A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                                 Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 227 дугаар
                                                                                                                 тогтоолын хавсралт


                                                                     ОЙН САНГ ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ ЖУРАМ 
 
                                                                                           Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Ойн сангийн тодорхой хэсгийг ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлэхэд энэ журмыг дагаж мөрдөнө. Ойн сангийн тодорхой хэсэг гэж сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлэхээр олгосон ойн сангийн талбайн хэмжээг хэлнэ.

1.2. Энэхүү журмын зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түшиглэсэн хамтын эзэмшлийн ойн менежментийг хөгжүүлэх, тэдний оролцоо, дэмжлэгтэйгээр ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд оршино.

1.3. Ойн нөхөрлөл гэж Ойн тухай хуулийн 3.1.8-д заасны дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн сайн дурын байгууллагыг хэлнэ.

1.4. Ойн санг гэрээгээр эзэмших аж ахуйн нэгж, байгууллагад ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий аж ахуйн нэгж, сургалт, эрдэм шинжилгээний болон ойн чиглэлийн төрийн бус байгууллага хамаарна.

1.5. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ойн сангийн талбайн хэмжээг нөхөрлөлийн гишүүдийн болон аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын тоо, чадавхи, хүчин чадал, дундын мөнгөн сангийн хэмжээ, тухайн ойн төлөв байдал, ойн талбай, нөөц, экологийн онцлогийг харгалзан тогтооно. Нөхөрлөлийн нэг гишүүнд ногдох талбай 500 га-гаас, аж ахуйн нэгж, байгууллагад ногдох талбай 15000 га-гаас ихгүй байна.

1.6. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвхөн нэг сум, дүүргийн нутаг дэвсгэр дэх ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшиж болно.

1.7. Нөхөрлөлийн ахлагч нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн байнгын оршин суугч байна.

1.8. Ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах гэрээ болон гэрчилгээний загварыг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.

                                                   Хоёр. Ойн санг эзэмших хүсэлт гаргах, шийдвэрлэх

2.1.Ойн санг гэрээгээр эзэмшихийг хүссэн нөхөрлөл тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргана. Хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргасан байна:

2.1.1. ойн санг гэрээгээр эзэмшихийг хүссэн өргөдөл;

2.1.2. ойн санг гэрээгээр эзэмшихийг зөвшөөрсөн тухай баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал;

2.1.3. ойн менежментийн төлөвлөгөө, гэрээний төсөл, гэрээгээр эзэмших ойн талбайн хилийн цэс, байршил, тархалтын тойм зураг;

2.1.4. нөхөрлөлийг байгуулсан гишүүдийн хамтран ажиллах тухай гэрээний хуулбар;

2.1.5. нөхөрлөлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар.

2.2. Нөхөрлөлийн гишүүд хамтран ажиллах тухай гэрээндээ нөхөрлөлийн оноосон нэр, хаяг, байршил, албан бичгийн нүүр, тэмдэг, дундын сангийн эд хөрөнгийн төрөл, хэмжээ, дансны дугаар, дундын хөрөнгө захиран зарцуулах, нөхөрлөлд элсэх, гарах журам болон гишүүний эрх, үүрэг, нөхөрлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, нөхөрлөлийн удирдлагыг сонгох журам, нөхөрлөлийн үйл ажиллагаа, түүнийг татан буулгах зэрэг асуудлыг тусгасан байна.

2.3. Ойн санг гэрээгээр эзэмшихийг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүсэлт гаргана. Хүсэлтэд энэ журмын 2.1.1-2.1.3-т зааснаас гадна дараахь баримт бичгийг хавсаргасан байна:

2.3.1. ойн чиглэлийн үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын олгосон гэрчилгээний хуулбар;

2.3.2. аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн болон техник, технологийн чадавхи, үйлдвэрлэлийн байрны талаархи тухайн орон нутгийн байгаль орчны, эсхүл ойн байгууллагын тодорхойлолт.

