A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                            Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 294 дүгээр
                                                                                                            тогтоолын хавсралт


                                                              ХОХИРОГЧИД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ


                                                                                     Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэн, цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагын албан хаагч, хуулийн этгээд (цаашид "хохирогч" гэх)-д нөхөх олговор олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Нөхөх олговор олгох үйл ажиллагаанд ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчим баримтална.

                                                                  Хоёр. Нөхөх олговор олгох ажлыг зохион байгуулах

2.1. Хохирогчид нөхөх олговор олгох ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг (цаашид "Ажлын хэсэг" гэх) зохион байгуулна.

2.2. Ажлын хэсэг нь үйл ажиллагаандаа энэ журам болон Хохирогчид нөхөх олговор олгох тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгоно.

2.3. Ажлын хэсэг нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.3.1. хохирогчид нөхөх олговор олгох ажлын бэлтгэлийг хангах;

2.3.2. энэ журмын 4.1, 4.2, 4.3-т заасан баримт бичгийг хянаж, нөхөх олговор олгох эсэх тухай шийдвэр гаргах;

2.3.3. энэ журмын 5.1-д заасны дагуу хохирогчид нөхөх олговор олгох үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг хүлээн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх.

2.4. Ажлын хэсэг нь энэ журмын 4.1, 4.2, 4.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянаж, нөхөх олговор олгох эсэх тухай шийдвэр гаргана. Ажлын хэсгийн дарга зайлшгүй шаардлагатай гэж үзвэл уг хугацааг 7 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

2.5. Ажлын хэсгийн хуралдаанд Ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах эрхтэй оролцоно. Гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.6. Ажлын хэсгийн хуралдааныг Ажлын хэсгийн дарга даргална. Ажлын хэсгийн даргын түр эзгүй үед хуралдааныг Ажлын хэсгийн даргын үүрэг болгосноор аль нэг гишүүн даргална.

2.7. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга оруулна.

2.8. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаархи шийдвэрийг олонхийн саналаар гаргана.

2.9. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь Ажлын хэсгийн дотоод ажлыг хариуцна. Нарийн бичгийн дарга нь Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангаж, хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө. Хуралдааны тэмдэглэлд Ажлын хэсгийн дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Ажлын хэсгийн даргын түр эзгүйд хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч гарын үсэг зурна.

2.10. Улсын мөрдөн байцаах газар нь Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговор олгох хохирогчдын нэрсийн жагсаалт, тэдгээрийг хохирогчоор тогтоосон тогтоол болон хохирогчдын гэмтлийн зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлтийг Ажлын хэсэгт ирүүлнэ.

                                                                     Гурав. Ажлын хэсгийн шийдвэр

3.1. Ажлын хэсэг нь энэ журмын 4.1, 4.2, 4.3-т заасан баримт бичгийг хянан хэлэлцээд хохирогчид нөхөх олговор олгох, эс олгох шийдвэрийн аль нэгийг гаргана.

3.2. Энэ журмын 4.1, 4.2, 4.3-т заасан баримт бичиг хуурамч болох нь тогтоогдвол Ажлын хэсэг уг баримт бичгийг ирүүлсэн этгээдэд буцааж, энэ тухай холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ.

3.3. Ажлын хэсгийн шийдвэр нь дүгнэлт хэлбэртэй байх бөгөөд түүнд Ажлын хэсгийн дарга, гишүүд гарын үсэг зурна.

3.4. Дүгнэлтэд дараахь асуудлыг тусгана:

3.4.1. дүгнэлтийг хэзээ, хаана гаргаж байгаа, хурлын дарга болон оролцсон гишүүд, нарийн бичгийн даргын нэр;

3.4.2. нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг Ажлын хэсгээс хэрхэн үнэлж байгаа тухай;

3.4.3. дүгнэлтийг гаргахад баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалт.

3.5. Ажлын хэсгийн шийдвэрийг 3 хоногийн дотор Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд шийдвэрийг баталгаажуулна.

3.6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ажлын хэсгийн шийдвэрийг баталгаажуулах үндэслэлгүй гэж үзвэл тухайн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.

                                                             Дөрөв. Нөхөх олговор авах хүсэлт гаргах

4.1. Хохирогч нь иргэн бол нөхөх олговор авах хүсэлтээ дараахь баримт бичгийн хамтаар Ажлын хэсэгт ирүүлнэ:

4.1.1. иргэний үнэмлэхийн хуулбар;

4.1.2. оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

4.1.3. банкин дахь өөрийн харилцах болон хадгаламжийн дансны дугаар;

4.1.4. даатгалын хууль тогтоомжийн дагуу даатгалын нөхөн төлбөр олгосон эсэх тухай даатгалын байгууллагын тодорхойлолт;

4.1.5. хэрэв эрүүл мэндээрээ хохирсон бол гэмтлийн зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт;

4.1.6. хэрэв эд хөрөнгөөрөө хохирсон бол хохирлын хэмжээг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр.

4.2. Хохирогч нь цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдлын албаны албан хаагч бол түүнийг төлөөлж Цагдаагийн ерөнхий газар буюу Онцгой байдлын ерөнхий газар нөхөх олговор авах хүсэлтийг мөн журмын 4.1.4, 4.1.5-д зааснаас гадна дараахь баримт бичгийн хамт Ажлын хэсэгт ирүүлнэ:

4.2.1. ажлын газрын үнэмлэхийн хуулбар;

4.2.2. тухайн албан хаагчийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хашиж байсан албан тушаалынх нь нэг сарын цалингийн тодорхойлолт;

4.2.3. нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр эрүүл мэндээрээ хохирсонтой холбогдуулан тусламж үзүүлсэн эсэх тухай байгууллагын тодорхойлолт (тусламж үзүүлсэн бол түүний хэмжээ);

4.2.4. банкин дахь байгууллага (Цагдаагийн ерөнхий газар буюу Онцгой байдлын ерөнхий газар)-ын харилцах дансны дугаар.

4.3. Хохирогч нь хуулийн этгээд бол нөхөх олговор авах хүсэлтээ мөн журмын 4.1.4, 4.1.6-д зааснаас гадна дараахь баримт бичгийн хамт Ажлын хэсэгт ирүүлнэ:

4.3.1. улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.3.2. банкин дахь байгууллагын харилцах дансны дугаар.

                                                                       Тав. Нөхөх олговор олгох

5.1. Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4.1.1-4.1.3-т заасан нөхөх олговрыг энэхүү журмын 3.1-д заасан шийдвэрийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд дараахь журмаар олгоно:

5.1.1. амь насаа алдсан иргэний ар гэрт олгох 50.000.000 (тавин сая) төгрөгийг дараахь этгээдэд дор дурдсан дарааллаар:

5.1.1.1. амь насаа алдсан иргэний эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг амь насаа алдсан хойно төрсөн хүүхэд;

5.1.1.2. энэ журмын 5.1.1.1-д заасан этгээд байхгүй, эсхүл тэдгээр нь нөхөх олговор хүлээн авахаас татгалзсан тохиолдолд амь насаа алдсан иргэний төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;

5.1.1.3. энэ журмын 5.1.1.1, 5.1.1.2-т заасан этгээд байхгүй, эсхүл тэдгээр нь нөхөх олговор хүлээн авахаас татгалзсан тохиолдолд амь насаа алдсан иргэний өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ;

5.1.2. эрүүл мэндээрээ хохирсон цагдаа болон онцгой байдлын албан хаагчид шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн зэргийг нь харгалзан 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хашиж байсан албан тушаалынх нь нэг сарын цалинг Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4.1.2-т заасан хэмжээгээр өсгөж.

Тайлбар: нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самууны үеэр эрүүл мэндээрээ хохирсонтой нь холбогдуулан цагдаа болон онцгой байдлын албан хаагчид харьяалсан байгууллагаас нь тусламж үзүүлсэн тохиолдолд уг тусламжийг нөхөх олговроос хасч тооцно;

5.1.3. эрүүл мэндээрээ хохирсон иргэнд шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлийн зэргийг нь харгалзан 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4.1.3-т заасан хэмжээгээр өсгөж.

5.2. Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 4.1.4-т заасан нөхөх олговрыг шүүхийн шийдвэр, түүний үндсэн дээр бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон энэхүү журамд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар олгоно.

5.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь энэхүү журмын 5.2-т заасны дагуу олгосон нөхөх олговортой холбоотой ажлын тайлангаа тухай бүр Ажлын хэсэгт ирүүлнэ.

5.4. Нөхөх олговрыг хохирогчийн банкин дахь харилцах, хадгаламжийн дансанд шилжүүлнэ.

                                                              Зургаа. Нөхөх олговрыг буруутай этгээдээр
                                                                                            буцаан төлүүлэх

6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Хохирогчид нөхөх олговор олгох тухай хуулийн 7.1-д заасан төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хариуцан зохион байгуулна.

                                                                               Долоо. Бусад зүйл

7.1. Хуурамч баримт бичиг бүрдүүлж, эсхүл худал мэдүүлж энэхүү журамд заасан нөхөх олговрыг авсан гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, хохирлыг буцаан төлүүлнэ.

7.2. Хохирогчид нөхөх олговор олгох үйл ажиллагаатай холбогдон маргаан үүссэн тохиолдолд уг маргааныг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд тухайн хохирогчтой холбоотой нөхөх олговор олгох ажлыг түдгэлзүүлнэ. 


                                                                                           ---оОо---