- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ /ЗГ-ын 2016 оны 290-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2009 оны 241 дүгээр
тогтоолын хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
/ЗГ-ын 2016 оны 290-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмийн зорилго нь Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, бүрэн эрхийг тодорхойлох, түүний удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэх) нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн хараат бус, бие даасан, орон тооны бус байгууллага мөн.
1.3. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:
1.3.1. хууль дээдлэх;
1.3.2. төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
1.3.3. ил тод, нээлттэй байдлыг хангах;
1.3.4. талуудын адил тэнцүү, эрх тэгш байдлыг хангах;
1.3.5. асуудал шийдвэрлэхэд зөвшилцлийг эрхэмлэх;
1.3.6. хариуцлага хүлээх чадвартай байх.
1.4. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаагаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зөвлөлөөр (цаашид "салбарын зөвлөл" гэх) дамжуулан хэрэгжүүлнэ.
Хоёр. Үндэсний зөвлөлийн бүрэн эрх
Үндэсний зөвлөл нь мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь бүрэн эрхтэй байна:
2.1. мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийн төсөл болон мэргэжлийн боловсролын агуулга, стандарт, Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэн орох талаар зөвлөмж гаргах;
2.2. мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, зах зээлийн эрэлтэд үндэслэн элсэлтийн хяналтын тоог тогтоох талаар бодлогын зөвлөмж гаргах;
2.3. нутгийн захиргааны болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогч, хөдөлмөрийн албад, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодоос мэргэжлийн боловсрол, сургалттай холбоотой зах зээлийн эрэлт, хэрэгцээний талаар судалгаа гаргуулан авч санал боловсруулах;
2.4. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогч талуудын хамтын ажиллагааг уялдуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага зэрэг сонирхогч этгээдийг нэгтгэн нийгмийн түншлэлийг бүрдүүлэх, нийгмийн түншлэлийн хоёр болон гурван талт харилцааг зохицуулах;
2.5. мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын тайланг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох саналыг санхүү, боловсрол, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тавьж шийдвэрлүүлэх;
2.6. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тайлан, мэдээллийг сонсож, зөвлөмж гаргах;
2.7. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах, багш, удирдах ажилтны чадавхийг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх асуудлаар санал, зөвлөмж гаргах;
2.8. хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээ, нийлүүлэлтийг судлах, сурталчлах чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр гүйцэтгэх төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад хариуцуулах талаар мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас гаргасан саналд дүгнэлт, зөвлөмж өгөх;
2.9. ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагын цалингийн сангаас Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулах хувь хэмжээг тогтоох;
2.10. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан салбарын зөвлөлүүдийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, ажлын үр дүнд нь үнэлэлт өгч, тайлан, мэдээллийг хэлэлцэх, санал болон дүгнэлт, зөвлөмж өгөх;
2.11. мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, ажиллагчдын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад олгосон зээл, тусламжийн хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаархи мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, судалгаа дүгнэлт хийх, тэдгээрийн үр нөлөөг сайжруулах талаар санал, зөвлөмж гаргах;
2.12. гаргасан шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих;
2.13. хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрхийг эдлэх.
Гурав. Үндэсний зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт
3.1. Үндэсний зөвлөл нь Засгийн газар, түүний байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй байна.
3.1.1. Үндэсний зөвлөл нь Засгийн газрыг төлөөлөх 8, хувийн хэвшлийг төлөөлөх 8, нийт 16 гишүүнтэй байна. Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд нэг удаа улиран ажиллаж болно;
3.1.2. Засгийн газрын болон хувийн хэвшлийг төлөөлөх гишүүнийг томилох, сонгох, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, нөхөн томилох буюу сонгох асуудлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ;
3.1.3. Үндэсний зөвлөлийн дарга, дэд даргыг зөвлөлийн хуралдаанаас, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллөөс ээлжлэн 2 жилийн хугацаатай сонгоно. Үндэсний зөвлөлийн даргад дэд даргаар сонгогдсон хүний нэрийг дэвшүүлэх зарчим баримтална;
3.1.4. Үндэсний зөвлөлийн дарга нь зөвлөлийн үйл ажиллагаанд төр болон хувийн хэвшлийн төлөөллийн оролцоог хангах, зөвшилцлийг хангах, зөвлөлийн хуралдааныг удирдах үүргийг хэрэгжүүлнэ. Үндэсний зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг дэд дарга гүйцэтгэнэ;
3.1.5. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гүйцэтгэнэ;
3.1.6. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх, бодлогын залгамж чанарыг хадгалах, салбарын зөвлөлийн үйл ажиллагааны шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх, Үндэсний зөвлөлийн шийдвэр, зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тайлагнах үндсэн үүрэгтэй ажиллана.