2.4. Энэхүү журмын 2.1, 2.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн, Ойн тухай хуулийн 18.6-д заасан шаардлагыг хангасан бол сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал асуудлыг хурлаараа хэлэлцэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх тухай шийдвэр гаргана. 


                                                   Гурав. Ойн санг эзэмшүүлэх гэрээ байгуулах, сунгах

3.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагатай ойн санг эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.

3.2. Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь хугацаагаа сунгуулах хүсэлтээ гэрээний хугацаа дуусахаас 3 сарын өмнө сум, дүүргийн Засаг даргад гаргана. Гэрээний хугацаа сунгах хүсэлтэд тухайн сумын буюу сум дундын ойн анги, ойн ангигүй газарт байгаль хамгаалагчийн уг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээ, менежментийн төлөвлөгөөний биелэлтэд өгсөн үнэлгээг хавсаргасан байна.

3.3. Тухайн сумын буюу сум дундын ойн анги, ойн ангигүй газарт байгаль хамгаалагчийн өгсөн үнэлгээг үндэслэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээг Ойн тухай хуулийн 4.5-д заасан хугацаагаар сум, дүүргийн Засаг дарга сунгана.

                                                                 Дөрөв. Нөхөрлөл, аж ахуйн нэгж,
                                                                                 байгууллагын бүрэн эрх

4.1. Ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь Ойн тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараахь эрх, үүрэгтэй байна:

4.1.1. эзэмшлийн ойд хяналт шалгалт зохион байгуулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох, учруулсан хохирлыг буруутай этгээд, аж ахуйн нэгж, байгууллагаар нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудлыг тавих;

4.1.2. эзэмшлийн ойг түймрээс сэргийлэх, хавар, намрын хуурайшилт ихтэй үед байнгын эргүүл, жижүүр ажиллуулах, сум, дүүргийн Засаг дарга болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд тогтоосон хугацаанд мэдээлэл өгч байх, түймэртэй тэмцэх, түүний хор уршгийг арилгах арга хэмжээ авах;

4.1.3. эзэмшлийн ойн сангийн газар, ус, ургамал, амьтны аймаг, бусад байгалийн баялгийг хамгаалах, төрх байдлыг хадгалах арга хэмжээ авах;

4.1.4. ойн сангийн өөрчлөлтийг жил бүр гаргаж байх, байгалийн бусад баялгийн өөрчлөлтөд тогтмол ажиглалт хийж, үнэн зөв мэдээллийг ойн анги эсхүл байгаль хамгаалагчид өгч байх;

4.1.5. эзэмшлийн талбайдаа ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах ажлыг өөрийн хөрөнгөөр болон бусад байгууллагын дэмжлэгтэйгээр гүйцэтгэх, шаардлага хангасан таримал ойг зохих хугацаанд нь улсын ойн мэдээллийн санд бүртгүүлэх;

4.1.6. ойд зорчин явагсад, байгалийн тодорхой баялгийг ашиглагчдад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, мөрдүүлэх, гаргасан зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

4.1.7. ан амьтан, загас, шувуу зэрэг биологийн төрөл зүйл болон гол горхи, булаг шандны эх, хөвөө, хадлан бэлчээрийн талбайг хамгаалах, нөхөн сэргээх, гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлэх;

4.1.8. хуульд заасан хугацаанд нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь эзэмшиж, ашиглаж байгаа ойн санд ой зохион байгуулалтыг хийлгэсэн байх;

4.1.9. ойн нөхөрлөл нь мод болон ойн дагалт баялгийг борлуулснаас олсон нийт орлогын 50-иас доошгүй хувийг дундын санд төвлөрүүлж, энэ орлогыг ойг түймрээс урьдчилан сэргийлэх, хууль бусаар мод бэлтгэхийг таслан зогсоох, хяналт тавих, ойг нөхөн сэргээх, нутгийн хөгжлийг дэмжихэд зарцуулах.

                                                                           Тав. Гэрээг цуцлах

5.1. Ойн тухай хуулийн 18.10, 19.2-т заасны дагуу тухайн сум, дүүргийн Засаг дарга ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоож, гэрээг цуцална.




                                                                                             ---оОо---