A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                   Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 138 дугаар
                                                                                                   тогтоолын хавсралт 


                                                                              ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН УЛСЫН
                                                                                            ХЯНАЛТЫН АЛБАНЫ ДҮРЭМ


                                                                                                Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Цөмийн болон цацрагийн улсын хяналтын зорилт нь цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангуулах, цөмийн болон цацрагийн осол, цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд оршино.

1.2. Цөмийн болон цацрагийн улсын хяналтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт Цөмийн энергийн газар болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч (цаашид "улсын байцаагч" гэх) хэрэгжүүлнэ.

1.3. Цөмийн энергийн газар нь Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад цөмийн болон цацрагийн улсын хяналтыг зохион байгуулна.

1.4. Цөмийн энергийн газар, улсын байцаагч нь үйл ажиллагаандаа энэ дүрэм болон Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль, Аюултай хог, хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

1.5. Цөмийн энергийн газрын харьяанд эмнэлэг, мэргэжлийн шарлагын хяналтын чиглэлээр төрөлжсөн лаборатори байна.

                                                      Хоёр. Цөмийн болон цацрагийн улсын хяналт

2.1. Цөмийн болон цацрагийн улсын хяналтыг дараахь чиглэлээр зохион байгуулна:

2.1.1. цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг шалган, хяналт тавих;

2.1.2. цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, гарсан шалтгааныг тогтоох, учирсан хор уршгийг арилгуулах, цацрагийн ослын үед ажиллах журам, авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

2.1.3. цөмийн материал, үйлдвэрлэл, судалгаа, оношилгоо, эмчилгээнд хэрэглэж байгаа цацрагийн үүсгүүр бүхий багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавих;

2.1.4. цөмийн материалын тоо бүртгэл, цацрагийн үүсгүүрийн улсын бүртгэл хөтөлж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

2.1.5. мэргэжлийн шарлагын тунг хянах, мэргэжлийн шарлагын стандартын шаардлагыг хэрэгжүүлэх;

2.1.6. улсын хилээр нэвтрүүлэх цөмийн тусгай материал болон цацрагийн үүсгүүр бүхий багаж, тоног төхөрөмж, тээврийн хэрэгсэлд цацрагийн хяналт тавин цацрагийн аюулгүй байдлыг хангуулах;

2.1.7. байгаль орчны хяналт-шинжилгээний сүлжээний орчны цацрагийн хяналтын цэг, сүлжээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

2.1.8. хүрээлэн байгаа орчны болон ахуйн өргөн хэрэглээний бараа, материал, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, барилгын материалын цацрагийн түвшинд хяналт-шинжилгээ хийж, дүгнэлт гаргах;

2.1.9. цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгууллага, аж ахуйн нэгжийн цацрагийн хяналтын ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, шаардлагатай асуудлаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;

2.1.10. цөмийн болон цацрагийн аюулгүйн стандарт, тэдгээрийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон дүрэм, журам, зааврыг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих.


                                                                      Гурав. Улсын байцаагчийн бүрэн эрх

3.1. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9, Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 7.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн болон цацрагийн осол, бохирдол бий болсон үед шаардлагатай бол хилийн боомт, аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулах болон бусад арга хэмжээ авах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

3.1.2. төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагад бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой асуудал тавьж шийдвэрлүүлэх.

                                                                                         Дөрөв. Бусад

4.1. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь цөмийн болон цацрагийн улсын хяналттай холбоотой гомдлоо дараахь үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан, улсын ерөнхий байцаагчид гаргана:

4.1.1. хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн;

4.1.2. улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн.

4.2. Гомдлыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.




                                                                                         ---оОо---