3.2. Үндэсний зөвлөл нь ажлын албатай байна. Ажлын албаны үүргийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
3.3. Үндэсний зөвлөл нь ажил үүргийн чиглэлээр байгуулсан төрөлжсөн салбарын зөвлөлтэй байна. Салбарын зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний зөвлөл батална.
3.4. Үндэсний болон салбарын зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн даргад урамшуулал олгож болно. Урамшууллын хэмжээг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
3.5. Үндэсний зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Дөрөв. Салбарын зөвлөлийн бүрэн эрх,
удирдлага, зохион байгуулалт
4.1. Энэхүү дүрмийн 1.4-т заасан салбарын зөвлөл нь Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Салбарын зөвлөлийн ажиллах журмыг Үндэсний зөвлөл батална. Салбарын зөвлөл тус бүр 8 гишүүнтэй байна. Бүрэлдэхүүнд тухайн салбарын ажил олгогч эздийн болон мэргэжлийн холбоод, салбарын яам, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон аж ахуйн нэгжийн төлөөллийг оруулна.
4.2. Салбарын зөвлөлийн даргын үүргийг Үндэсний зөвлөлд төлөөлөлтэй яамдын холбогдох нэгжийн дарга болон мэргэжлийн холбооны удирдлага ээлжлэн гүйцэтгэнэ.
4.3. Салбарын зөвлөл нь дараахь бүрэн эрхийг эдэлнэ:
4.3.1. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд салбараас олгох хөрөнгийн хэмжээг тодорхойлж, Үндэсний зөвлөлд санал болгох;
4.3.2. салбарын мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон ажил олгогч эздийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
4.3.3. мэргэжлийн боловсрол, сургалтын талаар Үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах;
4.3.4. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас тухайн салбарт хуваарилсан хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих.
4.4. Салбарын зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар Үндэсний зөвлөлөөс томилно.
Тав. Үндэсний зөвлөлийн хуралдаан
5.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар зөвлөлийн хуралдааны дэгийг хэлэлцэн батална. Үндэсний зөвлөл хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж, тогтоол гаргана. Тогтоолд Үндэсний зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
5.2. Үндэсний зөвлөл нь улиралд 1 удаа хуралдана. Шаардлагатай бол зөвлөлийн дарга хуралдааныг зарлан хуралдуулж болно. Зөвлөлийн аль нэг төлөөлөл санаачилга гаргасан тохиолдолд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
5.3. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зөвлөлийн дарга тогтооно. Хэлэлцэх асуудлын бэлтгэлийг тухайн асуудлыг оруулж байгаа байгууллага, холбогдох салбарын зөвлөл, албан тушаалтан болон зөвлөлийн ажлын алба хангана.
5.4. Үндэсний зөвлөлийн төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүрээс 5-аас доошгүй гишүүн нь оролцсон тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.
5.5. Хэлэлцэж байгаа асуудлаар санал зөрсөн тохиолдолд асуудлыг зөвшилцлөөр шийдвэрлэнэ. Зөвшилцөлд хүрээгүй бол тухайн асуудлаар шийдвэр гаргахгүй. Санал оруулсан тал үндэслэл, тооцоог дахин хянан үзсэний үндсэн дээр уг асуудлыг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
5.6. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар дүгнэлт, санал бэлтгэх үүрэг бүхий шинжээч томилох, ажлын хэсэг байгуулах асуудлыг Үндэсний зөвлөлийн даргын шийдвэрээр хэрэгжүүлнэ.
5.7. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төслийг Үндэсний зөвлөлийн дэд дарга, нарийн бичгийн дарга эцэслэн хянаж, хуралдаанд оруулах саналын хамт зөвлөлийн даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
5.8. Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулга, тооцоо, судалгаа болон шаардлагатай бусад материалын хамт хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараана.
5.9. Хуралдаанаар хэлэлцэх асуудлаар холбогдох салбарын зөвлөлийн санал, дүгнэлт, шаардлагатай гэж үзвэл сайд, холбогдох мэргэжлийн хүмүүсийн санал дүгнэлтийг сонсож болно.
Зургаа. Үндэсний зөвлөлийн санхүүжилт, тайлан
6.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ. Үндэсний зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нь үйл ажиллагааны зардлын төсвийг боловсруулан зохих журмын дагуу батлуулах үүрэг хүлээнэ.
6.2. Үндэсний зөвлөл нь жил бүрийн 1 дүгээр сард багтаан Засгийн газарт ажлаа тайлагнана.
---оОо---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх