1.1. тарифын болон тарифын бус хязгаарлалт хийх барааны талаар санал боловсруулах;

3.1.2. төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн барилга байгууламж барих, мөн ашиглагдаж байгаа барилга, байгууламжийг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх талаар санал боловсруулах;

3.1.3. гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлт хийх, мэдээллийн сүлжээ байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийг зохих журмын дагуу худалдан авах, шинэчлэх, тэргүүний технологийг сонгож нэвтрүүлэх;

3.1.4. гаалийн улсын байцаагчийн мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх.

3.2. Ерөнхий газар нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл, Гаалийн тухай хуулийн 269.1-д заасан үндсэн үүргээс гадна гаалийн байгууллагын өмч, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах үүрэг хүлээнэ.

                                                             Дөрөв. Ерөнхий газрын удирдлагын бүтэц, эрх

4.1. Ерөнхий газрын удирдлага нь дарга, дэд дарга, энэ дүрмийн 2.1-д заасан зохион байгуулалтын нэгжийн дарга нараас бүрдэнэ.

4.2. Энэ дүрмийн 2.1-д заасан зохион байгуулалтын нэгжийн дарга нарыг ерөнхий газрын дарга томилж, чөлөөлнө.

4.3. Ерөнхий газрын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3, Гаалийн тухай хуулийн 271.1-д заасан эрхийг хэрэгжүүлнэ.

4.4. Ерөнхий газрын дэд дарга нь боловсон хүчний бодлого, хөрөнгө захиран зарцуулахаас бусад үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, ерөнхий газрын даргын өмнө хариуцлага хүлээнэ.

4.5. Газрын даргын эзгүйд түүний ажлыг газрын орлогч дарга, хэлтсийн даргын эзгүйд түүний ажлыг шууд харьяалах газрын дарга хариуцан ажиллана.

4.6. Ерөнхий газрын дарга нь энэ дүрмийн 4.8-д заасан асуудлаар түүнд зөвлөх үүрэг бүхий Захиргааны зөвлөлийг байгуулан ажиллуулна.

4.7. Ерөнхий газрын дарга Захиргааны зөвлөлийг удирдаж, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.

4.8. Захиргааны зөвлөлөөр дараахь асуудлыг хэлэлцэнэ:

4.8.1. гаалийн байгууллагын боловсон хүчний бодлого;

4.8.2. гаалийн зохион байгуулалтын нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилох, чөлөөлөх;

4.8.3. гаалийн улсын байцаагчид цол олгох;

4.8.4. гаалийн улсын байцаагчийг шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох;

4.8.5. гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах;

4.8.6. гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх;

4.8.7. гаалийн байгууллагын ажлын үр дүн, санхүүгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайлан;

4.8.8. гаалийн улсын байцаагчийн нийгмийн асуудал;

4.8.9. гаалийн боловсон хүчинтэй холбогдсон бусад асуудал.

4.9. Ерөнхий газар нь төрийн албаны салбар зөвлөлтэй байна. Салбар зөвлөл нь төрийн албаны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу ажиллана.

4.10. Ерөнхий газрын дарга нь гаалийн улсын байцаагчийн сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг шалгаж тогтоох эрх, үүрэг бүхий Сахилгын хороог байгуулан ажиллуулна.

4.11. Төрийн албаны салбар зөвлөл, Сахилгын хороогоор хэлэлцсэн зарим шаардлагатай асуудлаар маргаан гарсан тохиолдолд ерөнхий газрын даргын зөвшөөрснөөр Захиргааны зөвлөлөөр хэлэлцэж болно.

4.12. Ерөнхий газар нь гаалийн байгууллагын зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэн зохион байгуулахтай холбогдсон асуудлыг хэлэлцэж, уг асуудлын хамрах хүрээ, онцлогоос хамааран зөвлөмж, санал, дүгнэлт, шийдвэр гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлтэй байна.

4.13. Ерөнхий газрын дарга нь мэргэжлийн зөвлөлийг удирдаж, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батална.

                                                                                 Тав. Бусад зүйл

5.1. Ерөнхий газар нь ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор туслах аж ахуй болон амралтын газартай байж болно. 


                                                                                            ---оОо---