A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ /ЗГ-ын 2014 оны 405-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

                                                                                                               Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 164 дүгээр
                                                                                                               тогтоолын хавсралт




ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД НЭГ УДААГИЙН
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ

/ЗГ-ын 2014 оны 405-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2015-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/



1. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн захиргааны болон тусгай албан тушаалаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн тусгай албан хаагчид энэ журам үл хамаарна.

3. Төрийн захиргааны болон тусгай албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанд нийт 26 болон түүнээс дээш жил ажилласан бол хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын сарын буюу үндсэн цалинг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, нийт 25 болон түүнээс доош жил ажилласан бол хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын сарын буюу үндсэн цалинг 1.4 дахин нэмэгдүүлж ажилласан жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг тус тус олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн доод хэмжээ нь тухайн албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын сарын буюу үндсэн цалинг 6 дахин нэмэгдүүлснээс багагүй байна.

4. Төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд дараахь хугацааг оруулж тооцно:

4.1. Төрийн албаны тухай хуулийн 6,7,8,9 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа;

4.2. 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5,6 дугаар зүйлд заасан хугацаа;

4.3. улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан (хөлсөөр түр ажиллагч орохгүй)-аар 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ажилласан хугацаа;

4.4. "Төрийн албаны тухай хуулийн зарим зүйлийн заалтыг тайлбарлах тухай" Улсын дээд шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 153 дугаар тогтоолын 1, 2 дугаар зүйлд
заасан төрийн өмчийн үйлдвэрийн газрын захиргааны албан тушаалд 1996 оны 8 дугаар сарын 1-нээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа;

4.5. төрийн албанд ажиллаж байхдаа гурван сар хүртэл хугацаагаар мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэх, дахин мэргэших, шинээр мэргэжил эзэмшихээр суралцсан хугацаа;

4.6. төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний болон амаржсаны амралттай, хууль тогтоомжийн дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байсан хугацаа;

4.7. төрийн байгууллагын дотоод журмын дагуу чөлөөтэй байсан хугацаа;

4.8. төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхээр эгүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;

4.9. цагаатгах тогтоол гарсан, гэмт хэрэг гараагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүйгээс эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол төрийн жинхэнэ албан хаагчийг ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан хугацаа.

5. Төрийн албанд ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтан тооцож тодорхойлно. Төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно.

6. Төрийн албанд ажилласан хугацааг тооцох үндсэн бичиг баримт нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр байна. Үндсэн бичиг баримтаа үрэгдүүлсэн төрийн албан хаагч архивын лавлагаа авна. Архивын лавлагаа авах боломжгүй бол төрийн албанд ажилласан хугацааг шүүхээр тогтоолгоно.

7. Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана.





                                                                                      ---оОо---