- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 96 дугаар захирамжийн хавсралт
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН
ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Оршил
Засгийн газрын тохируулагч агентлаг-Цөмийн энергийн газар (цаашид "газар" гэх)-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хяналтыг олон улсын жишигт хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шийдвэр гаргахад Монгол Улсын Ерөнхий сайд, Цөмийн энергийн комисст мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх, цөмийн судалгаа, цацрагийн шинжилгээний асуудлыг удирдлагаар хангах асуудлыг хамарсан стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Энэ хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого" болон цөмийн энергийн талаархи олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
-Цөмийн энергийн тухай хууль;
-Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль;
-Төрийн хяналт, шалгалтын тухай хууль;
-Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсын шилдэг туршлага байгууллагын өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагааны төлөвлөлт болон дахин инженерчлэлийн арга зүй, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах салбарт хуримтлагдсан олон улсын туршлага, нийтлэг жишгийг ашиглав.
1.5. Газрын үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Газар нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах төрийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, хариуцсан асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, Цөмийн энергийн комисст зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ.
Газар нь цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хяналтыг олон улсын жишигт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон асуудлаар Засгийн газрын зөвлөхийн үүрэг, хариуцлага хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр буюу ялангуяа үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь тус газрын үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН СТРАТЕГИЙН УДИРДЛАГА,
ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Газрын үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Цөмийн энергийн комисс болно. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэнэ.
Газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Цөмийн энергийн газрын стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээний цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, тус салбарыг Монгол Улсад хөгжүүлэх;
2.2.2. манай орны нийгэм, эдийн засгийн холбогдох салбарт цөмийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
2.2.3. цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлогын удирдамжаар хангах;
2.2.4. цөмийн болон цацрагийн судалгаа хөгжүүлэх үндэсний чадавхийг нэмэгдүүлэх;
2.2.5. цөмийн болон цацрагийн аюулгүй байдалд тавих хяналтыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн сайжруулах;
2.2.6. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх асуудлаар гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Цөмийн энергийн газрын эрхэм зорилго нь Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд оршино.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Газар нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахь стратегийн зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:
2.4.1 цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах хууль тогтоомж, бодлого, стратегийг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах;
2.4.2. төрийн захиргааны удирдлагыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
2.4.3. цөмийн болон цацрагийн осол, ионжуулагч цацрагийн үүсгүүрийн үйлчлэлээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн хяналтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.2. цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
2.5.1.3. цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалтын дэд бүтцийг сайжруулах, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах механизмд мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.1.4. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгжийн боловсруулсан хөтөлбөр, төсөлд үнэлгээ хийж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл (лиценз) олгох;
2.5.1.5. цөмийн болон цацраг идэвхт материал, хаягдал, цацрагийн үүсгүүрийг хадгалах, тээвэрлэх, булшлах, цөмийн болон цацрагийн хэмжилтийн багаж төхөөрөмжийн тохируулга, баталгаажилтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
2.5.2.2. хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, байгууллагын зорилт, чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх цомхон, чадварлаг албыг бүрдүүлэх;
2.5.2.3. гадаад орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх;
2.5.2.4. цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчинг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
2.5.2.5. газрын санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулах, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх;
2.5.3.2. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбогдсон хууль тогтоомж, цөмийн болон цацрагийн аюулгүйн үндэсний стандарт, дүрэм, журам боловсруулах, боловсронгуй болгоход бүх талын дэмжлэг үзүүлэх;
2.5.3.3. цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дэд бүтцийн чадавхийг бэхжүүлэх ажлыг зохицуулах;
2.5.3.4. цөмийн болон цацрагийн хяналт, шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, цацрагийн хамгаалалтын техникийн чадавхийг сайжруулах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Газрын үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааны зорилтыг тус газар тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, ажилтнуудын ажлын байр (албан тушаал)–ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Газрын үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
(БИЗНЕС)-НЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР
Гурав. Газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоог боловсруулахад баримтлах зарчим
Газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
3.1.1. газрын стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн газрын бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
3.1.2. эрх мэдлийн зааг ялгаа нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж, ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал, ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх, бусад байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх);
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (газрын даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);
3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (газрын төрийн захиргааны албан хаагч нь Монгол Улсын Ерөнхий сайд, Цөмийн энергийн комисс, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид өндөр мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөнд автахгүй, төвийг сахисан байх);
3.1.7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дайчлан илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон газрын үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загварыг санал болгож байна:
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Газрын үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:
3.3.1. Цөмийн технологийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь газрын үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүйн байдалтай холбогдолтой хууль тогтоомж болон бодлого стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн чиг үүрэг хүлээж, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаад орны туршлагыг судлах, холбогдох хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, энэ талаар судалгаа, үнэлгээ хийх, хууль тогтоомж, бодлого, стратеги хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах тусгай зөвлөмжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох үйлчилгээ үзүүлэх, цөмийн болон цацраг идэвхт материал, хаягдал, цацрагийн үүсгүүрийг хадгалах, тээвэрлэх, булшлах, цөмийн болон цацрагийн хэмжилтийн багаж төхөөрөмжийн тохируулга, баталгаажилтыг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн дотор цөмийн технологи нэвтрүүлэх бодлого хариуцсан нэгж, изотоп хариуцсан нэгж, дозиметрийн тохируулга, баталгаажуулалт хариуцсан нэгж тус тус ажиллана.
Энэ нэгж нь хууль тогтоомж, бодлого, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, Цөмийн энергийн комиссын бодлого тодорхойлох механизмд мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Цөмийн энергийн комисс, газрын удирдлагад Засгийн газраас цөмийн энергийн талаар бодлого төлөвлөх, зохицуулах, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь газрын удирдлага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газар, Цөмийн энергийн комисс, холбогдох яам, агентлаг, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон судалгааны байгууллага, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.
Энэ үйлчилгээ үзүүлэхэд оролцогч түнш нь Цөмийн энергийн комиссын гишүүд, холбогдох яам, агентлаг, ялангуяа Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага байна.
3.3.2. Төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрх зүйн зөвлөгөө, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээж, газрын үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга барил нэвтрүүлэх, газрын удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудад эрх зүйн болон дотоод дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, ажилтнуудыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Гадаад орон, олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийттэй олон улсын болон Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд харилцах, мэдээлэл солилцох, гэрээ, хэлцэл хийхэд бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан нэгж ажиллана.
Мөн цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь газрын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, газрын даргын төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, тэдгээрийг зохицуулах үүрэг хүлээнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг, төрийн албан хаагч бүхий мэргэшсэн хүний нөөцөөр газрын тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь газрын даргаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Цөмийн энергийн комиссын гишүүд, газрын удирдлага, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, ажилтнууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь боловсрол, шинжлэх ухааны байгууллага, холбогдох бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Сангийн яам, Ерөнхий сайдын ажлын алба болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох нэгж байна.
3.3.3. Цөмийн болон цацрагийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэг хүлээж, хяналтыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дэд бүтцийн чадавхийг бэхжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай холбогдсон хууль тогтоомж, үндэсний стандарт, дүрэм, журам боловсруулах, боловсронгуй болгоход бүх талын дэмжлэг үзүүлэх ажлыг зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Энэ нэгж нь цөмийн болон цацрагийн осол, ионжуулагч цацрагийн үүсгүүрийн үйлчлэлээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн хяналтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэхэд чиглэсэн чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн дотор цацрагийн хяналтын шинжилгээний нэгж ажиллана.
Энэ нэгж нь цөмийн болон цацрагийн хяналт, шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, цацрагийн хамгаалалтын техникийн чадавхийг сайжруулахад чиглэгдсэн үйлчилгээг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид үзүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Цөмийн энергийн комиссын гишүүд, газрын удирдлага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, цацрагтай ажиллагчид, хүн ам, цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг болон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж байна.
---оОо---
Текст томруулах
A
A
A