- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛЙН ДҮРЭМ
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны
144 дүгээр тогтоолын хавсралт
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ҮНДЭСНИЙ
ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
2. Зөвлөл нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, төрөөс жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар баримтлах бодлого, үндсэн чиглэл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн салбаруудын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулахтай холбоотой санал, зөвлөмж гаргах үүрэгтэй.
3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
4. Зөвлөл нь гаргасан санал, зөвлөмжөө холбогдох яам, аймаг, нийслэлд хүргүүлэх ажлыг зохион байгуулж, жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж, хөтөлбөрийн биелэлтийн явц, үр дүнг тайланд тусган Засгийн газарт жил бүрийн эхний улиралд багтаан тайлагнана. /ЗГ-ын 2015-7-20-ны өдрийн 301-р тогтоолоор өөрчлөлт орсон/
Хоёр. Зөвлөлийн зохион байгуулалт
5. Зөвлөл нь 15 хүртэл гишүүнтэй байх бөгөөд Зөвлөлийн гишүүнийг Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 20.3-т заасны дагуу Ерөнхий сайд томилно.
6. Зөвлөлийн дарга нь жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нарийн бичгийн дарга нь жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан газрын дарга байна. /ЗГ-ын 2015-7-20-ны өдрийн 301-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа, хуралдааны журам
7. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
7.1. Зөвлөлийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ:
7.1.1. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, үндсэн чиглэл, хөтөлбөрийн төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын асуудал;
7.1.2. жижиг, дунд үйлдвэрийн талаархи хууль тогтоомж болон хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай тайлан;
7.1.3. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр улсын хэмжээнд болон бүс нутаг, аймаг, нийслэлд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, чиглэл;
7.1.4. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох яам, аймаг, нийслэлээс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тайлан, мэдээлэл;
7.1.5. жижиг, дунд үйлдвэрт шинэ технологи нэвтрүүлэх, түүнийг нутагшуулах, үйлдвэрлэл, технологийн парк, инкубатор байгуулах үйл ажиллагааны чиглэл;
7.1.6. жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга зам, энэ чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, түүний үр ашгийг үнэлэх;
7.1.7. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны тайлан;
7.1.8. жижиг, дунд үйлдвэрт ажиллагсдын мэргэшлийг дээшлүүлэх, тухайн салбарт шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх асуудал;
7.1.9. жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээрх санал, төслүүд;
7.1.10. хууль тогтоомжид заасан бусад асуудал.
7.2. Зөвлөлийн хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хуралдуулна. Зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга, эсхүл гишүүдийн 30-аас дээш хувийн саналаар зарлан хуралдуулж болно.
7.3. Зөвлөлийн гишүүдийн олонхи ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцно.
7.4. Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдан явуулна.
7.5. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга боловсруулж, ажлын гурваас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргүүлсэн байна.
7.6. Зөвлөлийн нарийн бичгийн дарга шаардлагатай тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудлаар тухайн салбарын эрдэмтэн, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, тодорхой санал, дүгнэлт гаргуулж болно.
7.7. Зөвлөлийн хуралдаанаас санал зөвлөмж гаргана. Хуралдааны явцын дэлгэрэнгүй тэмдэглэлийг албажуулах асуудлыг зөвлөлийн нарийн бичгийн дарга хариуцна.
7.8. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, хуралдаан даргалагч баталгаажуулна.
7.9. Зөвлөлийн хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг холбогдох яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ. /ЗГ-ын 2015-7-20-ны өдрийн 301-р тогтоолоор өөрчлөлт орсон/
7.10. Зөвлөлийн хуралдаанд оруулах асуудлыг Зөвлөлийн дарга болон гишүүн санаачлах эрхтэй. /ЗГ-ын 2015-7-20-ны өдрийн 301-р тогтоолоор нэмсэн/
8. Зөвлөлийн хуралдааны чөлөө цагт зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга зөвлөлийн ажлыг зохион байгуулна.
9. Зөвлөлийн ажлын алба нь жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгж байна. /ЗГ-ын 2015-7-20-ны өдрийн 301-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
Дөрөв. Зөвлөлийн дарга, гишүүдийн эрх, үүрэг
10. Зөвлөлийн дарга дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
10.1. Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
10.2. Зөвлөлийн хуралдааныг зарлах, удирдах.
11. Зөвлөлийн гишүүд дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
11.1. хариуцсан асуудлынхаа хүрээнд жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх асуудлыг хариуцах;
11.2. тухайн салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал, зөвлөмжийн төслийг санаачлан боловсруулж, холбогдох материалын хамт энэхүү дүрмийн дагуу зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх; /ЗГ-ын 2015-7-20-ны өдрийн 301-р тогтоолоор өөрчлөн найруулсан/
11.3. Зөвлөлөөс гаргасан санал, зөвлөмжийг хариуцсан асуудлынхаа хүрээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн талаар зөвлөлд тайлагнах.
12. Зөвлөлийн нарийн бичгийн дарга дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
12.1. Зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангах, гишүүдэд хуралдааны материал хүргүүлэх;
12.2. Хуралдааны тэмдэглэл хөтөлж албажуулах;
12.3. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, зөвлөлийн санал, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлэх, биелэлтийг шалгах, дүнг зөвлөлд мэдээлэх;
12.4. Зөвлөлийн нэр дээр ирсэн санал, хүсэлтэд хариу өгөх, дүнг зөвлөлд танилцуулах, зөвлөлийн даргаас өгсөн үүргийг зөвлөлийн гишүүд, холбогдох яам, байгууллага, албан тушаалтанд уламжилж, биелэлтийг гаргаж мэдээлэх;
12.5. Зөвлөлийн дотоод ажлыг эрхлэх.
Тав. Бусад асуудал
13. Зөвлөлийн дарга нь аж үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдгийг хэрэглэнэ. /ЗГ-ын 2015-7-20-ны өдрийн 301-р тогтоолоор өөрчлөлт орсон/
14. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдгийг хэрэглэнэ. /ЗГ-ын 2015-7-20-ны өдрийн 301-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
15. Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хариуцна.
---оОо---
Текст томруулах
A
A
A